Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 114/2015/0010/З |
Дугаар | 221/МА2015/0455 |
Огноо | 2015-09-24 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2015 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2015/0455
Иргэн Р.Б ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А , гуравдагч этгээд Б.Г , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ц нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн Р.Б ын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамж болон уг захирамжид өөрчлөлт оруулсан тус аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Боловсролын газрын мэргэжилтэн Г.Г нарын 5 албан тушаалтны өргөдлийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газрын дарга Р.Б болон Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг хийхэд ... Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтын хэрэгжилт хангалтгүй, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл Төсвийн зарчим-ыг баримталж ажиллаагүй, ... Соёмбо дээд сургуулийн Дархан салбарын сургуулийн захирлаар ажилладаг эхнэр Г.Б тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөгжлийн төлөө хамтдаа 1.000 багшийн сургалтын хөтөлбөр 2-ын хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулсан нь захиргааны акт, шийдвэрийг гаргахаас өмнө ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар мэдэгдэл, тайлбар гаргаж, эрх бүхий албан тушаалтанд бичгээр мэдэгдээгүй, Боловсролын газрын тухайн жилд батлагдсан бүтэц орон тоонд байхгүй албан тушаалд томилгоо хийсэн ба батлагдсан 1 орон тоог хүний нөөц, боловсролын асуудал хариуцсан гэж 2 ангилж, дээд шатны төсвийн захирагчийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр боловсрол, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн гэсэн орон тоо бий болгон цалин олгож, төсвийн хөрөнгийг үр ашиггүй, зориулалтын бус зарцуулсан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон.
Мөн ... 2012-2013 оны эхний 5 сарын хугацааны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар 31.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 22.7 сая төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүлэхээр, 9.0 сая төгрөгийг тухайн байгууллагын данс бүртгэлд тусгуулахаар шийдвэрлэснийг бүрэн барагдуулаагүй, цэцэрлэгийн туслах багш нарт сургалт явуулан хуурамч бичиг баримт үйлдсэн нь Боловсролын хяналтын улсын байцаагчийн хяналтаар илэрсэн зэрэг зөрчил, дутагдлууд удаа дараагийн санхүүгийн шалгалтаар илэрсэн тул ... Р.Б ыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос ажлаас халсан болно.
Аймгийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр захирамжаа гарган ажлын хэсэг Р.Б д уг захирамжийг гардуулан өгөхөөр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 11 цаг 50 минутад Боловсролын газарт очиход нарийн бичгийн дарга нь дарга гадуур ажилтай байхгүй гэж хэлсэн. Гэтэл Р.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр эмнэлгийн магадлагаа авснаа тухайн өдрөө мэдэгдээгүй, 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 10 минутад цайны цагаар эмчийн магадлагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын бичээчид өгсөн байсан.
Р.Б нь удаан хугацаагаар өвчтэй байсан тул аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б/05 дугаар тушаал гарган Б/03, Б/04 дүгээр захирамждаа өөрчлөлт оруулсан. Шалгалтаар тогтоосон актаас одоогийн байдлаар 7 сая гаруй төгрөг өнөөг хүртэл төлөгдөөгүй байгаа болно. Иймд Р.Б ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага дээр Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр санхүүгийн зөрчлүүд гарсан. Мөн шалгалтад хамрагдаагүй харилцагч байгууллага нараас өр төлбөр нэхэгдэж байна. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө өгсөн нотлох баримтаар нэг удаагийн хоолны зардал 763.900 төгрөг нэхэмжилсэн баримт ирснийг нотлох баримтаар өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эргэн орсны дараа 3 хүнийг ажлаас халж, тэдгээрийн цалингийн зардлаас шүүхийн шийдвэрээр авах цалин 14.0 сая төгрөгийг өөртөө гаргуулж авсан. Нэхэмжлэгч хөрөнгө оруулалт татсан гэж байгаа тайлбар нь хэрэгжих ёстой хөтөлбөрийг хэрэгжүүлэлгүй Авьяас хөтөлбөрийн зардлыг буцаасан. 7 сая төгрөгийн хөрөнгөөр цэцэрлэгийг камержуулах ажлыг тендергүйгээр, өөрөө гэрээ байгуулж тавиулсан гэх мэт олон олон санхүүгийн зөрчлүүд илрээд байна. Боловсролын байгууллагад санхүүгийн бэрхшээл учруулсан зүйлүүд маш олон байна.
Иймд Р.Б ын нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн авах боломжгүй, үүнийг шүүх анхаарч үзнэ үү гэжээ.
Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамжийг бүхэлд нь, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Р.Б д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Р.Б ыг Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А давж заалдах гомдолдоо: 1. Боловсролын газрын мэргэжилтэн Г.Г нарын 5 албан тушаалтны өргөдлийг шалгуулахаар Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тус газрын дарга Р.Б болон Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалтыг хийгээд Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйл Төсвийн зарчим-ыг баримталж ажиллаагүй, 6 дугаар зүйлийн 6.6.1, 6.6.2, 6.4.1, 6.4.8 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, 45 дугаар зүйлийн 45.2, 45.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь заалт, мөн Р.Б нь аймгийн боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Н , Л.О , Д.Э нар 2012-2013 оны эхний 5 сарын хугацааны санхүүгийн баримтад хийсэн шалгалтаар 31.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж 22.7 сая төгрөгийг орон нутгийн төсөвт шилжүүлэхээр, 9.0 сая төгрөгийг тухайн байгууллагын данс бүртгэлд тусгуулахаар шийдвэрлэснийг бүрэн барагдуулаагүй, цэцэрлэгийн туслах багш нарыг бэлтгэх сургалт явуулан хуурамч бичиг баримт үйлдсэн нь Боловсролын хяналтын улсын байцаагчийн хяналтаар илэрсэн зэрэг зөрчил, дутагдлууд гаргасан нь удаа дараагийн санхүүгийн шалгалтаар илэрсэн тул Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, 15 дугаар зүйлийн 15.1.7-д албаны бус зорилгод төрийн байгууллагын санхүүгийн эх үүсвэр ашиглан завших-ыг хориглосон заалтыг тус тус зөрсөн тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6. 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг зөрчсөн тул хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Боловсролын газрын дарга Р.Б ыг 2015 оны 01 дүгээр сарын 22-ноос ажлаас халсан болно.
Гэтэл шүүх дээрх баримтуудаар төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохгүй ба нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.
Харин ...зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хуулийн дээрх заалтуудыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн санхүүгийн болон аймгийн 3асаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 485 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нийт 3 удаагийн шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь нотлох баримтаар нотлогдож байхад шүүгч хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудыг буруу үнэлж шат дараалан арга хэмжээ авах ёстой гэж дүгнэсэн нь Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгтэй нийцэхгүй байна. Р.Б ын хувьд захиргааны арга хэмжээ авагдахаар зөрчил гаргаагүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан /1 дэх хавтас 24-30, 41-50, 97-115, 3 дахь хавтас 68-70 дахь хуудас/ баримтуудаар тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны зардлаа шүүх хурал дээр тооцож гаргаагүй ба нэхэмжлэгч өөрөө үүнийг хүлээн зөвшөөрч дараа шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүх хурал дээр амаар гаргасан. Энэ нь хурлын тэмдэглэл дээр тодорхой тусгагдсан байгаа. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Р.Б ын ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Үүнээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгоход хамаарахгүй ба ажилгүй байсан хугацааны нөхөн олговрын хэмжээг тодорхой заагаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг үндэслэн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн нь шүүгч хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Б ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Р.Б аас Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдлийг олгох, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварыг нөхөн олгуулах нэхэмжлэл гаргажээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын дарга Р.Б ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар Б/03 дугаар захирамжийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэснийг Р.Б ын эмнэлгийн магадлагаатай байх хугацаа нь дууссан өдрөөс эхлэн гэж өөрчлөлт оруулжээ.
Аймгийн боловсролын газрын дарга Р.Б ын 2014 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хариуцагч С буюу Хангалттай үнэлгээгээр дүгнэгдэж байсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр ажилд томилогдсоноос хойш 6 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн байхад Р.Б ыг хариуцагч албан тушаалтан шалгалтаар Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчин албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулаагүй, авлага, өр төлбөр үүсгэхгүй байх, дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлээгүй гэж үзэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /Энэ хуулийн 6 дугаар зүйл, 24.4-т заасныг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд буруутай албан тушаалтанд төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна/, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/, 26 дугаар зүйлийн 26.1.3 /төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/-т зааснаар түүнийг төрийн албанаас халсан нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, Р.Б ын ажилласан 6 сарын хугацаанд Үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хэрхэн биелүүлснийг дүгнэх болон албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн эсэхийг тогтоох боломжгүй, гэрээг дүгнэх хугацаа болоогүйг анхаараагүй, шүүхийн шийдвэрээр албан тушаалд нь эгүүлэн тогтоохоос өмнө ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбогдуулж шалгалтыг дахин явуулж, дүнг ажлаас халах үндэслэл болгосон хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасанд нийцэхгүй байна.
Анхан шатны шүүх энэ талаар буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 485 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2014 оны 11 дүгээр сарын 28-наас 2015 оны 01 дүгээр сарын 12-ыг дуустал хугацаанд Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Б болон байгууллагын үйл ажиллагаанд шалгалт хийж, Төсвийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн байх тул хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар хариуцлага тооцох саналыг Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн ч нэхэмжлэгч Р.Б д урьд зөрчил гаргаж, сахилгын шийтгэл ногдуулж байсан нь тогтоогдохгүй тул түүнд Төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчиж, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөвхөн 1 удаагийн шалгалтын дүнд үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/-д заасантай нийцэхгүй бөгөөд уг маргаан бүхий захиргааны актын улмаас төрийн жинхэнэ албан хаагч Р.Б ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүнчлэн маргаан бүхий захиргааны актаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жил хүртэл хугацаагаар эргэн орох эрхгүйгээр, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 /... төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна/-д ажлаас халсан атлаа уг захирамжид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т ...албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах-аар заасныг баримталсан нь маргаан бүхий захиргааны акт зөрчилтэй болсон талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Мөн Авилгатай тэмцэх газраас хийсэн шалгалтаар Боловсрол, соёлын газрын дарга Р.Б нь Соёмбо дээд сургуулийн Дархан дахь салбар сургуулийн захирлаар ажилладаг өөрийн эхнэр Г.Б тай 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөгжлийн төлөө хамтдаа 1000 багшийн сургалтын хөтөлбөр-2 төслийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.6, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул тус газрын дарга Р.Б д дээрх хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т заасны дагуу арга хэмжээ авч, Авилгын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу хариу мэдэгдэх тухай 2014 оны 12 дугаар сарын 30-ны 01/10900 дугаар албан бичгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад хүргүүлсэн байхад хариуцагч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 /Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн 8.1, 8.2, 8.3, 9.1, 19.1, 21.3, 21.4-т заасан үүргээ биелүүлээгүй, хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг энэ хуулийн 23.3-т заасан хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах/-т заасныг баримтлан түүнд цалингийн хувь бууруулах бус ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийг буруу хэрэглэж, эрх зүйн зөрчилтэй акт гаргасан гэж үзсэн нь зөв байна.
Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11 /Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн боловсролын газрын даргыг томилох, чөлөөлөх/-д зааснаар Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Б ыг ажлаас халах захирамжийг гаргахдаа Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай зөвшилцөөгүй нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2015 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 9/3597 дугаар албан бичиг зэргээр тогтоогджээ. Тиймээс маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.
Харин анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцон гаргаагүй нь буруу байх тул хэргийн 1 дэх хавтсын 57-62 дугаар талуудад авагдсан баримтуудыг үндэслэн эмнэлгийн хуудсаар өвчтэй байж хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг авснаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцон 5.606.937 төгрөгийг захиргааны хууль бус акт гаргасан буруутай этгээд болох Дархан-Уул аймгийн Засаг дарга буюу түүний Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор байна.
Мөн хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй байгааг зөвтгөсөн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/03 дугаар захирамж, 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/05 дугаар захирамжийн Р.Б д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Р.Б ыг Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 5.606.937 төгрөгийг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.БАТБААТАР