Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 23

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Ш.Д,

Нэхэмжлэгч: Ё.Ж нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” хоршоонд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч Ш.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан байдаг. Тиймээс “Д” хоршоо нь бидний нэр төрийг сэргээх үүрэгтэй. Би “Д” хоршооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримтлаагүй, намайг ажлаас чөлөөлсөн. Ажил хүлээлцээгүй учраас тодорхой хэмжээний өр үүссэн. Гэтэл энэ талаар шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгсөн байсан. Эрүүгийн хэрэг үүсч шалгагдаад прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон. Үүний дараа үүссэн өр төлбөрийг алдангитай нь надаар төлүүлнэ гэж нэхэмжлэл гарсан. “Д” хоршооны захирал Ц.Б нь миний нэр төрийг  гутаасан учраас би сөрөг нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа”, 35.1.3 дахь хэсэгт “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” тухай зохицуулсан. Тиймээс энэ хуулийг үйлчилнэ гэж үзэж байгаа. Би 2016 оны орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаад хоолой сөөж, 13А маягттай онош тодруулах шинжилгээнд Улаанбаатар хот руу явсан. Намайг өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийн “ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Тиймээс би өөрийгөө ажлаас халагдаагүй гэж үзэж байгаа. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан, ажлаас халагдсан тушаалыг өгөх үүрэгтэй. Гэтэл энэ тушаалыг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй. “Д” хоршооны захирал Ц.Б, мөн Д.Б нар нь Д, Ж нар  6 900 000 төгрөгийн түлшний талоныг шамшигдуулсан гэж таарсан хүн болгондоо янз бүрийн аргаар ярьж байна. Би ажиллаж байхдаа тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэж байсан. Энэ бүхнийг өнөөдөр дурдах шаардлагагүй. Нэр хүндийг гутаасан, мэдээлэл тараасан этгээд нь үнэн зөвөө баталж чадахгүй бол тараасан хэлбэрээр залруулга гаргах үүрэгтэй. “Д” хоршоо нь намайг үндэслэлгүй ажлаас халсан. Тиймээс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 250 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ё.Ж шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Д” хоршоонд 2015.11.01-ний өдөр ажилд орж, 2016 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байгаад эмнэлэгт хэвтсэн. Ингээд 2017.8.03-нд эмнэлгээс гараад ээлжийн амралттай байсан. Намайг эмнэлэгт хэвтэж байх хугацаанд гүйцэтгэх захирал Д өвчтэй байсан учраас Д.Б гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед өдөр бүр над руу ирж гарын үсэг зуруулдаг байсан. 7 дугаар сарын сүүлээр над руу ирэхдээ “манай байгууллага өөр нягтлан бодогч авна гэж байна” гэж хэлээд явсан. Тэгээд намайг эмнэлгээс гараад ажлаа цэгцэлж байхад ажлаас халсан гэсэн тушаал өгөөгүй. Г.О, Д.Б нар манайхаар байнга ирдэг байсан. “Д” хоршооноос нэхэмжлэл ирэхэд л ажлаас халагдсан гэдгээ мэдсэн. Гэтэл өөрийнх нь хүсэлтээр ажлаас халсан гэсэн тушаал гарсан байсан. Би ямар нэгэн байдлаар санал өгч, хүсэлт гаргаж байгаагүй. Тиймээс намайг өвчтэй байхад хууль бусаар, үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа. Тиймээс “Д” хоршооноос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 500 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг хүсэж байна. Мөн миний нэр төрд халдаж, сэтгэл санааны хохирол учруулсан. Би энэ хоршооны ажлыг сэтгэлээ гаргаж хийж байсан. Ажлаас халсан тушаал тодорхой бус байгаа гэв.

 

Хариуцагч “Д” хоршооны дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Д, Ё.Ж, Г.От нараас 10 350 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт Ш.Д, Ё.Ж нараас ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ш.Д, Ё.Ж нар нь ажлаас чөлөөлөгдсөнөө 2017 оны 8 сард мэдсэн нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдана. Ш.Дыг чөлөөлсөн шийдвэр 2017 оны 7 сарын 18-нд, Ё.Жыг ажлаас чөлөөлсөн шийдвэр 2017 оны 8 сарын 1-ний өдөр тус тус гарсан боловч  ирж аваагүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй одоог хүрсэн. Санхүүгийн тайланг хугацаанд нь тайлагнаагүйн торгууль гараад 2017 оны 7 сард дуудахад Ё.Ж ирээд ажлаа хүлээлцэх боломж байсан. Гэтэл ирээгүй утсаар хэлэхдээ “миний буруу, би хариуцлагыг хүлээнэ” гээд 720 000 төгрөгийн торгуулийг өөрөө төлсөн байдаг. Ш.Д, Ё.Ж нарыг ирж уулзахыг, төлбөр тооцоогоо хийж дуусгахыг бид удаа дараа шаардсан болов  хэн хэн нь ирж өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлцээгүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу ажлын байраа орхиод явсан тул эргэн уг ажлын байранд ажиллахгүй гэж ойлгож байгаа. Бид ажлын зайлшгүй шаардлагаар нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг авч ажиллуулсан. Иймээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  “Д” хоршоо нь Ш.Д, Ё.Ж, Г.О нарт холбогдуулан “Шатахууны талоны үнэ 6 900 000 төгрөг, алданги 3 450 000 төгрөг, нийт 10 350 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасантай холбогдуулан Ш.Д, Ё.Ж нар нь “Д” хоршоонд холбогдуулан ““Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 147/ШЗ2018/00004 дугаартай шүүгчийн захирамжаар үндсэн нэхэмжлэлээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлажээ.

Сүхбаатар аймгийн “Д” хоршооны даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай тушаалаар Ш.Дыг “Д” хоршооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай тушаалаар Ё.Жыг тус хоршооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь тус тус чөлөөлжээ.

Хариуцагч “Д” хоршооны дарга Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Ш.Д, Ё.Ж нар нь ажлаас чөлөөлөгдсөнөө 2017 оны 8 сард мэдсэн нь нэхэмжлэлийн агуулгаас тодорхой харагдаж байгаа. Ш.Дыг чөлөөлсөн шийдвэр 2017 оны 7 сарын 18-нд, Ё.Жыг ажлаас чөлөөлсөн шийдвэр 2017 оны 8 сарын 1-ний өдөр тус тус гарсан боловч  шийдвэрээ ирж аваагүй, ажлаа хүлээлгэж өгөхгүй одоог хүрсэн. Ш.Д, Ё.Ж нарыг ажлаас чөлөөлсөн нь шийдвэр нь хууль зөрчөөгүй” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч, буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.

 

Хариуцагч “Д” хоршооны хууль ёсны төлөөлөгч Ц.Бт 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 14 цагт болох шүүх хуралдааны товыг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч нарын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заажээ.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээ ажилтанд одоог хүртэл гардуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагч “Д” хоршооны даргын 2016 оны 75, 80 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд гомдлоо 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр гаргах ёстой атал нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө ямар үндэслэлээр чөлөөлж байгаа талаараа тодорхой заагаагүй, мөн ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заагаагүй, холбогдох хуулийг баримтлаагүй болох нь “Д” хоршооны даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 75 тоот тушаал, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80 тоот тушаалын хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт “ээлжийн амралттай байгаа”, 35.1.3 дахь хэсэгт “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа бол ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” тухай, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус заасан байна.

Өөрөөр хэлбэл, ажилтан хүндэтгэн үзэх эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүйг холбогдох эмнэлгийн байгууллагаас тогтоож, түүнийг ажлаас түр чөлөөлсөн тохиолдолд ажил олгогч тал тухайн ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, хожим энэхүү нөхцөл байдал арилсаны дараагаар ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах ёстой.

Нэхэмжлэгч Ш.Д нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарахаас өмнө эмчилгээ хийлгэхээр дараагийн шатлалын эмнэлэгт явсан болох нь Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн бүртгэлийн 372 кодтой “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” буюу Маягт-13А-ын хуулбараар, нэхэмжлэгч Ё.Ж нь ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан өдөр буюу 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болох нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хооронд эмчилгээ хийлгэсэн бичилттэй “Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, нэхэмжлэгч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд “Д” хоршооны даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай тушаалаар Ш.Дыг тус хоршооны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80 дугаартай тушаалаар Ё.Жыг тус хоршооны нягтлан бодогчийн үүрэгт ажлаас тус тус чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ш.Д, Ё.Ж нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

Нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж нарыг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул түүний урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно” гэж заасны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагааг үндэслэн бодоход нэхэмжлэгч Ш.Дын гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа авч байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 350 000 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 16 279 төгрөг, Ё.Жын нягтлан бодогчоор ажиллаж байхдаа авч байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 189 394 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 8 809 төгрөг болж байна. 

 

Нэхэмжлэгч Ш.Дын нэг өдрийн дундаж цалин хөлс болох 16 279 төгрөгийг ажилгүй байсан 324 хоногоор үржүүлэхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 5 274 396 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 5 250 000 төгрөгийг, Ё.Жын нэг өдрийн дундаж цалин хөлс болох 8 809 төгрөгийг ажилгүй байсан 316 хоногоор үржүүлэхэд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 783 644 төгрөг болж байх бөгөөд дээрх олговорыг хариуцагч “Д” хоршооноос тус тус гаргуулж нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж нарт олгож, нэхэмжлэгч Ё.Жын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 716 356 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж нарын авч байсан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо Ш.Дын хувьд түүний ажилласан сүүлийн гурван сар буюу 2016 оны 4, 5, 6 дугаар саруудын цалингаас, Ё.Жын хувьд түүний ажилласан 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын цалингаас тус тус тооцсон болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу “Д” хоршоонд нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж нарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл болон түүнд холбогдох бусад шаардлага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, хариуцагч “Д” хоршооноос 8 033 644 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 143 489 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Дыг “Д” хоршооны гүйцэтгэх захирлын ажилд, Ё.Жыг тус хоршооны нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан “Д” хоршооноос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 250 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд, 2 783 644 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Жд тус тус олгосугай

 

3.Нэхэмжлэгч Ё.Жын нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 716 356 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д, Ё.Ж нарын нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтэрт зохих журмын дагуу сар тутамд шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг “Д” хоршоонд даалгасугай.

 

  5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 154 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д” хоршооноос 8 033 644 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 143 489 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид  анхан шатны шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ