| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00368/и |
| Дугаар | 787 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 787
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар А.Ж-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар Б.Д-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Д-тай гэр бүл болсон. 2010 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр охин Д.Хишигмааг төрүүлсэн, 2010 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдрах болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие А.Ж нь Увс аймгийн Ховд суманд амьдардаг бөгөөд манай сум аймгийн төвөөс 180 км зайтай оршдог. Би танай байгууллагад өргөдөл гаргасан бөгөөд шүүх хуралд оролцох ёстой боловч биеийн байдал муу, жирэмсний хяналтад орсон, эмчээс автомашинд сууж явж болохгүй гэдэг дүгнэлт гаргасан байгаа тул шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж, асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Ховд сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт хавсаргав” гэжээ.
Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Д би А.Ж-ын хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хөдөө орон нутагт ажилтай яваа тул шүүх хуралд биеэр оролцох боломжгүй байна. Иймд шүүх хурлыг иргэн намайг байлцуулахгүйгээр хийж өгнө үү. Эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Ж нь хариуцагч Б.Д-д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2009 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсон нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нар 2010 оны 2 дугаар сараас хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллаагаа амжилтгүй болсон, нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон гэх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар А.Жавзандулам, Б.Давааням нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 70.200 төгрөгийг гаргуулж хариуцагч А.Ж-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, оролцохгүй гэдгээ удаа дараа бичгээр болон утсаар мэдэгдсэн, урьд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зохигчдын шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангах үүднээс шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан боловч ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтаа ирүүлсэн байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 100.4, 131 дүгээр зүйлийн 131.3, 131.4-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шангас овогтой А.Ж, Зуутраг овогтой Б.Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ж-д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Ховд сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА