Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 36

 

      Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймаг, Давст сум, оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ,  Ц.А-ийн нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар , Ж.С-д холбогдох,

      Гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй гурван хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, хариуцагч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Ашүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Ж.С-тай 2007 онд танилцаж, 2009 онд гэр бүл болсон. Бид хамт амьдрах хугацаанд 2010 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин С.Э, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин С.Э, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр охин С.Ц нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд амьдал минь нэг л өөр болсон. Бид хоёр Улаангомд амьдарч байгаад Давст суманд нүүн ирж амьдарч байсан. Нөхөр маань хавар 4-н сар болоход ажил хийнэ гэж яваад намар 9-10 сарын хооронд ирдэг байсан. Ингэж явсаар байгаад сүүдээ гэр бүлдээ анхаарал тавихаа больж, янз бүрийн шалтаг хэлж, мөнгө төгрөг явуулахаа больсон. Харин би энэ үгэнд нь итгэдэг байсан. Би 2014 оны 6 дугаар сард өөр гэр бүлтэй болсоныг нь мэдсэн. Энэ өдрөөс хойш өдий хүртэл тус тусдаа амьдарч байгаа. Тийм учраас нөхөр Ж.С-аас гэрлэлтээ цуцлуулж, 3-н хүүхдээ өөрийнхөө асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Бид хоёрт эд хөрөнгө, үр хүүхдийн ямар нэгэн маргаан байхгүй болно гэжээ.

       Хариуцагч Ж.С шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие эхнэр Ц.А-тай дахин хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Мөн эвлэрэх хугацаа авахыг хүсэхгүй байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй, бидний дунд өөр маргаан байхгүй гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

          Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч Ж.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, насанд хүрээгүй гурван хүүхдээ өөрийн асрамжид авах, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.

        Гэрлэгчид 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

         Нэхэмжлэгч, хариуцагч нар 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2010 оны 7 дугаар сарын 31-ний өдөр охин Галзад овогтой С.Э, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр охин Галзад овогтой С.Э, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр охин Галзад овогтой С.Ц нар төрсөн болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нар 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрэн хэлэлцэх боломжгүй, дахин хугацаа авахгүй гэх, мөн Ж.С-ын хүүхдүүдээ асрах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байгаа байдал, охин С.Э-ын шүүхэд өгсөн санал зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д зааснаар Ц.А, Ж.С нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх Ц.А-ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэлээ.

           Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Э, С.Э, С.Ц нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.С-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-аас 181.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгох нь зүйтэй.

           Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн боловч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдав.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хөх овогтой Ц.А, Галзад овогтой Ж.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар охин С.Э, С.Э, С.Ц нарыг эх Ц.А-ийн асрамжид үлдээсүгэй.

       3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин С.Э, С.Э, С.Ц нарыг тус бүр 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.С-аар тэжээн тэтгүүлсүгэй.

            4. Зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

        5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурдсугай.

         6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.А-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 181.100 /нэг зуун наян нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.С-аас 181.100 /нэг зуун наян нэгэн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.А-т олгосугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтандхүргүүлэхийг Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                           ДАРГАЛАГЧ,

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА