Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/244

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:166/2017/0247/Э

 

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

               Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

                Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-,

          Шүүгдэгч Д.Д.Т-, О.О.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Т-, О.Г- нарт холбогдох эрүүгийн 201709000090 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

   Монгол улсын иргэн, Д.Т-, 1980 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

   Монгол улсын иргэн, О.Г-, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 07-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

 

   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   Шүүгдэгч Д.Д.Т-, О.О.Г- нар нь 2017 оны 1 дүгээр сарын 03-ны орой 23:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р багийн нутаг дэвсгэрт байрлах Nice бааранд иргэн Б.Б.Т-этэй маргалдаж улмаар гадаа нь гарч бүлэглэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Д.Д.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

  ...2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр би найз О.Г- нарын хамт Nice бааранд орсон. Дөрвүүлээ 0,5 литр Соёрхол архи авч уусан. Орой 23:30 цагийн орчим гарах гэсэн чинь Б.Т-э бид нарыг архи ууж чадахгүй мангар бацаанууд гуйвж дайваад гэхэд О.Г- Б.Т-этэй маргалдаад эхэлсэн. Тэгээд хамгаалагч ирээд болиулаад бүгд гарч байсан чинь Б.Т-э ирээд О.Г-ыг араас нь өшиглөсөн. Тэгэхээр нь би уурлаад Б.Т-ийн мөр рүү нь 1 удаа гараараа цохиж, хөл рүү нь өшиглөсөн. О.Г- бас Б.Т-ийг гараараа нүүр, цээж хэсэг рүү нь 1-2 удаа цохисон. Ингээд манай найзууд салгаад явцгаасан гэх мэдүүлэг,

 

 Шүүгдэгч О.О.Г-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

           

  ...2017 оны 1 дүгээр сарын 03-ны 21 цагийн орчим найзууд болох Д.Т-, М- нарын хамт Nice  баар луу орсон. Бид 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авч уусан. Баар хаагаад гарахдаа би баарны тейкэн дээр О- барментай тооцоо хийсэн. Энэ үед гарах хаалганы орчим Д.Т- нэг залуутай юм яриад зогсож байсан. Би хажуугаар нь гарч явах гэхэд Д.Т-тэй уулзаад зогсож байсан залуу надад хандаж бацаанууд архи ууж чадахгүй гуйвж дайваад гэж орилсон. Би тэр залууг “ча яахаараа намайг бацаан гэдэг юм бэ” гэхэд ална шүү чамайг, чи намайг мэдэхгүй байна уу гээд согтуурхаад байсан. Энэ үед баарны хамгаалагч залуу бид нарыг баарнаас гарцгаа гэсэн. Баарнаас гараад явж байтал надтай маргалдсан залуу миний араас хөл рүү нэг удаа өшиглөсөн. Би эргэж хараад яагаад намайг өшиглөж байгаа юм гээд зүүн мөр лүү нь нэг удаа цохисон. Тэгэхэд тэр залуу надтай барьцалдаж авсан. Энэ үед найз М- бид хоёрыг салгасан. М- бид хоёр баарнаас гараад таксинд суугаад явсан. Д.Т- баарны гадаа хүнтэй уулзаад үлдсэн. Үүнээс цааш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

 

 Хохирогч Б.Б.Т-ий мөрдөн байцаалтад өгсөн:

 

 ...2017 оны 01-р сарын 03-ны өдөр 23:30 цагийн үед П- гээд таньдаг ахын хамт Дархан сумын 4-р багт байрлах Nice баар луу орсон. Бид хоёр нэг, нэг 0,5-ын шилтэй пиво авч уугаад сууж байсан чинь миний зүс таних Д.Т- гээд залуу надтай ирж мэндлээд бааранд сууж байгаа бололтой бид хоёрын ширээг өнгөрөөд ширээ рүүгээ явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа баар хаах гэж байхад Д.Т- тейкний тэнд өөр хүмүүстэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би Д.Т-ийг “чи болиоч ээ, ямар онгироо болчихсон юм бэ” гэсэн чинь Д.Т- эргэж хараад миний сууж байсан ширээний хажууд ирээд намайг заамдаад сандалаас түлхэж унагаасан. Тэгсэн хамт ирсэн нэг найз нь намайг шууд гараараа нүүр лүү 2 удаа цохисон. Тэгээд би босож ирээд куртикээ тайлаад “чи яагаад байгаа юм бэ” гэсэн чинь баарны ажилчид болиулсан. Намайг Д.Т- баарнаас чирч гаргаад нөгөө найз залуутайгаа нийлж зодсон. Надтай хамт явж байсан ах намайг өмөөрөөд маргалдах гээд байхаар нь би хэрэггүй гээд оролцуулаагүй. Намайг зугтаасан чинь Д.Т-ийн найз нь араас ирээд цамц хувцас хунар ураад доош нь дарж газар хэвтүүлээд цохисон. Би дахиад босч зугтаагаад баарны үүд рүү очсон чинь Д.Т- заамдаж зуурч аваад баарны үүдний хунгарласан цас руу түлхэж унагаасан. Тэгээд босоод баар луу орж өөрийнхөө утсаар цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх 35/,

 

  Гэрч Ж.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

 

  ...Би 2017 оны 1-р сарын 03-ны орой найз Д.Т-, О.Г-, Отгоо нарын хамт 22 цагийн үед Дархан сумын 4-р багт байрлах Nice нэртэй бааранд орсон бөгөөд бид 4 бааранд ороод 0,5-ийн 2 шил архи аваад хувааж уусан. Тэгээд баар хаах болоод О.Г- тейк рүү тооцоо хийхээр явсан бөгөөд тэр үед нойлын хажууд гавар гэж хочилдог Б.Т-э байсан. Бид нарыг “архи ууж чадахгүй муу бацаанууд гуйвж дайваад” гээд байсан. Тэгэхээр нь адилхан уучихсан байсан болохоор бид нар дуугүй бай гэж хэлсэн. Тэгэхэд Б.Т-э дуугүй болохгүй янз янзын авир гаргаад байсан. Энэ үед баарны хамгаалагч бид нарыг гарцгаа энд маргалдаж, муудалцаж болохгүй гээд гаргасан. Тэгээд баарнаас гарах гээд эхлээд О.Г- явж байсан араас нь Б.Т-э явж байсан. Гэтэл Б.Т-э О.Г-ыг араас нь өшиглөчихсөн. О.Г- эргэж хараад мөр лүү нь цохисон. Тэгээд тэр 2 заамдалцаад зууралдаад байхаар нь би тэр хоёрыг салгаад О.Г-ыг таксинд суулгаад аваад явсан. Тэгэхэд араас Д.Т- гарч ирчихсэн байсан бөгөөд Б.Т-этэй маргалдаж муудсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна. О.Г-ыг би гэр лүү нь хүргэж өгөөд өөрөө харьсан гэх мэдүүлэг /хх 38/,

 

  Гэрч Н.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн:

 

  ...2017 оны 01 дүгээр сарын эхээр байсан өдрийг нь ч тодорхой санахгүй байна. Би хуурай дүү Б.Т-этэй гадуур пиво ууж байгаад Nice баар луу 23 цагийн орчим орсон. Бид хоёр баарны үүдний хэсэгт сууж пиво захиалж уусан. Тэгэхэд бааранд үйлчлүүлж байсан хэдэн залуучууд баар хаах үеэр хоорондоо маргалдаад байсан. Тэр залуучууд дотор миний таньдаг Б.Т-э байсан. Тэд нар баарны тейкны хажууд маргалдаад хоорондоо зодолдох гээд байсан. Энэ үед Б.Т-э тэр залуучуудад хандаж “та нар больцгоо” гэж хэлэхэд хоёр залуу ирээд өө муу Жижгээ чи юу вэ гээд Б.Т-ийг хэлсэн. Түүнийг зуураад баарнаас дагуулаад гарсан. Би араас нь гараад иртэл баарны гадна үүдэнд хоёр залуу нь Б.Т-ийг зуурчихсан цохиж зодоод байсан гэх мэдүүлэг /хх 42/,

 

  Гэрч С.М- /хх 41/, С.С- /хх 44/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

 

  Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны  99 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

 "1.Б.Б.Т-ий биед тархи доргилт, доод эрүү, баруун чих, зүүн мөрөнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дагзанд улайлттай гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь ГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэжээ /хх 50/,

 

Хохирол төлсөн тухай баримт /хх 37/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх120, 163/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Д.Т-, О.О.Г- нар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны орой 23.30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Nice" бааранд иргэн Б.Б.Т-этэй маргалдсаны улмаас бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.01.27-ны 99 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О.Г-, Д.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч О.О.Г-, Д.Д.Т- нарыг тус бүрийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460 000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  О.О.Г-, Д.Д.Т- нарт тус бүр оногдуулсан 460 000 төгрөгийн торгох ялыг 2017 оны 12 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч О.О.Г-, Д.Д.Т- нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Г-, Д.Д.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Т.БАТЖАРГАЛ