Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2328

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02956 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 721 429 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.М нь 2016 оны 11 сарын 07-ны өдөр манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20160528 тоот гэрээ байгуулан ............. дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан “Айфон 7” утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхлэсэн. Хариуцагч үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учир үйлчилгээг зогсоож, ярианы төлбөрийн үлдэгдэл 70 474.93 төгрөг, гар утасны төлбөрт 1 488 000 төгрөг, гар утасны төлбөрт тооцсон торгууль 650 988 төгрөг, нийт 2 209 429.88 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ төлбөрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 488 000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдсэн 721 429.88 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мобиком компаниас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хүүгийн хэрэглэдэг, миний нэр дээр байдаг ........... дугаар дээр “Айфон 7” утсыг лизингээр авсан. Тухайн үед Мобиком компаниас гэрээг танилцуулж, багц өөрчлөгдөж байгаа талаар тайлбарлаж өгөөгүй. Гэрээг хэвлэж гаргаж ирээд гарын үсэг зуруулсан. Маш олон очирлосон хэрэглэгч байдаг учраас хэрэглэгч гэрээг нэг бүрчлэн уншиж танилцах боломжгүй байдаг жишгийн дагуу би гэрээг сайн уншиж танилцалгүй 508 000 төгрөгийн урьдчилгаа төлж, тус утсыг авсан. Сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сарын сүүлээр төлбөрөө төлөх гээд мобикомын салбар дээр явж очиход хэрэглээний төлбөр маш өндөр гарсан байсан тул мобикомын төв салбар дээр очиж уулзахад хуучин сонгосон байсан мобизонь гэх 9 900 төгрөгийн багц нь Миний моби гэсэн багцаар солигдсон байсан. Мобизонь гэх багц нь сүлжээ харгалзахгүй 200 минут үнэгүй ярих, 100MB-н дата үнэгүй хэрэглэх эрхтэй байсан. Харин “миний моби” гэдэг багц нь зөвхөн мобигийн сүлжээн дотроо үнэгүй ярих, 24 900 төгрөгийн дата хэрэглэх эрхтэй багц байсан. Мобигийн сүлжээнээс бусад дугаар руу ярихад бусад хэрэглээнд тооцогдож нэмэлт хэрэглээгээр төлбөр гарахаар болсон байсан. Би .............. гэх скайтелын дугаартай, манай нөхөр 93131626 гэх жи-мобайлын дугаартай. Хүүхэд маань эх эцэг рүүгээ маш их ярьдаг. Гэхдээ мобизон багцын сүлжээ харгалзахгүй 200 минут нь сарын хэрэглээндээ болдог байсан. Гэтэл сүүлд солигдсон багцаар сүлжээ харгалзахгүй 200 минут ярьдаг эрх нь алга болсон. Харин сүлжээндээ 9 900 төгрөгийн багцаар үнэгүй ярих эрхтэй болсон,энэ эрхийг нь хэрэглэхгүй ч гэсэн төлбөрийг нь төлөхөөр болсон байсан. Харин өөр сүлжээ рүү ярьсан төлбөр нь нэмэлт хэрэглээ болж, сарын хэрэглээ өндөр гарсан байсан учраас би мобикомд хүсэлт гаргасан. Миний хэрэглэж байгаа багц хэрэглэгчид маш хохиролтой багц сонгосон байна. Би хүүхдээ интернет бага хэрэглэ, нүдний хараанд чинь муу гэх шаардлага тавьдаг учраас 24 900 төгрөгийн дата-г сардаа хэрэглэ гэж хэлж, шаардаж чадахгүй. Би өөрт ашигтай багцаар сольё гэх санал тавьсан боловч нэгэнт гэрээ хийсэн учраас багцыг солихгүй гэж хэлсэн. Би багц солиулах талаар удаа дараа хандаж байсан боловч шийдэж чадалгүй шинэ жил болж амарсан. Энэ хугацаанд би утасны төлбөрөө төлөх гэсэн боловч та багцын төлбөртэйгээ хамт төл гээд зөвшөөрөхгүй байсан. Би он гарсны дараа 1 сарын дундуур дахин мобиком дээр очиж, багц сольж өгөхгүй юм бол миний өөрийн дугаар руу ................ гэх дугаарын лизингийн төлбөр болон утасны хэрэглээг шилжүүлж өгөөч, би хэрэглээд төлбөрөө төлье гэж хүсэлт гаргасан. Гэвч энэ асуудлыг шийдэхэд эрх мэдэл хүрэхгүй байна гэх зэргээр асуудлыг шийдэж өгөлгүй, явж байтал цагаан сар болсон. Энэ асуудлыг шийдэж өгөхгүй, хэрэглээ хаагдсан байсан учраас албаны захиралд нь өргөдөл бичиж өгч байсан. Гэвч надад бичгээр хариу өгөөгүй. Удаа дараа хариу өгөхөөр хандсан боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Гэтэл гэнэт 700 000 гаруй төгрөгийн торгууль нэхэмжилж, шүүхэд хандсан байсан. М хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг байгууллага. Хэрэглэгчийн эрх ашгийг бага ч гэсэн харах ёстой. Яагаад бид утас лизингээр авахад илүү хэрэглээг хийх ёстой байдаг юм бэ. Чи илүү хэрэглээ хийх үүрэгтэй гэсэн зохицуулалт байхгүй. Тус гэрээний 1.1-д хэрэглэгчийн сонгосон багц гэж заасан байгаа. Энэ заалтаас харахад миний сонгосон багц байх ёстой болохоос биш мобикомын хэрэглээ өндөртэй багц байх ёсгүй байх гэж би бодож байна. Мөн гэрээнд заасан хугацаанд тасралтгүй ашиглах үүргийг оруулж өгсөн. Тус заалт нь хэрэглэгчид ашигтай заалт биш гэж үзэж байгаа. Гэрээний 2.5-д багцын төлбөр гэж хэрэглэгчийн сонгосон багц байна гэж заасан. Хэрэглэгч сонгоогүй багцыг тулгачихаад дараа нь хэрэглэгчийн сонгосон багц мэтээр төлбөр төлөхийг шаардаж болохгүй. Хууль тогтоомжид нийцсэн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх ёстой. Тус гэрээ нь хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалсан гэрээ байх ёстой гэж үзэж байна. Би лизингээр авсан утасны төлбөр болох 1 488 000 төгрөгийг төлсөн. Яг миний хэрэглэсэн хэрэглээ 8 000 төгрөгийн хэрэглээ гарсан байдаг. Заавал төлөх ёстой багцын үнэ 100 000 төгрөгт орсон байгаа. Би багцыг бүрэн хэрэглээгүй учраас багцын үнийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Тухай бүр хандаж байхад намайг хэрэглэгчээ гэж үзэж, асуудлыг минь шийдэж өгсөн байсан бол би өнөөдөр ийм өндөр хэмжээний торгуульд орохгүй байсан. Иймд мобикомоос нэхэмжилж байгаа торгуулийг үндэслэлгүй, төлөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.М-аас 70 474.93 /далан мянга дөрвөн зуун далан дөрвөн төгрөг ерэн гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”М” ХХК--нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 138 955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК--ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 301 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М-аас 39 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 650 988 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхээс "Зохигчдын тайлбар, хэргийн нотлох баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч буюу худалдагч тал хариуцагч буюу үйлчлүүлэгчийн багцын үйлчилгээг сольж өгөх хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй, гар утасны төлбөр төлөх хүсэлтийг хүлээн аваагүй үйл баримт тогтоогдож байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж торгууль шаардах үндэслэлгүй байна" гээд торгуульд 650 988 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосоныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Талуудын гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд торгууль төлөхөөр тохиролцон гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу бичгээр байгуулсан. Талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 сарын 07-ны өдрийн "гар утас хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ" нь харилцан хамаарал бүхий, болзол тогтоосон буюу хэрэглэгч багцын үйлчилгээг тодорхой хугацааны туршид ашиглаж, гар утсыг хүүгүй зээлийн нөхцөлөөр авах нөхцөлтэй, төлбөрийг cap бүр багцын үйлчилгээний төлбөртэй хамт төлж байхаар тохиролцсон байгуулсан гэрээ билээ. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд манай зүгээс гэрээг хугацаанаас өмнө цуцлагдсан. Иймээс манай байгууллага нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу торгуулийн төлбөрт 650 988 төгрөг шаардах эрхтэй байх бөгөөд шүүх хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Иймд торгуульд 650 988 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч О.М-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 209 429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч биелүүлэн, зарим хэсэгт маргажээ.

 

            Зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гар утас хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах тухай гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “М” ХХК- нь “Айфон 7” загварын гар утсыг 1 996 000 төгрөгөөр худалдах, багцын үйлчилгээ үзүүлэх, хариуцагч О.М нь урьдчилгаанд 508 000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг 24 сарын хугацаанд сар бүр 62 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.    

                                                                                                                       

             Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл болно. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь буруу байна. Хэдийгээр талууд гэрээний төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч төлбөл зохих хүүгийн хэмжээг тохиролцоогүй нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн гэрээний зүйл болох гар утсыг худалдан авагч буцаан өгөөгүй ашиглаж байгаа талаар талууд тайлбарласан бөгөөд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг үүсгээгүй байна.

 

            Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М нь гар утасны үлдэгдэл төлбөр 1 488 000 төгрөгийг төлсөн  талаар талууд тайлбарласан, энэ нь бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх дээрх шаардлагыг  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт нийцэхгүй тул  давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

            Худалдан авагч О.М нь ярианы төлбөр 70 474 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ гэрээний заалт бүрийг сайн уншиж танилцаагүй, ярианы багцын үйлчилгээг ойлгоогүй гэж тайлбарлан маргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд анхан шатны шүүх үүрэн телефоны утасны үйлчилгээний төлбөрт дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Уг төлбөрийг гаргуулж байгаа нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний онцлог зохицуулалттай хамаарахгүй байх тул Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийг баримтлах шаардлагагүй болно.

 

            Талуудын байгуулсан гэрээний 3.7 дахь хэсэгт “гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд төлбөрийн зөрүү дээр гэрээний хавсралт 1-ийн 1.2-т заасан торгуулийг нэмж төлөх үүрэгтэй” гэж, Хавсралт 1.2-т “Торгууль нь зээлийн төлбөрийн зөрүүний 50 хувьтай тэнцэх үнийн дүнтэй байна” гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгч уг заалтын дагуу хариуцагчаас торгуульд 650  955 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээг цуцлаагүй, гэрээний зүйл болох гар утсыг хариуцагч ашиглаж байгаа бөгөөд уг заалт нь гэрээ цуцалсан тохиолдолд хамаарах тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн торгуульд нэхэмжилсэн 650 955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/ШШ2017/02956 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.М-аас 70 474 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650 955 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Уг заалтын дараа 2. “Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.М нь 1 488 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, биелүүлснийг баталсугай” гэсэн заалт нэмж,

2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтыг “4” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 174 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              Т.ТУЯА

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ