| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00839/и |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 13
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, ............ оршин суух, 1972 онд төрсөн, эрэгтэй регистрийн дугаар Ц.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1993 онд жолооны курс төгсөн, автомашин жолоодох эрхтэй болсон билээ. Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газарт 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жолоочоор орж, албаны Ниссан Навара маркийн автомашин жолоодож, ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 тоот захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие тус байгууллагад жолоочоор ажиллах хугацаанд мэргэжлийн болон эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй талаар ямар нэгэн дүгнэлт гарч байгаагүй болно. Иймд миний биеийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрынжолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрын дарга Б.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Жолооч Ц.Б нь байгууллагын ажлын байрны тодорхойлолтын шаардлага хангахгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халах шийдвэр гаргасан. 2017 оны 2 дугаар сард миний бие энэ ажилд томилогдсон. Энэ хугацаанаас хойш жолооч Ц.Б 2 удаа хариуцлаггүй байдал гаргаж сахилгын арга хэмжээ тооцогдсон. Мөн манай ажлын онцлог нь холбооны сүлжээний бүрэн бүтэн байдлыг бүрэн хариуцдаг, ямар нэгэн гэмтэл гарвал цаг алдалгүй ажилчид гарч, завсар үйлчилгээ хийдэг бөгөөд энэ үед нэг жолооч нь дуудлагад явах боломжгүй байвал нөгөө жолооч нь түүнийг орлож, хүн тээвэрлэх зориулалт бүхий УАЗ-Фургон маркийн автомашин жолоодох хэрэг гардаг. Уг автомашиныг Д ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий этгээд жолоодно гэсэн хуулийн заалттай. Гэтэл жолооч Ц.Б тухайн ангиллын автомашин жолоодох эрхгүй байгаа. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар 2 жолоочийн ажлын байрны тодорхойлолтод өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзээд, уг ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн. Иймд ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлага хангаагүй тул Ц.Б-ыг ажлаас чөлөөлсөн тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/25 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч Ц.Б-ыг тус газрын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Хамтын гэрээний 2.32 дахь заалт, байгууллагын дотоод журмын 4 дүгээр бүлгийн 4.2.2 дугаар зүйл, даргын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн байна.
Хариуцагч нь Жолооч Ц.Б-ыг ажлын байрны тодорхойлолтод заагдсан D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан тул ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзэж ажлаас чөлөөлсөн гэж маргаж, 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр баталгаажуулсан Жолооч-ийн ажлын байрны тодорхойлолтыг шүүхэд гаргаж ирүүлсэн боловч нэхэмжлэгч нь заавал тухайн байгууллагад хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулахгүйгээр Монгол Улсын Дэд бүтцийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 108/115 дугаартай тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 161/229 тоот тушаалаар батлагдсан Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр-т тус тус заасны дагуу эрх бүхий сургалтын байгууллагад, холбогдох ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалтад хамрагдаж, D ангиллын жолооны үнэмлэх авах бүрэн боломжтой юм.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд тэнцэхгүй болсон нь ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгодог ба нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрын жолоочийн ажил, албан тушаалд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн шийдвэр гараагүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байна.
Түүнчлэн хариуцагч тушаал дээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан 3 үндэслэлийн алийг баримтлан, ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаагаа дурдаагүй байна.
Ер нь ажил олгогч, ажилтан нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсанаас хойш ажил олгогч ажлын байрны тодорхойлолтоо тухайн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тохируулан шинэчлэх, өөрчилөх боломжтой ч тухайн тохиолдолд ажилтанд мэдэгдэж, холбогдох дүрэм, журамд нийцүүлэн мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх боломж нөхцөлийг хангах үүрэгтэй гэж үзнэ.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ыг Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газраас 70.200 төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ыг Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Увс аймгийн газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА