| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00425/И |
| Дугаар | 146/ШШ2017/00418 |
| Огноо | 2017-12-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 146/ШШ2017/00418
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Б суманд оршин суух Г овогтой М.З-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр багт оршин суух Ц овогтой Д.Б-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.З, хариуцагч Д.Б, нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
М.З миний бие нь Д.Б-тай 2015 онд танилцаж 2017 оны 04 дүгээр сард таарамж муудаж 2017 оны 06 сараас холбоо барихаа больсон. Энэ үед би 6 сартай жирэмсэн байсан бөгөөд 09 дүгээр сарын 16-нд төрсөн. Д.Б нь төрсөнийхөө дараа залгахад сар бүр хүүхдийнхээ хэрэглээний мөнгийг өгнө гэсэн боловч одоо дугаараа солиод холбоо барихгүй байна. Миний бие 2 сартай хүүгээ харж байгаа тул ажил хийх боломжгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б миний бие М.З-гаас нэхэмжилсэн хүүхдийн тэтгэлэгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхэд миний хүү мөн гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.З нь хариуцагч Д.Б-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүү З.Сангидоржид хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрнө гэсэн тайлбар өгч маргаагүй байна.
Зохигчид танилцаж үерхэж байсан бөгөөд тэдгээрийн дундаас 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүү З.С төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдийн №6207000129 тоот төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон байдал нь эцэг, эхийг үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хүү З.С-ийн эцэг Д.Б болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.З нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр нэхэмжлэлийн үнийг тогтоож нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийн хариуцагч Д.Б-аас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Галт овогтой Заяагийн С-ийн төрсөн эцэг нь Ц овогтой Д,Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү З.С-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл, хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Д.Б-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч М.З нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Баас хүү З.С-ийн нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 1 003 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.З-д даалгасугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА