| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0248/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/245 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0248/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ч-,
Шүүгдэгч О.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О-Х-т холбогдох эрүүгийн 1718000130021 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О-Х-,.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.О-Х- нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 1а байрны урд авто зам дээр ****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Х.Х.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.О-Х-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...Би 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед өөрийн эзэмшлийн ****ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод хуучин Дарханаас өглөө бирж дээрээс мах худалдан аваад шинэ Дарханы шинэ хорооллын 20-р байранд байдаг аавынх руугаа явж байсан. Би Шинэ Дарханы хойгуур явдаг 17-р сургуулийн урдуур явж байгаад Хээтэй хорооллын 1А байрны харалдаа явж байтал миний өөдөөс эсрэг урсгалд явж байсан нэг машин байрны уулзвар луу эргэх гээд дохио өгч байсан. Тэгээд би тэр машин руу хараад миний урдуур орох нь уу гээд харж явж байтал гэнэт миний машины баруун урд хэсгээр нэг хүн мөргүүлээд уначихсан. Тэгээд би машинаа зогсоогоод хартал 50 гаран насны эмэгтэй миний машинд мөргүүлээд зам дээр хэвтэж байсан. Би машинаас буугаад очиж үзчихээд цагдаа, 103 руу дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Хохирогч Х.Х.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн:
...2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед би Дархан сумын 10-р багийн нутагт байх 380 айлын байранд байрлах Юнителийн салбар дээр очиж гар утасныхаа төлбөрийг хийчхээд Дархан сумын 9-р багийн нутагт байх Наран зочид буудал руу ажил руугаа явж байгаад дугуй банкыг тойроод алхаж явтал ажлаасаа оройтох шинжтэй болохоор нь таксинд суугаад ажил руугаа дөхье гэж бодоод зам хөндлөн гарч таксинд суух гээд дөнгөж замаар алхтал 17-р сургуулийн өмнө цагаан өнгийн машин хурдтай гараад ирсэн. Би буцаад зам руу алхтал миний өөдөөс тэр цагаан машин ирээд мөргөчихсөн. Намайг зам хөндлөн гарах гэж байхад замын зорчих хэсэгт ямар нэгэн тээврийн хэрэгсэл харагдаагүй. Тэр цагаан өнгийн машин их хурдтай явж байсан хаанаас гарч ирснийг нь анзаараагүй. Би тухайн үед машины номер дугаарыг харж амжаагүй. ...машинд мөргүүлээд эмнэлэгт хүргэгдэж үзүүлэхэд миний зүүн хөл шилбэ хэсгээрээ 2 хугарч, баруун өвдөг хэсгээрээ шалбарч, зөөлөн эдийн гэмтэл учирч, хөхөрч шалбарсан байсан гэх мэдүүлэг /хх 23-24/,
Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт:
“1.Жолооч О-Х- нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Т.Марк 2 маркийн ****ДАХ улсын дугаартай автомашиныг жолоодож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 9-р бүлгийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөн.
2.Явган зорчигч Х.Б- нь МУ-н ЗХД-ийн 3.4 "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна" гэсэн заалтыг зөрчсөн.
3.Жолооч болон явган зорчигч хоёр хоёулаа ЗХД-ийн дээрх заалтуудыг зөрчсөнөөс шалтгаалан уг зам тээврийн осол гарсан" гэх /хх 26/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.7.05-ны өдрийн 687 дугаар дүгнэлт:
1.Х.Х.Б-ийн биед зүүн хөлний шилбэний 2 ясны битүү хугарал, баруун өвдөг шилбэн дэх цус хуралт, 2 гарын тохой орчмын зулгаралт тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.
4.Х.Х.Б-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх 33/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-9/, жолоочийн согтууралах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх 13-14/, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, бүдүүвч зураг /хх 27-29/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн 2017.7.18-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт /хх 37-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 51-58/ зэрэг болно.
Шүүгдэгч О.О-Х- нь 2017 оны 6 дугаар сарын 28-ны өглөө 10:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах 1А байрны урд авто зам дээр ****ДАХ улсын дугаартай Toyota Mark2 суудлын автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", 9.2 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" дахь заалтуудыг зөрчиж иргэн Х.Х.Б-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.О-Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.1 болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Шүүгдэгчид холбогдох хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулинд хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 71 дүгээр зүйлийн 71.1-т шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан бол гэмт эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заажээ.
Шүүхийн шатанд шүүгдэгч О.О-Х- нь хохирогчтой эвлэрсэн талаарх эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.О-Х-ын эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий ****ДАХ улсын дугаартай Toyota Marк 2 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний 06 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2015 оны/ 9.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О-Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2.Шүүгдэгч О-Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т заасан гэмт хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн /2002 оны/ 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч О.О-Х-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц О.О-Х-ын эзэмшлийн 6 000 000 төгрөгийн үнэ бүхий ****ДАХ улсын дугаартай Toyota Marк 2 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2017 оны 8 дугаар сарын 14-ний 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, О.О-Х-, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.О-Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ