Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/237

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2017/0245/Э

 

       Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,

            Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,

       Шүүгдэгч Д.Д.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Д.Л-т холбогдох эрүүгийн 201709000307 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Д.Л-, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1987 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 3, эх, эгч нарын хам оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 

 1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар,

 2.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон хугацааны дотор 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Т.Т.Д-гийн гэрт нэвтрэн орж, “Hitachi” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан 300 000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Д.Л-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

 

Би өдрийг нь тодорхой санахгүй байна тухайн өдөр би эрүүлжүүлэхээс 30 хоногийн баривчилгаа дуусаад гарсан. Гараад гэртээ очилгүй Дрэвэнд байдаг 7-н дэлгүүр дээр очиж тэр хавийн хүмүүстэй тааралдаж архи ууж байгаад дуусаад дахин архи уумаар санагдаад гудамжаар явж байтал Тосгоны гудамжинд байдаг танил А-ийн гэр нь цоож зүүчихсэн байхаар нь хашааг нь давж ороод гэрийн цоожийг нь хашаанаас авсан төмрөөр эвдэж гэрт нь орсон. Гэрт нь ороход олигтой мөнгө болчихмоор юм харагдахгүй болохоор нь телевизорыг нь авсан. Тэгээд хашааны хаалгаар нь зурагтыг тэврээд гарч явтал араас тэр хавьд байдаг нэг эгч хүрч ирээд наад телевизороо надад өгчих гэж хэлэхээр нь яаж байгаа юм гэсэн чинь чи сая айлаас авсан биз дээ би хүнд хэлэхгүй гэхээр нь би хүнд битгий хэлээрэй гээд өгчихөөд яваад өгсөн. Тухайн үед би нилээд согтуу байсан. Дахин хулгай хийвэл баригдах юм байна гэж бодоод гэртээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Т.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

Миний санаж байгаагаар 2017 оны 4-р сарын 22-ны өдөр өглөө гэрээсээ 09 цагт гарч ажилдаа явсан. Тэгээд ажилдаа явахдаа хөрш айл Ч- гэрээ захиж үлдээсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал орой 20 цагийн орчим манай хажуу талын айлын Ч- над руу залгаад танай гэрээс зурагтыг чинь хүн аваад гараад явж байхаар нь зурагтыг чинь аваад үлдчихлээ хаалга үүд чинь онгорхой байна өөр юу алга болсон талаар мэдэхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд би гэртээ очиход цоож эвдэрчихсэн хаалга онгорхой байхаар нь ороод эд зүйлээ бүртгэхэд зурагтнаас бусад эд зүйл бүгд бүрэн бүтэн байсан. Тэгээд Ч- зурагтаа авахад надад Д.Л- аваад гарч байсан гэж хэлсэн. Надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх 6/,

 

Гэрч Б.Ч- мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 4-р сарын 22-ны өдөр гэртээ байж байгаад үхэр тугалаа ялгах гээд гэрээсээ гартал манай урд талын хөрш айл Т.Д-гийн хашаанд нэг малгайтай хүн яваад байхаар нь би өөрийнхөө хашааны хаалганы завсраар хараад зогсож байтал миний таньдаг Д.Л- Т.Д-гийн хашааны хойд хаалгаар зурагт тэврээд гараад ирсэн. Тэгэхээр нь би хашаанаасаа гараад Д.Л- дээр очоод эгчдээ наад зурагтаа өгчих айл эзгүй байх хойгуур би наад айлыг чинь харж эргэж тойрдог юм гэтэл надад та өөр хүн амьтанд хэлж болохгүй шүү хэрэв та хүнд хэлбэл би таныг яавал яаж ч чадна шүү дээ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэлэхгүй гэж гуйж байгаад зурагтыг нь аваад Т.Д- руу залгаж хэлсэн гэх мэдүүлэг /хх 8-9/,

 

Гэрч Д.О- мэдүүлэг /хх 12/, "Капитал зууч" ХХК-ийн хөрөнгө, үнэлгээний тайлан, жагсаалт /хх 14-15/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37-38/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 60-61, 64-66/, шүүгчийн захирамжийн хуулбар /хх 62-63/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь иргэн Т.Т.Д-гийн гэрт нэвтрэн орж, “Hitachi” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлан 300 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хуралдаанд өгсөн мэдүүлэг, дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Л-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Д.Л- нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй бөгөөд сүүлд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан бөгөөд Д.Д.Л- нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд удаа дараа архидан согтуурч жижгээр танхайран эрүүлжүүлэгдэж захиргааны арга хэмжээ авагдсаны улмаас 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлсэн болох нь тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдсон.

 

     Шүүгдэгч Д.Д.Л-т Аймгийн Прокурорын газраас шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь урьд нь ял шийтгэлтэй байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд  "хэд хэдэн шийтгэх тогтоолоор  ял оногдуулахдаа тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ" гэж заасан байх бөгөөд заримыг гэж хуульчлаагүй байх тул Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 ны/ 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилж, тус зүйл ангиар түүнд 2 жилийн хорих ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 57 дугаар зүйлийн 57.1-т заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

           

                    Шүүгдэгч Д.Д.Л- нь энэ хэрэгт 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болох нь тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжаар /хх 58/ тогтоогдож байх тул  шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг 2017 оны 8 дугаар сарын 07-ний өдрөөс эхлэн тооцон гаргах нь зүйтэй гэж үзэв.

 

     Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдав.                                                                                                                                                                                                     

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

     2.Шүүгдэгч Д.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай.

 

     3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

                 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.

 

     5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ын 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

     6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д.Л-ын цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

     7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

     8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

     9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Л-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ