Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0584

 

2015 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2015/0584

Улаанбаатар хот

 

Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч Н.Жавзмаа, түүний өмгөөлөгч Д.Оюунням, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлоор, Н.Жавзмаагийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Үлэг гүрвэлийн музей байгуулах тухай 11 дүгээр тогтоолоор уг музей байгуулагдаж, миний бие тухайн музейн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэн улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар музейн захирлаар томилогдсон. Гэтэл Соёл, спорт, аялал жуулчлалын сайд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаал гаргаж ямар ч үндэслэлгүй албан тушаалаас чөлөөлсөн нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл болсон. Уг тушаалын үндэслэлд ажлаас халах болсон ямар шалтгаан нөхцөл бий болсон тухай болон Төрийн албаны болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг огт баримтлаагүйгээс гадна намайг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэж буруу тодорхойлсон, ямар зөрчил гаргасны улмаас намайг халсан нь тодорхойгүй байна. Музейн захирлаар томилогдсон тушаалд түр орлон гүйцэтгэгч гэсэн үг, үсэг огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д зааснаар төрийн албан хаагч зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлснээс бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөгдөхгүй байх эрхтэй. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн төв музейн захирлын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Жавзмааг ажлаас чөлөөлж, Ч.Дариймааг томилсоныг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар тогтоолоор Соёл, спорт, аялал жуулчлалын яам нь татан буугдаж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам гэсэн яамдад чиг үүргийн дагуу шилжин бүтцийн өөрчлөлт орж Төрийн өмчийн хорооноос татан буулгах комисс байгуулагдан ажилласан. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт явуулалгүй иргэн Н.Жавзмааг түр томилсон байдаг. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1383 тоот өргөдлийн хариунаас харагдаж байна. Иргэн Н.Жавзмаагийн нэхэмжлэлд дурдсанаар Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалт зарлахад Н.Жавзмаа нь сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй тул Үлэг гүрвэлийн музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Жавзмааг чөлөөлж, сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн Ч.Дариймааг томилсон Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаал гарсан байдагИргэн Н.Жавзмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь биелүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.2.1, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгон Н.Жавзмааг өмнө ажиллаж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилохыг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Жавзмаагийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин хөлсийг өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор зохих журмын дагуу тооцон олгохыг тус тус Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо: ...2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн болон хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайтад Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явагдах тухай зар нийтлэгдсэн. Үүний дагуу миний бие баримт материалаа бүрдүүлж өгсөн ба намайг бүртгүүлж байхад Н.Жавзмаа мөн тэнд бүртгүүлээд явж байсан. Сонгон шалгаруулалт 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр явагдсан. Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд тус журамд зааснаар сорилгын шалгалтанд сонгон шалгаруулалтад оролцогчид бүгд оролцсон, нэхэмжлэгч Н.Жавзмаа ч оролцсон. Тус сорилгын шалгалтад миний бие ганцаараа тэнцсэн. Нэхэмжлэгч Н.Жавзмааг 2013 онд томилохдоо шинээр байгуулагдсан яам нь тулгамдаж байгаа ажлын шаардлагын дагуу түр томилохоор зарласан боловч сонгон шалгаруулалтаа явуулаагүй, зөвхөн Соёл, спорт, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын өргөтгөсөн хуралд оруулж томилсон бөгөөд Төрийн албаны салбар зөвлөл сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Соёл, спорт, аялал жуулчлалын /хуучнаар/ сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 тоот тушаал хууль зөрчиж гарсан гэдэг нь хуулийн зүйл заалтууд, тухайн үед Төрийн албаны зөвлөл, Авилгатай тэмцэх газраас ирүүлж байсан шаардлагуудаас харагдаж байгаа бөгөөд тус хэрэгт авагдсан 2 гэрчийн мэдүүлэгт тодорхой, дахин дахин дурдсан байхад гэрчийн мэдүүлгийг анхан шатны шүүх үл тоож зөвхөн нэхэмжлэгчийн талыг барьж шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүх хуралдааныг товыг урьдчилан мэдэгдэх ёстой атал мэдэгдэлгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Жавзмаагийн Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Н.Жавзмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ музейн захирлаар томилсон 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй, уг албан тушаалд томилогдохдоо сонгон шалгаруулалтанд орсон гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч музейн захирлыг түр томилсон байсан, уг орон тоон дээр Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт явуулсаны үндсэн дээр хамгийн өндөр оноо авсан Ч.Дариймааг захирлаар томилсон гэж маргасан.

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас /хуучин нэрээр/ 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Үндэсний шуудан өдөр тутмын сонины №22, мөн өдрийн Өдрийн сонин өдөр тутмын сонины №022, 023 дугаарт Үлэг гүрвэлийн төв музейн захирал буюу ерөнхий палеонтологичийн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байх ба нэхэмжлэгч Н.Жавзмаа дээрхи зарын дагуу бүртгүүлж, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтнууд ярилцлагын шалгалт явуулсны үндсэн дээр Н.Жавзмааг сонгож сайдын 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/48 дугаар тушаалаар Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд томилсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, түүнийг уг албан тушаалд түр томилоогүй талаар шүүх зөв дүгнэсэн байна.

Хариуцагч нь Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно гэж заасны дагуу Үлэг гүрвэлийн төв музейн захирлыг томилохдоо тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны салбар зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам-ын дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд захиалга өгч, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлсэн иргэдийн дундаас тухайн албан тушаалд томилох шийдвэр гаргах байжээ.

Гэтэл өөрсдөө сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчдээс ярилцлагын шалгалт авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад тэнцсэн Н.Жавзмааг Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалд томилсон байх ба хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлд сонгон шалгаруулалтад нэрээ дэвшүүлж, шалгалтад орж тэнцсэн Н.Жавзмааг буруутгах боломжгүй юм.

Үлэг гүрвэлийн төв музейн захирлын албан тушаалын сул орон тоо гараагүй байхад дахин сонгон шалгаруулалт зарлаж, уг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж Н.Жавзмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн маргаан бүхий захиргааны акт Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн, 4.2.5-д төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасныг тус тус зөрчсөн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Ч.Дариймаад шүүх хуралдааны товыг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д заасныг удирдлага болгосон атлаа нэхэмжлэгчийг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүх ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрыг гаргуулж шийдвэрлэхдээ цалин хөлстэй тэнцэх олговрыг үнийн дүнгээр тогтоогоогүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.6-д заасан хугацааг хэтрүүлсэн зөрчил тус тус гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 583 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Н.Жавзмааг 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасугай гэснийг Н.Жавзмааг Үлэг гүрвэлийн төв музейн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ч.Дариймаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ О.НОМУУЛИН