Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 103

 

          Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Иргэдийн төлөөлөгч Ц.

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан

Хохирогч Т.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,

            Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 08 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Гурванзагал суманд 1980 оны 11 сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 23 дугаар гудамжны ** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 02 сарын 05-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2001 оны 04 сарын 02-ны өдрийн 21 дүгээр магадлалаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 11 сарын 05-ны өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 5508000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл.

     Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 12 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын нутаг дэвсгэрт байрлах “Аригүн” зоогийн газрын урд талд үл ялих зүйлээр шалтаглан хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Т.*******ын цээжин тус газарт хутгалж хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

     2015 оны 03 сарын 18-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд иргэн Д.******* илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

     Мөн 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчим Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Бүрд” гэх газарт иргэн Л.******* үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оны 12 сарын 28-ны өдөр “Шүр” захын тэнд *******тай огт таараагүй. Тэр өдөр би эхнэртэйгээ хүүхдээ эмнэлэгт үзүүлээд захын хажуу замаар гэртээ харьсан. Зах дээр зогсоо ч үгүй. Би ******* гэж хүнийг 2014 оны 11 сард Гурванзагал суманд хөрзөн сийлэхээр явж байхдаа л нэг удаа харж байсан, өөрөөр харж байгаагүй. Би *******ыг хутгалаагүй, намайг гүтгэж байна. Энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй.

            2015 оны 03 сарын 18-ны шөнө ахыг зодсон хэргээ хүлээн зөвшөөрч байна. ах нь хөдөөнөөс суманд орж ирэхдээ манайд ирдэг хүн юм. Бид ах дүү шиг гэмгүй сайхан байдаг. Тэр шөнө ахтай таараад юм яриад явж байхад эхлээд тэр надаас архи нэхсэн. Тэгэхээр нь би, “манай хүүхдэд даагаа өгчихөөд одоо хүртэл өгч чадахгүй байж” гээд муудалцаж байснаа түүнийг зодсон нь үнэн. ын биед учирсан гэмтэл надаас болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна, миний буруу гэдгийг ойлгож байна.

Би 2015 оны 08 сарын 05-ны орой Чойбалсан суманд ынд ах , бэргэн эгч , хүүхдийнхээ хамт очсон. Бэргэн согтуу байсан болохоор ын эхнэртэй хэрэлдэж, зууралдаад маргаан болсон. Тэгэхэд ын эгч болох хүн тэдний дунд зодолдож байхаар нь би бэрээ өмөөрч гар хүрсэн нь үнэн. Түвшинбаярт би гэмтэл учруулаагүй. Харин би хонины хашаа онгойлгох гээгүй, мөн ******* удаа дараа хөөж зодох, муухай үг хэлэх үйлдэл хийгээгүй гэв.

Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг 2014 оны 12 сарын 28-ны өдөр  зах бараг цуглаагүй байсан. 10 цагийн үед байх би жоохон уунгитай “Шүр” захын тэнд явж байхад ******* намайг хутгалсан нь үнэн. Би хүн гүтгээгүй. Би түүнийг хараад “Чи хонь аваад ир” гэж хэлэхэд, тэр “Би чиний хонийг аваа юу” гээд бид хоёр маргалдсан. Тэгээд намайг нэг хоёр удаа цээж орчим цохисон. Тухайн үед нь би хутгалсан гэж мэдээгүй, цаг орчмын дараа хорсоод байхаар нь харахад хоёр газар зүсэгдсэн шарх байсан. Тэгээд эгч таараад эмнэлэгт аваачиж үзүүлсэн.

Би энэ хүнээс хонио нэхсэн учир нь, Намайг Гурванзагал суманд Нацагдорж гэдэг хүний малыг хардаг байхад 2014 оны 11 сард ******* өөр нэг хоёр залуугийн хамт ирээд надад пиво өгч согтоогоод явсны дараа миний хардаг хониноос дутсан болохоор би Буян-Эрдэнийг авсан гэж бодоод “Шүр” зах дээр таарахад нь хонь нэхсэн юм. Би Буян-Эрдэнийг энэ хэргээс өмнө нэг л удаа харсан. Би энэ хүнд гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.  

Хохирогч Д. мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...2015 оны 03 сарын 18-ны өдрийн 23 цагийн үед сумын баарнаас гараад , нарын хамт найз ынд хонохоор явж байхад замд ******* таарсан. ******* нь над руу ирээд надад хандан “таньтай ярих юм байна” гээд дагуулж яваад эзэнгүй айлын хашаанд оруулаад юм ярилгүй гараараа миний уруул руу цохиход би газарт унасан. Газар унасны дараа цээж рүү өшиглөж байхад араас г гүйгээд ирэхэд ******* намайг орхиод хашааны хойд талын хаалгаар гараад гүйсэн...Тухайн үед уруул доод баруун хэсэгт язарч, цээжний зүүн талд арьсны дотор цус хурж хагалгаанд орж цусан хурааг авахуулсан...

...******* нь хөдөө гэртээ намайг халуураад хэвтэж байхад эхнэр хүүхдийнхээ хамт ирээд “бие чинь гайгүй юу” гээд асууж ирэхэд нь манай эхнэр “яагаад зодож байгаа юм”  гээд загнахад чимээгүй сууж байгаад явсан...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэжээ. /хх 1-р хавтас 94-96, 2-р хавтас 74-77/

Хохирогч Л.Түвшинбаяр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ...2015 оны 08 сарын 05-ны орой ын гэрийн зүүн урд талд байдаг галын амбаарт ороод унтаж байхад гадаа манай бэр “явцгаа, зайлцгаа” гээд чангаар бахирахад нь би сэрсэн...******* гэж залуу нь хонины хашааны амыг онгойлгох гээд зогсож байхаар нь би араас нь очоод “чих яах гэж байгаа юм” гэж асуухад, “би ямаа авах гэж байна” гэхээр нь би, “чи яахаараа айлын ямаа авдаг юм бэ, цагаандаа гарсан хулгайч вэ” гээд цамцных нь араас татахад “ална шүү” гээд эргээд харахаар нь би айсандаа зүүн хойд талын овоо руу гүйхэд араас гүйцэж ирээд үснээс татаж унагаасан. Би босоод зугтаахад дахин гүйж ирээд хөлнөөс татаж унагаад дээр гарч суугаад багалзуурдаад, дараа нь босоод зүүн талын гуя руу өшиглөөд байсан. Тэр үед урд талаас машины гэрэл гарахад , нар нь машинаа асаачихсан харалдаа ирээд “******* ээ” гэж дуудахад ******* машин руу очоод суугаад хойшоо чиглээд явсан...

...******* гэж залуу намайг гэртээ байхад орж ирээд “би цагдаад шалгагдаж байгаа, бас олон нялх хүүхэдтэй, намайг уучилчих гээд хоёр удаа ирсэн. Миний биеийн байдал одоо зүгээр болохоор гаргах санал хүсэлт байхгүй...” гэжээ. /2-р хавтас 119-120, 162/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 11 тоот нэмэлт дүгнэлтэд: “1.Т.*******ын биед цээжний баруун хэсэгт өвчүүний ойролцоох шугамаар 6-7-р хавирганы завсраар 1 ширхэг, цээжний зүүн хэсэгт 5-6-р хавирганы завсраар өвчүүний ойролцоох, эгэмний урд, эгэмний дунд шугамаар 3 ширхэг, мөн зүүн хавирганы сүврэгдэс дагуу өвчүүний ойролцоох шугамаар 2 ширхэг, нийт 6 ширхэг сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн 6 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой цаг хугацааг тодорхойлох боломжгүй, хуучин гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь учирсан цаг хугацаандаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ. /3-р хавтас 46-47/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 04 сарын 28-ны өдрийн 260 тоот дүгнэлтэд: “1.Д.ын биед доод уруулд язарсан шарх, цээжинд буглаа гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хуучин гэмтлүүд байх боломжтой байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /1-р хавтас 108/,

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 08 сарын 13-ны өдрийн 533 тоот дүгнэлтэд: “1.Л.Түвшинбаярын биед зүүн гуя, шилбэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал, хүзүү, чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх тогтоогдсон гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба шилбэний цус хуралт, хүзүү, чихний зулгаралт гэмтэл 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид биеийн эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /2-р хавтас 142/,

 

2014 оны 12 сарын 28-ны өдрийн хэрэгт холбогдуулж: Хохирогч Т.******* /1-р хавтас 10-11, 97, 195-198, 3-р хавтас 42-44/, Гэрч Г. /1-р хавтас 12-13, 3-р хавтас 28/, С. /14-16, 104-105, 168/, Г. /1-р хавтас 165/, Д. /1-р хавтас 166-167/, Т. /1-р хавтас 176/, Ш. /1-р хавтас 171/, Б. /1-р хавтас 199/, Б. /1-р хавтас 200/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, мөн шүүгдэгч Б. мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн /1-р хавтас 31, 127, 2-р хавтас 69-74, 169, 3-р хавтас 40-41/ мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 3/, Хохирогч Т.*******ыг үзсэн анхны үзлэгийн тодорхойлолт /1-р хавтас 19-20/, Хохирогч Т.*******ын биед учирсан гэмтлийг тогтоосон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 939 тоот дүгнэлт /1-р хавтас 21/, Хохирогч Т.*******т учирсан гэмтэлтэй холбогдуулж шинжээчийг байцаасан тэмдэглэл /1-р хавтас 109, 3-р хавтас 48-49/, Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 05.18, 5.43 тоот тогтоол /1-р хавтас 72-73, 3-р хавтас 68-69/, Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай прокурорын 05.11 тоот тогтоол  /1-р хавтас 78-79/,  Хонь алдагдсан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 9/, Алдагдсан 10 хонинд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын 05.1794 тогтоол /1-р хавтас 59/;

2015 оны 03 сарын 18-ны өдрийн хэрэгт холбогдуулж: Гэрч Г. /1-р хавтас 98-99/, Я. /1-р хавтас 100-101/, Г. /1-р хавтас 102-103/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд,  Шүүгдэгч Б. мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хавтас 120-121, 125-127/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 82/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 85/, Анхны үзлэгийн тодорхойлолт /1-р хавтас 107/;

2015 оны 08 сарын 05-ны өдрийн хэрэгт холбогдуулж: Гэрч М. /2-р хавтас 121-122, 129/, Т. /2-р хавтас 127-128/, Т. /2-р хавтас 130/, Б. /2-р хавтас 136-137/, Б. /2-р хавтас 132/, М. /2-р хавтас 131/, Д. /2-р хавтас 123-124/, Ц. /2-р хавтас 125-126/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /2-р хавтас 98/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хавтас 101-102/, Гэрч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р хавтас 133-135/, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 228/, Хохирол нэхэмжилсэн баримт /3-р хавтас задгай 2ш/;

Шүүгдэгчийн хувийн байдалд: Гэрч С., /1-р хавтас168/, П. /1-р хавтас 172/,  Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 32, 61-63, 2-р хавтас 34-37/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1-р хавтас 34/;

Хохирогчийн хувийн байдалд: /1-р хавтас 131, 133-139, 171-177, 202, 208-212, 2-р хавтас 228-231, 3-р хавтас 4/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн санал: Б.******* нь гэм буруутай. Т.*******, Д., Л.Түвшинбаяр нарт гэмтэл учруулж танхайрсанд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх нь зөв юм гэв.

Шүүгдэгч Б.******* нь 2014 оны 12 сарын 28-ны өдөр 10-11 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг “Шүр” захын нутагт байрлах “Аригүн” зоогийн газрын урд талд “хонь авсан эсэх”-ээс буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч Т.*******ыг хутгалж хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.*******ын “хонь нэхэж” муудалцсан талаар эх сурвалжаа тодорхой зааж 2015 оны 04 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Зах дээр байж байхад *******тэй таараад араас нь очоод “хөөе чи хонь аваад ир” гэж хэлэхэд, ******* эргэж хараад “Би чиний хонийг чинь аваагүй” гэж хэлээд намайг хоёр гараараа куртикны захаас заамдаад авахаар нь би өөдөөс нь барьцалдаж авсан...хоёр удаа сэгсрээд цохих шиг болоод яваад өгсөн...Нэг цаг орчмын дараа...цээжнээс халуу оргиод байхаар нь куртикээ тайлаад сөхөөд харахад хоёр газар зүсэгдсэн, цус урсаж байсан...” /1-р хавтас 97/ гэх, 2015 оны 7 сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...Бид хоёр маргалдаад зууралдаж байгаад нэг нэгнийгээ хэд хэд цохилцоод би Буян-Эрдэнийг “чи надтай дахин таарвал ална шүү” гэж хэлээд салцгаасан...Тэгээд цээж халуу оргиод байхаар нь харсан чинь цус гарсан байсан...” /1-р хавтас 196-198, З-р хавтас 42-44/ гэх, 2016 оны 09 сарын 26-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би айлын хонь харж байгаад 2014 оны 12 сарын 20-доор 12 хонь алдсан. Тэр үед ******* хоёр залуугийн хамт ирж надад пиво өгч согтоосны маргааш хонь дутсан учраас би Буян-Эрдэнийг авсан гэж бодож байсан. Энэ бодлоороо “Шүр” зах дээр таараад түүнээс хонио нэхэж түүнтэй маргалдсанаас болж намайг хутгалсан юм...Би хүн гүтгээгүй, энэ бол үнэн...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх удаа дараагийн тогтвортой мэдүүлэг,

Хохирогчийн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Г.ын “...2014 оны 12 сарын 28-ны өдөр 11 цагийн орчимд...******* Шүр захын үүдэн дээр элгээ тэвэрсэн байдалтай байж байсан...”Би хүнд хутгалуулчихаад байж байна” гэж надад хэлсэн...Цамцыг нь сөхөөд харахад зүүн талын хавирганыхаа ойролцоо хоёр удаа хутгалуулсан байхаар нь би цагдаад мэдэгдээд, эмнэлэг рүү такси бариад явсан...*******аас “хэн хутгалсан юм бэ” гэж асуухад, “Буяа намайг хутгалсан” гэж хэлсэн...” 1-р хавтас 12-13, 3-р хавтас 31/ гэх мэдүүлэг,

Тухайн гэмт хэрэг гарсан өдөр үзлэг хийж “Зүүн сүвэргэдэсний дор арьсан доогуур хавагдсан 5х1 см хутгалагдсан шарх, зүүн эгэмний дунд шугамаар 5-6-р хавирганы түвшинд хөндлөн арьс 1,5 см өнгөц  зүсэгдсэн, цээжний хөндийд нэвтрээгүй” гэх анхны үзлэгийн тодорхойлолт /1-р хавтас 20/, түүнийг бататгасан хохирогч Т.*******ын биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд /1-р хавтас 21, 3-р хавтас 46/, Дүгнэлттэй холбогдуулж шинжээчийг байцаасан тэмдэглэл /3-р хавтас 48-49/ зэрэг;

Мөн шүүгдэгч Б.******* нь 2015 оны 03 сарын 18-ны өдрийн 23-24 цагийн орчимд Дорнод аймгийн Гурванзагал сумын төвд ямар ч шалтаг шалтгаангүйгээр хохирогч Д.ад хүч хэрэглэн зодож, бие махбодид нь “доод уруулд язарсан шарх, цээжинд буглаа” бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Ямар ч шалтаг шалтгаангүйгээр зодсон талаар хохирогч Д.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Эзэнгүй айлын хашаанд оруулаад юм ярилгүй гараараа миний уруул руу цохиод, намайг газарт унахад цээж рүү өшиглөж байхад араас гүйгээд ирж байхад ******* намайг орхиод хашааны хойд талын хаалгаар гараад гүйсэн...Өмнө нь бид хоёрын хооронд ямар нэгэн үл ойлголцох асуудал гарч байгаагүй.../1-р хавтас 94-95/ гэх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ ...Намайг юу ч болоогүй байхад цохисон, бид хоёрын хооронд муудалцах зүйл байхгүй. Урьд нь ах дүү нар хэрэг төвөгт холбогдож байсан талаар тэр өдөр энэ тухай яриа болоогүй, би таамаглаж хэлсэн юм...” /2-р хавтас 10/ гэх,

Давхар нотолсон гэрч Г.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Баарны гадаа ******* халамцуу зогсож байсан. ******* ахтай уулзаж юм яриад...алхсан. Булхар бид хоёр хооноос нь тэр хоёрыг дагаж алхаж байсан. Тэгсэн чинь “яа, намайг цохичихлоо” гэж орилсон юм...Би очоод “яасан бэ” гэж асуухад, “******* намайг цохичихлоо шүү дээ” гэж хэлсэн...ын нүүрийг харахад уруул нь хавдаж сэтэрсэн байна...Би ******* хоёрыг хоорондоо хэрэлдэж зодолдож байхыг хараагүй...” /1-р хавтас 102-103/ гэх,

Гэрч Я.ын “...2015 оны 03 сарын 18-ны орой 23 цагийн орчим... манайд гаднаас орж ирэхдээ “би Галяагийн Буяад зодуулчихлаа” гэж хэлж байсан...” /1-р хавтас 100-101/ гэх,

Гэрч Г.гийн ...2015 оны 03 сарын 18-ны өдөр манай нөхөр сумын төв рүү явсан...Би маргааш нь очиход ы уруул нь хавдаад язарчихсан, цээж хөндүүрлээд байна гэхээр нь харахад зүүн талын хөхний дээд талд хавдаж овойсон байсан...Нөхөр маань надад “Суманд архи уугаад явж байхад ******* таараад намайг ганцааранг нь дагуулж яваад эзэнгүй хашаанд оруулаад юу ч болоогүй байхад зодсон” гэж ярьж байсан... гэх /1-р хавтас 98-99/ гэх мэдүүлгүүд болон Анхны үзлэгийн тодорхойлолт /1-р хавтас 107/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 260 тоот дүгнэлт /1-р хавтас 108/ зэрэг

2015 оны 08 сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын Сүмбэр багийн “Бүрд” гэх газарт айлын хонины хашааны амыг тайлах гэсэн түүний үйлдлийг хориглосон хохирогч Л.******* үл ялих зүйлээр шалтаглан үсдэх, багалзуурдах, гуя руу өшиглөх зэргээр хүч хэрэглэж, бие махбодид нь “гуяны цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Л.Түвшинбаярын мөрдөн байцаалтад өгсөн “...******* гэж залуу нь хонины хашааны амыг онгойлгох гээд зогсож байхаар нь би араас нь очоод “чи яах гэж байгаа юм бэ” гэж асуухад, “би ямаа авах гэж байна” гэхээр нь би, “чи яахаараа айлын ямаа авдаг юм бэ, цагаандаа гарсан хулгайч вэ” гээд цамцных нь араас татахад “ална шүү” гээд эргээд харахаар нь би айсандаа зүүн хойд талын овоо руу гүйхэд араас гүйцэж ирээд үснээс татаж унагаасан. Би босоод зугтаахад дахин гүйж ирээд хөлнөөс татаж унагаад дээр гарч суугаад багалзуурдаад, дараа нь босоод зүүн талын гуя руу өшиглөөд байсан... /2-р хавтас 119-120/,...Би өмнө нь *******тэй уулзаж ярилцаж байгаагүй, 2015 оны 08 сарын 05-ны орой л анх харсан”.../2-р хавтас 162/ гэх,

Давхар нотолсон гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би ...тугалууд дунд ороод юу ярьж байгааг нь сонсож суутал...манай эгч Түвшинбаяр “та нар одоо яв л даа” гэх сонсогдож байсан...Тэр үед машины хажуунаас нэг хүн сүүтэгнээд хонины хашаа руу явж байгаа харагдсан. Удалгүй дахиад нэг хүн араас нь хонины хашаа руу явах харагдахад Түвшинбаяр эгч “аллаа” гээд бахираад хойшоо гүйхэд араас нь нэг хүн туугаад нэлээд хойшоо яваад Түвшинбаяр эгч “би амарч байгаа хүн, эгчийгээ яагаад байгаа юм бэ, боль л доо” гэж байгаа сонсогдсон...Түвшинбаяр эгч хойд талаас “ямар тэнэг хүмүүс вэ” гээд ирсэн...Ямар ч байсан сарны гэрэл тусаж байсан болохоор хүн малын хашаа руу явж байгаа болон наашаа цаашаа явж байгаа нь сүүтэгнээд бүдэг харагдаж байсан. Харин яриа нь бага зэрэг сонсогдож байсан...” /2-р хавтас 127-128/ гэх,

Гэрч М.ийн мөрдөн байцаалтад өгсөн ...Түвшинбаяр эгч ******* хонины хашааны ам нээхээр нь “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд араас хөөж байгаад үсдэж унагаад зодсон гэж ярьсан... /2-р хавтас 121-122/ гэх,

Гэрч ын “...ын эгч нь гээд сувилагч эмэгтэй өрөөсөн углааштай, нэлээд сандарсан байдалтай “нөгөө хүмүүс чинь баруун тийшээ яваад өгчихлөө” гэж байсан...” /2-р хавтас 132/ гэх мэдүүлгүүд болон Анхны үзлэгийн тодорхойлолт /2-р хавтас 141/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 533 тоот дүгнэлт /2-р хавтас 142/,  Дүгнэлттэй холбогдуулж шинжээчийг байцаасан тэмдэглэл /2-р хавтас 228/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан  арга  хэрэгслээр  байцааж,  бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар үйлдсэн гэмт хэргүүд нь тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн талаар “...2014 оны 12 сарын 28-ны өдөр Т.******* хутгалагдсан гэх цаг хугацаанд би хүүхдээ эмнэлэгт үзүүлж явсан, *******тай огт таараагүй, түүнийг хутгалаагүй...” гэж,

“... ах...намайг цохих гээд ухас хийхээр нь зөрүүлээд уруул руу нь нэг удаа цохисон...Дүүгийнхээ ял авсныг нэг удаа яриад өнгөрч байсан. Өөрөөр ямар нэгэн маргаан болж байгаагүй.../1-р хавтас 127-126/,...Дааганаас болж муудсан... / 2-р хавтас 71-72, 169, 3-р хавтас 41/,...Хэрэг гардаг орой надтай согтуу таарчихаад...намайг “гуйлгачин” гээд байсан...” /2-р хавтас 169/ гэж,

Мөн хохирогч Л.******* зодсон үйлдэлтэй холбогдуулж “...Миний хувьд ******* зодсон асуудал байхгүй...” /2-р хавтас 169, 3-р хавтас 41/,...Би бэрээ салгахад тэр эмэгтэй өртөгдсөн байх, түүнээс би хөөж тууж барьж авч түүнийг зодоогүй... /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэж мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтворгүй мэдүүлж ирсэн мэдүүлэг, мөн түүний эхнэр С.гийн хэрэг гарсан гэх 2014 оны 12 сарын 28-ны өдөр нөхөр Б.*******тэй хамт хүүхдээ эмнэлэгт үзүүлсэн, өдрийн туршид хамт байсан, гэрээс гараагүй талаарх мэдүүлэг нь дээр дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тус тус няцаагдаж байна гэж үзнэ.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтаар 2014 оны 12 сарын 28-ны өдөр Б. хүүхэд эмнэлэгт очсон, түүнийг эх нь үзүүлсэн талаар үзлэг хийсэн эмч Д.Мөнгөнцэцэг /1-р хавтас 16-17, 149-150/, Б.Байгалмаа /1-р хавтас 18-19/ нарын мэдүүлэг болон холбогдох бүртгэлээр нотлогдсоныг, 2014 оны 12 сарын 28-ны өдрийн 10-11 цагийн орчимд буюу гэмт хэрэг үйлдэгдсэн тэр цаг хугацаанд Б.Буян-Эрдэнийг  эмнэлэг дээр байсан гэдгийг нотолсон гэж үзэх боломжгүй юм.

Харин 2014 оны 12 сарын 28-ны өдрийн 10-11 цагийн үед Б.******* нь Т.*******ыг хутгалсан гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, орон зайн талаар мэдүүлсэн хохирогч Т.******* /1-р хавтас 195-198, шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Г. /1-р хавтас 12-13, 104-105, 3-р хавтас 28/ нарын удаа дараа өгсөн мэдүүлгүүд зөрүүгүй, тогтвортой байна.

Хохирогчийн эх сурвалжаа заасан дээрх мэдүүлгээс үзэхэд, Т.******* нь 10 толгой хонь алдагдсан талаар хуулийн байгууллагад шалгуулах явцад буюу эзэн холбогдогч тогтоогдоогүй /1-р хавтас 39, 59/ байхад Б.Буян-Эрдэнийг сэрдэж “хонь нэхсэн” хохирогчийн буруутай үйлдлээс маргалдаж улмаар уг гэмт хэрэг үйлдсэнийг хувийн сэдэлттэй гэмт хэрэг гэж үзэх үндэстэй байна.

Иймд Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б. хохирогч Т.*******ыг хутгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч Б. үйлдсэн гэмт хэрэгт шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Буян-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б. 2014 оны 12 сарын 28-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болох ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд “ Миний үйлчлүүлэгч Б. хохирогч Д.******* зодож танхайрсан 2015 оны 03 сарын 18-ны өдрийн үйлдэл нь өршөөлд хамрагдах үндэстэй” гэж мэтгэлцжээ.

 Аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн 2015 оны 03 сарын 18-ны өдөр, 2015 оны 08 сарын 05-ны өдөр тус тус танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, давтан үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэн ирүүлснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамруулах боломжгүй юм. Учир нь, Шүүгдэгч Б.******* нь 2015 оны 03 сарын 18-ны өдөр хохирогч Д.******* зодож танхайрсан үйлдлийн дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад 2015 оны 08 сарын 05-ны өдөр хохирогч Л.******* зодож танхайрсан гэмт хэрэг үйлдсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тасарч сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох учраас “давтан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж өмнөх үйлдэлд өршөөл хэрэглэх үндэсгүй байна.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “тухайн зүйл, хэсэг” тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг хэрэглэхээр заасан байхад тухайн зүйл, хэсгийн “хүндрүүлэх бүрэлдэхүүн”-ээр зүйлчилсэн үйлдэл тус бүрт өршөөл хэрэглэнэ гэж тайлбарлаж буй шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзнэ.

Хэрэгт хохирогч Т.*******, Д., Л.Түвшинбаяр нарын биед учирсан тус бүрийн хөнгөн гэмтэлтэй холбогдуулж гарсан шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, эргэлзээгүй байна. Хохирогч нарт учирсан гэмтэл нь шүүгдэгч Б. хутгалсан, цохиж өшиглөсөн үйлдлүүдтэй тус тус шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын эмчилгээний зардалд хохирогч Д. нь “30000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Т.******* “нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн болохыг дурдаж, харин хохирогч Л.Түвшинбаяр нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүх хуралдаанд Улаанбаатар хотоос дуудагдан ирсэн унааны зардалд 31600 төгрөг нэхэмжилсэн, энэ нь нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээр төлүүлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт 2015 оны 04 сарын 08-ны өдрөөс 2015 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 14 хоног сэжигтнээр цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлбэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298   дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* овогт ******* Буян-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч ******* *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1. 181.2.4-т зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан  Б.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан  Б. цагдан хоригдсон нийт 14 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан Б.*******эс гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохиролд унааны зардал 31600 /гучин нэгэн мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн 28 дугаар байрны 27 тоотод оршин суух, хохирогч Суврагачин овогт Лхамжавын Түвшинбаяр /ЖЭ64091802/-т олгосугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь хохирогч Т.*******, Д. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

9. Баримт бичгээр ирсэн ялтан Б. ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                      Ү.ОДГЭРЭЛ

                                            ШҮҮГЧИД                          Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ

                                                                                       Б.ЭНХБААТАР