Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0594

 

 

         Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: У.С. 

         Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Э.

        Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Э-ийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.С намайг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М, нэхэмжлэгч У.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч Э.Э нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч У.С шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “...Улсын бүртгэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:

      20.1.14. хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан.

   Учир нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, тэдгээрийн өв залгамжлагч нарт холбогдуулж “ Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1,2 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, компанийн 19.98 хувийн хувьцааг Д.Д болон Б.Н нарын хооронд байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Д-д шилжүүлэн 7.27 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг тус тус Д.Д-ын нэр дээр бүртгэж, дүрэмд өөрчлөлт оруулахыг компанийн хувьцаа эзэмшигч нарт даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан гэдгийг үндэслэсэн.

      Гэтэл тус хэрэг нь зөвхөн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбоотой маргаан бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасны дагуу мэдэгдээгүй буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасан хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн гэдэг хуулийн шаардлагын хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй байхад зөвхөн Д.Д-ын 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, түүнд хавсарган өгсөн баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

        Д.Д-аас компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хурал болоод түүнээс гарсан тогтоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлага огт гаргаагүй бөгөөд “ М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын улсын бүртгэлд бүртгэж болохгүй ямар нэгэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй болно.

       Түүнчлэн манай компанийн захирлын албан тушаалыг эрхэлж байсан Д.Д 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын ажлыг шинэ захиралд хүлээлгэн өгч, тамга тэмдгээ өгсөн байгааг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Хувьцаа эзэмшигч Д.Днь одоогийн байдлаар компанийн дэд захиралд томилогдохоос гадна хууль тогтоомжийн дагуу ногдол ашгаа хүртээд явж байна.

     Гүйцэтгэх захирал солигдсонтой холбоотойгоор банкны мэдээлэлд өөрчлөлт оруулж компанийн 1 дүгээр гарын үсгийг өөрчлүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банканд хандахад тус банкнаас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 7-499/1108 тоот албан бичгээр шинээр томилогдсон захирлыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, компанийн гэрчилгээнд бичилт хийгдсэн тохиолдолд холбогдох өөрчлөлт, бүртгэлийг хийх боломжтой гэх хариу ирүүлсэн.

          Ийнхүү гүйцэтгэх удирдлагыг бүртгээгүйгээс үүдэн тус компанийн 100 гаруй ажилчид цалингаа авч чадахгүй, харилцагч байгууллагуудад өгөх төлбөр тооцоогоо төлөх боломжгүй зэрэг компанийн өдөр тутмын үйл ажиллагаа хийгдэх боломжгүй болж компанид ихээхэн хохиролтой нөхцөл байдал бий болоод байна.

        Улсын бүртгэлийн ерөнхий газраас ийм илэрхий нөхцөл байдлыг буруугаар ойлгож, үндэслэлгүй шийдвэр гаргаж, компани тус компанийн ажилчид болон миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж байгаад гомдолтой байна.

          Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Эийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.С намайг улсын бүртгэлд бүртгэхийг даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “М” ХХК нь 1991 оны 11 сарын 06-ны өдөр 13 гишүүнтэйгээр үүсэн байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдөөд 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр компанийн шинэчилсэн дүрэм баталсан. Уг дүрэм одоо мөрдөгддөг. Манай компани нь гадаад худалдаа, худалдааны зуучлал, олон улсын тээвэр зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор 30 гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар тус компани нь нийт 100 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлаар У.С-ыг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэж, мөн өдрийн 6 дугаар тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон. Томилсон шийдвэрээ бүртгүүлэхээр  2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд хандсан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 5 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэрээр шинэчилсэн дүрэм болон гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Уг хариунд нь гомдол гаргаад Улсын бүртгэлийн ерөнхий газраас 6 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэгчийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн. Эдгээрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан.  Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “...улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гээд уг хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “...хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн, хянан шийдвэрлэгдэх ажиллагаа хийгдэж байгаа, эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх” гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан. Учир нь “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа” гэх үндэслэлийг хэлдэг. Гэтэл тус хэрэгт Н.Д-ын нэхэмжлэлтэй хэрэг нь хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй холбоотой буюу нотлох баримтаар өгсөн 3 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал түүнээс гарсан тогтоол шийдвэртэй маргаж байгаа. Харин У.С-ыг бүртгэсэн 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралтай холбоотой ямар ч гомдол нэхэмжлэл байхгүй. Гэтэл дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д заасан үндэслэлээр бүртгэхээс татгалзаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.  Мөн бүртгэхээс татгалзсан шийдвэртээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасныг дурдаж өгсөн байдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар бүрдүүлж өгсөн баримт бичигт хуурамч эсвэл дутуу зүйл байхгүй. Улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу бүрдүүлэх ёстой баримтуудаа бүрдүүлээд гүйцэтгэх удирдлагаа бүртгүүлэх баримтуудаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр өгсөн. Манай зүгээс бүрдүүлж өгсөн баримт бичигт дутуу зүйл байхгүй. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасныг үндэслэх нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд улсын бүртгэгчийн шийдвэр хууль бус гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал томилохгүй байгаатай холбоотойгоор компани дээр асуудал үүсэж байгаа. Учир нь банкны гүйлгээ хийхэд компанийн удирдлага захирлын гарын үсэг шаарддаг. Одоо компани орлого, зарлага гаргах, үйл ажиллагаа явуулах гэхэд компанийн захирал гүйцэтгэх удирдлага байхгүй байгаа. Нөхцөл байдал ийм байгаа учир гүйцэтгэх удирдлагыг зайлшгүй томилох шаардлагатай байна. Мөн хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл энэ нөхцөл байдалд тогтоогдохгүй байгаа учир У.С-ыг гүйцэтгэх удирдлагаар бүртгэж шийдэх нь хууль тогтоомжид нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв. 

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “2010 оноос хойш маргаантай байгаа олон асуудал байдаг. Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэж байсан, иргэний хэргийн шүүхээр 4 удаа шийдүүлсэн хэрэг юм. Гол учир нь улсын бүртгэлийн байгууллагад өргөдөл гаргаж хандсан н.Д нь 19.98 хувийн хувьцааг эзэмших ёстой гэж нэхэмжлэл гаргадаг. Уг нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ н.Д-ыг дангаараа эзэмших ёсгүй бусад хувьцаа эзэмшигчидтэйгээ хувь тэнцүү эзэмших ёстой гэж шийдсэн байдаг. Иргэний шүүхээс гурван удаа 19.98 хувийн хувьцааг нь бусад хувьцаа эзэмшигчдэд нь хуваарилж шийдсэн. Хувьцаа эзэмшигчид нь хуралдаад дүрмээ  баталчихаар н.Д нь хурал буруу болсон, хурлын шийдвэрийг нь зөвшөөрөхгүй гэж иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад байдаг. Одоо нэхэмжлэл гаргасан У.С болон бусад хувьцаа эзэмшигчид компанийн үйл ажиллагаа хэцүүдлээ, олон хүний өмнө үүрэг хүлээсэн компани шүү дээ гэж хэлсэн. Хөрөнгө санхүүгийн хувьд муудаж байна. Иймд асуудлаа шийдвэрлэе нас барсан хувьцаа эзэмшигчдийн хүүхдүүдийн өв залгамжлалын гэрчилгээ нь авагдсан учир хувьцаа эзэмшигчээрээ бүртгүүлье гээд чадалгүй сүүлийн арван жил болж байна.  н.Д нь 19.98 хувийн хувьцааг өөрийн нэр дээр хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гараагүй байхад улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Одоогоор хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотой маргаан иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэл нь шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх шатандаа явж байгаа гэж байгаа.  Шүүхээс шийдвэр гараад хувьцаагаа хуваарилаад хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийчихээр хурлын шийдвэртэй санал нийлэхгүй байна гээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Гүйцэтгэх удирдлагыг бүртгэж болохгүй гэсэн өргөдөл өгсөн байгаа. Улсын бүртгэлийн хууль, Компанийн тухай хууль хоёрын зааг ялгаатай байдал уялдаж нийцэх торгон цэгүүд дээр авч үзвэл гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэснээр хэн нэгний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Компанийн гүйцэтгэх удирдлага байхгүй байна гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаа нь явагдахгүй. Гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэснээр компанийн хувьцаа болон хүмүүсийн эзэмшиж байгаа хувьцааны хэмжээнд огт өөрчлөлт орохгүй. Гүйцэтгэх удирдлагын асуудал шийдвэрлэгдэх нь компанийн дотоод асуудал, бусад өв залгамжлагчдын эрх хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах, нэг хүний маргаад байгаа асуудлаас салах хуулийн гаргалгаа юм. Энэ асуудлыг бүртгэлийн байгууллага цаад учрыг нь ойлгоосой гэж хүсэж байна. Мөн нэхэмжлэгч талаас бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэлээс татгалзахаар нь урьдчилан шийдвэрлэх журмын дагуу гомдлоо гаргаад шийдвэрлэчихсэн.  Шүүхийн харьяаллын хувьд маргаан байхгүй. Мөн бүртгэгч нь гурван хуулийн заалт барьж бүртгэхээс татгалзаж байгаа юм байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасныг бүтээлчээр хандаж задлан шинжилгээ хийх ёстой. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д зааснаар “...улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж байгаа нь үнэн ч уг заалтад байгаа хориглолтод орох үйл баримт хууль зүйн факс байхгүй. Харин компани эзэнтэй болсноор компанийн үйл ажиллагаа хууль ёсны болох юм. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж хариуцагч ярьсан.  Бидний бүртгүүлэхээр өгсөн баримт бичгийн бүрдэлд дутуу зүйл байхгүй. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байгаа үндэслэлдээ бүрдэл дутуу гэх асуудал дурдаагүй байсан. Гүйцэтгэх захирал томилсон хуралд 11 хувьцаа эзэмшигч буюу н.Д-аас бусад нь ирсэн. Гүйцэтгэх удирдлагыг томилсон уг хурлын ирц нь 81.8 хувьтай байсан. Компанийн хуульд эсрэг саналтай хүн байхыг зөвшөөрдөггүй ч олонхоороо шийдсэн байх учир бүрдэл дутуу гэх үндэслэлгүй юм. Үүсгэн байгуулах баримт бичиг, энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй зүйл байхгүй. Гүйцэтгэх удирдлагаар томилсон шийдвэрийг хүлээн авах боломжит бүх зүйл нь байгаа. Мөн хавтаст хэргийг эргүүлээд үзэхэд энэ компани дүрмээ шинэчилж чадахгүй байгаа нь харагдлаа. Компанийн засаглалын талаар өөрсдөө асуудлаа шийдсэн байхад ядаж л гүйцэтгэх удирдлагыг нь улсын бүртгэлд бүртгэх ёстой юм. Хувьцаа эзэмшигчдийн хурал гэх мэт маргаантай асуудал шүүхээр шийдэгдээд ирэх байх. Нэхэмжлэгч компанийн хувьд түүх нь ийм байгаа учир хуулийг ном журмаар нь бүтээлчээр хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэл болон тодруулан гаргаж ирсэн баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна” гэв. 

       Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:        “...“М” ХХК-иас гаргасан “Улсын бүртгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот “ Бүртгэхээс татгалзах тухай шийдвэр”-ийг хүчингүй болгуулах, тус компанийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, У.С-ыг гүйцэтгэх удирдлагаар бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ... өдөр гардаж аваад дараах тайлбарыг хүргүүлж байна.

        “М” ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар 11 хувьцаа эзэмшигч бүртгэлтэй байна. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн нэг болох Д.Д-аас 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандан “ тус компанийн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд компанийн нас барсан 6 хувьцаа эзэмшигчдийн хүүхдийн өв залгамжлалын журмаар оролцсон бөгөөд компанийн дүрмийн шинэчлэн баталсан нь хууль бус болсон тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Иймд тус маргаан эцэслэн шийдэгдэх хүртэл компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, тухайн тайлбараа нотолсон Хан-Уул дүүргийн шүүгчийн 183/ШТ2020/0019 дугаартай тогтоолыг ирүүлсэн байдаг. Мөн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүгчийн 183/ШЗ2020/0******* дугаартай захирамжийг ирүүлсэн байдаг.           

       Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-т “Хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглосон байдаг.         

         Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4-т “үнэн зөв, бодитой... байх”, 4.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэн..” гэж заасан.

         Тухайн тохиолдолд “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар хэн хэн байх, хэн хэдэн хувийн хувьцаа эзэмших асуудал маргаантай, тухайн маргаан хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад уг бүрэлдэхүүнээр хуралдаж шийдвэрлэсэн шийдвэрийн улсын бүртгэлд бүртгэх нь “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй юм.           

      Түүнчлэн “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн маргааны талаарх мэдээллийг хувьцаа эзэмшигчээс холбогдох нотлох баримтын хамт мэдэгдсэн буюу “ маргаан үүсэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа” үйл баримтыг мэдсээр байж бүртгэл хийх нь “бүртгэлийн үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх” зарчимтай зөрчилдөхөд хүргэнэ.

        Иймд “М” ХХК-ийн 2020 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас гүйцэтгэх удирдлагаар У.С томилсныг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

    Тухайн хуулийн этгээд иргэний журмаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх удирдлагын талаарх өөрчлөлт бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргах эрхтэй болно” гэжээ.

        Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар 5 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компани нь “...шинэчилсэн дүрэм бүртгүүлэх, гүйцэтгэх захирал бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байдаг. Уг материалтай танилцах явцад  5 сарын 23 өдөр хувьцаа эзэмшигч н.Д-аас өргөдөл, өргөдөлд хавсаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хавсарган ирүүлсэн. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар гүйцэтгэх удирдлага томилоход Хувьцаа эзэмшигчид нь хэдэн хувь эзэмших талаар маргаан үүсчхээд байхад Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа гүйцэтгэх удирдлагаа томилсон нь хуульд нийцэхгүй гэж үзсэн. Мөн би хүлээж аваагүй үндэслэлдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д дэх хэсгийг биш 18.1.2-т заасныг баримталсан. Дээрх заалтын үндэслэлд хуурамч бичиг баримт гэсэн зүйл байхгүй байгаа. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “...улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирсэн баримт бичгийн бүрдэл дутуу” гэх үндэслэл байдаг. Уг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-т “...үүсгэн байгуулах баримт  бичиг нь энэ хууль болон бусад хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангахгүй” гэсэн байдаг. Иймд улсын бүртгэлд бүртгэхээр татгалзсан үндэслэлийг аваад Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хандсан байдаг. Хяналт шалгалтын газраас улсын бүртгэгчийн гаргасан шийдвэр хуульд нийцэж байна гэсэн хариу өгсөн. Хувьцаа эзэмшигчид нь хоорондоо маргаантай маргаан нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байгааг мэдсээр байж улсын бүртгэлд бүртгэх нь “улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд” нийцэхгүй байн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.  

ҮНДЭСЛЭХ НЬ;

        Нэхэмжлэгч У.С Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Эийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.С намайг улсын бүртгэлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

      Тэрээр улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасныг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр сонгогдсон компанийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэхээс татгалзсан нь хууль бус гэж, хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т зааснаар ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу, үүсгэн байгуулах баримт бичиг хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй байхад бүртгэх боломжгүй гэж тус тус маргажээ.

          Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          “М” ХХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан гадаад худалдаа, худалдааны зуучлал, олон улсын тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхлэн үйл ажиллагаа явуулдаг байна.

         Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хурлаар У.С-ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилж, 05 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхээр бүртгэлийн байгууллагад ханджээ.

          Үүний сацуу тус компанийн хувьцаа эзэмшигч Д.Д 2020 оны 05 дугаар сарын 23, 06 дугаар сарын 03-ны өдрүүдэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт хандаж “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 тоот тогтоолуудыг бүртгэхгүй байхыг хүсэж өргөдөл гаргажээ.

      Харин хариуцагч улсын байцаагч хувьцаа эзэмшигч Д.Д-ын гаргасан өргөдөл түүнд хавсарган ирүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар 183/ШТ2020/00219 дугаар “Гомдол хянан шийдвэрлэх тухай” тогтоолыг татгалзсан шийдвэрийнхээ үндэслэл болгосон бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.14, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэж тайлбарлаж байна.

           Шүүх хариуцагчийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 200522022 дугаар шийдвэр хууль бус гэж дүгнэлээ.

        Учир нь компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан хүсэлтэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны А/******* дугаар тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл (УБ-05 маягт), “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай” 001/122 тоот хүсэлт, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын хөлсөөр ажиллах гэрээ, хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн гүйцэтгэх захирал томилсон 06 тоот тогтоол, мөн өдрийн хурлын тэмдэглэл, компанийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг хавсарган хүргүүлсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

         Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;”, 18.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

        Нэхэмжлэгч бүртгэлийн байгууллагад хандаж гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандсан байхад хуулийн 18.1.2-т заасан үүсгэн байгуулах баримт бичиг шаардлага хангаагүй гэж, түүнчлэн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан холбогдох баримт материалыг бүрэн ирүүлсэн байхад  хуулийн 18.1.1-д заасан бүрдэл дутуу гэж үзэж татгалзсан нь хууль бус бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд энэ хуулийн 22.1-д зааснаас бусад бичиг баримт шаардахгүй гэсэнтэй нийцээгүй байна.

         Өөрөөр хэлбэл компанийн гүйцэтгэх удирдлагын өөрчлөлтийг бүртгэхэд хангалттай материалаа ирүүлсэн байхад хувьцаа эзэмшигч Д.Д-ын иргэний хэргийн шүүхэд хандсан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн тогтоолыг үндэслэн баримт бичгийн бүрдэл дутуу, хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

         “М” ХХК нь Компанийн хувь нийлүүлэгчдийн 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлаар баталсан “Олон улсын тээвэр үйлчилгээний “М” ХХК-ийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлж одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд уг дүрмийн 4.1-д “Компанийн эрх барих дээд  байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна.”, 4.2-т “хувь нийлүүлэгчдийн хурал нь ээлжит ба ээлжит бус байна.”, 4.4-д “ээлжит бус хурлыг саналын эрхийн 20-иос доошгүй хувь эзэмшигч, хувь нийлүүлэгч, ТУЗ, гүйцэтгэх захирал хэдийд ч зарлан хуралдуулах эрх эдэлнэ.Төлөөлөн удирдах зөвлөл ээлжит бус хурал хуралдуулах шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор багтаан хурлыг хуралдуулна.”, түүнчлэн дүрмийн гүйцэтгэх удирдлага ”В”-ийн 1-д “Хувь нийлүүлэгчдийн хурлаар томилогдож, түүний бүрэн эрхийн хугацааг тогтоон түүнтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа, эрх үүргийн хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдана.” гэж зохицуулсны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаан зарлаж хувьцаа эзэмшигчдийн 81.8%-ийн ирцтэйгээр хуралдаж хувьцаа эзэмшигч У.С-ыг компанийн гүйцэтгэх захирлаар томилсон 06 тоот тогтоолыг гаргажээ.

       “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн энэхүү хуралдаан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”, 60 дугаар зүйлийн 60.1-д “Төлөөлөн удирдах зөвлөл......хурлыг хуралдуулах шийдвэр гаргана.”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Дараах асуудлыг зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ:”, 62.1.15-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан бусад асуудал;” гэсэн зохицуулалтын хүрээнд хийгдсэн байх бөгөөд хувьцаа эзэмшигч Д.Д-ын компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хуваарилалт, компанийн дүрмийг шинэчлэн баталсан хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагаар иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа гэх үндэслэлээр бүртгэхгүй байх, ирүүлсэн материалыг бүрдэл дутуу, хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.

          Түүнчлэн тус компанийн тухайд хувьцаа эзэмшигчдийн хувьцааны болон гүйцэтгэх удирдлагын талаарх маргаан удаа дараа шүүхүүдээр хэлэлцэгдэн үргэлжилж энэ нь компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд нөлөөлдөг тухайлбал Банкин дахь хугацаатай хадгаламжаа сунгах боломжгүй болж, хугацаатай хадгаламжийн хүүгээс олох орлогоо алдсан, данснаасаа мөнгө зарцуулах боломжгүйн улмаас Гаалийн хяналтын бүс ажиллуулах эрхээ цуцлуулсан, ажилчдын цалин хөлс, газрын төлбөр, цахилгаан, дулаан интернетийн төлбөр хийгдээгүйгээс мэдээлэл авах, холбогдох бусад байгууллагуудтай харилцах, тээвэрлэлт зогсох хүртэл үйл ажиллагаанд доголдол гарч байгаа талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа шүүхэд ирүүлжээ.

       Өөрөөр хэлбэл компанийн эрх барих дээд байгууллага болох хувьцаа эзэмшигчдийн хурлын олонхийн (81.8% оролцсон) шийдвэрээр гүйцэтгэх удирдлагаа томилсон тогтоол холбогдох баримтуудыг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулах өөрчлөлтийг бүртгэхэд хуульд харшлах зүйлгүй гэж үзэхээр байна.

        Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Улсын бүртгэлийн хууль, Компанийн тухай хуулийн зааг ялгаатай байдал уялдаж нийцэх торгон цэгүүд дээр авч үзвэл гүйцэтгэх удирдлагыг улсын бүртгэлд бүртгүүлснээр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй, Компанийн гүйцэтгэх удирдлага байхгүй байна гэдэг бол өдөр тутмын үйл ажиллагаа явагдахгүй. Гүйцэтгэх удирдлагыг бүртгэлд бүртгэснээр компанийн хувьцааны хэмжээнд огт өөрчлөлт орохгүй. Гүйцэтгэх удирдлагын асуудал шийдвэрлэх нь компанийн дотоод асуудал....” гэх тайлбар үндэслэлтэй.

         Нөгөө талаар хувьцаа эзэмшигч Д.Д-ын тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 01, 02 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлээр иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсэн хянагдаж байгаа хэдий ч энэхүү маргаан нь компанийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэх нэхэмжлэлийн шаардлагатай шууд хамааралтай гэж үзэх боломжгүй.

       Учир нь дээрх 01 тоот тогтоол нь компанийн нэгж хувьцааг хуваах, 02 тоот тогтоол нь компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолууд байх бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлын 2020 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн  06 дугаар тогтоолоор компанийн гүйцэтгэх удирдлагыг томилохдоо компанийн 1999 оны дүрмийг баримталсан, гүйцэтгэх удирдлагыг бүртгэснээр компанийн хувьцааны хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

        Ийнхүү дүгнэхэд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14-д заасан хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглосон заалтад хамааралгүй үндэслэлээр бүртгэхээс татгалзсан, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна.”, 19.4.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох;” гэсэн хуулиар олгосон эрх, үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй байх тул улсын бүртгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж дүгнэв.

       Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн шийдвэрийг хүчингүй болгож, У.С-ыг компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

        1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч У.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн ******* дугаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар У.С-ыг бүртгэхийг хариуцагчид даалгасугай.

           2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Э-ээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР