Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 764

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй регистрийн дугаар С.С-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, улсын бүртгэлийн 1511001114, регистрийн 2002396 дугаартай, “Чандмань-Увс” ХХК-нд холбогдох

      “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “Чандмань-Увс” ХХК-ийн II дугаар өргөгч станцын операторчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны  9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.С, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч С.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 79/Б дугаартай тушаалаар “Чандмань-Увс” ХХК-ийн II өргөгч станцын операторчны ажилд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс томилогдон ажиллаж байсан. Компанийн зүгээс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс амарч байгаад дуудахаар ирээрэй гэсний дагуу амарч байгаад 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр компани дээр очиход “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/18 дугаартай тушаалыг өгсөн. Намайг ажилд томилогдсон үеэс өнөөдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөөгүй, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл ч өгөөгүй байтал гэнэт 3 сар 22 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн тушаал өгсөнд гомдолтой байна. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй болно. Миний ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бөгөөд урьд нь ажиллаж байсан Д.Лхамжав гэдэг хүн өндөр насны тэтгэвэрт гарсан тул намайг томилсон талаараа ажилд томилсон тушаал дээр дурдагдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд ажилд томилох тухай ойлголт байхгүй, харин 231дугаар зүйлийн 231.2-д хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. 231.3-д хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно гэж заасан байгаа нь намайг тушаалаар “Чандмань-Увс” ХХК-ийн II өргөгч станцын операторчны ажилд туршилтын хугацаагүйгээр томилогдсон, орон тооны ажилтан болсон байсныг харуулж байна. Иймээс “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ий өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “Чандмань-Увс” ХХК-ийн II өргөгч станцын операторчны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.   

          Хариуцагч “Чандмань-Увс” ХХК-ийн захирал М.Мөнхөө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С.С нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тус компанийн 2 дугаар өргөгч станцын операторчны ажлын байранд түр томилогдон ажилласан юм. Тус ажлын байр нь улирлын чанартай, тухайн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. С.С нь 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Бусад ээлжийн операторчин болон компанийн усан хангамжийг хариуцсан инженер Б.Б нар өргөгч станцад цахилгааны зэрэгтэй, мэргэжлийн курс дамжаа төгссөн операторчин, сантехникийн слесарь хүн ажиллуулах шаардлагатай байна. Одоо ажиллаж байгаа С.С нь цахилгаан тасалдсан үед насос ажиллуулах, хаалт арматур нээж, хаах зэрэг ажлаа сайн мэдэхгүйгээс шөнө, оройн цагаар бусад ээлжийн операторчин дууддаг, ийм мэргэжлийн бус хүнтэй ажиллахад хүндрэлтэй байна гэж удаа дараа захиргаанд мэдэгдэж байсан. Иймээс цаашид мэргэжлийн хүн ажиллуулах шаардлагатай болсон учир С.С-г ажлаас чөлөөлсөн. Түүнийг тушаалаа хавар гардаад авсан байх гэж бодож байсан. Гэтэл бичиг хэргийн хүнээс тушаалаа аваагүй, хаясан байсан. С.С-г мэргэжлийн курс, дамжаа төгсөөд ирвэл цаашид ажиллуулах боломжтой. Үгүй бол өөрийнх нь биед амар, бүр мэргэжлийнх нь дагуу ажлыг хариуцуулан хийлгэх боломжтой байхад заавал 2 дугаар өргөгч станцын операторчны ажилд томилогдоно, шүүхээр шийдвэрлүүлнэ гээд байгаа. Манай компани Улаангом сумын 25.000 хүн амыг цэвэр усаар хангадаг, онцгой объект учир мэргэжлийн хүн ажиллуулах зайлшгүй шаардлагатай байна. Би анх энэ компанийн захирлаар томилогдохдоо туршлага дутаж энэ хүнийг маш хариуцлагатай албан тушаалд тавьсан байсан. Гэнэтийн осол, аваар, ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд хариуцлагыг компанийн удирдлага хүлээдэг тул мэргэжлийн боловсон хүчин ажиллуулах шаардлагатай. 2018 он гараад манайд цэвэрлэх байгууламж байгуулагдахтай холбоотой өөр бусад байнгын ажлын байр зөндөө гарна, тэндээ авч ажиллуулж болно. Өөрт нь би нийт 4 удаа ажлын байр санал болгосон боловч татгалзсан. Болохгүй бол шөнө ганцаараа хонож ажилладаг юм чинь эрэгтэй хүн байсан нь дээр гэж үзээд нөхөрт нь хүртэл ажлын байр санал болгосон. Гэтэл энэ бүх саналыг хүлээн авахгүй байна. Бүр болохгүй бол 45 хоногийн мэргэжлийн курсад суралцаад төгсөөд ирвэл тэр ажлын байран дээр нь ажиллуулах боломжтой байгаа. Би хуулиа зөрчиж энэ хүнийг ажилд авсан байна” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч С.С нь хариуцагч “Чандмань-Увс” ХХК-нд холбогдуулан “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, “Чандмань-Увс” ХХК-ийн II дугаар өргөгч станцын операторчны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.   

          Увс аймгийн “Чандмань-Увс” ХХК-ийн захирал 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч С.С-г тус компанийн 2 дугаар өргөгч станцын операторчны үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг удирдлага болгожээ.

     Хариуцагчийн хувьд нэхэмжлэгч С.С-ийн хөдөлмөрийн харилцааг өөрийн санаачилгаар дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан 7 үндэслэлийн аль үндэслэлээр дуусгавар болгосон нь тодорхойгүй байна.

       Өөрөөр хэлбэл, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар дуусгавар болгож байгаа нөхцөлд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ба тухайн үндэслэлээ холбогдох нотлох баримтуудаар нотолсон байхыг шаардана.

      Харин хариуцагч “Нэхэмжлэгчийн ажлын байр байнгын бус, түр ажлын байр байсан, улирлын чанартай байсан тул 6 сар ажиллуулаад ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэсэн тайлбар гаргаж, С.С-г ажилд авах, ажлаас чөлөөлөхдөө “Түр ажлуулах” тухай агуулгыг тушаалдаа дурдсан байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг байгуулах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй байна.

       Түүнчлэн ажил олгогч С.Сумхүүг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гардуулан танилцуулсан, ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг өгөөгүй нь хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан баримтаас, мөн нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.С-г Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авч, хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

          Иймд хариуцагч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй, ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа мэдэгдээгүй, мөн түүний хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-г “Чандмань-Увс” ХХК-ийн II дугаар өргөгч станцын операторчны ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Чандмань Увс” ХХК-иас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар “Чандмань-Увс” ХХК-ийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.С-г “Чандмань-Увс” ХХК-ийн II дугаар өргөгч станцын операторчны ажилд эгүүлэн тогтоосугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч С.С нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Чандмань Увс” ХХК-иас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА