| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0249/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/246 |
| Огноо | 2017-09-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2017/ШЦТ/246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0249/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Шүүгдэгч Э.Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 1718000070022 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Э.Б-,1983 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, машин үйлдвэрлэл технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эх, дүү нарын хамт эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Э.Э.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 00 цагийн орчим иргэн Д.Д.Б-гийн гэрт иргэн Ц.Ц.Ч-тай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Э.Б-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:
...Би 2017 оны 7 дугаар сарын 04-ны өдөр би найз Отгонтамир, Золжаргал, Удаахбаяр, Д.Б- нарын хамт манайхаас 12 цагийн үед гараад найз Б-гийн гэрт нь очсон. Манай найз эмэгтэй Д.Б-гийн гэр нь байдаг. Д.Б- урьд өдөр нь манайд ирж хоносон. Тэгээд бид нар маргааш нь Д.Б-гийн гэрт нь очоод Д.Б- бид нарт дэлгүүрээс 2 шил архи авч өгсөн. 2 шил архиа ууж дуусчихаад дахин нэг шил архи авчраад тэр архийг нь талд нь ортол ууж байтал манай найзууд болох Отгонтамир, Золжаргал, Удаахбаяр нар явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Б- бид хоёр унтаж байтал Д.Б-гийн утас нь 2-3 удаа дуугарсан. Тэгээд Д.Б- утсаа аваад нэг хүнтэй ярьж байгаад “тэг тэг ороод ир. Би найзтайгаа байна “ гэж хэлсэн. Тэгээд Д.Б- утсаар ярьж байснаа "Манай энэ залуу нэг шил архи уух уу гэж байна” гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал удаагүй гаднаас нэг залуу орж ирсэн. Тэгээд тэр залуу орж ирээд Д.Б-д “Чи гарчихаад ир” гэж хэлээд мөнгө өгөөд дэлгүүр лүү явуулсан. Д.Б- дэлгүүр яваад нэг шил архи авчирсан. Тэгээд Д.Б- тэр залуу бид хоёрыг танилцуулсан. Тэр залуу өөрийгөө Ц.Ч- гэж хэлж байсан. Тэгээд Д.Б- бид нар авчирсан архиа ууж дуусаад Ц.Ч- дахин Д.Б-д мөнгө өгөөд архи авчруулахаар явуулсан. Тэгээд бид нар авчирсан архийг хувааж уусан бөгөөд Д.Б- бид хоёр манай гэрээс авчирсан хонины мах чанаж байсан болохоор мах болохоор нь Д.Б- тавагтай мах хутга тавиад авчирч өгсөн. Тэгээд бид нар мах идэж байгаад архиа хувааж уусан. Д.Б- бид нартай архи байснаа унтаад өгсөн. Би Ц.Ч-тай юм ярьж байснаа санаж байна. Тэгээд бид хоёрын яриа Д.Б-гийн талаар ярьж эхэлсэн. Тэгээд би Д.Б-г Ц.Ч- гэдэг залуутай хардаж хэдэн үг хэлсэн. Тэгээд нэг мэдсэн чинь Ц.Ч-гийн хүзүүнээс цус гарч байхыг хараад гэнэт ухаан орсон. Тэгээд сандраад Д.Б-г дуудаж сэрээгээд хурдан эмнэлэг, цагдаа дуудаарай би энэ залууг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн Д.Б- босож ирээд надад “Чи мангар юм уу хүн аллаа ш дээ” гэж хэлээд утсаа аваад эмнэлэг рүү яриад дараа нь цагдаа руу дуудлага өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.Ц.Ч-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...2017 оны 7 дугаар сарын 04-ны орой Төв аймгийн Жаргалант сумд ажил хийж байгаад Дарханд ирээд найз болох Д.Б- рүү утсаар ярьсан. Тэгсэн чинь Д.Б- надад “Би гэртээ найз залуутайгаа байна. Хонь гаргасан байгаа” гэж халамцуухан ярьсан. Тэгэхээр нь би Д.Б-д “Яваад орьё” гэж хэлээд 30 минутын дараа Д.Б-гийн гэрт нь буюу очсон. Намайг Д.Б-гийн гэрт нь ороход Д.Б- нэг танихгүй залуугийн хамт байж байсан. Тэр хоёр нэг том савтай пиво ууж байсан. Намайг Д.Б-гийн гэрт нь ороод сууж байхад Д.Б- найз залуутайгаа танилцуулсан. Тэр залуу өөрийгөө Т- гэж байх шиг байсан. Тэгсэн Д.Б- надад “Чи нэг шил архи авчихаач” гэхээр нь би Д.Б-д 10 000 төгрөг өгсөн. Тэгсэн Д.Б- дэлгүүр явж нэг шил архи авчирсан. Тэгээд Д.Б- мах чанасан гээд чанасан махаа гаргаж ирээд намайг мах ид гээд бид гурав танилцаж авчирсан архиа хувааж уугаад мах идсэн. Намайг анх Д.Б-гийн гэрт нь ороход Д.Б- найз залуутайгаа хамт халамцуу сууж байсан. Тэгээд бид хэд архи ууж байгаад надад сүүлд орж ирсэн гээд архинаасаа ахиухан хийж өгөөд байсан. Би нэлээн согтсон. Т- гэдэг залуу бид хоёр таньдаг мэддэг хүмүүсээ ярьж сууж байгаад би нэг мэдэхэд согтчихсон байсан. Тэгээд яагаад маргаан болсныг би сайн санахгүй байна. Нэг мэдсэн би эмнэлэг дээр ирсэн байсан. Би шөнө дунд болж байхад эмнэлэг дээр хэвтэж байгаагаа мэдсэн бөгөөд гайгүй болохоор нь эмнэлгээс гараад явчихсан гэх мэдүүлэг /хх 14-15/,
Гэрч Д.Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн:
...бид нар О-гийнд очиж ямаа аваад орой нь ирээд Э.Б-ынд хоносон. Маргааш нь Удаахынд очиж авчирсан ямаагаа гаргаж идээд тэгэнгээ ганц хоёр шил архи хувааж уусан. Тэгээд Э.Б- З-, О-, Т- гэдэг найзуудынхаа хамт манайд очихоор болоод бид нар манай гэрт очсон. Бид нар манайд 3 шил архи ууж байгаад З-, О-, Т- нар яваад өгсөн. Э.Б- согтоод унтаад өгсөн. Тэгсэн орой 21 цагийн үед миний таньдаг залуу болох Ц.Ч- над руу залгаж “Ганц юм ууя” гээд манай гэрт халамцуу орж ирсэн. Тэгээд Ц.Ч- гэрт орж ирээд надад 10 000 төгрөг өгөөд “нэг шил архи авчих” гэхээр нь би гэрээс гарч байрны доор байдаг дэлгүүр орж нэг шил архи авчирсан. Би тэгээд архины хундага гаргаж тэр хоёрт өгөөд “та хоёр уучихаад харина биз. Эсвэл унтах бол наана аа унтаарай. Би ор зассан байгаа” гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд намайг унтаж байтал Ц.Ч- намайг татаж сэрээгээд “Ө- найзыг чинь хутгалчихлаа” гэж хэлсэн. Би өндийгөөд хартал Ц.Ч- хүзүүгээ гараараа дарчихсан гар нь цус болчихсон сууж байсан. ...Э.Б- гэрийн үүдний тэнд зогсож байсан. Э.Б- надад юу ч хэлээгүй. Тэгээд би гар утсаа аваад 103 руу залгаж түргэн дуудсан чинь түргэний эмч, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би цагдаа руу дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хх 16-17/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017.7.17-ны өдрийн 711 дугаар дүгнэлт:
"1.Ц.Ц.Ч-гийн биед хүзүү, хоолойны зүүн хажуу хэсгийн шарх тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.Ц.Ц.Ч-д учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэжээ /хх 19/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, шинжээчийн 2017.7.20-ны 159 дүгээр дүгнэлт /хх20/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 34/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Э.Б- нь 2017 оны 7 дугаар сарын 4-5-нд шилжих шөнө 00 цагийн орчим иргэн Д.Д.Б-гийн гэрт иргэн Ц.Ц.Ч-тай маргалдаж улмаар түүний эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд "хүзүү, хоолойны зүүн хажуу хэсгийн шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ц.Ц.Ч-гийн "эмчилгээний зардал 200 000 төгрөг авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй" гэснээр шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Э.Б-д дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн цагаан ягаан өнгийн хуванцар иштэй 23 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Б-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э.Б-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 3 дугаар сарын 15-ний өдрийг хүртэлх хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар Э.Э.Б- нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан ягаан өнгийн хувцанцар иштэй 23 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ