Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2017/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0246/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч М.М.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Э-т холбогдох эрүүгийн 1718000000017 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Э-, 1989 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс захчин, дээд боловсролтой, төрийн удирдлагын мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр:

 

Шүүгдэг М.М.Э- нь согтуурсан үедээ 2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багт байрлах "Баяр" супермаркетын гадна Б.Б.Б-, Д.Д.С- нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, Д.Д.С-ийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч М.М.Э-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           

            2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед харанхуй болсон байсан. Би эхнэрийнхээ найзуудын хамт харихаар явж байх замдаа "Баяр" супермаркет орохоор зогссон. Тэгээд бөөнөөрөө дэлгүүр ороод миний утас дуугарахаар нь би дэлгүүрээс гараад ирсэн. Тэгээд би утсаар ярьж байхдаа ганц нэг хараалын үг хэлсэн чинь хажуу талаас нэг согтуу залуу орж ирээд намайг хэлээд байгаа юм уу гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь чамайг хэлээгүй, цаашаа яв гэсэн чинь тэр залуу надаас салахгүй эргэж ирээд намайг хоргоогоод байхаар нь  би эхлээд түлхчихсэн чинь тэр залуу газарт уначихсан. Тэгээд би машинд суугаад явах гэсэн чинь эхнэр нь машины хаалга дарж зогсчихоод явуулахгүй гээд нөхрийгөө болохоор битгий бос, наана аа хэвтэж бай гээд байсан. Тэгээд хохирогч хууль чангарсан чамайг ингээд явуулна гэж байхгүй гээд янз бүрээр хэлээд дайраад байсан. Тэгээд нөхөр нь эхнэрийгээ өмөөрч босож ирээд над руу дайраад зууралдаж байх үед л хохирогчийг цохичихсон юм шиг байна лээ. Би өөрөө санаатайгаар цохиогүй. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

 

   Хохирогч Д.Д.С-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

            2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 20:30 цагийн орчим нөхөр Б.Б-гийн хамтаар таксинд сууж явж байгаад бэлэн мөнгө авахаар Дархан сумын Өргөө багийн нутагт байрлах Хаан банкны АТМ-с мөнгө авъя гэж хэлээд зогсоол дээр нь очиж зогсоод би мөнгө авахаар буугаад явсан. Ингээд очоод АТМ-с виза картаа уншуулж бэлэн мөнгө аваад эргээд яваад очиход манай нөхөртэй нэг залуу маргаад зогсож байсан. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гээд хэлэхэд манай нөхөр Б.Б- “энэ нэг юм тоож яриагүй байхад тосч яриад байх юм" гэж хэлэхээр нь би нөхрөөсөө “чи наадахаа таньдаг юм уу” гэхэд манай нөхөр “танихгүй” гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу манай нөхөр лүү дайраад “та бол хэн ч биш, аалзнууд” гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “чи ямар Монголгүй хүн бэ ийм сайхан өдөр, залуу хүүхэд байж чимээгүй байгаач” гэж хэлээд нөхрийгөө машинд суулгах гэж байхад тэр залуу гартаа ууж байсан бор шилтэй пиво над руу шидсэн.  Тухайн үед нь би нөхрийгөө суулгах гэж тонгойсон учир миний дээгүүр гараад цаана очиж хагарсан. Тэгэхэд тэр залуу шууд над руу дайраад “хөгшин хар янхан минь” гэх мэтээр намайг элдвээр хэлж доромжилсон. Тэгээд манай нөхрийг татаж аваад сэгсчээд газар унагачихсан. Тэгээд нөхрийгөө би “чи наад хүнтэйгээ зодолдоод хэрэггүй, зодуулчих” гэж хэлсэн чинь тэр залуу “та нар хүнд зодуулаад мөнгө аваад сурчихсан хүн байна” гээд дайрахаар нь би утсаараа цагдаа дуудья гэтэл тэр залуу гараараа шууд миний баруун шанаа руу цохичихсон. Тэгээд би газарт уначихсан бөгөөд нэг хэсэгтээ манарчихсан. Тэгтэл нэг жоохон охин ирээд эгчээ энэ таны шил үү гээд өгөхөөр нь би шилээ аваад юу болов оо гээд байж байтал тэр залуутай хамт яваа бололтой 3 хүүхэн машинаас бууж ирээд бид нарыг элдвээр хэлж доромжилж, та нар угаасаа хүнд зодуулаад мөнгө аваад сурчихсан, та нар өөрсдөө зод зод гэж байгаад зодууллаа гээд байсан. Би тэр хүмүүст юу ч хэлж чадаагүй.Тэгээд тэр хүмүүс машиндаа суусан. Тэгэхэд тэнд нэг сонсогч хувцастай хүүхэд бичлэг хийгээд байж байсан бөгөөд дуудлагын цагдаа нар ирсэн юм гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Б- мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Тэгээд харж байтал нэг өндөр залуу нэг залууг заамдаж аваад газар унагаагаад бариад авч байгаа нь машины урд талд харагдсан. Тэгэхээр нь би тухайн үед сонсогч хувцастай явсан болохоор машинаас буугаад зам хөндлөн гараад яваад очиход тэр 2 өөрсдөө салсан. Тэнд байсан хүмүүс цагдаад дуудлага өгсөн гэж хэлэхээр нь би өөрөө цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ...эргээд харахад тэр өндөр залуу нөхрийг нь цохиж унагаачихаад дараа нь эхнэрийнх нь нүүр лүү нь шууд нэг удаа цохиод унагачихсан. Тэгэхээр нь би салгасан гэх мэдүүлэг /хх 17/, 

 

Гэрч Л.Г- мөрдөн байцаалтад өгсөн:

 

2017 оны 7 дугаар сарын 12-ны орой ****ДАР улсын дугаартай, Рrius-10 маркийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй хүн зөөж яваад Тосгоны Хушаатын уулзварын орчмоос Д.С-э гэх эмэгтэй суусан. Д.С-эг би таньдаг. Тэгэхэд Д.С-э 18-н буудал орно гэж хэлсэн бөгөөд хөдлөөд явж байтал 7-н буудлын Дархан Илч хүнсний дэлгүүрийн гадна Д.С-эгийн нөхөр Б- архи уусан байдалтай согтуу зогсож байсан. Тэгэхэд Д.С-э хүлээж бай гэж хэлээд машин зогсоогоод өөрөө бууж нөхрийгөө авч ирээд машинд хамт суусан. Тэгэхдээ нэг жижигхэн залууг хамт авч машинд суулгасан. Ингээд Хуучин Дарханы 18-н буудлын АТМ-ийн харалдаа зогсчих, мөнгө авах гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би АТМ-ийн харалдаа зогсоход Д.С-э мөнгө авахаар яваад Б- машинаас хамт суусан жижигхэн залуугийн хамтаар буусан. Тэгээд удаагүй Б- нэг өндөр залуутай маргалдаад эхэлсэн. Тэгэхэд цаанаас Д.С-э ирснээ тэр залуу руу дайраад эхлэхэд тэр өндөр залуу намайг Ширээ нурууныхан танина шүү гэж хэлсэн. Тэгэхэд Б- би ч гэсэн Ширээ нуруунд байсан, тэгээд чи яахын гээд дайрсан. Тэгэхэд эхнэр Д.С-э нөхөр Б-гаа наадахдаа цохиулчих гээд байсан. Тэгэхэд Б- нь тэр залуу руу чи яахын гээд яваад очиход нь тэр өндөр залуу Б-г түлхээд унагачихсан. Тэгээд тэнд баахан хүмүүс бужигналдаад эхэлсэн бөгөөд эргээд харахад Д.С-э намайг цохичихлоо шүү дээ гэж хэлээд газар бөгсөөрөө суучихсан байсан. Тэгэхэд тэнд нэг сонсогч ирээд зохицуулсан бөгөөд намайг яв гэж хэлэхээр нь би явчихсан гэх мэдүүлэг /хх 19/,

 

Гэрч Б.Б.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

...Би С-тай машинаас буугаад тамхи татаад зогсож байхдаа эхнэрийг баяр наадмын өдөр мөнгө төгрөгөө аваад явж байхад яадаг байнаа гэж хэлсэн. Жоохон халамцуу байсан болохоор дуу өндөртэй ярьсан байж болох. Тэгтэл хажуу талд зогсож  байсан өндөр залуу “юу гээд байгаа пизда бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд “би чамтай юм яриагүй байна, баяр наадмын өдөр хүнтэй хэрүүл маргаан хиймээргүй байна, зүгээр чи цаашаа зайл” гээд хэлчихсэн. Тэгсэн чинь тэр залуу “чи юу гээд байгаа пизда бэ” гэж хэлээд хүрч ирээд миний футболкны захаас заамдаж аваад машины хажууд унагаачихсан. Тэгэхдээ намайг хэд хэдэн удаа цохьсон ба би зөрүүлж цохисон боловч оноогүй. Унасан хойно миний дээрээс тэр залуу 3-4 удаа дэвсэж  авсан. Тэгэхэд манай эхнэр цаанаас гүйж ирээд юу болж байна гэж хэлээд маргаад зогсож байхад тэнд байсан машин дотроос жоохон хүүхэд тэвэрсэн, жирэмсэн гээд 3 хүүхэн бууж ирээд манай эхнэртэй маргалдаад байсан. Тухайн үед би бага зэргийн архи уусан, тэгээд уур хүрээд бас зарим зүйлийг нь юу болсныг нь сайн санахгүй байна. Тэгж байтал тэр залуу манай эхнэрийг шууд цохиод авсан ба манай эхнэр хойшоогоо бараг 2 метр шахам газарт хийсээд уначихсан. Тэгээд миний уур хүрээд тэр залуу руу дайрсан бөгөөд тэр залуутай хамт явсан хүүхнүүд чи эмэгтэй хүнийг цохиод байхдаа яадаг юм бэ гэж хэлж байсан. Тэгэхэд тэнд нэг сонсогч залуу ирээд гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан. Тэгээд би тэр сонсогч залууд цагдаа дуудчих гэсэн чинь за гэж хэлж байсан. Тэгээд би нөгөө залуу руу дайраад байсан чинь Д.С-э надад “чи наад залуудаа сайн зодуулчих” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр залуу хөдлөхөө больсон. Би ч гэсэн тэр залуу руу дайрахаа больсон. Тэгээд эргүүлийн цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /хх 21-22/,

 

Гэрч А.С-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

...таксинд суухад Д.С-, Б.Б- хоёроос гадна таксины жолооч залуу байсан. Өөр хүн байгаагүй. 18-н буудал дээр ирэх үед Д.С-э АТМ орж бэлэн мөнгө авахгүй бол болохгүй гэж хэлээд таксийг "Баяр" супермаркетын гадаа зогсоосон. Тэгээд Д.С- мөнгө авахаар ганцаараа буугаад явсан. Тэгэхэд Б.Б- татахаар буухаар нь би араас нь буусан. Тэгээд Б.Б-тэй хамт тамхи татаад байж байтал хажуугийн машинтай явсан өндөр залуутай Б.Б- маргалдаад эхэлсэн. Би тухайн үед тэр хоёр юунаас болоод маргалдсаныг ойлгоогүй. Тэгтэл тэр залуу Б.Б-г зуурч аваад хоорондоо зууралдаж байснаа Б.Б-г тэр залуу цохиод унагачихсан. Тэгж байтал Д.С-э цаанаас нь ирээд болоод байгаа юм бэ гээд маргалдаад эхэлсэн. Тэгж байтал нөгөө өндөр залуу Д.С-эг шууд нүүр лүү нь цохиод газарт унагаачихсан гэх мэдүүлэг /хх 23-24/, 

  

гэрч Д.Б- /хх 13-14/, Б.Б- /хх 15-16/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.7.17-ны өдрийн 709 дугаар дүгнэлт:

 

"1.Д.Д.С-ийн биед тархи доргилт, хамар ясны цууралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Д.Д.С-д учирсан гэмтэл нь  цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 33/, 

 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 36-37/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 39-40/, "Капитал зууч" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх 42-43/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 54-55/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч М.М.Э- нь согтуугаар 2017 оны 7 дугаар сарын 12-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн "Баяр" супермаркетын гадна Б.Б.Б-, Д.Д.С- нартай маргалдаж, Д.Д.С-ийг цохиж тархи доргилт, хамар ясны цууралт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлэг, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.7.17-ны өдрийн 709 дүгээр дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Д.С- нь "гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт авагдсан баримтаар хохирлоо бүрэн авсан" гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Э- дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч М.М.Э-ын өмчлөлийн 3 настай эм үхэр битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.М.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.М.Э- оногдуулсан 500 000 төгрөгийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

             4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар М.М.Э- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5.Шүүгдэгч М.М.Э-ын өмчлөлийн 3 настай эм үхрийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 04 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.БАТЖАРГАЛ