| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00801/и |
| Дугаар | 861 |
| Огноо | 2017-12-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 861
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын оршин суух, 1948 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар Х.Б,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 7-36 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар М.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250023444 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 99.999.287,67 төгрөг, зээлийн хүү 29.053.483,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730.305,52 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 129.801.077,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Х.Б нь тус банкнаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1250023444 тоот зээлийн гэрээг байгуулан 100.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,8 хувийн хүүтэйгээр тоног төхөөрөмж авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон: тоног төхөөрөмж /Фитнесийн тоног төхөөрөмж 2012 он/, үйлчилгээний барилга /Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 55 айлын 1 давхарт байрлах 104 м.кв/, дэлгүүлийн барилга /Y-1520003507/ зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 7 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчтэй утсаар холбогдоход манай хүүхдийн авсан зээл, хүүтэй ярь гэж хэлж байсан. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан зээл авч ашигласан хүү М.Батдоржтой уулзахад төлөх боломжгүй гэж хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацанд нь төлөхгүй байгаа энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэргээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй багйаа нь Хас банктай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2017.11.09/ байдлаар Хөххүүхэний Батнасан болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч М.Б нарын төлөх ёстой 1250023444 тоот жижиг бизнесийн зээлийн үндсэн үлдэгдэл 99.999.287,67 төгрөг, зээлийн хүү 29.053.483,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730.305,52 төгрөг, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсаны зардал 18.000 төгрөг зарцуулсан тул нийт 129.801.077,03 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч М.Б., Х.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу 1250023444 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 99.999.287,67 төгрөг, зээлийн хүү 29.053.483,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730.305,52 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 129.801.077,03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Зээлдэгч буюу хариуцагч М.Б, Х.Бн нар Хас банктай 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1250023444 тоот “Зээлийн гэрээ” байгуулж, 100.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 25,8 хувийн хүүтэй зээлж авсан байх ба мөн өдрийн 1250023444-01 тоот “Барьцааны гэрээ”-ээр зээлийн барьцаанд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 50 айлын орон сууцны нэг давхарын дэлгүүрийн зориулалттай, 104 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003507, гэрчилгээний 000163810 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 4-16 тоотод байрлах, 2012 онд үйлдвэрлэгдсэн фитнесийн тоног төхөөрөмж зэргийг тус тус барьцаалсан байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байх тул Хас банк гэрээг цуцалж, хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг хангуулах, мөн гэрээг цуцалснаас учирсан хохирол тус тус нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч нар 2017 оны 11 дүгээр сарын 20, 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардан авч, танилцсан боловч хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар болон бусад нотлох баримтаа ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн тэдэнд зохих журмын дагуу шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М.Б, Х.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 99.999.287,67 төгрөг, зээлийн хүү 29.053.483,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 730.305,52 төгрөг, нотариатын зардал 18.000 төгрөг, нийт 129.801.077,03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806.955 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Х.Б нараас 806.955 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч М.Б, Х.Б нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 129.801.077,03 /нэг зуун хорин есөн сая найман зуун нэгэн мянга далан долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 806.955 /найман зуун зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, Х.Б нараас 806.955 /найман зуун зургаан мянга есөн зуун тавин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА