Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Ж.М, түүний өмгөөлөгч Л.Энхтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-т холбогдох эрүүгийн 201719000265 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1990 оны 01 дүгээр сарын 30-ны эдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, аав, эгчийн хамтаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, цс 3 дугаар байрны 47 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М, гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.М нь Булган-Улаанбаатар чиглэлийн асфальтан хатуу хучилттай зам дээр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг "Долоон даваа" гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр "Тоёота Приус-20" маркийн мөнгөлөг саарал өнгийн 87-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.6 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч С.Алтанцэцэгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, болгоомжгүй байдлаар ээжийнхээ амь насыг хохироосонд харамсаж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодиттой шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзулын: “Манай аав Жалавдорж, ээж Алтанцэцэг, дүү Мийн охин Энхжин нарыг Булган аймгийн Дашинчилэн сумаас авчрахаар 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн орчим манай дүү М ээжийн дүүгийн хүүхэд Анхбаярын хамт 87-33 УНҮулсын дугаартай, саарал өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан ба тэгсэн орой 20 цагийн орчим Анхбаяр над руу утсаар яриад Төв аймгийн Лүн сумын нутагт онхолдож зам тээврийн осолд орсон талаар хэлсэн юм тэгээд би Улаанбаатар хотоос хэргийн газар ирэхэд ээж Алтанцэцэг нас барсан байсан юм. Манай дүү М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд үнэмлэхийг 2009 оны сүүл 2010 оны эхэн үед авсан, өөрөө машингүй байнга машин барьдаггүй ба урьд нь осол гаргаж байгаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна миний төрсөн дүү М Анхбаярын машиныг жолоодож яваад онхолдсоны улмаас манай ээж Алтанцэцэг газар дээрээ нас барсан байна бид нар бүгд хамаатан хүмүүс байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагч О.Анхбаярын: "...Би тухайн үед урд талын суудал дээр сууж явсан ба уул уруудаж замын эргэлтээр эргэсэн тэгсэн гэнэт замын хойд тал руугаа орж онхолдсон юм би юунаас болсныг нь мэдээгүй. Би тээврийн хэрэгсэл дотор байсан бусад хүмүүс буюу машин барьж явсан Ж.М, аав нь болох Жалавдорж, талийгаач Алтанцэцэг, Мийн охин Энхжин нар бүгд машинаас шидэгдсэн машинд байхгүй байсан би тухайн үедээ жаахан шоконд орсон байсан. Тээврийн хэрэгслийг М бариад би урд талын суудал дээр сууж миний арын суудалд талийгаач Алтанцэцэг, жолоочийн ар талд Жалавдорж ах Энхжинг тэврээд сууж байсан. М жолооны үнэмлэхтэй өөрөө машингүй бөгөөд би жолооны үнэмлэхтэй учир машинаа өгч бариулж явж байсан юм. Би тэрийг анзаарч хараагүй. Миний харсанаар бол урд хойно ойрхон тээврийн хэрэгсэл явж байгаа зүйл мэдэгдээгүй. Тэр талаар мэдэхгүй байна миний харсанаар бол тээврийн хэрэгсэл харагдаагүй ба би хойшоо харж юм ярьж байгаад урагшаа харахад М, Жалавдорж, Алтанцэцэг нар орлилдоод эхэлсэн тэгээд онхолдсон юм. Би сайн мэдэхгүй байна ойролцоогоор 60-70 км/цагийн орчим хурдтай явсан байх. Миний 87-33 УНҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үнэлгээний байгууллагаар 4.110.000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг би хэн нэгнээс болон жолооч Мээс нэхэмжлэхгүй тэгэх шаардлага байхгүй бид нар хамаатан хүмүүс бөгөөд талийгаач Алтанцэцэг миний аавын төрсөн эгч нь Ж.М талийгаач Алтанцэцэгийн төрсөн охин нь байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч О.Анхбаярын: "...Би 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн орчим өөрийнхөө 87-33 УНҮ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Жалбадорж, М, Алтанцэцэг, Энхжин нарын хамт Булган аймгийн Дашичилэн суманд очоод буцах замдаа би шороон замаар машинаа барьж яваад Дашичилэн сумын баруун талаар засмал замдаа нийлээд тэгээд М эгч миний машиныг бариад би жолоочийн хажуу талын суудалд суугаад явсан. ... Жолооч М болон бусад хүмүүс бүгд хамгаалах бүс зүүгээгүй явж байсан ба М болон бусад хүмүүс бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Осол хэдэн цагт болсон талаар би санахгүй байна гадаа нар жаргаагүй нартай замын үзэгдэх орчин хэвийн байсан ба замын эвдрэл, мал, амьтан, хүн, машин зэрэг бартаа саад байгаагүй уулын уруу замын огцом тойрог дээр рулиэ огцом дараад замын хойд тал руу орж онхолдох шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 39- 40 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Жалавдоржийн:"Би эхнэр талийгаач Алтанцэцэг, зээ охин 1 нас 4 сартай Энхжин нарын хамт Булган аймгийн Дашинчилэн суманд 2017 оны 04-р сарын 10-ны үеэр айлд очиж хоносон. Тэгээд 2017оны 04-р сарын 24-ний өдөр багцаагаар 13 цагийн орчим манай охин М, эхнэрийн дүүгийн хүүхэд Анхбаяр нар Анхбаярын 87-33 УНҮ саарал Приус-20 машинтай бид гурвыг авахаар ирсэн тэгээд байж байгаад цагийг нь санахгүй байна Анхбаяр машинаа бариад хажууд нь урд М сууж, би жолоочийн хойд талд миний зүүн талд талийгаач Алтанцэцэг, Энхжинг тэврээд сууж явсан ба шороогоор явж байгаад засмал замдаа нийлээд М машин бариад Анхбаяр хажууд нь суугаад явсан тэгээд засмал замаар явж байгаад даваа уруудаад явж байгаад гэнэт засмал замын хойд руу орж онхолдсон тэгээд машин өнхрөөд зогсоход би машинаас гарч шидэгдсэн хойд талд нь байсан миний 2 гутал сугарсан байхаар нь 1 гутлаа гаднаас нөгөө гутлаа машин дотроос авч өмсөөд машины зүүн талд эхнэр Алтанцэцэг хэвтэж байхаар нь очоод дуудахад яраглаад байсан тэгсэн хажуу талд нь 4-5 м зайд Энхжин уйлахаар нь очиж авсан тэгээд байж байхад Анхбаяр зам дээр гарч машин зогсоогоод би Энхжинг аваад Лүн сум руу явсан М машины баруун талд босож чадахгүй хэвтэж байсан. Би хойно сууж явсан тул хараагүй нээх хурдтай яваагүй. Бид нар бүс зүүгээгүй байсан. М жолоо төгссөн ба олон жил болж байна өөрөө машингүй. Би жоохон зүүрмэглэж явсан болохоор мэдэхгүй. Гадаа нар жаргаагүй байсан. Цагийг нь санахгүй байна. Гэмтэл бэртэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... Миний мэдэх урд хойно ойрхон тээврийн хэрэгсэл явж байгаа харагдаагүй би хойд талд сууж явсан унтаагүй сэрүүн явж байсан. Тэр талаар сайн мэдэхгүй байна миний харсанаар бол тээврийн хэрэгсэл харагдаагүй ба манай охин харин цагаан машин харсан гээд байгаа юм харин би замд явж байхад буюу осол болохоос өмнө осол гарсан газраас баруун зүгт засмал замын хойд талд замаасаа гарсан шороон дээр цагаан өнгийн жижиг машин байсныг нь харсан өөр би цагаан машин хараагүй...." гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтанд шинжээч Б.Бат-Очирын:"Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар суурингийн гаднах замд 80 км/цагаас хэтрүүлэхгүйгээр сонгож тохируулж явахаар байдаг боловч тухайн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тээж яваа ачаа болон замын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж хурдыг тохируулж яваагүй байдлаас болж зам тээврийн осол болж онхолдсон гэж үзсэн тул дээрх ЗХД-ийн 9-р бүлгийн 9.1 -т заасан заалтыг зөрчсөн гэж тавьсан юм. Тухайн үед хэргийн газар тээврийн хэрэгслийн тормосны дугуйны мөр гараагүй байсан тул зам тээврийн осол гарах үеийн хурдыг нарийн тогтоох боломжгүй ба тухайн үед 80 км/цагийн хурдтай явсан үгүйг тогтоох боломжгүй тэгэхдээ жолооч Ж.М нь тээж яваа ачаа болон замын нөхцөл байдал, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан үзэж хурдыг тохируулж яваагүй байдлаас болж зам тээврийн осол болж онхолдсон болох нь хавтаст хэргээс тогтоогдсон тул уг заалтыг тавьж өгсөн хэрэв хурдаа тохируулж явсан бол уг уулын уруу эргэлтэн дээр рулиэ огцом дарж онхолдохгүй байх боломжтой байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 74 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтанд шүүгдэгч Ж.Мийн:"...Би 87-33 УНҮ улсын дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад уулын уруу уруудаж явсан ба тойрог эргэлтэн дээр тойроод уруудахад өөдөөс машин ирж байгаа юм шиг харагдах шиг болсон тэгээд би тормоз гишгээд зүүн гар талруугаа огцом дарахад замын хойд талруугаа орж онхолдсон хэд өнхөрсөнийг мэдэхгүй онхолдох үед би машинаас шидэгдсэн байсан. Би одоо бодоход өөдөөс цагаан өнгийн бөмбөгөр машин ирж байсан санагдаад байгаа юм тэгээд би огцом дарж ороод онхолдсон харин хамт явсан аав Жалавдорж болон машины эзэн Анхбаяр нар урдаас машин ирж байгаагүй машин байгаагүй гэсэн би юу харсанаа мэдэхгүй байна. Би л тэгэж харсан ба засмал замаар өөдөөс нэг бөмбөгөр цагаан машин юм уу гэмээр харагдсан би улсын дугаар болон ямар маркийн ямар машин байсныг мэдэхгүй байна би юу харсаныг мэдэхгүй аав Жалавдорж болон урд сууж явсан Анхбаяр нар машин байгаагүй гэсэн. Шулуун замд бол би 80 км/цагийн хурдтай явсан ба осол болох үед уул уруудаад огцом эргэлт хараад би тормоз гишгэж хурдаа хассан байсан 70 орчим км/цагийн хурдтай явсан байх би нарийн тоо хараагүй. Би тухайн үед тормосоо гишгэсэн боловч замын хажууруу ороод онхолдчихсон юм. Би согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл явж байсан. Би нар бүгд хамгаалах бүс зүүгээгүй явж байсан. Гадаа гэгээтэй нар жаргаагүй байсан ба осол болж онхолдох үед надад машины цаг харагдсан тэгэхэд 19 цаг 53 мин болж байсан. Би жолоо барьж явсан ба манай ээж талийгаач Алтанцэцэг машины зүүн хойд талд буюу жолоочийн эсрэг талын урд суудлын хойд талд Анхбаярын хойд талд сууж явсан юм. Миний унаж явсан Анхбаярын 87-33 УНҮ дугаартай, Т.Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хэвийн байсан ба надад уг тээврийн хэрэгсэлтэй холбоотой шалгуулах зүйл огт байхгүй. Талийгаач Алтанцэцэг миний төрсөн ээж учир бид нарын дунд ямар нэгэн төлбөр тооцоо нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 85-86 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригийн:“Манай Эх сант ХХК нь авто тээврийн машин барьцаалж зээл олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба би уг компанид менежер ажилтай бөгөөд тухайн зам тээврийн осолд орж эвдэрсэн 87-33 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 04 сарын 07-ны өдрийн ЗГ1704/04 дугаартай зээлийн гэрээний дагуу 2.500.000 төгрөгийн барьцаанд тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Анхбаяр гэх хүн зээлийн гэрээ байгуулан эхний сарын төлбөр 375 000 төгрөгийг төлсөн бусад төлбөрийн хугацаа болоогүй байгаа. ... манай компанид зүгээс нийт 2.362.500 төгрөг төлөгдөх ёстой, ... гомдолтой байна зээлдүүлсэн мөнгөө гэрээнд заасны дагуу төлүүлж барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Бусад баримт сэлт

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 дугаар хуудас/,

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хэрэгт хавсаргуулахаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/,

2017 оны 05 саоын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд: Ж.Мийн эзэмшлийн Энтеч маркийн суурин комюпьтер, процессор, канон принтер зэргийг битүүмжилсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 дугаар хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэд: 1. Талийгаач С.Алтанцэцэгийн биед тархинд цус харвалт, олон хавирганы хугарал, аарцаг ясны хугарал, элэг, дэлүүний язрал, бүдүүн гэдэсний цус хуралт, цээж хэвлийн хөндийн цус алдалт. Нүүр болон цээж хэвлий, нуоуу, баруун зүүн гар, баруун зүүн гуянд олон тооны зулгаралт, цус хуралт, зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр буюу авто ослын үед үүсгэгдэх боломжтой хэрэг болсон 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр үүссэн шинэ гэмтлүүд байна. Үүссэн гэмтлүүдийн тархинд цус харвалт, олон хавирганы хугарал, уушгины няцрал нь үхэлд шууд хүргэх гэмтэл байна. 3. Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь 2-р бүлгийн харъяалалын цустай байна. 5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй болно. 6. Талийгаач нь дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. /хх-ийн 47 дугаар хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48, 51-54 дугаар хуудас/, 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 00000046 дугаартай замын шинжээчийн дүгнэлтэд: 1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 87-33 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч Ж.М нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Хэрэг авагдсан нотлох баримтаас үзэхэд 87-33 УНҮ улсын дугаартай Приус-20 маркийн автомашины жолооч Ж.М нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2 " жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 2 дугаар бүлгийн 2.3 " жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалт зөрчсөн байна гэж үзэв. 3. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд уг зам тээврийн осол гаргах үеийн хурдыг тогтоох боломжгүй гэж үзэв. 4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөхгүй гэж үзэв. 5. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 гэсэн заалт зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байна гэж үзэв. /хх-ийн 73 дугаар хуудас/,

Кости-Эстимэйт ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх /хх-ийн 102-103 дугаар хуудас/

Ял шийтгэлийн лавлагааг шалгахад: Ж.М нь " урьд ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-ийн 87 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, хуульд заасан журамын дагуу авагдсан нотлох баримтууд бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ж.М нь Булган-Улаанбаатар чиглэлийн асфальтан хатуу хучилттай зам дээр Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг "Долоон даваа" гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 24- ний өдөр "Тоёота Приус-20" маркийн мөнгөлөг саарал өнгийн 87-33 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3.6 дэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн ослын улмаас зорчигч С.Алтанцэцэгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Мөнхзулын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Г.Ганзоригийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, иргэний хариуцагч болон гэрчээр О.Анхбаярын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Д.Жалавдоржийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч Б.Бат-Очирын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 10 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11 дугаар хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12 дугаар хуудас/, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14- 15/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг хэрэгт хавсаргуулахаар хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, 2017 оны 05 саоын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд: Ж.Мийн эзэмшлийн Энтеч маркийн суурин комюпьтер, процессор, канон принтер зэргийг битүүмжилсэн, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 дугаар хуудас/, Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 63 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48, 51-54 дугаар хуудас/, 2017 оны 05 сарын 22-ны өдрийн 00000046 дугаартай замын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/, Кости- Эстимэйт ХХК-ний авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд гэх /хх-ийн 102-103 дугаар хуудас/ болон шүүгдэгч Ж.Мийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Мт сонсгосон хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан байна.

Шүүх шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэрэгт түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйчлэх нь зүйтэй байх тул шүүгдэгч Ж.М-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.М-ийн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь "тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэгэж заасан гэмт хэрэгт хамаарч байх ба дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар шүүгдэгч Ж.Мийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.М нь "хийсэн хэрэгтээ маш их гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлоо нөхөн төлсөн, болгоомжгүй байдлаар ээжийнхээ амь насыг хохироосонд харамсаж байна.” гэж мэдүүлсэн байна.

Шүүх шүүгдэгч Ж.Мийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн ЦГ-ын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Ц.Дагвадоржийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор "Ж.Мийн эзэмшлийн Энтеч маркийн суурин комюпьтер, процессор, канон принтер " битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 87-33 УНҮ улсын дугаартай тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 01506124 дугаартай гэрчилгээг тээврийн хэрэгслийн эзэмшигч О.Анхбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Төв аймгийн Прокурорын газраас Ж.Мт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч М-ийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.М-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хассугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.М-т тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 /тав/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  5. Тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ж.Мт хяналт тавихыг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  6.  
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Ж.М нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөрдөгчийн 2017 оны 05 сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.М-ийн эзэмшлийн “Энтеч” маркийн суурин комюпьтер, процессор, канон принтер зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Ж.М-ийн 579810 дугаартай жолоочийн үнэмлэхийг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.
  10. Энэ хэрэгт Ж.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн О.Анхбаярын 01506124 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгосугай.
  11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
  12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ж.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Ц.ОТГОНЖАРГАЛ

Text Box: Ц.ОТГОНЖАРГАЛДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ