Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/03350

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Г 

Хариуцагч:  “М д” ХХК 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болон алданги 6000000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М

        хариуцагчийн төлөөлөгч Г.Г

        гэрч Б.М, Д.Б

        нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ч.Г нь"Одкон" худалдааны төвд барилгын материал худалдаалдаг бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “А” ХХК-ийн барилга хариуцсан захирал, “М д” ХХК-ийн захирал В.Б уулзаж, нийт 10428000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу ханын обой, дагалдах хэрэгсэл зээлээр худалдан авахаар тохиролцож, бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5976000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 4452000 төгрөгийн буюу нийт 10428000 төгрөгний үнэ бүхий барилгын материал хүлээн авсан бөгөөд барааны үнэд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 5000000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 1428000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгч үлдэгдэл 4000000 төгрөгний төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрчээ. “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ийн 3.3-д “Талуудын аль нэг нь энэ зүйлийн 3.2 хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзэж гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө.” гэж заасны дагуу төлөөгүй үлдсэн 4000000 төгрөгөөс алдангийг Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасантай нийцүүлэн тооцож үзэхэд 2000000 төгрөгний алданги нэхэмжлэхээр байна. Иймд хариуцагч "М д" ХХК-иас үндсэн төлбөр 4000000 төгрөг, алданги 2000000 төгрөг, нийт 6000000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Гд олгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аливаа санхүүгийн үйл ажиллагаа орлого болон зарлагын  баримтаар тодорхойлогдоно. Хариуцагч тал 10428000 төгрөгийн бараа материал хүлээж авсан гэдэг дээрээ маргаагүй байна. Мөн 6428000 төгрөгийн төлөлт хийснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна. Зөвхөн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр бараа материал хүлээж авснаас хойш 10 сарын дараа 1440000 төгрөгийн бараа материал буцааж олгосон гэж тайлбарлаж байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөхгүй. Хэн гэж хүнд өгснөө баримтаар нотлох ёстой. Жил гаруй гэрээний үүргээ гүйцэтгээгүй байж, бараа материалыг буцааж өгсөн гэж байгааг хүлээж авахгүй. Иймд 1440000 төгрөгийн бараа материал хүлээлгэж өгснөө нотлохгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Г шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М д” ХХК нь нэхэмжлэгч Ч.Гтай 2016 оны 6-р сард "А-24 төсөл"-ийн хүрээнд Хөвсгөл аймагт баригдаж байгаа орон сууцны барилгад зориулан обой худалдан авахаар харилцан тохиролцож,2016 оны 6-р сарын 11-ний өдөр 2000000 төгрөгийн  урьдчилгаа төлбөрийг шилжүүлэн 2016 оны 6-р сарын17-ны өдөр "Бараа материал худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулан 5976000 төгрөгийн, 2016 оны 7-р сарын 07-ны өдөр 4452000 төгрөгийн нийт 10428000 төгрөгийн худалдан авалтыг хийсэн байна. Энэхүү гэрээний үүргээс 2016 оны 6-р сарын 11-ний өдөр 2000000 төгрөгийг, 2016 оны 7-р сарын 09-ний өдөр 3000000 төгрөг, 2017 оны 1-р сарын 27-нд 1428000 төгрөгийг, 2017 оны 4-р сарын 20-ны өдөр бараа материалаар 1440000 төгрөгийг нийт 7868000 төгрөгийн үүргийг биелүүлсэн бөгөөд МУ-ын хэмжээнд үүсээд байгаа эдийн засгийн хямралт нөхцөл байдлын улмаас 2560000 төгрөгийн үүргийг биелүүлж чадаагүй байна. Нэхэмжлэгчтэй үүссэн харилцаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж хүн орж ирэхээрасуудалд хандахдаа тухайн үед болсон бодит нөхцөл байдлыг мэдэхгүйгээр зөвхөн хууль зүйн асуудлаарханддаг. Бид Монгол улсын хэмжээнд А 24 төслийг санаачилж, Монгол улсын хэмжээнд нийт 2 аймаг, 6 суманд төслөө хэрэгжүүлсэн. Энэхүү төсөлтэй холбоотой зарим төслүүд хэрэгжихгүй, барилгын ажил санхүүжилттэй холбоотойгоор зогсож цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж зарим бараа материалыг буцаасан. Баянхонгор аймгаас буцаж ирсэн барилгын материал болох 144 ширхэг обойг тухайн үед нь санал тавиад үлдсэн обойг буцаагаад аваач гэсэн саналыг гаргаад манай хангамжийн менежер Б.М нярав Д.Бс авч яг нэхэмжлэгч Ч.Гд өгөөгүй, Ч.Гн дүү болох хүнд “Одкон” худалдааны төвд аваачиж өгсөн. Дүү нь би зарлагын падан дээр чинь гарын үсэг зурахгүй гээд зураагүй байдаг. Үүнээс энэ асуудал үүсээд байгаа юм.  Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2560000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 3440000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгожөгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. Нэхэмжлэгч Ч.Г хариуцагч “М д” ХХК-иас ханын обой, дагалдах хэрэгслийн үнийн үлдэгдэл 4000000 төгрөг, алданги 2000000 төгрөг нийт 6000000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах” гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурсан байна. Уг гэрээгээр худалдагч Ч.Г 10428000 төгрөгийн үнэ бүхий ханын обой, дагалдах хэрэгслийг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр нийлүүлэх, худалдан авагч “М д” ХХК үнийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр төлөх үүргийг хүлээж, талууд үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр тохирчээ. Худалдагч тал 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5976000 төгрөгийн, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 4452000 төгрөгийн обой, дагалдах хэрэгслийг нийлүүлсэн байх ба энэ талаар талууд маргаангүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилждэг бол ердийн худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрх эрхийг шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг байдаг. Иймд  талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч тал 6428000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй, харин 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1440000 төгрөгийн үнэ бүхий обой, дагалдах хэрэгслийг нэхэмжлэгчид буцааж өгсөн гэж хариуцагч маргаж байх ба үлдэгдэл 2560000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байна. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр “М д” ХХК-ийн ажилтан Б.М, Д.Бнараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.М “Ч.Г обойг 10000 төгрөгөөр авмааргүй байна 8000 төгрөгөөр л авмаар байна гэж надад хэлэхээр нь би мэдэхгүй нягтлантай ярь гэж хэлсэн, ...144 ширхэг обойг Ч.Гд өгөөгүй, түүний дүү гэж хүүхэн, залуу 2 гарч ирж тоолж авсан”, гэрч Д.Б“144 ширхэг обойг Ч.Г өөрөө сонгож агуулахаас гаргуулсан, маргааш нь би Б.Мт хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлжээ. Гэрч нарын мэдүүлэг болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараас дүгнэвэл 144 ширхэг обойг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй байх ба үүргийн гүйцэтгэлийг хэнд хүлээлгэж өгөх, хэдий хэмжээний үүргийн гүйцэтгэлд тооцох талаар тохиролцсон эсэх нь тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ ...заасан этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэж өгөөгүй байх тул 1440000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэнд тооцохгүй. Иймд хариуцагч “М д” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4000000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч дээрх төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 2000000 төгрөг гаргуулах нь зүйтэй. Иймд хариуцагчаас нийт 6000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М д” ХХК-иас 6000000 /зургаан сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч М овгийн Ч Гд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 110950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Гд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Т.ГАНДИЙМАА