Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 34

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Улаанбаатар хот,  ЗИД ХХК-ийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын ББ ХХК-нд холбогдох,

    Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.197.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч ЗИД ХХК-ийн ерөнхий захирал Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ББ ХХК нь 2016 оны 7 дугаар сараас эхлэн манай байгууллагатай худалдах-худалдан авах гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдан авч, хамтран ажиллаж эхэлсэн билээ. Гэвч 2017 оны 3 дугаар сараас эхлэн худалдан авсан барааныхаа үнийг төлөхгүй, манай байгууллагыг хохироогоод байна. Иймд ББ ХХК-ийн манай компанид төлбөл зохих 2.197.300 төгрөгийг зохих хуулийн дагуу шийдвэрлэж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч ЗИД ХХК-иас хариуцагч ББ ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.197.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Тус компаниудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, борлуулагч ББ ХХК нь нэхэмжлэгч буюу нийлүүлэгч компаниас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч, борлуулсан барааны төлбөрийг нийлүүлэгчийн орлогын дансанд сар бүрийн эцэст хийж, тооцоо нийлсэн байхаар тохиролцжээ.

        Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нийлүүлэгч ЗИД ХХК-иас 5.284.900 төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг ББ ХХК руу илгээсэн нь хэрэгт авагдсан Борлуулалтын зарлага гэх баримтаар, мөн дээрх хүнсний бүтээгдэхүүнээс 2.687.600 төгрөгийн буцаалтыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хийж, үлдэх 2.597.300 төгрөгийн бараанаас борлуултын орлого нийт 400.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 31, 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр тус тус төвлөрүүлж, үлдэх 2.197.300 төгрөгийн барааны төлбөрийг төлөөгүй болох нь Авлагын гүйлгээний түүх-ээр нотлогдож байна.

          Өөрөөр хэлбэл, талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч ЗИД ХХК-иас гэрээний үүрэгт 2.197.300 төгрөгийг хариуцагч ББ ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

           Харин хариуцагч ББ ХХК-ийн захирал Х.Б-т 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулан өгч, танилцуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул мөн зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн-нд тооцсон болно.

         Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т зааснаар хариуцагч ББ ХХК-иас 2.197.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗИД ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЗИД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ББ ХХК-иас 50.107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2-т зааснаар хариуцагч ББ ХХК-иас 2.197.300 /хоёр сая нэг зуун ерэн долоон мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗИД ХХК-нд олгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ЗИД ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50.107 /тавин мянга нэг зуун долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ББ ХХК-иас 50.107 /тавин мянга нэг зуун долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЗИД ХХК-нд олгосугай.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ГЭРЭЛТУЯА