Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00666

 

Д.Э, Б.Э, Б.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэртэй,

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201/МА2019/00011 дугаар магадлалтай,

Д.Э, Б.Э, Б.Б нарын нэхэмжлэлтэй,

Л.Х, Ч.А, Д.Эт нарт холбогдох

С.Лхгийн гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах,

Ч.А болон Л.Х нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар болон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 

Д.Э, Б.Э, Б.Б нар Л.Богийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, орон сууцны түүнд ногдох 20 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох,

Л.Х, Л.Су нар нь С.Лхгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, орон сууцны түүнд ногдох 20 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох,

хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулж, нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг даалгуулах,

орон сууцыг бусдад хөлслүүлж олсон ашгаас 3.360.000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Д.Э, Б.Э, Б.Б нарт холбогдох орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай Ч.Аын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Ч.А болон хариуцагч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.Болорцэцэг, хариуцагч Л.Х, Ч.А, хариуцагч нарын өмгөөлөгч Х.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.Э миний бие нөхөр Л.Ботэй 1986 онд гэр бүл болж 1986 онд том охин Б.Э, 1989 онд бага охин Б.Бг төрүүлсэн. 1990 оноос эхлэн 2004 оны 02 сар хүртэл Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод хадам эцгийн хамт ам бүл 5-уулаа амьдарсан. Энэ байрыг хадам эцэг С.Лх 1998 онд хувьчилж авахдаа хүү Л.Бо болон биднийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг авснаар бид 5 уг байрны хууль ёсны өмчлөгч болсон. Нөхрийн минь хадам эгч Л.Х 1992 онд Зүүн хараагаас шилжин ирж бидэнтэй хамт амьдарсан цагаас хойш биднийг байнга хэл амаар доромжлон дарамталж гэрээс маань хөөдөг байсан. Энэ хугацаанд нөхөрт маань улсаас Хэрлэн сумын 5 дугаар багт байх 28 гэдэг газарт байр өгч бид тэнд амьдрахаар явсан боловч уг байр хүйтэн, халаалтгүй, сургууль цэцэрлэг, ажлаас хол байрладаг, хүн амьдрах боломжгүй байр байсан учраас бид удалгүй гэртээ буцан ирж амьдарсан. Ингээд 2004 оны 02 дугаар сард хадам эгч Л.Х биднийг үг хэлээр доромжлон орон гэрээс минь хөөж эхэлсэн. Энэ үеэс эхлэн миний бие энэ байранд амьдрах аргагүй болж өөрийн эцгийн голомт болох 11 дүгээр байрны 24 тоотод очиж амьдрах болсон бөгөөд хоёр охин маань өвөө болон аавтайгаа хамт амьдарч, миний бие ч ирэн очин амьдарч байсан. Гэтэл нөхөр Л.Бо 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөх нуурт хууль бусаар загас агнаж явж байгаад золгүйгээр осолдож амь насаа алдсан. Нөхрийг маань нас барснаас хойш хадам эцэг С.Лх нэг их удалгүй 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан. Энэ үеэр миний бие хавдар илэрсний улмаас Улаанбаатар хотод байнга эмчилгээнд явж байсан бөгөөд бага охин маань Улаанбаатараас ирээд гэртээ орох гэтэл цоожийг нь сольчихсон байсан. Охин Бүжин Хандсүрэн эгчтэй уулзаад гэртээ орьё гэхэд та нарын байр биш, миний эцгийн байр гээд гэрт нь оруулаагүй байсан. Хууль ёсоор бол уг байрны жинхэнэ өмчлөгч нар нь бид байтал, ямар ч өмчлөх эрхгүй хүн болох Л.Х байрыг минь булаан авч хүү Ч.Адоо өгсөн бөгөөд Ч.А нь одоо уг байрыг бусдад түрээслэн ашиг олж байна. Тухайн үед би өвчтэй байсан учраас хэл ам болоод яахав, дараа нь больё гээд өдий болтол байрны асуудлыг хөндөлгүй орхисон. Байрны гэрчилгээний хувьд гэрт байсан гэрчилгээ маань алга болсон байсан учраас бид бүх бүрдүүлдэг бичиг баримтыг нь бүрдүүлж хууль ёсоор дахин шинээр гэрчилгээ авсан. Бид анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2005 оны 01 сарын 17-ны өдөр С.Лх нь Дорнод аймгийн нотариатын газарт хүү Л.Богийн оногдох хувийг зээ хүү Амарболдод эзэмшүүлэх хүсэлтэй гэсэн утга бүхий хүсэлт гаргасныг Дорнод аймгийн нотариатч Д.Эт хүлээн авч 01 дугаартай гэрээслэл гэгч баримтыг үйлдэж гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байсныг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөх үед мэдсэн. Нотариатч Д.Эт нь дээрх 01 дугаартай гэрээслэл гэх бичгийг үндэслэн Ч.Аод 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, Л.Хд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус олгосон байсан. Бидний зүгээс С.Лх 2005 оны 01 сарын 17-ны өдөр гарын үсэг зурсан гэх дээрх хүсэлтийг өөрийн гараар бичээгүй, гарын үсэг биш, цаашлаад түүний хүсэл зориг мөн байсан гэдэгт маш их эргэлзэж байна. Тэрхүү гэрээслэлд зурагдсан гарын үсэг нь С.Лхгийн гарын үсэг мөн байлаа ч тухайн бичсэн зүйлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй, 83 настай, эрүүл мэнд нь их муудсан байсныг тодорхой мэдэж байна. Тиймээс нотариатч Д.Эт уг бичиг баримтыг үйлдэхдээ С.Лхгийн эрүүл мэндийн талаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлээгүй, холбогдох журмын дагуу хараа, сонсголгүй болсон хүний гарын үсгийн үнэн зөвийг батлахдаа гэрч оролцуулаагүй, гэрээслэлээр өвлөгдөж буй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч байгаа эсэх, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар баримтыг шалгахгүй хууль ёсны өмчлөгч бид нарын эрхийг хөндөж, нотариатын үйлдэл хийсэн гэж үзэж байна. Б.Б нь Ү-0614000580 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эцэг Л.Бод оногдох хэсгийг 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хууль ёсны өвлөгчийн хувьд өв хүлээн авах хүсэлтийг нотариатад хандан гаргасныг Дорнод аймгийн нотариатч Ч.Тунгалагтамир хүлээн авч өвлөх эрхийн хүсэлтийг цахимд бүртгүүлэн баталгаажуулж өгсөн. Л.Х, Ч.А нар нь биднийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж 2005 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд бидний өмчлөлийн байрыг өөрсдийн эзэмшил, ашиглалтанд байлгаж, бусдад түрээслүүлэн ашиг олж байна. Тус орон сууцыг бусдад түрээслүүлж олсон ашгаас 2015 оны 8 сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд хамрагдах нийт 28 сарын түрээсийн орлогын бид нарт оногдох 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Бид нар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 1-р байрны 66 тоот 2 өрөө байрны 80 хувийг хууль ёсоор өмчлөгчдийн хувьд өөрсдийн өмчлөлийн зүйлээ Л.Х, Ч.А нарын хууль бус эзэмшлээс гаргуулж, уг орон сууцыг суллуулж, өөрсдийн өмчлөлийн байрандаа амьдармаар байна. Мөн 2005 оны 01 сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түүний үндсэн дээр хийгдсэн 2010 оны 4 сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, 2016 оны 11 сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 12, 74 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Мөн дээрх 2 өрөө орон сууцнаас Л.Бод оногдох 20 хувийг хууль ёсны өвлөгчид болох эхнэр Д.Э, түүний төрсөн охид Б.Э, Б.Б нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, С.Лхд оногдох 20 хувийг хууль ёсны өмчлөгчид болох төрсөн хүүхдүүд Л.Х, Л.Су нарыг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, өөрсдийн өмчлөлийн байрны дийлэнх хэсгийн өмчлөгчдийн хувьд өөрсдийн байраа авч үлдэх, бусад өвлөгчдөд оногдох хувийг мөнгөн хэлбэрээр өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Л.Хгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие нь 1986-1989 оны 08 сар хүртэл аав С.Лхгийн хамт Дорнод аймгийн 9-р багийн 01 дүгээр байрны 66 тоотод амьдарч байгаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа руу шилжсэн. Аав маань 1989 оны 10 сард Зүүнхараад ирж бидэнтэй хамт өвөлжөөд 1990 оны 02 сард Дорнод руу буцсан. 1991 оны 02 сард аавын бие муу байна гээд очиход аав маань гэртээ ганцаараа байсан. Өндөр настай аав ганцаараа амьдарч байгааг хараад миний асаргаа хэрэгтэй байгааг ойлгоод бид 1991 оны 08 сарын 31-нд Дорнод аймагт шилжин ирсэн. Би Д.Этай хэрэлдэж, зодолдох байсан удаагүй. Д.Э нь өөр эртэй суухаар болж дүүг минь орхиод 2 хүүхдээ аваад явсан. Аав дүү хоёрыгоо гуравхан сарын зайтай оршуулахад нэхэмжлэгч нар огт ирээгүй бөгөөд эгчийн минь ажил явдал өнгөрөөд 3 хонож байхад байрны талаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Амь шигээ хайрлаж байсан ганц хүүгээ өөд болсноос хойш хоёр хүүхдийг нь маш их хүлээсэн боловч тэд биеийг нь асууж ганц ч удаа ирээгүй. Маргаан бүхий байрыг аав минь Амарболд бид хоёрт гэрээслэл бичиж Иргэний хуулийн 520.1, 520.4-т зааснаар өвийн гэрчилгээ нээлгэснийг Д.Э, Б.Э, Б.Б нар мэдээгүй. Дорнод аймгийн хэрлэн сумын нотариатч Д.Этгаар гэрээслэлийг бичгээр хийж батлуулан өв нээлгэж өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан болно. Иргэний хуулийн 527.3-т өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг өв нээгдсэн өдрөөс эхлэн өвлөгчид шилжсэн гэж үзнэ, гэсний дагуу Хандсүрэн, Амарболд бидэнд байр өвлөгдсөн гэж үзэж байна. Иймд тухайн байрны албан ёсны ордер бичиг баримт нь бидэнд байсан. Иргэний хуулийн 528.2,528.1-т зааснаар бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ. Иргэний хуулийн 528.3-т энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хулээн авах тухай хусэлтээ зохих байгууллага этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Энхмарт, Энхсүрэн, Бүжин нар нь Болдсүрэнг нас барснаас хойш өвлөх тухай асуудлыг огт сөхөөгүй, хүсэлт гаргаагүй, өв нээлгээгүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй учраас Иргэний хуулийн 528.3-т зааснаар хуулийн дагуу өвлөх эрхээ алдаж өвөөс татгалзсан гэж үзнэ. Иргэний хуулийн 533.1-т зааснаар Энхмарт, Энхсүрэн, Бүжин нар нь өвлөх эрхээ алдсан тул тэдгээрт оногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хувааж олгоно гэсний дагуу Болдсүрэнд оногдох хэсгийг аав Лхамсүрэнгийн хууль ёсны гэрээслэлийн дагуу зээ хүү Амарболдод олгогдоно гэж үзэж байна. Тэдэнд өмчлөх эрх үүсээгүй байтал Болдсүрэнд оногдох хэсгийг өвлөх тухай хүсэлтийг нас барснаас нь хойш 13 жил гаруй хугацааны дараа 2017 оны 08 сарын 15-нд Б.Бгийн гаргасан хүсэлтийг нотариатч Тунгалагтамир хүлээж авсан нь хуулийн үндэслэлгүй. Учир нь эцэг Болдсүрэн 2004 онд нас барсан байхад хуулийн хугацаанд өвлөх, өв нээлгэх хүсэлт гаргаагүй, өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй учир өвлөх эрхээ алдсан гэж үзэж байна. Хүү Амарболд гэрээслэлээр хууль ёсоор өвлөж авсан байрандаа амьдарч байсан учир бусдад түрээслүүлж ашиг олсон асуудал байхгүй тул нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Аын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Э нь 2000 онд ээжийн дүү болох Л.Ботэй өвөөгийн байр болох 9 дүгээр баг, 1 дүгээр байрны 66 тоотод өвөөгийн хамт амьдарч байгаад салахдаа өвөөгийн гэрийн эд хогшлоос юу ч үлдээлгүй авч явсан. Тухайн үед өвөө маань хоёр ач охиноо бодоод хэл ам хийлгүй, хоёр охиндоо өгсөн гээд бодчихоё гэж яриад өнгөрсөн гэдэг. 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ээжийн минь дүү Л.Бо нас барахад Энхмарт хоёр охиныхоо хамт ирээгүй, ажил явдалд нь ч оролцоогүй. Мөн өвөө С.Лх маань 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан бөгөөд нас бартлаа ач охид болох Энхсүрэн, Бүжин нарыг их хүлээсэн. Энхмарт, Энхсүрэн, Бүжин нарыг явснаас хойш, Л.Бо ахыг өөд болсноос хойш байр нь нэг хэсэг эзэнгүй байсан. 2006 онд Ч.А би охинтой болсноор 1 дүгээр байрны 66 тоотод өрх тусгаарлан 2016 оны 12 сар хүртэл амьдарсан. 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Энхсүрэн, Бүжин нар ирж байр суллаж өг гэж шаардсан. Миний бие шийдвэр гаргах эрхгүй тул ээж Л.Хтэй ярьж уулзаж учраа ол гэж хэлсэн... Өвөө маань нас барахаасаа өмнө Энхтуяа гэдэг нотариатын хүнийг гэртээ урьж ирүүлэн өөрийнхөө байрыг ээж Л.Х болон миний нэр дээр гэрээслэл бичиж үлдээсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.Этгийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Л.Х, Л.Су нарыг С.Лхгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.2-д заасны дагуу Д.Э, Б.Э, Б.Б нар нь Л.Х, Л.Су нарыг С.Лх гуайн хууль ёсны өвлөгч мөн болохыг тогтоолгох эрх байхгүй. Л.Х, Л.Су нар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгч тал хууль ёсны өвлөгчийг тогтоолгох нь хууль зүйн үндэслэлгүй. ...1-р байрны 66 тоот 2 өрөө байрны өмчлөгчөөр одоог хүртэл С.Лх, Л.Бо, Д.Э, Б.Э, Б.Б гэсэн 5 хүний нэр байна. Д.Э, Б.Э, Б.Б нар өмчлөгчид хэвээрээ байгаа. Харин С.Лх болон Л.Бод оногдох хэсгийг яах вэ гэдэг асуудал яригдаж байна. Л.Бод оногдох өмчлөх эрхийг миний хийсэн нотариатын үйлдэл зөрчөөгүй юм. Талийгаач С.Лх гуайд оногдох хэсгийг л Л.Х, Ч.А нарт өвлүүлэх талаар заасан болохоос, Л.Бод оногдох хэсгийг Л.Х, Ч.А нарт өвлүүлнэ гэж гэрээслэлд заагаагүй. Миний хийсэн нотариатын үйлдэл нь Д.Э, Б.Э, Б.Б нарын эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Өнөөдрөөс 14 жилийн өмнө буюу 2005 оны 01 сарын 17-ны өдөр гэрээслэл хийгдсэн. 2005 оны 01 сарын 17-ны өдөр 16-р байрны 89 тоотод гэрээслэл хийх гэж миний бие очсон. Намайг ороход С.Лх гуай орон дээрээ суучихсан, охин Л.Х, Л.Су, зээ хүү Ч.А нар байсан. Тэр үед С.Лх гуай хүүгээ алдаад удаагүй байсан тул сэтгэл санааны хямралтай байсан. С.Лх гуай надад Энхмарт хүүхдүүдээ аваад, гэрийн тавилгаа хүртэл аваад явсан талаар ярьж байсан. С.Лх гуай тухайн үед бичсэн гэрээслэлээ надад харуулсан. С.Лх гуай Л.Богийн төрсөн эцгийн хувьд хуульд заасан үндэслэлээр Л.Бод оногдох хувийг эзэмших эрхтэй. Гэтэл С.Лх гуай тэр хувийг өөрөө авахгүй, зээ хүү Ч.Аод эзэмшүүлнэ гэж хэлсэн. Энэ талаараа гэрээслэл дээрээ бичсэн байсан. 2015 оны 01 сарын 17-ны өдөр хийгдсэн гэрээслэлийг хуульд заасан журмын дагуу үйлдсэн. Миний хийсэн нотариатын үйлдлийг нэхэмжлэгч тал үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл миний хийсэн гэрээслэл гэрчлэх нотариатын үйлдэл нь 1997 оны Нотариатын тухай хуулийг үндэслэн хийгдсэн. 2011 оны 02 сарын 10-ны өдөр Нотариатын тухай шинэчлэгдсэн хууль батлагдсан. 2011 оны 02 сарын 10-ны өдрийн Нотариатын тухай шинэчлэгдсэн хуулинд гэрээслэл гэрчлэхдээ танхимд бүртгүүлэх, танхимд 1 хувийг хадгалуулах тухай заалтууд нэмэгдсэн. 1997 оны Нотариатын тухай хуулинд өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэл зэргийг гэрчилнэ гэсэн заалт байдаг. Харин танхимд 1 хувийг хадгалуулна гэсэн заалт байхгүй. С.Лх гуайн ухаан саруул, бие нь эрүүл надтай юм яриад сууж байсан. Өөрөө гэрээслэлээ бичээд надад уншуулсан. Л.Х бичсэн гэрээслэлийг хуулж бичээд С.Лх гуай өөрөө гарын үсгээ зурсан учир эмчийн магадлагаа авах шаардлага байгаагүй. Шаардлагатай тохиолдолд л эмчийн магадлагаа авахаар заасан. 2011 оны 02 сарын 10-ны өдрийн Нотариатын тухай шинэчилсэн хууль гарснаас хойш Нотариатын танхимаас улсын хэмжээнд гэрээслэлд нийтэд нь нэг дугаар авдаг болсон. 1997 оны хуулиар тухайн гэрээслэлийг гэрчлэх нотариатын үйлдэл үйлдэж байсан нотариатч өөрөө дугаар өгдөг байсан. Гэтэл миний хийсэн энэ нотариатын үйлдэл нь 2005 онд хийгдсэн. Энэ гэрээслэлийн хувьд С.Лх гуай өөрөө гарын үсгээ зурсан. Тухайн гэрээслэлийг задлагч нь Ч.А байсан. Ингээд 2010 онд Ч.А гэрээслэлийг над дээр авч ирсэн. Л.Бог нас бараад удаагүй байхад С.Лх гуай нас барсан. Ийм учраас хууль ёсны өвлөх эрх нь дуусгавар болсон байсан. Тиймээс би С.Лх гуайд оногдох өвийн хэсгийг Ч.Аод өвлүүлж 2010 оны 4 сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг бичиж өгсөн. Тухайн өвлөх эрхийн гэрчилгээнд Л.Бо гэсэн нэр нэг ч байхгүй. Нэхэмжлэгч тал Л.Богийн өвлөх хэсгийг С.Лх гуайд ногдуулсан байна гэж ойлгоод байна. Миний бие С.Лх гуайд оногдох хэсгийг л Ч.Аод өвлүүлсэн. 2016 оны 11 сарын 14-ний өдөр Л.Х нь хүсэлт гаргасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Л.Х нь С.Лх гуайн төрсөн охин нь учир өвлөх эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй. С.Лх гуайн охин Л.Су ч түүний хууль ёсны өвлөгч юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ч.Аын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...Нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоотын өмчлөгч байх бөгөөд уг байрны өмчлөгч болох С.Лх, хүү Л.Бо нар нас барж, С.Лх нас барахаас өмнө уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг бидэнд өгч, нотариатчийг дуудан өөрөө гэрээслэл бичиж байрыг охин Л.Х, зээ хүү Ч.А нарт өвлүүлсэн. Өвлөх эрхийн гэрчилгээ өвлөгч тус бүр дээр бичигдсэн байгаа. Иймд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2005 оны 01 сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл болон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээнүүд хүчин төгөлдөр бус тул хариуцагч Ч.Аод уг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч болох үндэслэл байхгүй гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, 1997 оны Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 2011 оны Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар 2005 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр үйлдэгдсэн 01 дугаартай гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгон 01 дугаартай гэрээслэлийг хүчин төгөлдөр бусад тооцох, мөн 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны Л.Бод оногдох 20 хувийг нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар өвлөх эрхтэй болохыг тогтоон, Д.Э, Б.Э, Б.Б нарыг Л.Богийн хууль ёсны өвлөгчөөр, мөн тус орон сууцны С.Лхд оногдох 20 хувийг түүний төрсөн охин Л.Х өвлөх эрхтэй болохыг тогтоон, Л.Хг С.Лхгийн хууль ёсны өвлөгчөөр тус тус тогтоож,

Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1, 520 дугаар зүйлийн 520.6 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарын өмчлөлд үлдээн, нэхэмжлэгч нараас С.Лхд оногдох хувь болох 6.291.400 /зургаан сая хоёр зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулж түүний хууль ёсны өвлөгч Л.Хд олгож, хариуцагч Ч.Аын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 106 дугаар зүйлийн 106.1, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 2 өрөө орон сууцыг гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлээс хариуцагч Ч.А, Л.Х нараас орон сууц хөлслүүлсэн орлого 3.360.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгнөөс 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нараар улсын тэмдэгтийн хураамжид 138.910 төгрөгийг нөхөн төлүүлж төсвийн орлого болгон, хариуцагч Ч.А, Л.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 282.950 төгрөг, хариуцагч Д.Этгаас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн хариуцагч Ч.Аын 212750 төгрөг, Л.Хгийн 70200 төгрөгийг тус тус төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201/МА2019/00011 дугаар магадлалаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ч.А, Л.Х нарын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзэж, шалгаж, хянаж, үнэлж дүгнээгүй. С.Лх гуайн хуваарьт хөрөнгө болох Хэрлэн сум 9 багийн 1-66 тоот байрыг үр хүүхдүүддээ гэрээслэл бичиж баталгаажуулж үлдээсний дагуу өвлөх эрх нээгдэж, өвлөх эрхийн гэрчилгээ авагдаж өв шилжүүлсэн байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргаж, гэрээслэгч болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүхийн шийдвэр нь үнэн зөв бодитой байх шаардлагыг хангаагүй хуулийг буруу хэрэглэсэн болно. Нэхэмжлэгч нар уг байрны ордер дээр өөрсдийн нэр байсныг огт мэдээгүй, харж ч байгаагүй. Ордер нь С.Лх гуай хүүхдүүддээ өвлүүлж үлдээснийг мэдээгүй байсан бөгөөд 2015 онд ипотекийн зээл хөөцөлдөж явах үедээ ордер дээр нэр нь байсныг мэдсэн. Үүнийг мэдсэний дараагаар ордерыг өөрсдийн гар дээр байсан мэт хаяж үрэгдүүлсэн гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж Дорнод аймгийн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын байцаагч Ганзоригтой хуйвалдаж шинэ ордер авсныг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбаярт гаргасан гомдлын хариу нотолно. Энэ байр нь анхнаасаа С.Лх гуайг улсад олон жил хөдөлмөрлөсөн, ахмад дайчин, өндөр настан гэж хувьчилж өгсөн хуваарьт хөрөнгө байсан. 1998 оны 4 сарын 03-ны өмч хувьчлалын комиссын шийдвэрээр Хэрлэн сумын 9-р багийн 1-66 тоот орон сууцыг хувьчилж өгсөн. Байр нь С.Лх, Л.Бо нарын нэр дээр хувьчлагдсан 2 хүний өмч байсан. 1998 оны 4 сарын 23-нд хүү Л.Болсүрэнгийн эхнэр хүүхдийг С.Лх гуай хүсэлт гаргаж ордер дээр нэмж оруулсан. Тухайн үед уг өмч нь 2 хүний өмч байсан учраас Л.Бо мөн хүсэлт гаргах ёстой байсан. Энэ 2 хүний хүсэлтийг хуулинд заасны дагуу нотариатоор баталгаажуулсны дараа үл хөдлөх хөрөнгийн тухайн хэсгийг хариуцсан байцаагч нотариатоор баталгаажиж ирсэн баримтыг шалгаж судалсны үндсэн дээр нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарын нэрийг ордер нэмж бичих байсан. Гэтэл нэмж бичсэн байгаа боловч хуулийн дагуу хийх ёстой нотариатын баталгаажуулалт байхгүй байгаа учир ордер дээр тэдний нэрийг нэмж оруулсан үйлдэл нь хүчин төгөлдөр бус юм. Шүүх бүрэлдэхүүн баталгаажуулалтгүй хүчин төгөлдөр бус, өмчлөгч болох гэж хүсээд, байр авах гэж булаалдаад, хуурамч ордер аваад, хуулийн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байхад шилжсэн 1-66 тоот байрыг хууль бус өмчлөгч болох Д.Э, Б.Э, Б.Б нарт олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хууль ёсны өмчлөгчдөд байрыг олгож өгнө үү. Тухайн үед нотариатоор баталгаажуулсан эсэхийг ч шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгч нарын өмчлөлд өгөхөөр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй юм. Иймээс зээ хүү Ч.А төрсөн охин Л.Х нарт байрыг бүхэлд нь өвлүүлэх тухай хүсэл зоригоо илэрхийлж гэрээслэл үлдээж өвлөх эрхийн гэрчилгээнүүд олгогдож өв шилжсэн. Хүү Л.Бо нь 2004 оны 10 сарын 25-нд нас барж түүнд оногдох хувь нь төрсөн эцгийн хуваарьт хөрөнгө байсан учир аав С.Лхд шууд шилжсэн. Тухайн үед эхнэр байсан Д.Э нь 2000 онд салсан, гэрийн эд хогшил болох тухайн байрны анх хувьчлагдсан үнээс давсан Дарьганга хийцийн их гарын 6 мөнгөн аяга бусад гэрийн бүх эд хогшлыг авч явсан учир өөрт оногдох хувиа аваад явсан. Гэвч ийм маргаан гарна гэдгийг насаараа 40 гаруй жил хуулийн байгууллага болох цагдаа, тагнуулын газар ажиллаж байсны хувьд энэ асуудлыг үнэн зөв шийдвэрлүүлэхийн тулд хожим үүсэх үр дагаврыг бодож өөрийн хүсэл зоригоо тодорхой илэрхийлж гэрээслэл үлдээсэн төдийгүй, гэрээслэл бичиж байхдаа нотариатчид байрны ордерыг дахин дахин үзүүлж уг байр нь хүү бид хоёрын өмч юм шүү, иймээс байрыг бүхэлд нь Ч.А, Л.Х нарт гэрээслэн өвлүүлж үлдээхээр нотариатаар баталгаажуулсан болно. Тухайн үед нотариатч Д.Эт нь та ингэж бодож байгаа бол Д.Э, Б.Э, Б.Б нарыг хүсэлт гаргаж нэмсэн шигээ хүсэлт гаргаж хасуулах хэрэгтэй гэдгийг зөвлөөгүй, нотариатын үйлдлийг хуулийн дагуу хийгээгүй, тухайн үед маргаан гарна гэж мэдэж өөрөө хүсч байрыг бүхэлд нь гэрээслэн өвлүүлж үлдээсэн тэр баталгаажуулалтыг өнөөдөр хүчин төгөлдөр бусад тооцуулахад хүргэж гэрээслэлд дурьдсан байрыг бүхэлд нь гэрээсэлсэн гэж хүсэл зоригоо илэрхийлээд байхад нотариатч Д.Эт нь өөрийн хийсэн үйлдлээ үгүйсгэж уг байрны С.Лхд оногдох 20 хувийг олгоно гэж өөрийн баталгаажуулсан үйлдлийнхээ эсрэг зүйлийг шүүхийн хэлэлцүүлэгт ярьснаар түүний хийсэн гэрээслэл, өвлөх эрхийн баталгаажуулалт нь хүчин төгөлдөр бусад тооцогдож анхан шатны шүүхээс гарсан дүгнэлт нь нотариатын буруутай үйлдэл болохыг анхан шатны шүүх ямарч дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эмчийн магадлагаа зайлшгүй хэрэгтэй гэж нотариатын хуулинд заасны дагуу тухайн үед гаргуулж авах байсан боловч албан үүрэгтээ хайнга хандаж магадлагааны талаар юу ч яриагүй гаргуулж аваагүй нь нотариатын үйлдлийг дутуу хийсэн нь үүгээр нотлогдож гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцоход хүргэсэн буруутай этгээд нь нотариатч бөгөөд өнөөдөр хариуцагч нар гэрээслэлээр өвлөж авсан эцгийн гал голомтоо алдахад хүрч хохирч байна. Иргэний хуулийн 516 дугаар зүйл 515.4-т өвлөх үндэслэлийн (Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч гэрээслэлээр өөрчлөх эрхтэй гэж) заасны дагуу С.Лх захиран зарцуулах өөрчлөлт оруулах эрхийнхээ дагуу Хэрлэн сум 9 багийн 1-66 тоот орон сууцыг төрсөн охин Л.Х, зээ хүү Ч.Аод 30-ний өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ 2005 оны 01 сарын 17-ний өдрийн 01 дугаартай гэрээслэлээр нотлогдоно. С.Лхд анх уг байрыг 1985 онд улсаас олгосон тул гэрээгээр эзэмшиж байсан. 1998 оны 04 сарын 03-нд орон сууц хувьчлах өмч хувьчлалын комиссын шийдвэрээр улсад он удаан жил үр бүтээлтэй ажилласан ахмад дайчин, өндөр настан С.Лх гуайд хувьчилж өгсөн. Анх ордер дээр С.Лх болон хүү Л.Богийн нэр байсан ам бүл 2 гэж бүртгэлд авсан нь С.Лхгийн хуваарьт хөрөнгө гэдгийг гэрчилж байна. Хуваарьт хөрөнгөө захиран зарцуулан ашиглах өмчлөх эрх нь С.Лх гуайд байсан учир 1-66 тоот орон сууц нь түүний хуваарьт хөрөнгө болохыг тогтоож өгнө үү гэж удаа дараа хүсэлт, нэхэмжлэл гаргаж тэмдэгтийн хураамж төлж байсан боловч хуваарьт хөрөнгө гэдгийг тогтоож өгөөгүй нь энэ маргаан гарах үндэс болсон. Хэрэв хуваарьт хөрөнгийг тогтоогоод өгчихсөн байсан бол Д.Э, Б.Э, Б.Б нар нэхэмжлэл гаргах боломжгүй юм. Мөн иргэний хуулийн 515.4-т зааснаар өөрийн захиран зарцуулах эрх нь С.Лх гуайд байсан тул өвлүүлэгчийн гэрээслэл болон өвлөх эрхийнх нь дагуу үр хүүхдэд нь түүний гал голомт нь шилжсэн. Гэрээслэл өвлөх эрхийн тухай Монгол улсаас бусад олон улсын хуулинд гэрээслэлд дурьдсан өвлөх эрхтэй хүн ямар ч тохиолдолд өвөө хүлээж авдаг хуультай байдгийг анхаарч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 515.4-т өвлүүлэгч гэрээслэлээрээ өв хүлээн авагчдыг өөрчлөх эрхтэй. Өөрөөр хэлбэл захиран зарцуулах гэдэг ойлголтыг шүүхийн практикт хэрэглэдэггүй. Учир нь өөрийн хүч хөдөлмөрөө үнэлүүлж улсаас олгож өгсөн байрыг хүүд нь хань шиг хань, С.Лх гуайд бэр шиг бэр байж чадалгүй 2000 онд салж явсан хүн, өнөөдөр миний байр гэж явах эрхгүй. Д.Э нь 1989-2005 он, 1990-2004 он, 1986-2004 он, 1990-2006 он хүртэл хадам эцэг С.Лх, нөхөр Л.Бо, охин Б.Э, Б.Б нарын хамт амьдарч байсан нь үнэн болно. Өрхийн бүртгэлийн 1312 тоот дэвтрээс үндэслэв гэсэн 9 дүгээр багийн засаг дарга Д.Этгийн гарын үсэгтэй тодорхойлолтууд хэрэгт авагдсан байдаг. Энэ мэтчилэн хуурамч бичиг баримт бүрдүүлснийг шүүх хянаж судлаагүй. Гэрээслэл болон өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг анхан шатны шүүхээс хүчингүй болгосон. Д.Эт нь шүүхийн хэлэлцүүлэг дээр өөрийн хийсэн нотариатын үйлдлээ 100 хувь эсрэгээр нь ярьж байрыг бүхэлд нь гэрээсэлж өвлүүлэх үйлдлийг хийж баталгаажуулчихаад зөвхөн С.Лх гуайд оногдох 20 хувийг баталгаажуулсан гэж гэрээслэлд огт дурьдаагүй зүйлийг ярьсан нь өөрийн баталгаажуулсан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нөхцлийг бүрдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 10.1-т заасан хуулийн хариуцлага хүлээх нөхцлийг өөртөө бүрдүүлсэн гэж үзэхэд хүргэж байна. Дорнод аймгийн улсын бүртгэлийн байцаагч Ганзориг нь Д.Э нартай хуйвалдаж бичиг баримтыг нь шалгаж нягталж үзэлгүй хуурамч бичиг баримт бүрдүүлж бүлэглэн шинээр ордер гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн 23.4, 21.1, 23.2-т заасан үйлдлүүдийг хийсэн байх тул анхан шатанд буцаасны дараа хэргийг түдгэлзүүлж шалгуулах шаардлагатай байна. Дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэсний дараа иргэний хэргийг сэргээж шийдвэрлэх нь хуульд заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй шийдэл болно гэж үзэж байна. Мөн Иргэний хуулинд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн хүмүүс уг үл хөдлөх хөрөнгийг авах тухай заалт байхгүй байхад шүүхийн практикт нэр нь бичигдсэн хүн өмчилнө гэж шийдвэрлэдэг нь буруу төдийгүй гэрээслэл өвийн асуудлыг иргэний хуулинд тодорхой заагаад өгчихсөн, Иргэний хуулийн 515.4 зааснаар хуулийг хэрэглэх цаг нь болсон. Иргэний хуулийн 515.4-т заасан заалт нь хуулинд баталгаажаад ороод ирсэн байхад уг заалтыг хэрэглэхгүй жинхэнэ эзэмшигч, өмчлөгчдийг хохироож хөнгөн хуумгай аргаар амьдрах гэсэн хүмүүсийн шунал, хүсэл зоригийг гүйцэлдүүлэх боломж олгож байгаа нь шудрага үнэнд нийцэхгүй, хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэхэд хүргэж байна. Үүнийг анхаарч үзнэ үү. Мөн өмгөөлөгч миний бие нь давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан дүгнэлтүүдийг зөвшөөрөхгүй байна. Үүнд давж заалдах шатны шүүхээс хэргийг түдгэлзүүлж өгөөч гэсэн гомдол гаргаагүй. Анхан шатны шүүхэд буцаах үндэслэлүүдийг дурьдаад анхан шатанд буцааж өгөөч гэж гомдол гаргасан байхад гурван шүүгч давж заалдах гомдлын минь утга агуулгыг ойлгоогүй давах шатанд хэргийг түдгэлзүүлж өгөөч гэсэн гомдол гаргасан мэтээр хуулийг буруу тайлбарлаж хууль буруу хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхэд нэг ч нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шинээр нотлох баримт гаргаж өгсөн мэтээр миний бичсэн гомдолд дурьдаагүй байхгүй зүйлийг дурьдаж давах шат болон хяналтын шатанд шинээр нотлох баримт гаргадаггүй гэж буруутгаж тайлбарласнаас харахад давж заалдсан гомдлыг маань бүрэн дүүрэн судлаж үзээгүй буруу тайлбар хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн байх, бүх талаас нь бодитой үнэлж дүгнэж эргэлзээгүй байх ёстой гэсэн заалтыг зөрчсөн тул давж магадлалыг хүчингүйд тооцож анхан шатанд буцааж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167, 167.5, 172.2-т зааснаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Гаргасан гомдлын утга агуулгыг ойлгоогүй, судлаагүй, гаргаагүй гомдлыг гаргасан мэтээр буруу дүгнэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж гаргасан гомдлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Аын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх гэрээслэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа гэрээслэгчийн бус гэрлэгчийн процессын алдаагаар тайлбарлаж шийджээ. Иргэний хуулийн 198 зүйлийн зүйлийн 198.1, 198.2, 198.4, 198.6 дахь заалтыг үндэслэн гэрээслэлийг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэх ёстой. Шүүх иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөрчсөн. Талийгаач С.Лх нь 2000 оноос нас барах хүртэл хугацаанд Дорнод аймаг Хэрлэн сум 9-р баг 16-89 тоотод өвлөгч Л.Х, түүний нөхөр Ш.Чулуунбаатар, зээ хүү Ч.А, зээ охин Ч.Амарзаяа нар хамт амьдарч байсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт заагдсанаар өвлөгч Л.Х өвийг хүлээн авсан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь заалтанд заагдсанаар нэхэмжлэгч нар өв хүлээн авахаас татгалзсан. Талийгаач Л.Бо нь аав С.Лхтэй хамт амьдарч байгаад нас барсан учир Л.Богийн өв залгамжлагч нь С.Лх, С.Лх гуайн өв залгамжлагч нь Л.Х болох ба нэхэмжлэгч нарт Л.Бо, Л.Хгийн өв хамаарал байхгүй болно. Анхан шатны шүүх тогтоох хэсгийн 2 дахь заалтандаа Иргэний хуулийн 528.1, 528.2 дахь хэсгийг үндэслэн Л.Богийн 20%-ийг нэхэмжлэгч нарт олгосон нь шүүгч Л.Бо хэнтэй хамт амьдарч байгаад нас барсныг мэдээгүй, эсхүл хуулийн заалтыг ойлгоогүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар Ч.А, Л.Х, Д.Эт нарт  холбогдуулан

-С.Лхгийн гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар гэрээслэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

-Ч.А, Л.Х нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулж, 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар болон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах, 

Мөн Ч.А, Л.Х нарт холбогдуулан

-Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар Л.Богийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, орон сууцны Л.Бод ногдох 20 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Л.Х, Л.Су нар нь С.Лхгийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгож, орон сууцны С.Лхд ногдох 20 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох,

-Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг гаргуулж,  нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг даалгуулах,

-орон сууцыг 2015 оны 8 сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд нийт 28 сар бусдад хөлслүүлж олсон ашгийн 80 хувь буюу 3.360.000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлүүдийг,

Хариуцагч Ч.А, Д.Э, Б.Энхсаран, Б.Б нарт холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч нар үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлийг тус тус зөвшөөрөөгүй маргаж, зохигч мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд хариуцагч нарын өмгөөлөгчийн болон хариуцагч Ч.Аын гомдлыг зарим хэсгийг хангаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

1. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн агуулгыг зөв, оновчтой тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүх зөвтгөөгүй, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй тул уг алдааг залруулах нь зүйтэй байна.

Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар өөрсдийгөө нас барагч Л.Богийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, Л.Х, Л.Су нарыг нас барагч С.Лхгийн хууль ёсны өвлөгч болохыг тус тус тогтоолгохыг хүссэн байх ба шүүх эдгээрийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Учир нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан гэж үзэх нэг нөхцөл, улмаар холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх үндэслэл болно.  Нэхэмжлэгч нарын “хууль ёсны өв залгамжлагчаар тогтоолгох” гэсэн нь өвлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагын үндэслэл болж байгааг хоёр шатны шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ.

Л.Бо 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, түүний эцэг С.Лх 2005 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан байна.

Нэхэмжлэгч Д.Э нь Л.Ботэй 1986 онд хууль ёсоор гэрлэж, тэдний дундаас 2 охин Б.Э, Б.Б нар төржээ.

С.Лхгийн эхнэр 1971 онд нас барсан, тэд 5 хүүхэдтэй байснаас 3 нь нас  барсан байна.

Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх нь нэгдүгээр ээлжийн хууль ёсны өв залгамжлагч болно.

Иймээс эхнэр Д.Э, охин Б.Э, Б.Б нар нас барагч Л.Богийн, охин Л.Х, Л.Су нар нас барагч С.Лхгийн нэгдүгээр ээлжийн хууль ёсны өв залгамжлагчид, үүнд хэн ч маргаагүй, зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь өв залгамжлагчдын асуудлаар бус өвлөгдөх хөрөнгийн маргаан байх тул хууль ёсны өв залгамжлагчаар шүүх тогтоох шаардлагагүй юм.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх С.Лхгийн гэрээслэлийн агуулгыг, уг гэрээслэл болон гэрээслэлийг үндэслэн Ч.Аод олгосон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Харин Л.Хд олгосон өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон тухайн гэрчилгээг хүчингүй болгох шаардлагын талаар, түүнчлэн өвийг хүлээн авах, өвлөгдөх хөрөнгийн хэмжээг тогтоох, өвийг хуваах зохигчийн маргааныг шийдвэрлэхдээ Нотариатын тухай хууль, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг бүрэн хэрэглээгүйгээс шүүхийн зарим дүгнэлт хуульд нийцээгүйг залруулах нь зүйтэй гэж үзлээ.

2.1 Маргааны зүйл болж буй Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот 29 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууц нь 1986 онд С.Лхгийн эзэмшилд бүртгэгдэж, улмаар Дорнод аймгийн орон сууц хувьчлах товчооны шийдвэрээр 1998 онд хувьчлагдаж, С.Лх, Л.Бо, Д.Э, Б.Э, Б.Б нарын өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ эдгээр 5 хүний нэр дээр олгогджээ. Иймээс орон сууцыг дээрх 5 хүний хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх бөгөөд өвлөгдөх хөрөнгийн хэмжээ нь нас барагч С.Лх, Л.Бо нарт ногдох хэсгээс тооцогдоно.

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3.-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үздэг бол бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсанд тооцно. Харин дээрх хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэх үндэслэл болдог байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх, орон сууцны Л.Бод ногдох 20 хувийг Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар өвлөх эрхтэй гэж дүгнэхдээ зөвхөн хаягийн бүртгэлийг үндэслэж, тэднийг уг байранд нас барагчтай хамт амьдарч байсан гэж үзсэн нь үндэслэлтэй болж чадаагүйгээс гадна, Л.Бог нас барах үед түүнтэй түүний эцэг С.Лх хамт амьдарч байсан нөхцөл байдал, өвлөх эрхийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Л.Бог нас барах үед түүний эхнэр Д.Э нар гэрлэлтээ цуцлуулаагүй боловч тусдаа амьдарч байсан, охин Б.Э, Б.Б нар мөн хамт амьдраагүй нь  хариуцагч нарын тайлбар, хэргийн үйл баримт, Д.Эын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдснаар тогтоогдсон, тэд Л.Богийн өвийг хүлээн авах талаар эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаагүй байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй, өвийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д зааснаар хүлээн авсан гэж үзсэн нь алдаатай байна. Түүнчлэн тэд Л.Бо нас барж өв нээгдснээс хойш өвлөх эд хөрөнгийг эзэмдэн авах, эрхлэн удирдах үйлдэл гаргаагүй, 13 жилийн хугацаанд нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргаагүй байна. Иймд Д.Э, Б.Э, Б.Б нар өвөөс татгалзсан гэж  үзнэ.

Дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдсон тул Л.Богийн өвийг түүнтэй хамт амьдарч байсан эцэг С.Лх хүлээн авсан гэж үзэх нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д нийцэх ба С.Лх нас барснаар түүний охин Л.Хд /охин Л.Су өвөөс татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хэргийн баримтад авагдсан/ орон сууцны 40 хувийг өвлөх эрх үүсчээ. Эдгээр нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар Л.Богийн өвийг шаардах эрхгүй байна. Иймээс орон сууцны Л.Бод ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

2.2 С.Лх нь нас барахаасаа өмнө 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Л.Х, Ч.А нарт ...66 тоот орон сууцыг гэрээсэлсэн, уг гэрээслэлийг нотариатч Д.Эт гэрчилж, улмаар уг гэрээслэлийн үндсэн дээр Ч.Аод 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 12 дугаар, Л.Хд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 74 дугаар өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нь тогтоогджээ. /1-р хх-ийн 164-167-р тал/

Тухайн гэрээслэл, уг гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл, гэрээслэлийг үндэслэн Ч.А, Л.Х нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь өмчлөх болоод өвлөх эрхийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э, Б.Энхсаран, Б.Б нар хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд гэрээслэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нотариатын тухай хууль, нотариатын үйлдэл хийх холбогдох заавар, журмыг зөрчсөн гэж үзэж нотариатын үйлдэл болон 01 тоот гэрээслэл, Ч.Аод олгосон 12 тоот өв залгамжлалын гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг шүүх хангасан нь зөв болжээ. Харин Л.Хд 74 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон уг гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгч нарын шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай, зөрчилтэй болжээ.

Нотариатч буюу хариуцагч Д.Эт нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, тайлбар гаргахдаа, “...орон сууцны С.Лхд ногдох хэсгийг түүний хүсэлтээр Ч.А, Л.Х нарт гэрээсэлснийг гэрчилсэн” гэж тайлбарласан боловч, уг гэрээслэлд  С.Лх орон сууцны өөрт ногдох хэсэг бус орон сууцыг бүхэлд нь гэрээсэлсэн агуулга илэрхийлэгджээ.

Нотариатч гэрээслэлийг гэрчлэх үйлдэл хийхдээ тухайн гэрээслэл үйлдэж буй этгээдийн хүсэл зориг нь бодит байдалд нийцэж байгаа эсэхийг хянаж үйлдэл хийх боломжгүй нөхцөл байдал тогтоогдвол нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүрэгтэй болно.

Улсын бүртгэлийг үнэн зөвд тооцохыг Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д заасан бөгөөд маргааны зүйл болсон орон сууц нь зөвхөн нэг хүний буюу С.Лхгийн өмчлөлд биш, 5 өмчлөгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байхад  уг эд хөрөнгийг бүхэлд нь гэрээслэх боломжгүй, улмаар гэрээслэлийг гэрчлэх үйлдэл хийх, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэлгүй юм. Иймд уг гэрээслэл, хүчин төгөлдөр бус гэрээслэлд үндэслэн хийсэн бүх үйлдэл хүчин төгөлдөр бус байх тул Л.Хд 74 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосон нотариатын үйлдэл болон уг гэрчилгээг хүчингүй болгох нь хуульд нийцнэ. Харин энэ талаар нэхэмжлэгч нар гомдол гаргаагүй хэдий ч шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэн дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн энэхүү дүгнэлт нь хариуцагч Л.Хгийн өөрийн эцгийн өвийг гэрээслэлээр бус, хуульд зааснаар өвлөхөд саад болоогүйг мөн дурдав.

2.3 Маргааны зүйл болж буй үл хөдлөх эд хөрөнгө 5 өмчлөгчтэй байсан ба тэдгээрийн хоёр нь нас барсан, гурван өмчлөгч нь энэ хэргийн нэхэмжлэгч болж, хариуцагч Л.Х 40 хувийн өв залгамжлалаар өмчлөх эрхтэй болсон, зохигч орон сууцыг хэн эзэмших талаар маргаж буй тул эзэмших этгээдийг тодорхойлох шаардлагатай. С.Лхг нас барсан 2005 оноос хойш орон сууцыг Ч.А, Л.Х нар эзэмшиж, ашиглаж байгааг харгалзан орон сууцыг Л.Хд, орон сууцны үнэлгээг үндэслэн Л.Хгээс нийт 18.874.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.6, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг зөрчихгүй байна.

2.4 Нэгэнт орон сууцыг хариуцагч Л.Хд үлдээж шийдвэрлэсэн учир   хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

2.5 Хоёр шатны шүүх хариуцагч нар орон сууцыг бусдад хөлслүүлж ашиг олж байсан гэх үндэслэлээ нэхэмжлэгч нар нотлоогүй гэж үзэн олсон ашгаас 3.360.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч шүүх шаардлага гаргах эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэг гэж тодорхойлсон нь оновчтой болоогүй байна. Иймээс энэ шаардлагыг шийдвэрлэсэн шийдэлд хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн  үндэслэл, шаардлага нь хариуцагч нарыг дундын хөрөнгийг дангаар ашиглаж ашиг олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгатай байна.

2.6 Хариуцагч Ч.А нь нас барагч С.Лхгийн зээ хүү мөн боловч гэрээслэл хүчин төгөлдөр бус байгаагаас өвөг эцгийн орон сууцны ногдох хэсгээс өвлөх үндэслэлгүй, хуульд зааснаар тэргүүн ээлжинд нас барагчийн охин Л.Х өвлөх эрхтэй гэж үзсэн учир орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох хариуцагч Ч.Аын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлоос “...орон сууцыг хувьчлахаас өмнөх болон хувьчилж 5 хүний өмчлөлд бүртгэсэн үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй, ...хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах” гэх энэ хэсэгт шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй учир нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь өв залгамжлалын болон хамтран өмчлөх эрхтэй эсэх тухай тул энэ хүрээнд шүүх дүгнэлт хийсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 201/МА2019/00011 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 138/ШШ2019/00205 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг /1997 оны/, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт /2011 оны/ зааснаар Д.Э, Б.Э, Б.Б нарын Л.Х, Ч.А, Д.Эт нарт холбогдуулан гаргасан С.Лхгийн 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот гэрээслэлийг гэрчилсэн  болон Ч.А, Л.Х нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлүүдийг тус тус хүчингүй болгож, С.Лхгийн гэрээслэл, Ч.Аод олгосон 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ,  Л.Хд олгосон 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 74 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот орон сууцны Л.Бод оногдох 20 хувийг нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нар өвлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх  хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг хариуцагч Л.Хгийн эзэмшилд үлдээж, Л.Хгээс 18.874.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарт олгож, хариуцагч Ч.Аын орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.А, Л.Х нарын хууль бус эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 1 дүгээр байрны 66 тоот орон сууцыг чөлөөлүүлж, нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгах болон хариуцагч нараас 3.360.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.Э, Б.Э, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтыг нэгтгэн, 5 дахь заалт болгон “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөг, хариуцагч Ч.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгөөс 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 212.750 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Ч.Аод олгож, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 136.760 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.Хгээс 252.321 төгрөг, хариуцагч Д.Этгаас 70.200 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж,

            тогтоох хэсгийн 7 дахь заалтыг 6 гэж, 8 дахь заалтыг 7 гэж, 9 дэх заалтыг 8 гэж дугаарлан тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Л.Х, Ч.А нар нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ