Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2018/00178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Х ц у” ХХК 

Хариуцагч: Б.Б 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 3000000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т

                                        хариуцагч Б.Б

                             нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х ц у” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанитай 2015.02.04-ний өдөр иргэн Б.Б БГД 4 хороолол   байр   тоотод байрлах орон сууцандаа Америк улсад үйлдвэрлэгдсэн Purepro ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнийг зээлээр  худалдан авахаар гэрээ бичгээрбайгуулсан ба урьдчилгаанд 490000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2000000 төгрөгөө зээлээр төлөхөөр болсон.Улмаар 2015.2.04-ний өдрөөс эхлэн 2015.11.04-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүр 250000 төгрөгийг төлөх замаар төлж дуусах байсан боловч одоогийн байдлаар 2000000 төгрөг төлөгдөөгүй байна. Мөнгө төлөхөөс зайлсхийсээр байна. Бидний тохирсон гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар алданги төлөхөөр зохицуулсан тул алдангид 1000000 төгрөг нэхэмжилж байна. Иймд нийт 3000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аппаратыг дангаар нь суурилуулаагүй канген шүүлтүүр дээр суурилуулсан байсан. Та тэр даруйдаа ажиллахгүй байна гэж манайд хэлснийг мэдэхгүй. Харин сарын дараа би таниас сарынхаа төлбөрийг өгөх үү гэж ярихад ус нь бага гараад хүүхдүүдийн хэрэгцээнд хүрэлцэхгүй байна гэхлээр нь та өөрийнхөө гэрт тавиулж болохгүй юм уу, энэ аппарат бол олон хүний хэрэгцээний ус цэвэршүүлэгч биш эсвэл нөгөө шүүлтүүрээ аваад дангаар нь суурилуулж болно гэсэн чинь манай мөнгийг өгөөд шүүлтүүрээ ав гэж л хэлсэн. Өнгөрсөн хугацаанд манай компаниас танай цэцэрлэг дээр 2-3 удаа очсон боловч танайх манай захирал байхгүй, цэцэрлэг рүү гадны хүн оруулдаггүй гээд оруулаагүй. Тэгээд би өнгөрсөн жилээс тантай холбогдоход та танай шүүлтүүр байхгүй, танай ажилтан ирээд аваад явсан гэж удаа дараа худал хэлсэн. Би ороод үзье гээд орж үзэхэд шүүлтүүр байхгүй байсан, энэ талаар компанидаа мэдэгдээд эрж сурсан боловч манай компаниас очиж авч, акт үйлдсэн хүн байгаагүй. Тэгээд залгаад манайхаас шүүлтүүрийг авсан хүн байхгүй байна гэхэд танайх жилийн өмнө аваад явсан гэсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаасаа хойш ярихад би танай тэр  хүнээс чинь дөнгөж сая аппаратыг олж авлаа гэж та хэлсэн. Та ингэж худлаа хэлж болохгүй. Хариу тайлбартаа энэ талаар бичээгүй байсан. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрийг, алдангийн хамт гаргуулна.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай цэцэрлэгт 2015 оны 2 сард усыг чинь үнэгүй шинжлээд өгье хэмээн нэгэн залуу орж ирээд крантны уснаас дээж аван маш их бохирдолтой байна, ийм ус уувал эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэж хэлээд энэ ус цэвэршүүлэгч төхөөрөмжийг зээлээр худалдан авахаар санал болгосон. Санал болгосны үндсэн дээр 2490000 төгрөгийн үнэ бүхийтөхөөрөмжийг урьдчилгаа 490000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 4-нд 250000 төгрөг төлж байхаар гэрээ байгуулан авсан. Гэвч төхөөрөмжийг суурилуулснаас хойш 2 хоногийн дараа ус цэвэршүүлэгч төхөөрөмжнөөс ус нь огт гоожихгүй  байсан. Тухайн үед гэрээ байгуулсан Б.Төгөлдөрбаттай ярьж, учир байдлыг удаа дараа хэлсэн боловч утсаа ч авахгүй сураггүй алга болсон. Ингээд би 2015 оны 2 дугаар сарын 10-даар ярихад нэг залуу ирж үзэж байгаад нэг юм олоод ирье гэж хэлээд дахин ирээгүй. Угтөхөөрөмжийг огт ашиглаагүй шинээрээ одоог болтол манай цэцэрлэгт хадгалагдаж байгаа. Тухайн үед шүүлтүүрийг авч яв гэж хэлсэн байсан болохоор би аваад явсан гэж ойлгосон. Тэгээд би хайж сурагласан чинь агуулахаас олдсон. Хүнд аппаратаа худалдчихаад ажиллахгүй байна гэхлээр ирээд аппаратаа засаж өгч, мөнгөө нэхэмжлэхгүй, яагаад худалдаа хийчихээд түүнийхээ араас яваагүй юм, ирээд уулзаад шаардаж, аппаратаа авч болох л байсан. Аваагүй байж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Та надтай утсаар ярьж манай цэцэрлэг дээр ирсэн гэдэг худлаа. Танай ажилтан чинь манай эрхлэгчид танай хүүхдүүд чинь хордож үхлээ гэх мэтээр толгойг нь эргүүлж байгаад суурилуулсан байсан. Надад аппаратны араас явж байх цаг зав байдаггүй. Иймд анх гэрээ байгуулахад өгсөн 490000 төгрөгөө буцаан авч, огт хэрэглээгүй төхөөрөмжийг нь буцаан өгөх хүсэлтэй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч “Х ц у” ХХК нь хариуцагч Б.Бгаас ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 2000000 төгрөг, алданги 1000000 төгрөг нийт 3000000 төгрөг гаргуулахаар шаарджээ.  

Зохигчдын хооронд 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээ бичгээр хийгдэж, талууд гарын үсэг зурсан байх ба уг гэрээгээр худалдагч “Х ц у” ХХК 2490000 төгрөгийн үнэ бүхий АНУ-д үйлдвэрлэсэн purepro ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээлгэх өгөх, худалдан авагч Б.Б уг төхөөрөмжийг хүлээн авч урьдчилгаа төлбөрт 490000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 8 сарын хугацаанд сар бүрийн 4-ний өдөр 250000 төгрөгөөр төлж дуусгахаар тохирсон байна. Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх, ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээн авсан эсэх болон төлбөрийн үлдэгдлийн хэмжээн дээр маргаагүй бөгөөд харин хариуцагч “төхөөрөмжийг суурилуулснаас хойш 2 хоногийн дараа ус гоожихоо байсан, засварлуулахаар хүн дуудсан боловч засаагүй, ...уг төхөөрөмжийг ашиглаагүй шинээрээ байгаа” гэж марган төлбөрийг төлөхөөс татгалзаж, урьдчилгаа төлбөрөө буцаан гаргуулна гэжээ. 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилждэг бол ердийн худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэх нь худалдагчийн үндсэн үүрэг байдаг. Хариуцагч Б.Б нь ус цэвэршүүлэх төхөөрөмжийг хүлээн авсан асуудлаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1 дэх хэсэгт “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” гэж зааснаар нэхэмжлэгч “Х ц у” ХХК нь эд хөрөнгө өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус, тус хүлээнэ.

Хариуцагч тайлбартаа “ус цэвэршүүлэх төхөөрөмжөөс 2 хоноод ус гоожихоо больсон, засварлуулахаар хүн дуудаад нэг залуу ирсэн боловч засаагүй, нэг юм олоод ирье гээд алга болсон” гэж байгаа боловч энэ тайлбараа нотлоогүй болно. Хариуцагчийн хүсэлтээр У.Энх-Эрдэнээс гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч “би 2015 оны 9 сард ажилд орсон. Орсон цагаас хойш ус цэвэршүүлэгч хэрэглэж байгаагүй. Аппарат агуулахад хэрэглэгдээгүй хадгалагдаж байсан“ гэж мэдүүлжээ. Түүний мэдүүлгээр “ус цэвэршүүлэх төхөөрөмжөөс ус гоожихгүй байсан” гэсэн хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчийн худалдан авсан ус цэвэршүүлэх төхөөрөмжийг биет байдлын доголдолтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв. Хариуцагч “би энэ компанийг мэдэхгүй, анх ирж суурилуулж өгсөн н.Төгөлдөрбатын утас холбогдохгүй, утсаа авахгүй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд худалдагчийн оршин байгаа хаяг, холбогдох утасны дугаарыг тусгасан байх тул худалдан авагч буюу Б.Бг эд хөрөнгийн доголдлыг арилгахыг шаардах болон гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзэхээргүй байна. Тухайн төхөөрөмжийг ашиглаагүй, шинээрээ байгаа нь төлбөр төлөхгүй байх, гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй болно. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл худалдагч “Х ц у” ХХК-ийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзлээ. Иймд худалдан авагч буюу хариуцагч хууль болон гэрээнд зааснаар төхөөрөмжийн үнийг төлөх үүрэгтэй тул төлбөрийн үлдэгдэл 2000000 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Харин гэрээний 2 дугаар зүйлд “...худалдан авагч нь тухайн сарын төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0.5%-тай тэнцэх алданги төлнө” гэж тохирсныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцүүлэн алдангийг нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцох боломжгүй байна. Иймд алдангид шаардсан 1000000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 сая төгрөгт ногдох 46950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М овгийн Б Бгаас 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ц у” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1000000 /нэг сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 46950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ц у” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.ГАНДИЙМАА