Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00664

 

ББ ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар магадлалтай,

ББ ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Ч.Ч-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7.519.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББ ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Ч.Ч- нь ББ ХЗХ-оос албан ёсны гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6.000.000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож 2017.11.08-2018.03.08-ны өдрийг хүртэл 4 сарын хугацаатай зээлж авсан. Гэвч зээлсэн мөнгөө хугацаандаа төлөхгүй биднийг хохироож байна. Ч.Ч- нь зээл авснаас хойш 2017.11.21-нд 100.000 төгрөг, 2017.12.01-нд 100.000 төгрөг, 12 дугаар сард зээлийн хүүнд 250.000 төгрөг, 2018.01 дүгээр сард үндсэн зээлд 150.000 төгрөг, хүүнд 150.000 төгрөг, 2018.02 дугаар сард 200.000 төгрөг, 2018.03 дугаар сард 150.000 төгрөг, 2018.12.27-нд 300.000 төгрөг, 2019.01.06-нд 150.000 төгрөг, нийт 1.550.000 төгрөгийг төлсөн байна. Иймд хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээл 4.650.000 төгрөг, хүү 2.869.000 төгрөг, нийт 7.519.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар гэрээний 4.5.1 дэх заалтаар зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар барьцааны зүйлийг борлуулах, худалдсан үнийн дүн нь хоршооны шаардлагыг хангах хэмжээнд хүрэлцэхгүй тохиолдолд зээлдэгчийн өөрийн өмчлөлийн бусад хөрөнгөөр төлөхийг шаардах эрхтэй учир үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагаасаа татгалзаж 7.519.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

Хариуцагч Ч.Ч-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие 2017.11 дүгээр сард ББ ХЗХ-ны гишүүнээр элсэхдээ 1.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Би зээлийн гэрээг нотариатаар батлуулаагүй. Мөн барьцаалсан машин миний эзэмшлийн хөрөнгө биш гэдгийг өөрсдөө мэдэж байгаа. Иймээс тухайн машиныг ББ хадгаламж зээлийн хоршоо өөрийн өмчлөлдөө шилжүүлж авах эрхгүй. Миний бие 1.900.000 төгрөг төлсөн. Хоршоонд элсэхдээ өгсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцуулна. Намайг цагдаагийн байгууллагад өгч олон удаа өглөө, оройгүй үндэслэлгүйгээр дуудуулж, хүүхдийн унаж явсан машиныг захын гаднаас шууд авч яван хураалгаж сэтгэл зүйн хямралд оруулсанд гомдолтой байдаг. Мөн нууцлал гэж байдаггүй, гишүүдийнхээ нэр хүндийг хамгаалдаггүй, олон нийтийн хар зах дээр хүртэл гишүүн гэсэн болгон нь ярьж мөнгөө нэхэж явдаг гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас үндсэн зээл 4 650 000 /дөрвөн сая зургаан зуун тавин мянга/ төгрөг, хүү 2 869 000 /хоёр сая найман зуун жаран есөн мянга/ төгрөг, нийт 7 519 000 /долоон сая таван зуун арван есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ББ хадгаламж зээлийн хоршоонд олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамж 135 254 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББ хадгаламж зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд Ч.Ч-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 254 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх нь тодорхойгүй, шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байхад шүүх ямар үндэслэлээр иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, захирамжид “шаардлагатай гэж үзсэн” үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж үзжээ. Хариуцагч Ч.Ч- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргээ итгэмжлэлээр өмгөөлөгч Г.Энхбаярт шилжүүлсэн ба итгэмжлэлээсээ татгалзаагүй байхад нь анхан шатны шүүх Ч.Ч-ын давж заалдах гомдлыг хүлээн авсан нь буруу гэж үзсэн. Магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж “ББ” ХЗХ-г хохиролгүй болгож өгнө үү. Ч.Ч- нь өөрийн чин хүслээр манай хоршоонд гишүүнээр элсэж хоршооны дүрэм, журмыг чандлан сахина гэж хүсэлтээ гаргасан байдаг. Иймд хоршооныхоо гишүүдийн нэгэн адил хоршоогоо цаашид хөгжүүлэн авч явахад саад учруулахгүй гэдэгт найдаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

ББ ХЗХ, Ч.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7.519.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “хоршоонд элсэхдээ өгсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцуулна, 2.550.000 төгрөг төлнө” гэсэн тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч барьцааны зүйл болох автомашинаар  үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан боловч барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох үндэслэлгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ шаардлагаасаа татгалзсан тайлбарыг гаргасан байх тул тухайн нэхэмжлэлийг гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 7.519.000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул энэ талаархи нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон үндэслэлээ, “хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй байхад ...хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн нь тодорхойгүй, захирамжид “шаардлагатай гэж үзсэн” үндэслэлээ заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчсөн, энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчилд хамаарна” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж болно гэж заасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагчид 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг 14 хоногийн буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны дотор ирүүлэхийг хариуцагчид үүрэг болгожээ.

Уг хугацаанаас нэг хоногийн өмнө 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүгч 00752 тоот захирамж гаргаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн, шүүх хуралдааныг 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хийхээр товлосон нь хэргийн 23-р талд авагдсан байна. Хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй, тайлбар ирүүлэх  хуульд заасан хугацаа болоогүй байхад шүүгч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргасан нь хуульд нийцээгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Харин энэ алдаанаас болж хариуцагчийн эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлгүй байх тул уг алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүйг давж заалдах шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Хэргийн баримтаас үзвэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараагийн өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч хариу тайлбараа шүүхэд ирүүлж, мөн өдөр хэргийн баримттай танилцаж, шүүх хуралдааны товыг мэджээ. Үүний дараа 3 дугаар сарын 29-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилсон, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлтээр 4 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан хойшлогдож, уг ажиллагаа хийгдсэн, 4 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцож, талууд мэтгэлцсэний үндсэн дээр шүүх шийдвэр гаргасан, эдгээр байдлууд тогтоогдсон байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гаргаж хариуцагчийн эрхийг зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй тул хүчингүй болгов.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 452.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохигчийн хооронд  банк, эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хариуцагч Ч.Ч- ББ ХЗХ-с 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, зээлийн үүргээс 1.900.000 төгрөг төлснөөс үндсэн зээлд 350.000 төгрөг, зээлийн хүүд 1.550.000 төгрөг суутгасан нь тогтоогджээ. Гэрээнд үндсэн хүүгээс гадна хугацаа хэтэрвэл нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар төлөхөөр талууд гэрээгээр тохиролцсон байх тул үндсэн зээл 4.650.000 төгрөг, зээлийн хүү, /хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл бодож/ нэмэгдүүлсэн хүүд 2.869.000 төгрөг, нийт 7.519.000 төгрөг шаардсан нь хууль болон гэрээний 1.3, 1.5, 1.6, 2.2.1-д заасныг зөрчөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан нь үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 129/ШШ2019/00216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.О-ын гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч ББ ХЗХ нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 135.254 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ