| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2017/01212/И |
| Дугаар | 00099 |
| Огноо | 2018-01-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн Э сумын 4 дүгээр багт оршин суух, Т овогт Б-ын А ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э сумын 4-р багт оршин суух Г овогт Ч-ын Б-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.
Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А нь Ч.Б-тай 2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр охин М-г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй бие биенийхээ гэрээр ирэн очиж амьдарч байсан. Хүүхдээ гарснаас хойш Ч.Б бидэн дээр ирээгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Б нь Б.А-ийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би Б.А-тай 2009-2010 онуудад ирэн очин үерхэж байх хугацаанд Б.А нь жирэмсэн болсон бөгөөд бидний дундаас охин М 2010 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн нь үнэн. Б.А-тай амьдрах хүсэл надад байсан хэдий ч хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болоод салсан.
Иймд Ч.Б миний бие Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлага болох эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.А болон хариуцагч Ч.Б нар нь шүүх хуралдаанд өөрсдийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй болсон тул өөрсдийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг шүүх хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт, мөн нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийг зохигчдыг оролцуулахгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ч.Б-г охин М-ийн эцэг болохыг тогтоолгон, түүнээс охин А.М-д тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ч.Б нар нь гэрлэлтээ батлуулаагүй, эр эмийн харьцаатай байсан, тэдний дундаас охин А.М төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар мөн 2010 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн То овогт А-ийн М-н ....................... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хөвсгөл аймгийн Э сумын Эрүүл мэндийн төвийн дарга Б.Отгонсүрэнгийн “Бямбацогт овогтой А-ийн гэр бүлд 2010 оны 9 сарын 05-ны өдөр 3,500 кг жинтэй 51 см урт охин төрж эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Иймд 2010 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин Т овогт А-ийн М-н эцэг Г овогт Ч-ын Б мөн болохыг тогтоолгох, эцэг Ч.Б-аас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.А нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А-ийн охин А.М-ийн эцгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар 70.200 төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 29.534 төгрөгийг нийт 99.734 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ч.Б-аас гаргуулж төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн охин Т овогт А-ийн М-ийн эцэг Г овогт Ч-ын Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2010 оны 9 дүгээр сарын 5-нд төрсөн охин А-ийн М- д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ч.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, зааснаар хариуцагч Ч.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 99.734 /ерэн есөн мянга долоон зуун гучин дөрөв / төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишигт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА