Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2320

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02936 дугаар шийдвэртэй,

 

           Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Х” ХХК--д холбогдох

 

Цалин 1 500 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 01 сарын 10-ны өдөр “Х” ХХК--д ажилд орох анкет бөглөн 2017 оны 1 сарын 12-ны өдөр тус компанид жолоочоор ажилд орсон. Ажилд орохдоо би тус компанийн захирал Ө.Н-д хөдөлмөрийн гэрээ байгуулахыг удаа дараа шаардсан боловч миний шаардлагыг хүлээн аваагүй. 2017 оны 1 сарын 13-ны өдөр захирал Ө.Н-ий удирдамжийн дагуу Хөөтийн уурхайд шаланзны чиргүүлийн засвар үйлчилгээг хийсэн ба 2017 оны 1 сарын 15-ны өдөр эргэн ирж тус компанийн хүнд даацын хово маркийн 98-80 УНУ улсын дугаартай машиныг хариуцан авч зассан. Чиргүүлээ чирээд Таван толгойгоос Цагаан хад чиглэлд нийт 33 хоног нүүрс тээвэрлэх ажил хийсэн. Намайг ажилд авсан, чөлөөлсөн тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 2 сарын 15-ны өдөр өөрийн хөдөлмөрийн хөлсөө нэхсэн боловч өгөөгүй ба 2017 оны 2 сарын 25-ны өдөр ажлаас гэнэт халсан гэж хэлсэн. Иймд хариуцагч “Х” ХХК--иас 1 сарын хөдөлмөрийн хөлс 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид хөдөлмөрийн хууль болон Дээд шүүхийн тайлбар зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гэж үзэж байна. 2017 оны 1 сарын 23-ны өдрөөс Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн ажилд очсон. Уурхайд ажиллаж байх хугацаанд өдрийн 3 хоол, амрах байраар хангаж байсан. Л.Б- нь ажиллаж байх хугацаандаа 2 тээвэр хийсэн ба тээврийн хөлс нь тухайн ажлын талбар дээрх жишиг үнэ болох нэг тээвэр 250 000 төгрөг ба нийт 500 000 төгрөгийн ажил хийсэн. Дээрх тээврийн хөлс болох цалин 500 000 төгрөг төлөх болно. Л.Б- нь ажиллах бүх хугацаанд компанид 496 860 төгрөгийн хохирол учруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК--иас 1 430 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-т олгож, нэхэмжлэлээс 70 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК--иас улсын тэмдэгтийн хураамжид 37 830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б-т олгуулахаар  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаар оролцох боломжгүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт тавьсан боловч хүсэлтийг хангалгүйгээр шүүх хуралдааныг хийж нэхэмжлэгчид ашигтайгаар шийдвэр гаргажээ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д "Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно" 49.5-д "Ажилтан өөрийн буруугаас хөдөлмерийн нормоо биелүүлэгүй бол гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлс олгоно" гэснийг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Уурхайгаас Цагаан-хад чиглэлд нүүрс тээвэрлэхдээ 1 рейсийг 250 000 төгрөгөөр тооцож цалинг олгодог нь Л.Б-ын манай компаниас гараад ажиллаж байсан "Сокобура" ХХК-ийн тодорхойлолтоор нотлогддог. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бодитоор, шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Л.Б- нь хариуцагч “Х” ХХК--д холбогдуулан цалин хөлс 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч “Х” ХХК-д ажилтан Л.Б- нь 2017 оны 1 сарын 12-ны өдрөөс 2017 оны 2 сарын 25-ны өдөр хүртэл жолоочоор ажилласан бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн боловч хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй, ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй, хэн аль нь уг үйл баримтын талаар тайлбарласан байна.

 

            Нэхэмжлэгч нь ажлын хөлсийг 1 500 000 төгрөгийн цалинтай байхаар тохиролцсон гэх тайлбараа, хариуцагч нь ажилтныг байгууллагад 496 860 төгрөгийн хохирол учруулсан гэх тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Уг заалт нь талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх, няцаах эрх, үүрэгтэй холбоотой болохоос  нэхэмжлэлийн дүнг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Хариуцагч өмнө нь нэхэмжлэгчид 500 000 төгрөгийн цалин өгөх талаар тайлбар гаргасан болохоос нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

            Хариуцагч “Х” ХХК-иас ажилтан Л.Б-ыг 2 удаагийн тээвэрлэлт хийсэн, нэг тээвэрлэлтийг 250 000 төгрөгөөр тохиролцсон тул нийт 500 000 төгрөгийн ажлын хөлс өгнө гэж тайлбарласныг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн тайлбар нотлох баримт болно. Хариуцагчийн уг тайлбартай нэхэмжлэгч танилцсан байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой. Иймд хариуцагч “Х” ХХК--иас 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-т олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Харин нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан 1 500 000 төгрөгөөр тохиролцож ажилд орох анкет бөглөсөн гэх тайлбарыг шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч няцаах боломжгүй байсан байна. Хариуцагч нь шүүх хуралдаанд ирээгүй нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үр дагавар үүсгэхээс, түүний эзгүйд нөгөө талын хуралдаанд гаргасан тайлбарыг зөвшөөрсөн гэж үзэхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

            Талууд хоолны мөнгийг цалингаас суутган тооцох талаар тохиролцсон баримтгүй тул хоолны мөнгөнд өгсөн 70 000 төгрөгийг ажилтанд олгох цалингаас хасч тооцох үндэслэлгүй байна.                                                                                                                        

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2017/02936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 1 430 000 төгрөг” гэснийг “500 000 төгрөг” гэж, “... 70 000 төгрөг ...” гэснийг “1 000 000 төгрөг” гэж,

2 дахь заалтын “... 37 830 төгрөг ...” гэснийг “15 650 төгрөг”  гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 830 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              Ш.ОЮУНХАНД

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ