| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00630/и |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 14
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, 24 дүгээр байр, 18 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй регистрийн дугаар ОЭ75121960, Цагаагчууд овогтой Гомбын Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, ........... тоотод суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар С.П,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, оршин суух, 1987 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар С.Б нарт холбогдох,
Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух С.П-аас 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3 дугаар багт байрлах 30 айлын орон сууцны 10 тоот, 1 өрөө, 22,8 м.кв байрыг анх 16.740.000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцож, урьдчилгаа болгож 10.000.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг сар бүр 165.000 төгрөг төлөхөөр санал болгосны дагуу 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн. Дахин иргэн С.П нь орон сууцны бичиг баримт, ордер гаргаж өгнө гэж 1.000.000 төгрөгийг 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдөр авсан. Байрны үнээс үлдсэн 7.740.000 төгрөгийг иргэн С.П-ын Хаан банкны 5819085015 тоот дансанд сар бүр 165.000 төгрөг буюу /2012 оны 1 дүгээр сараас 2014 оны 7 дугаар сар хүртэл буюу 2 жил 7 сар буюу 31 сарын туршид/ нийт 5.163.000 төгрөгийг төлж байтал үлдэгдэл мөнгөө өг, нэг сарын дараа байрны ордерыг чинь өгье гэж үлдэгдэл болох 4.500.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр авсан. 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4.500.000 төгрөгийг банкнаас зээл авч өгөхдөө 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор байрны ордер авах талаар тохиролцож хэлцэл байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл С.П-аас удаа дараа уг 1 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шаардсан боловч одоо хүртэл миний байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгөлгүй, намайг олон жил хохироож байна. С.П-т 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд нийт 10.000.000+1.000.000+5.163.000+4.500.000=20.663.000 төгрөг төлсөн байна. Гэвч иргэн С.П нь байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг надад шилжүүлж өгөлгүйгээр миний байрыг барьцаалж 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төрийн банкнаас орон сууцны зээл авч, уг зээлээл төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгааг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас намайг дуудаж танилцуулсан. Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж намайг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт орших, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Н-т 1 байрыг өгч, тал мөнгө 11.000.000 төгрөг авсан нь үнэн. Мөн үлдэгдэл мөнгийг Г.Н-ийн хэлснээр авсан нь үнэн. Уул нь би тэр байранд 2 байр орон сууц санхүүжилтийн корпорациас цэцэрлэгийн квотоор авсан. 1 квотоор 40-өөс дээш м.кв байр өгөх ёстой гээд 17.6 м.кв, 34.2 м.кв талбай бүхий 2 байр өгсөн. Г.Н 1 байрыг нь 11.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг нь 5 жилийн хугацаатай сард 165.000 төгрөгөөр төлнө гэж тохирч өгсөн. Би сүүлд хувийн цэцэрлэг барих гэж яваад үлдэгдэл 4.500.000 төгрөг ярьж тохироод авсан. Уул ярьсанаасаа бол 2017 онд ордер гаргаж өгөх ёстой. Сүүлд хуурч мэхэлж ордерийг банкинд тавьсан гэж худал бичсэн байна. Яагаад гэвэл анхнаасаа 2 байрны ордерийг барьцаанд авч над дээр 2012 онд зээл гарсан. Г.Н 2017 онд л ордероо авах ёстой, гэтэл мэдсээр байж намайг залилагч болгох гээд байгаад гомдолтой байна. Одоо тус ордер 8.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа. 8.000.000 төгрөгөө төлж барагдуулаад ордерийг нь гаргаж өгнө. Ордер нь барьцаанд байгаа боловч Г.Н уул байрыг цоо шинээр нь хүлээж аваад 5 жил өөртөө ашиглаж байгаа болно гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амарбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С.П 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Орон сууц санхүүжилтийн корпораци төрийн өмчит компанитай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан урьдчилгаа 10 хувийн төлбөрийг 2012 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн. 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 404062 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус зээлээр худалдан авсан. С.П нь зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас манай банк 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн дагуу 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 389 тоот шүүхийн шийдвэр гарч, уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар заасан. Дээрх шийдвэрийн дагуу Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албатай хамтран ажиллаж, 34,4 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээлийг төлүүлсэн. Одоо тус зээлээс 8.542.428 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр үлдсэн бөгөөд барьцаанд Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах 22,8 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байна. Манай банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээг гомдол гаргагч Г.Н-ийн нэр дээр шилжүүлэх эрх зүйн үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд иргэн Г.Н-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч С.П, Г.Б нарт холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч С.П, С.Б нар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.
Гэвч хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хэдийгээр хариуцагч С.Пүрэвжав, С.Батзаяа нар 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зээлд хамрагдан орон сууц захиалан бариулах гэрээг Орон сууц санхүүжилтийн корпорацитай байгуулан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлалтай 30 айлын орон сууцны 2 дугаар давхрын 10, 11 тоот 3 өрөө буюу нийт 57,2 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 41.990.234 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, улмаар 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдөр /маргаан бүхий/ 22,8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн Ү-1520003343 дугаарт бүртгэгдэн гэрчилгээ[2] гарсны дараа 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 404062 дугаартай Зээлийн гэрээ[3] болон Барьцааны гэрээ[4]-г тус тус Орон сууц санхүүжилтийн корпорацитай байгуулсан, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 389 тоот шийдвэр[5] гарч, уг шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа[6] хийгдэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Г.Наранцэцэгт хариуцагч С.П, С.Б нар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Мөнгө хүлээлцэх гэрээ[7]-г байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан үйл баримт тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэрээ байгуулан орон сууц захиалан бариулахаар тохиролцсон байх боловч үүнээс 2 хоногийн өмнө буюу 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Г.Наранцэцэгт худалдан, түүнээс 10.000.000 төгрөгийг хүлээн авсан тухай Хэлцэл байгуулсан байх ба уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэвээр байна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Н өөрийн хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч С.П, С.Бнарт 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нийт 20.663.000 төгрөг төлсөн нь хэргийн 4-34, 48 дугаар хуудаст авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд үүнийг хариуцагч нар үгүйсгээгүй, мөн нэхэмжлэгч нь тухайн орон сууц ашиглалтад орсон 2011 оны 12 дугаар сараас хойш өнөөг хүртэл 6 жилийн хугацаанд ашиглаж, эзэмшиж байна.
Түүнчлэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр Г.Наранцэцэгт өмчлөх эрх шилжих талаар талууд тохиролцсон байдал нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хэлцэл-ээр нотлогдож байгаа тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасантай нийцсэн гэж үзэв.
Мөн Г.Н тухайн орон сууцыг худалдан авахаар 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулахдаа С.П, С.Б нарын өмч биш болохыг мэдээгүй, улмаар 2012 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр бусдын барьцаанд тавигдсаныг мэдэх боломжгүй байсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсанд тооцох нь зүйтэй байна.
Нөгөө талаар, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу талууд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийж, уг хэлцлийг нотариатаар батлуулах хуульд заасан шаардлагыг хангаж хэргийн 48 дугаар талд авагдсан хэлцлийг байгуулсан байх боловч улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх нөхцөл бүрдээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нар тухайн 22,8 м.кв талбай бүхий орон сууцыг Г.Наранцэцэгт гэрээнд заасны дагуу эзэмшүүлэн, ашиглуулж байсан боловч улсын бүртгэлийн өмчлөх эрхийн гэрчилгээг гараад, дахин зээлийн барьцаанд тавигдсан талаарх мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй байх ба улмаар Г.Наранцэцэг түүний худалдан авсан орон сууцнаас шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах болсон тухай 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр мэдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Н нь худалдах-худалдан авах гэрээг тухайн үл хөдлөх эд хөрөнгө бусдын барьцаанд тавигдахаас өмнө байгуулж, 2011 оны 12 дугаар сараас хойш өнөөг хүртэл хугацаанд эзэмшиж, ашиглаж байгаа, хариуцагчийн бусдын барьцаанд тавьсаныг мэдэх боломжгүй байсан, гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Хариуцагч С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хувийг гардан авч, танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.П, С.Б нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгийг Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 10 тоотод байрлах, 22,8 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520003343 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжав, С.Батзаяа нараас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА