Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/00105

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Э

Хариуцагч: А.Ж

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э

                                нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

 

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд А.Жтай танилцаж, хамт амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ж.Ам, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Ж.А нар төрсөн. 2016 оны 12 дугаар сарын 26-нд А.Ж гарчихаад ирье гэж гэрээсээ гараад дахин ирээгүй, холбоо бариагүй. Үүнээс хойш бид хамт амьдраагүй бөгөөд А.Ж өөр хамтран амьдрагчтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тэр үеэс хойш хүү, охин 2 маань миний асрамжинд байна. Би өөрөө сургуулиа төгсөөд хүүхэд гаргаад ажил хийгээгүй, одоо 2 хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж, аваад гэртээ байдаг. Иймд хүү Ж.Ам, охин Ж.А нарын эцгээр А.Жг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

 

Шүүх нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Ж.Ам, Ж.А нарын төрсний гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт, эмнэлэгийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь:

1. А.Ж, Э.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлэлгүй хамтран амьдрах хугацаанд 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ж.Ам, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр охин Ж.А нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар шүүх Э.Эийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Зохигчид гэрлэлтээ бүртгүүлээгүй ч 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Ам, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.А нар захиргааны журмаар эцгийн нэрийг авсан, энэ талаар хариуцагч маргаагүй байх тул шүүхийн журмаар эцэг тогтоох шаардлагагүй байна.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч А.Жгаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Ж.Ам, охин Ж.А нарыг сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийн хуульд заасан хэмжээ нь тухайн тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамааран тогтоогддог болно. Зохигчдын хүүхдүүд Улаанбаатар хотод амьдарч байх тул тэдэнд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс хамаарч тэтгэлэг тогтоогдоно.

4. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлгийн болон 113 дугаар цэцэрлэг, хорооны тодорхойлолтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан байна.  

5. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнээс хамааран тодорхой хувиар тооцдог бөгөөд хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлно. Тэжээн тэтгүүлэгч хүү Ж.Ам нь 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, одоо 3 нас 11 сартай, охин Ж.А 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, одоо 1 ой 5 сартай тул хариуцагчаас гаргуулах 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тогтоогдоно. Улаанбаатар хотод амьжиргааны доод түвшингийн хэмжээ 185300 төгрөгөөр тогтоогдсон байна. Иймд хариуцагч А.Жгаас гаргуулах 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээ сар бүр 185300 төгрөг болох бөгөөд нэхэмжлэлийн үнийг уг тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тогтооно. Хариуцагч А.Ж нь нэг жилийн хугацаанд хүү Ж.Ам, Ж.А нарт 2223600 төгрөгийн тэтгэлэг төлөхөөр байна. Үүнээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол хариуцагч 50528 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөр байна.

6. Хариуцагч А.Жд эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийг гардуулсан байх ба хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүх хуралдаанд ирж тайлбар өгөөгүй байна. Энэ нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болно. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 77.5, 77.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.  

Иймд хариуцагч А.Жгаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Ж.Ам, Ж.А нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Жгаас 2014 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Ам, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Ж.А нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Ж нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгөөс 50528 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 50528 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 19672 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Эт олгосугай.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацааны дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүй. 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Т.ГАНДИЙМАА