Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/337

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эр үүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014002850360 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1987 оны 04 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ******* овогт**************,

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Хашаатын доод даваа гэх газарт 2020 оны 03 дугаар сарын сүүлээр 2020 оны 04 дүгээр сарын эхээр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 96572 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... Ойн түймэр хаанаас яаж гарсныг би мэдэхгүй. Тухайн өдөр Баяр гэх айлд ямаа самнаж байхад манай эхнэр гал гарч байгаа талаар утсаар хэлэхээр нь ирсэн. Гал гарсан түймрийн модны хормойд мод би бэлтгэсэн юм. 2014 оны 03 дугаар сарын сүүлээр 2020 оны 04 дүгээр сарын эхээр хурга, ишигний хайс хийх гээд би ганцаараа уг газарт 2 хэсэг нийт 30-аад ширхэг, урт нь 4 м орчим нарийхан шургааг мод бэлдсэн. Дээрх моднуудаас баруун тийш 3 м орчмын зайд бэлдэж тавьсан байсан 5-6 ширхэг мод шатчихсан байсан. Би ямар нэг гал түймэр тавиагүй. Би бэлдсэн моднуудаас 10-аад модыг гар хөрөөгөөр хөрөөдсөн, ихэнх мод нь байгалийн жамаараа уначихсан бод байсан... Би тэр газарт мод бэлтгэсэн нь үнэн, би харин тэр газарт гал тавиагүй учраас гал тавьсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна, мод бэлтгэсэн хэрэгт яллагдагчаар татсаныг би хүлээн зөвшөөрч байна, би өмнө нь мод бэлтгэсэн талаараа гэрчийн мэдүүлэг өгөхдөө дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа, би одоо мэдүүлэг өгөхгүй ээ, би хохирлыг төлж 2 барагдуулна.." гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 121-122/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч*******ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би байгууллагаас томилсны дагуу хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцож байна, надад өөр хэлэх зүйл алга. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг нь онцгой бүсийн орчмын бүслүүрийн 1 дүгээр мужлалын ой модтой газар бөгөөд Ойн тухай хуульд зааснаар 1 дүгээр мужлалын ойгоос мод бэлтгэхийг хориглосон байдаг. Тийм учраас Баянхонгор аймгийн нутгаас мод бэлтгэх ямар ч зөвшөөрөл олгогдохгүй ээ. Би байгаль орчинд учирсан хохирол болох 289.716 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна, үүнийг төлчихвөл надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй ээ. Би гал ямар шалтгааны улмаас гарсан нь тогтоогдож, гал гаргасан нь эзэн нь тогтоогдвол дээрх мөнгийг нэхэмжилнэ, одоогоор эзэн нь олдоогүй учраас одоогоор нэхэмжлэх зүйл алгаа, мөн тухайн гал гарсан газар нь өөрөө байгалийнхаа жамаар нөхөн сэргээгдээд өвс ногоо нь ургачихсан байна лээ...” гэх мэдүүлэг / хх-ийн 71, 74/,

. Гэрч В.Өсөхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Хавчиг гэх газар манайх байдаг. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Хашаат гэх газарт гарсан гал нь манай гэрээс 5 км орчим зайтай байдаг. Уг газар нь*******гийн гэрээс урд байдаг. Тэгэхээр нь би*******гийн гэр лүү нь залгаад танай гэрийн урд утаа гараад байна гэхэд эхнэр нь аваад юу ч болоогүй******* айлд очиж ямаа санахаар явсан гэж хэлсэн. Тэгээд уг газар юу болоод байгаа очиж үзэхээр Данзанг суулгаад машинаараа*******гийн гадаа очоод*******гийн аав******* хамт мотоциклоор хамт уг газарт очиход хүмүүс ирсэн гал унтраагаад байж байсан. Гал гарсан газарт мод бэлтгэж байсан. Уг модыг Доржготов,******* нараас өөр бэлтгэх хүн байхгүй. Харин гал юунаас болж гарсныг мэдэх зүйл алга..” гэх мэдүүлэг / хх-ийн 21-23 /,

5.Гэрч С.Данзан-Осорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн Би Баянхонгор аймаг Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Хавчиг мухар гэх газар голын ард эхнэрийн хамт амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 27-ны би гэртээ байсан манай В.Өсөхбаяр намайг дуудахлаар нь би гэрээсээ гарсан нь В.Өсөхбаяр надад модны доод хоолойд утаа гараад байна гэж надад хэж хэлэхээр нь В.Өсөхбаяр за Данзан ахаа хоёулаа хамт тэр газар нь очъё гал гараад байх шиг байна гэж хэлсэн тэгээд В.Өсөхбаяр бид хоёр машинаар нь гал гарсан гэх 3 газрын доод аманд нь*******гийн гэрийн гадаа очсон тэгээд тэндээсээ би үлдээд В.Өсөхбаяр мотоцикль унаад******* хамт гал гарсан газар руу явсан. Модноос утаа их хэмжээгээр гарч байсан би гал гарсан газар очоогүй буцаад гэр рүүгээ алхаад явсан. Гал гарсан газраас хамгийн ойрхон нь Бямбасүрэн, Доржготов нарын гэр ойрхон байдаг би гал гарсан газар огт очоогүй ямар хүн мод бэлтгэсэн, гал гарсан талаар мэдэхгүй байна. В.Өсөхбаяр бид хоёр Бямбасүрэнгийн гадаа анх очиход Бямбасүрэнгийн эхнэр нь хүүхдүүдтэйгээ байсан Бямбасүрэн айлын ямаа самнахаар явсан гээд гэртээ байж байсан Доржготов хониноосоо ирж байна гээд гэрийнхээ гадаа мотоциклоор ирсэн тэгээд В.Өсөхбаяр мотоциклийн унаад******* хамт гал гарж байгаа газар луу явсан... гэх мэдүүлэг / хх-ийн 24-26

6. Гэрч Д.Энхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 04 сарын 27-ны өдөр би Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газарт очсон чинь түймэр гарч байна гэхээр нь сумын тамгын газарт танилцуулахад сумын төрийн алба хаагч нарыг аваад сумын эмнэлгийн фургон машиныг аваад Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг Хашаатын доод даваа гэх газарт очиход уулын орой хэсэг нь тэр чигтээ шатчихсан ой мод руугаа орчихсон байсан. Тэгээд аймгаас онцгой байдлын хүмүүс ирж 4 хоног ажиллаж галыг унтраасан. Тэр уулын орой хэсгийн өвс ногоо нь шатаад хажууд нь байсан мод руугаа орчихсон байсан. Мөн тухайн мод дотор мод бэлтгээд хурааж тавьсан байсан..” гэх мэдүүлэг / хх-ийн 76 /,

7. Гэрч Б.Цэгмэдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...******* нь манай нөхөр байгаа юм. Би гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 41/,

8. Гэрч В.Доржготовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ....Би түймэр гардаг өдөр гурван ач хүүгийнхээ хамт хонио хариулаад Эрээн гэдэг газарт явж байсан чинь Манай бэр Цэгмэд утсаар яриад Хашаатын доод давааны мод шатсан байна гэж хэлэхээр нь би 2 шуудай аргалаа ганзагалаад модон дотор утаа гараад улаан гал авалцаад байсан Тэгээд сумын төв рүү 14 цаг 30 минутад дуудлага өгсөн. Намайг харахад тэр түймэр шатсан газарт хүн явж харагдаагүй би гал түймрийг хаанаас яаж гарсныг мэдэхгүй байна.******* тэр гал түймэр гардаг өдрийн өглөө 6 цаг 00 минутын үед Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутагт Хавчиг цагаан гэх газарт байдаг Баяраа гэдэг айлд очиж ямаа самнахаар явсан байсан. Би 2020 оны хавар Эрдэнэцогт сумын төвд байсан. 2020 оны 4 дүгээр сарын 20-дын үеэр л хөдөө гэртээ ирсэн болохоор*******г мод бэлтгэсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 42-43/,

9.Гэрч Б.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 4 ...Манайх Эрдэнэцогт сумын 1 дүгээр багийн нутаг Хавчиг цагаан гэх газарт байдаг . Гал түймэр гарсан талаар би мэдээгүй сураг л сонссон. Уг түймэр гарсан өдөр буюу 11 цагт******* манайд ирээд ямаанаас самналцаж байсан чинь эхнэр нь утсаар дуудаад түймэр гарч байна гээд******* гэр лүү гээ явсан.../ хх-ийн 44-45/

10. Баянхонгор аймгийн Сум дундын ойн ангийн шинжээчийн ...Доод Даваа гэх газрын ойгоос, түлээний зориулалтаар бэлтгэсэн 32 ширхэг нарийн, тухайн хатаж хуурайшсан, амьдрах чадвараа алдсан мод байна. Тухайн модыг хураасан байдлаар хэмжиж үзэхэд Урт нь 3,70 см, Өргөн нь 0,75 см, өндөр нь 0,35 см хэмжээтэй байна. Үүнийг 2020 оны 03-дугаар сарын 16-ны өдрийн дугаар А/176 Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын 1-дугаар хавсралтыг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-дугаар зүйлийн 49.4.1-д заасныг үндэслэн Хэмжилт болон холбогдох хууль, журам тогтоомжийн дагуу дээрх модонд экологи эдийн засгийн үнэлгээг тооцож үзвэл: урт 3,70 см өргөн 0,75 см өндөр нь 0,35 см =0,98 м куб 1=0.98 м куб 98543=96.572 төгрөг анхны суурь үнэлгээ үүнийг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дагуу гурав дахин үржүүлж тооцвол: 96.572 * 3 =289.716 төгрөг болж байна... гэх дүгнэлт / хх-ийн 107- 108/, болон хавтаст хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 4-8, эд зүйлд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 33-36/, эд мөрийн баримт хураан авсан тухай прокурорын тогтоол / хх-ийн 54-56/, / хх-ийн 57-67/, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоол, тэмдэглэл / хх-ийн 57-61/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 62-65/, Их богд байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны тодорхойлолт / хх-ийн 67/, шүүгдэгч *******гийн прокурорын газар гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт / ххийн 144, 150/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 03 дугаар сарын сүүлээр 2020 оны 04 дүгээр сарын эхээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 2 дугаар багийн нутаг “Хашаатын доод даваа” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж байгаль экологид 96572 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч, иргэний нэхэмжлэгч*******, гэрч Д.Энхбат, С.Данзан-осор, Б.Цэгмид, Б.Эрдэнэбаяр, В.Өсөхбаяр, В.Доржготов нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн сум дундын ойн ангийн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч *******г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ. 5 Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Харин шүүгдэгч ******* нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар улсын ойд мод бэлтгэж, үүний улмаас байгаль экологид учруулсан хохирол болох 96572 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу гурав дахин нугалж буюу 289716 төгрөгийг төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлсөн талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч *******гийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2019 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг хэрэгцээний дагуу эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэв. Уг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар хөрөө, бэлтгэсэн модыг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гар хөрөөг устгахыг Шүүхийн тамгын газарт, хууль бусаар бэлтгэсэн гучин хоёр ширхэг модыг хэрэгцээний дагуу Их Богдын Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын Захиргаанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар мэтгэлцэхгүй улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Шүүгдэгч******* овогт**************г зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогт**************г зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу дөрвөн сарын хугацаанд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч эзэмшлийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8- д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хөрөө 1 ширхэгийг хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 22- 7 ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг хөрөөг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 32 тооны мод зэргийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг бэлтгэсэн модыг хэрэгцээний дагуу Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ