Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 207

 

  

 

 

 

   

 

2018 оны 01 сарын 22 өдөр     Дугаар 181/ШШ2018/00207         Улаанбаатар хот      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,      

 

Нэхэмжлэгч: И М овогт А А /РД:/-ын нэхэмжлэлтэй,            

Хариуцагч:, “Д П” СӨХ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Длгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3 хоногийн туршилтын хугацаатай ажилд орсон. Анх ажилд орохдоо Д.Энхзаяатай гэрээ хийсэн. Би 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ямар ч асуудалгүй ажиллаж ирсэн. Тэр үед Д.Энхзаяа өөрийн танил хүнийг ажилд авах гэж намайг халахыг хүссэн. Би ажлаа ямар ч асуудалгүй хийж ирсэн боловч туршилтын хугацаа гэдэг асуудал гаргаж ирж намайг ажлаас халсан. Нотлох баримтыг үндэслэлгүйгээр бүрдүүлсэн.

Үндсэн ажилтан нь шагналт цалин авдаг байгаа. Би энэ цалинг авсан тул туршилтын хугацааны ажилтан биш.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байх тул намайг менежерийн ажилд эгүүлэн тогтоож, 26 хоногийн цалинтай тэнцэх 532,064 төгрөгийн олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

А.Атай 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд 1 жил гэж бичсэн нь А.Аын гараар бичигдсэн нь тогтоогдоно. 3 хоногийн туршилтын хугацаатай гэдэг нь үндэслэлгүй. Айлууд А.Аын талаар өөрсдөө гомдлоо гаргасан. Хамтран ажиллагсад А.Аын талаар ямар байр суурьтай нь тэмдэглэлээс харагдана. Ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “Д П” СӨХ холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 532,064 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

“Д П” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалаар “туршилтын хугацаанд мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлагын хувьд СӨХ-ны менежерийн албан тушаалд тохирохгүй нь тогтоогдсон” үндэслэлээр нэхэмжлэгч А.Аыг “Д П” СӨХ-ны менежерийн үүрэгт ажлаас мөн өдрөөс чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч энэ тушаалыг үндэслэлгүй гэж маргахдаа туршилтын хугацааг 3 хоногийн хугацаатай байсан гэж тайлбарласан бол хариуцагч 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан гэж мэтгэлцсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дугаар зүйлийн 231.1, 231.2-т зааснаар ажилтныг ажилд авахдаа тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацааг 3 сар хүртэл хугацаагаар тогтоож болохоор заасан бөгөөд энэ тухай хөдөлмөрийн гэрээнд заавал тусгасан байхыг хуулиар шаардсан байдаг.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хурлын болон үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл “Д П” СӨХ нь А.Аыг туршилтын 1 сарын хугацаагаар ажилд авч ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй ч энэ тухай хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 231.3-т зааснаар туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцох үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг “1” гэж тохирсон нь 1 жил, эсхүл 1 сарын алин болох нь ойлгомжгүй байхын гадна энэ тоо нь туршилтын хугацааг илтгэхгүй байх тул шүүх 1 жил эсвэл 1 сарын аль болохыг нотлох нь ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн хувьд “Д П” СӨХ 1 сарын хугацаанд ажиллахдаа хамтран ажиллагсдынхаа дунд таагүй сэтгэгдэл төрүүлсэн, хөдөлмөрийн гэрээнд “1” гэж заасныг “1 жил” гэж, 25 хувь нэмэгдэл дээр “шагналт цалин 530,000 төгрөг” гэж хариуцагчтай тохирохгүйгээр дур мэдэн өөрөө нэмж бичих зэргээр ажилтан, албан хаагчийн ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон байх боловч энэ нь түүнийг тушаалд заасан мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд менежерийн албан тушаалд тэнцэхгүй гэж үзэх үндэс болохгүй байна.

 

А.А нь мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлагын хувьд “Д П” СӨХ менежерийн албан тушаалд тэнцэхгүй болохыг нотлосон өөр баримт хэрэгт авагдаагүй тул шүүх түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч “Д П” СӨХ нь нэхэмжлэгч А.Аыг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлтэй тул урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь “Д П” СӨХ-ны менежерийн ажлын байранд сарын 450,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг байсан нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан тушаал гарснаас хойшхи хугацаа /2017.12.13-2018.01.22/-ны цалинтай тэнцэх олговорт 532,064 төгрөг /(450,000:21,5)x26=554,186 төгрөг боловч нэхэмжлэгчийн шаардсан хэмжээгээр гаргуулав/-ийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэр нээж, түүнд хуульд заасан хувь хэмжээгээр ажилтнаас сар бүр төлсөн шимтгэл, хураамж /сарын цалингаас/-ийг төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул А.Аын урьд авч байсан цалин хөлснөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан А.Аыг “Д П” СӨХ-ны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Д П” СӨХ-оос ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 532,064 төгрөгийг гаргуулж А.Ад олгосугай.   

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 22-ныг хүртэлх хугацааны А.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг урьд авч байсан цалингийн хэмжээнээс тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг “Д П” СӨХ-ны удирдлагад үүрэг болгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг үндэслэн нэхэмжлэгч А.Аын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Д П” СӨХ-оос 16,612 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Ө.УЯНГА