Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2017/ШЦТ/257

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ Улсын яллагч: В.Дэлгэрмаа Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, ******* овогт ******* ******* /*******/

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “*******” баарны гадна ******* зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... хамт хүмүүстэй явж байгаад ******* бааранд маргалдсан, би 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* цохисон. Дараа өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой ******* баарнаас хэтэвчээ унагасан эсэхийг сурахаар очтол тус баарны гадаа таарч би түүний нүүр рүү цохиж зодсон…гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би халамцуу ******* баарны урд алхаж байхад ******* гэх залуу намайг таньчихаад өчигдрийн явж байсан пиздаа байна гэж хамт зогсож байсан хүмүүсдээ хэлээд над руу гүйж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Мөн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд хамраас цус гойжиж, хамар мурийсан байсныг тэгшлүүлсэн. Одоогийн байдлаар 108500 төгрөгийн хохирол учирсан… гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...0,5 см-ийн зүсэгдсэн шарх нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч биед хамарт мурийлт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нэг цагт үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №619 дугаартай 1. биед хамарт мурийлт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт... гэх дүгнэлт /хх-ийн 35-36 / -Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 1/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-22/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017.11.22-ны өдрийн 1272 тоот тодорхойлолт / хх-ийн 25, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “*******” баарны гадна ******* зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ын.... баарны гадаа таарч би түүний нүүр рүү цохиж зодсон...гэх / хх-ийн 45-46/ , хохирогч ... над руу гүйж ирээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Мөн цээж рүү өшиглөсөн. Тэгэхэд хамраас цус гойжиж, хамар мурийсан байсныг тэгшлүүлсэн.... гэх /хх-ийн 26-27/ ,

гэрч ... 0,5 см-ийн зүсэгдсэн шарх нь тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хохирогч биед хамарт мурийлт, баруун нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдсон...гэх / хх-ийн 39-40/ нарын мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №619 дугаартай дүгнэлт / хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. Шүүгдэгч Г.Оригилд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж заасныг үндэслэл болгов. Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувьд ногдох хөрөнгө болон хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн “... хар өнгийн хөргөгч...”-ийг битүүмжилсэн тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрхи зүйлсийг эзэмшигч *******д буцаан олгож шийдвэрлэж, уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжэээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн “... хар өнгийн хөргөгч...”-ийг тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогын тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, торгох ял биелэгдсэн тохиолдолд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу *******д буцаан олгосугай. 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА