Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/352

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0336/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч П.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Н-н Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006700365 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Х овогт Н-н Ц /регистрийн дугаар: .............. /, ..........  оны ......... дугаар сарын .............. -ний өдөр ......... аймагт төрсөн, ............  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ............, ..................-ийн хамт ............ хот .............. дүүргийн ..........дугаар хороо ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.Ц нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “............... ” ХК-ийн ........-ийн хашаан дотор иргэн Г.А-ийн амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц мэдүүлэхдээ “...Би талийгаач А-тэй машин засдаг хашааны орчимд таараад уулзахад дадлага хийж байна. Машин тэрэг байхгүй, цалингүй хүн дагаад явж байгаа. Таны машиныг жолоодъё. Танд туслаад хамт явъя гэхээр нь танилцаад хамт явсан. Мөн хотод сайн таньж мэдэх хүн байхгүй гэхээр нь  ээжийнхээ хашаа байшинд байлгаж байгаад Дарханд ажил гарахаар нь Дархан луу Аг явуулсан. Тухайн үед намайг жолооны үнэмлэх нь байгаа юу гэхэд байгаа гэж байсан. Би яг өөрийн нүдээр хараагүй. Сайн шалгаж үзээгүй миний буруугаас болж ийм асуудал болсон. Би хэрэг гарах үед машинаа оношилгоонд оруулж амжаагүй. Хамгийн сүүлд 2016 онд оношилгоонд оруулсан. ” гэв. 

 

Эрүүгийн 1918006700365 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[2],

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 09 дүгээр сарын 27, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...Талийгаачтай хамгийн сүүлд 2019 оны 09 дүгээр сарын 17-ны үед утсаар ярихад Улаанбаатар хотод машин барьж байгаа, удахгүй том машин унаад Дархан луу ажилд явах гэж байгаа гэж байсан. Түрээсийн байранд орж амьдарна гэхээр нь би чи чинь жаахан шүү дээ том биетэй болохоороо том болчихлоо гэж боддог юм уу, 10 сард цэрэгт явчих, ирэхэд чинь ээж нь байрны мөнгийг нь бэлдчихнэ гэхэд талийгаач цэрэгт шалгалт өгч үзнэ дээ гэж хэлж байсан. Өчигдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цагдаагаас хүн холбогдож осолд орж нас барсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Д.Д-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр 10 цаг 30 минутын үед би харуулын байрандаа байж байтал Дархан сумын 5 дугаар баг талаас ....... УНХ улсын дугаартай ачааны, цагаан өнгөтэй машин хурдтай байгууламжийг чиглээд уруудан ирсэн. Би харуулын байрнаасаа гараад хаалт хийсэн байсан олсоо тайлаад харуулын байр луу ортол ....... УНХ дугаартай машин их хурдтай ирсэн. Би ямар хурдтай явдаг машин бэ гэж бодоод харуулын байр луу хурдан орсон. Тэгсэн нөгөө машин доошоо байгууламж руу хурдаа хасаагүй уруудаад доор байсан дугуй хэлбэртэй, бетонон шонг мөргөөд цаад талын газар нь хонхор болохоор урагшаа тонгойгоод онхолдсон.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ц.М-ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 09 сарын 22-ны өглөө 09 цагт ажил цуглаад ажилдаа ирэхэд А машиндаа хоносон гээд машинаасаа гарч ирсэн, тэгээд өглөөний цай уугаад өдөр тутмын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулаад 09 цаг 40 минутын орчимд урьд өдөр явсан газраасаа түүхий эд буюу элс татахаар А ганцаараа машинтай хөдөлсөн. Ингээд би ажлын байрандаа байж байтал 10 цаг 30 минутын үед манай Ихэрзаяа гэдэг жолооч доор нэг машин уначихлаа гэж хэлэхээр нь би гараад хартал элсэнд явсан А машин төв цэвэрлэх байгууламжийн хашааны хаалгаар орж ирээд чигээрээ яваад хонхор хэсэгт хажуу талаараа унасан байсан.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Б.Ө-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 06 сард Ц-д Deawoo маркийн ачааны машиныг 20 сая төгрөгөөр бодож зарахаар болоод ямар нэгэн урьдчилгаа мөнгө төгрөг авахгүйгээр өгөөд ажил хийж байгаад боломжтой болохоороо 20 сая төгрөг бага багаар өгөөрэй гэж ярилцаж тохирсон. Би өөрийнхөө ачааны машиныг явуулах гэснээ болиод Ц-той холбогдоод “Дарханд түүхий эд буюу хайрга, элс татах ажил байна, чи машинаа явуулах уу гэхэд Ц тэгье, А ойр зуурын ачилтад яваад боломжийн байна. Аг явуулна гэж хэлсэн. Би 2014 онд Б гэх хүнд Ниссан загварын суудлын жийп машин худалдсан боловч мөнгөө авч чадахгүй явсаар байгаад 2019 оны 05 сарын эхээр Баас авах ёстой мөнгөний оронд ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн тээврийн хэрэгслийг 20 сая төгрөгөөр тооцож авсан. Энэ тээврийн хэрэгслийг Баас авахад л “........” ХК-ийн нэр дээр байсан. Би өөрийн нэр дээрээ шилжүүлж авах гэтэл Бы ажилладаг “........” ХХК-ийн Хятад эзэд тамга тэмдгээ аваад нутаг явчихсан учраас гэрчилгээг нь над руу шилжүүлээгүй юм.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч С.П-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Би Ц гэж залуутай холбогдож уулзахад Ц нь би Deawoo маркийн ачааны машинтай, түүнийгээ танай түүхий эд татах ажилд явуулъя гэж ярилцаж тохироод 2019 оны 09 сарын 16-ны өдөр Ц-той машин механизмын түрээсийн гэрээ байгуулаад 2019 оны 09 сарын 19-ний өдөр Цийн жолооч нь ачааны машинтайгаа Дархан руу явсан гэж надад хэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт манай “........ ХХК” дээр түүхий эд татахаар явуулсан Цийн ачааны машин ирсэн гэж надад Ммэдэгдсэн. Түүний дараа 2019 оны 09 сарын 22-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Мнад руу утсаар яриад Цийн явуулсан ачааны машины жолооч нь машинтайгаа осолдоод нас барчихлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би мэдээд шууд Ц руу утсаар ярьж энэ талаар хэлсэн. Манай компани Ц-той ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн автомашинаар түүхий эд болох элс, хайрга татуулах ажил хийлгэх түрээсийн гэрээ байгуулсан. Ц-той байгуулсан машин механизмын түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд түрээслүүлэгч жолоочийн бэлэн байдлыг хангана гэж заасан байгаа. Тийм учраас түрээслүүлэгч талаас жолоочоо гаргаж бэлэн байдлаа хангах ёстой гэсэн үг. Би Ц-той уулзахдаа бол ....... УНХ улсын дугаартай цагаан өнгийн ачааны машин байхыг харсан. Машины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг бол шалгаж үзээгүй. Гэрээний дагуу машины бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлыг түрээслүүлэгч Ц хариуцах ёстой.”  гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Н.Ж-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “...Хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааг нэгж хэсгийн дарга, албаны дарга, бригадын дарга биечлэн өгч болно гэж манай журамд заасан учраас Мөнх-Ундраа өдөр тутмын зааварчилгааг өгч ажилд гаргасан.” гэх мэдүүлэг[8],

 

Иргэний хариуцагч Э.М-ы мөрдөн байцаалтад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн: “...Ц гэж хүнтэй холбогдож 2019 оны 09 сарын 16-ны өдөр тээврийн ажил гүйцэтгэх машин механизмын түрээсийн гэрээг байгуулж ....... УНХ улсын дугаартай Tata Deawoo маркийн ачааны машиныг түрээсээр ажиллуулахаар болсон. Түрээслэх төлбөр тооцоог гэрээний хавсралтаар тогтоож өгсөн байдаг.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ....... УНХ улсын дугаартай автомашинаар “........” ХХК-аас 12 метр куб буюу 18 тонн элс хайрга авна гээд манай захиралтай холбогдоод ирж ачаад явсан байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас би амарч байсан. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 09 цаг 30 минутаас 10 цагийн үед “........” ХХК-аас явж байна гээд ....... УНХ улсын дугаартай том ачааны машинтай залуу ганцаараа ирээд надтай уулзаад урьд өдрийн, тэр өдрийнхөө ачилтын баримтыг бичүүлж аваад ачилт хийлгээд машинаа өөрөө жолоодоод манай байгууллагын хашаанаас гарч явсан.”  гэх мэдүүлэг[10],

 

Гэрч М.Б-ны мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би тухайн үед Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “.............. ” ХХК-тай уул уурхайн чиглэлээр хамтарч ажиллаж байсан юм. Тэгээд 2014 онд би Өнөрбуянгаас Ниссан загварын суудлын жийп автомашиныг 20 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд мөнгийг нь бага багаар хэсэгчлэн төлөхөөр болсон юм. Түүнээс хойш ажил явагдахгүй удааширснаас болоод би мөнгөө өгч авч чадахгүй явсаар байгаад 2019 оны 05 сард би “...... ” ХХК-ийн нэр дээр байдаг боловч миний өөрийн эзэмшлийн ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн ачааны тээврийн хэрэгслийг Өнөрбуянд 20 сая төгрөгөөр бодож өгсөн юм.” гэх мэдүүлэг[11],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 99 дугаартай “...Талийгаачийн биед цээж, хуйхан доорх, зүүн ташаа, гуяны цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач нь тээврийн хэрэгслийн бүхээгт цээж дарагдсанаас амьсгалын хурц дутагдлаар нас баржээ.” гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч С.Г-гийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 44 дугаартай “.......... УНХ улсын дугаартай Deawoo маркийн тээврийн хэрэгслийн жолооч Г.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.1а, 3.4а, 12 дугаар бүлгийн 12.3 дугаар хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Г.А нь Deawoo маркийн ....... УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох ангиллын үнэмлэхгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт[13],

 

Автотээврийн мэргэшсэн инженер Л.Л-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 047 дугаартай “.......... УНХ дугаартай Deawoo маркийн автомашин нь 2016 оноос хойш техникийн үзлэг оношлогоонд хамрагдаагүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт[14],

 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Б , С.Б , Ц.Б нарын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05-078/03 дугаартай “...Осолдогч болон Н.Ц нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна..., Осолдогч Г.А нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ осолд орсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.1 ажлын байрандаа ажил гүйцэтгэх байх үедээ гарсан осолд үйлдвэрлэлийн ослын акт тогтооно гэж заасны дагуу үйлдвэрлэлийн осолд тооцно, ...Н.Ц нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр машин бариулсан, уг тээврийн хэрэгслийг техникийн үзлэгт оруулаагүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байна, ...С ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүнээр хүнд даацын ачааны автомашин бариулсан, уг машиныг техникийн үзлэгт оруулаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь заалт /Энэ хуулийн иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй/-г иргэн Н.Ц зөрчсөн байна,... ........ ХХК-ийн захирал, хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтан нь ямар нэгэн хууль эрх зүйн акт зөрчсөн гэх зүйл байхгүй байна,...Г.Аг 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилд гарахад нь зааварчилга өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан Авто тээвэр түгээлтийн өдөр тутмын зааварчилгааны бүртгэлийн дэвтэрт бичигдсэн байна...” гэх дахин шинжээчийн дүгнэлт[15],

 

Шинжээч С.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Иргэн Ц нь ........ ХХК-тай байгуулсан машин механизм түрээслэх гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд гэрээнд аль тал нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах талаар тусгасан байна тэр тал нь машин механизмын аюулгүй ажиллагааг хангаж ажиллана. Заавал түрээслэгч тал хариуцна, түрээслүүлэгч тал хариуцна гэсэн заалт Хөдөлмөр хамгааллын тухай хууль тогтоомжоор зохицуулаагүй. 2 тал өөр хоорондоо тохиролцож гэрээгээр зохицуулна. Магадгүй түрээслүүлэгч нь тухайн машин механизмыг мэддэг мэргэжлийн хүн байхыг үгүйсгэхгүй. “........” ХХК-ийн дотоод мөрдөж дагадаг дүрэм, журам нь тус компанийн ажилчдад зориулагдсан. Хэрэв Агээр дотоодын дүрэм, журмаа мөрдүүлж ажиллуулах бол түрээсийн гэрээндээ тодорхой тусгах ёстой. Хэрэв А нь “........” ХХК-ийн ажилтан болоод хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол тус компанийн дүрэм, журмыг хангаж биелүүлж ажиллах ёстой. Ц нь иргэн Атэй амаар тохиролцож хөдөлмөрийн харилцаа үүсгэж Агээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн тул хуулийн хариуцлагыг Ц хариуцна. Ад хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилга өгөхийг “........” ХХК, Ц нарын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэх мэдүүлэг[16],

 

“........” ХХК-ийн “Авто тээврийн түгээлтийн өдөр тутмын зааварчилгааны бүртгэл[17],

 

“........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Мөнхсайхан, Н.Ц нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан машин механизмын түрээсийн гэрээ[18],

 

“........” ХХК-ийн өдөр тутмын аюулгүй ажиллагааны заавар[19],

 

“........” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ерөнхий журам[20],

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Н-ээс гаргаж өгсөн хохирлын баримтууд[21],

 

Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 220 дугаартай албан бичиг[22],

 

Дархан-Уул аймгийн Автотээврийн төвийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 302 дугаартай албан бичиг[23],

 

Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл[24],

 

Н.Ц-ийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би том тэргээр ачаа зөөх ажил хийж байсан юм. Тэр үед А надтай хамт миний туслахаар явж байсан өгөөд машин барих их сонирхолтой. Том тэргийг гайгүй сайн барьдаг байсан. 2019 оны 09 дүгээр сарын дундуур Ө  ах над руу залгаад Дарханд том тэргээр элс хайрга зөөх ажил байна. Чи машинаа явуулах уу гэхээр нь би тэгье гээд А-ээр машинаа бариулаад 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн орой 18 цагийн үед Дархан-Уул аймаг руу явуулсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр А над руу Дарханд ирчихсэн байна. Нэг удаа элс татсан. Зам нь гайгүй байна гэж ярьсан байсан юм. Тэгээд маргааш нь 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “........” ХХК-ийн ажилтан Мөнх-Ундраа над руу яриад машин чинь осолдсон. Хүнийг нь гаргаж авах гэж байна гэж хэлэхээр нь би тэр даруй Улаанбаатар хотоос Дархан руу гараад замдаа явж байхад дахин залгаад жолооч нь өнгөрчихлөө гэж хэлсэн. Талийгаач Аг би Дархан явуулах өдрөө “........” ХХК-ийн менежер Пунцагдоржтой утсаар яриад машинаа явууллаа шүү тосож авах хүн байгаа юу гэхэд тосож авах хүн байгаа. Чи явуулчих, тэгээд маргааш нь ирж гэрээн дээр гарын үсэг зураарай гэж хэлсэн юм. Түүний дагуу очиж гэрээ байгуулсан. Ад ажлын байрны тодорхойлолт гэж байхгүй. Би түүнтэй амаар тохиролцоод өдрийн 40,000 төгрөгөөр цалинжуулахаар болоод явуулсан юм. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Аг нааш нь явуулахдаа машины дундах хайрцагт хийсэн юм. Тэгээд сүүлд нь хэрэг гарсны дараа машин дээр очиж үзэхэд кабиныг нь ачаан дээр нь гаргаад тавьчихсан юу байгаа нь мэдэгдэхгүй кабинаас хоосон рам нь үлдсэн байсан бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээ хийсэн дунд хайрцгийг хайгаад олоогүй.” гэх  мэдүүлэг[25],

 

Шүүгдэгч Н.Ц-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[26], хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[27] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.Ц-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ц нь “........” ХХК-тай “машин механизмын түрээс”-ийн гэрээ байгуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт байрлах “........ ” ХК-ийн ......-ийн хашаан дотор ажил гүйцэтгүүлж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.16 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасан иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид нь өөрийн ажиллагсдын аюулгүй, эрүүл ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй” гэх заалт, “........” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.М , Н.Ц нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан “Машин механизмын түрээсийн гэрээ”-ний 8 дахь заалтад заасан “Талуудын нийтлэг үүрэг”, 10 дахь заалтад заасан “Машин механизмын сэлбэг, хэрэгсэл, тос тослогооны материалыг нөөцлөх, бэлэн байлгах”, 11 дэх заалтад заасан “даатгалтай” холбоотой заалтуудыг биелүүлээгүйгээс 2019 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн иргэн Г.А нь ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа осолдож нас барсан, хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Ц нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Аж ахуйн нэгж байгууллага, иргэд зэрэг ажил олгогчид нь ажилтан, ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцөл, журмыг хууль тогтоомжид заасны дагуу сахин хангуулж түүнийгээ хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээдэг бөгөөд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүний амь насыг болгоомжгүй хохироосон үр дагавар бий болговол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Цийн  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Нэргүй нь мөрдөн байцаалтад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч Н.Ц-оос 6,000,000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д 3 жил 1 сарын хугацаагаар ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргалаас шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Ц-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Н.Ц-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сиди, ........  дугаартай жолооны үнэмлэх зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Н.Цийн эзэмшлийн ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн тээврийн хэрэгслийг буцаан олгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-н Ц-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Ц-ийг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Ц-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй сиди, ........  дугаартай жолооны үнэмлэх зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, ....... УНХ улсын дугаартай Deawoo маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Н.Ц-д буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ИДЭР

 

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 18-27 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 28 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 202-203, 204 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 205-206 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 213-214 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 215-216 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 217-218 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 222-223 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 226 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 227 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 228-229 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 233-234 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 244 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 248-250 тал, 2 дахь хавтаст хэргийн 1 тал

[15] 2 дахь хавтаст хэргийн 25-28 тал

[16] 2 дахь хавтаст хэргийн 31-35 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 156-158 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 121-129 тал

[19] 1 дэх хавтаст хэргийн 103-109 тал

[20] 1 дэх хавтаст хэргийн 110-118 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 172-183 тал

[22] 1 дэх хавтаст хэргийн 42 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 83 тал

[24] 1 дэх хавтаст хэргийн 98 тал

[25] 2 дахь хавтаст хэргийн 39-40 тал

[26] 2 дахь хавтаст хэргийн 44 тал

[27] 2 дахь хавтаст хэргийн 45-70 тал