Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2015/0469

 

 

Иргэн П.Б гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч П.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А , М.Н  нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн П.Б гийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгож, ялгаварлан гадуурхсан буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлж, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт СМУ-гийн 30 дугаар байрны баруун талын 698.6 м.кв газрыг П.Б д эзэмшүүлсэн захирамж гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 30 дугаар байрны орчмын газрыг анх 2000 онд Хэрлэн сумын Засаг даргын 225 дугаар захирамжаар 432 м.кв, 2001 онд Хэрлэн сумын Засаг даргын 252 дугаар захирамжаар 520 м.кв газрыг тус тус үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар Ганбат овогтой Болормаад эзэмшүүлж, газар эзэмшлийн гэрчилгээ олгосон. Г.Б  нь 2010 онд аймгийн Засаг даргын 129 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шинэчлүүлж, 0159776 дугаар бүхий 1170 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан.

Үүний дараа Г.Б  өөрийн эзэмшлийн 1170 м.кв газраа Ц.А д шилжүүлэх хүсэлтийг аймгийн Засаг даргад гаргасан тул 2012 оны А/290 дүгээр захирамжаар Ц.А д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийг шилжүүлсэн. 2014 онд Ц.А  эзэмшлийн газраа Ө.О , Ж.Н  нарт шилжүүлэх хүсэлт гаргаснаар аймгийн Засаг даргын А/261 дүгээр захирамжаар Ц.А гийн эзэмшлийн газраас 819 м.кв газрыг нь Ж.Н д, 351м.кв газрыг нь Ө.О д тус тус худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай 15 жилийн хугацаагаар эрх шилжсэн. Харин Ж.Н , Ө.О  нар тус газар дээрээ нийлж орон сууц барьснаар нэг хүний нэр дээр газар эзэмшлийн гэрчилгээ авах хүсэлт аймгийн Засаг даргад гарган аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Ө.О гийн нэр дээр 1170 м.кв газрын эзэмших эрх болон гэрчилгээг шилжүүлсэн. Иймд Г.Б гаас Ө.О д хүртэлх газар эзэмшлийн эрх шилжих үйл явц нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу иргэд холбогдох материалаа бүрдүүлэн хүсэлт гаргаснаар Засаг даргын шийдвэрээр дээрх иргэдийн газар эзэмшлийн эрх шилжсэн тул энэ нь ялгаварлан гадуурхсан явдал биш юм. СМУ-гийн 30 дугаар байрны баруун талын 698,6 м.кв талбай бүхий газрыг 2001 онд Б.Г  /95м.кв/, Б.М  /75м.кв/ нар нь 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан байдаг. Гэвч газрын нэгж талбарын хувийн хэргийг нээлгэж, бүртгэлд хамрагдаагүй. Б.М , Б.Г  нараас 2003 онд Б.Л т шилжүүлэхээр гэрээ байгуулсан гэдэг боловч газраа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар холбогдох материалаа бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж, шийдвэр гаргуулаагүй байдаг. 2009 онд аймгийн газрын албанаас тухайн орчмын газруудыг ашиглаж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдтэй газар ашиглах гэрээг байгуулсан байдаг. Энэ ажлын хүрээнд Б.Л тай газар ашиглах гэрээ байгуулсан байна. 2010 онд П.Б  газар ашиглалтын гэрээ байгуулан 2 жил түр ашигласан.

Иргэн П.Б  нь Б.Л аас газар шилжүүлэн авсан гэх боловч аймгийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших эрх шилжсэн гэж албан ёсны баримт байхгүй байна. Мөн П.Б , Б.Л  нар нь 2010 онд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргасан гэх боловч бүртгэл, мэдээллийн санд байхгүй байна.

Иймд нэхэмжлэлд дурьдагдсан 698.6 м.кв газрыг П.Б д эзэмшүүлэх шийдвэр гаргах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.Н  шүүхэд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын 6 дугаар баг СМУ-гийн 30 дугаар байрны бидний худалдаж авсан сууцыг өмнө нь бар болон дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан. Бид зориулалтын дагуу худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалтаар ашиглаж, хуулийн дагуу газрын албаар шийдүүлэн гэрчилгээ гаргуулсан гэжээ.

 

Гуравдагч этгээд Ө.О  шүүхэд гаргасан тайлбартаа: ... Уг газрыг Ө.О  миний бие шинээр захирамж гаргуулж аваагүй ба Ц.А  болон Ж.Н  нартай хуулийн дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийж, газрыг эзэмшиж байгаа болно гэжээ.

 

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1.2, 38 дугаар зүйлийн 38.4, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Засаг даргад холбогдох, Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн П.Б гийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгож, ялгаварлан гадуурхсан буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлж, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт СМУ-гийн 30 дугаар байрны баруун талын 698.6 м.кв газрыг иргэн П.Б д эзэмшүүлсэн захирамж гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Б  шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Шүүх нэг байрны оршин суугчдын эрхийг өөр өөр хууль тогтоомжуудаар зохицуулах ёстой гэж үзсэнд гомдолтой байна. Учир нь манай байр гэсэн 3 өөр эзэмшилтэй ба А хэсэгт 8 айл байдаг ба Б хэсгийг нь би өмнөх газартай нь худалдан авсан. В хэсэг буюу 3 айлын газар нь Одхүү, Насанбуян нарын газар юм.

Ө.О , Ж.Н  нар нь В хэсэгт 3 айлын байрыг тасархайгаар зурсан газрын хамт худалдаж авсан гэдэг боловч тэдний нэр ба Алимаагийн нэр дээр ч байрны ордер байхгүй ба Б хэсэгт би 5 айлын 9 өрөө байрыг урд талын тасархайгаар зурсан газартай нь хамт авсан. Нэг байранд байгаа А, Б, В хэсгийг худалдан авсан иргэд нэг ижил эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдах ёстой гэж үзэж байна.

Гэтэл захиргааны байгууллага болохоор СМУ-ын 30 дугаар байрны 3 айлтай хэсгийг нь салгаж ерөнхий төлөвлөгөөнд оруулсан, бусад хэсгийг нь улс буцаан авах гэж байгаа мэт зүйл тайлбарладаг.

Б хэсгийн газар нь миний өмнөх өмчлөгчид болох Б.М , Б.Г  нарын нэр дээр газар эзэмших эрх бүхий гэрчилгээтэй байсан бөгөөд тэд түүнийгээ хууль ёсны дагуу дараагийн өмчлөгч болох Б.Л т нотариатаар орж шилжүүлсэн байдаг. Ингээд Б.Л  нь 2005 онд өөрийн нэр дээр газрын гэрчилгээгээ шилжүүлж авахаар холбогдох бүх материалаа бүрдүүлж өгөхөд, газрын даамал Болормаа нь материал чинь олдохгүй байна гэж байгаад сүүлдээ гэрчилгээ олгох шаардлагагүй, гэрээгээр явдаг болсон гэж хэлсэн гэсэн.

Энэ нь гэрчийн мэдүүлэгт бий. Төрийн байгууллагын буруутай, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж газар эзэмших эрхийн гэрчилгээ гарах ёстой атал гараагүй. 2014 онд би өөрийн нэр дээр газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргуулах тухай аймгийн Засаг даргад гаргасан хүсэлтийн хариу тайлбар бичигт намайг Б.М , Б.Г  нартай газар эзэмших эрх шилжүүлэн гэрээ байгуулсан тохиолдолд уг газрыг эзэмшүүлж болох юм гэсэн байсан. Гэтэл тэднээс Б.Л  нь албан ёсоор өөрийн нэр дээр газар эзэмших эрх шилжүүлж, би Б.Л аас гэрээгээр шилжүүлж авсан. Эндээс мөн л төрийн байгууллагын хариуцлагагүй (бүртгэл, тэмдэглэл хөтөлдөггүй, баримт бичгүүдийг архивладаггүй) байдал харагдаж байна. Энэ мэт төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж жирийн иргэд бид хохирсоор байна. Би одоог хүртэл жил болгон газрын төлбөрийг татварын албанд төлж ирсэн.

Дээрх зургийг харахад нэг суурин дээр баригдсан нийтийн эзэмшлийн байрны 3 айлыг тусад нь ерөнхий төлөвлөгөөнд оруулаад гэрчилгээ олгоод бусад 10 гаруй айлын тухайд ялгаварласан асуудал гарч байна.

Б хэсгийг эзэмшигч нь В хэсгийг эзэмшигчийн эдэлж байгаа эрхийг эдлэхээр нэхэмжлэл гаргахад шүүх В хэсгийг түрүүлж өргөдлөө өгсөн тул илүү эрх эдлэх ёстой, Б хэсгийн материал нь алга болсон, олдохгүй байсан учир В хэсэгтэй Б хэсэг барьцах эрхгүй гэсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

А, Б, В хэсгүүдийн эзэмшиж, ашиглаж, өмчлөх эрхүүдэд зааг гаргаж ялгавартай хандаж, өөр өөр хуулиар өөр өөр ерөнхий төлөвлөгөөнд хамаарах ёстой гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэг байрны оршин суугчдыг өөр өөр хуулиар зохицуулах нь зөв гэж үзсэн шийдвэрийг хүчингүй болгож ижил эрхээр хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч П.Б гаас Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгож, ялгаварлан гадуурхсан буруутай болохыг хүлээн зөвшөөрүүлж, Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт СМУ-гийн 30 дугаар байрны баруун талын 698.6 м.кв газрыг П.Б д эзэмшүүлсэн захирамж гаргахыг даалгуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Нэг. Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

 

Дорнод аймгийн Засаг даргын 2012 оны 290 дүгээр захирамжаар иргэн Ц.А д 1170 м.кв газрыг эзэмшүүлж, газар эзэмшигчийн хүсэлтээр 2014 оны А/261 дүгээр захирамжаар Ж.Н д 819 м.кв газрыг, Ө.О д 351 м.кв газрыг тус тус худалдаа үйлчилгээний зориулалтаар, 2014 оны А/525 дугаар захирамжаар 1170 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар Ө.О гийн нэр дээр шилжүүлж, газар эзэмших эрх болон газар эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ.

 

Дээрх Дорнод аймгийн Засаг даргын 2014 оны А/525 дугаар захирамжаар Ө.О д худалдаа, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 1170 м.кв газар нь нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газартай давхцалгүй, тодруулбал, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн ямар нэг эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

Хоёр. Хэрлэн сумын 6 дугаар багийн СМУ-гийн 30 дугаар байрны баруун талын 698.6 м.кв газрыг П.Б д эзэмшүүлсэн захирамж гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд:

 

Дорнод аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2 /аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна/-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхгүйгээр Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших СМУ-гийн 30 дугаар байрны доорх болон хашааны 1170 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг 2010 оны 129, 2012 оны А/290, 2014 оны А/261 дүгээр, А/525 дугаар захирамжуудаар гуравдагч этгээд болон бусад иргэдэд олгож байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Мөн нэхэмжлэгч П.Б гийн тухайд СМУ-гийн 30 дугаар байрны 07, 09, 09А, 10, 10А тоот орон суУ удыг худалдан авч хууль ёсоор өмчилж байгаа нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Б , Б.Л , Р.Л нарын мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн эзэмшихийг хүссэн газрыг эзэмшүүлж ашиглуулах тухай захирамжийг Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга гаргасан гэдэг нь тогтоогдоогүй ч тухайн П.Б гийн худалдаж авсан СМУ-гийн 30 дугаар байрны орон сууцыг урьд өмчилж байсан Б.М , Б.Г  нартай орчны газрыг ашиглах гэрээг Дорнод аймгийн Хэрлэн сумын газрын асуудал хариуцсан албан тушаалтан 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс байгуулж, Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байсан, улмаар орон сууц иргэн Б.Л ын өмчлөлд шилжсэнээр тухайн газрыг ашиглаж, эзэмшүүлэх гэрээг түүнтэй 2003 оны 07 дугаар сарын 28, 2005 оны 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд байгуулж, гэрчилгээ олгон зохих төлбөрийг авч эзэмшүүлсээр ирсэн, нэхэмжлэгч П.Б д орон сууц өмчлөх эрх шилжсэний дараа мөн 698.6 м.кв газрыг ашиглах гэрээг Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2010 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулж, гэрээний дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлүүлж, эзэмшүүлсээр ирсэн нь нотлогджээ.

 

Энэ тохиолдолд Дорнод аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийн газар эзэмшүүлэх тухай хүсэлтийг эрх бүхий Засаг даргын шийдвэргүйгээр хоёр жилийн хугацаатайгаар 698.9 м.кв газрыг түр ашиглуулж байсан, газар ашиглах хугацаа дууссан, уг байрны орчимд газар ашиглуулах үйл ажиллагаа явагдахгүй байгаа үндэслэлээр татгалзсан нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 /газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах/-д заасан зарчимтай нийцэхгүй.

 

Нөгөө талаар иргэн Б.Л, П.Б нар газар эзэмших эрхээ хуулийн дагуу шилжүүлээгүй, холбогдох хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлээгүй эрхийн гэрчилгээ шилжсэн баримт байдаггүй гэх асуудал нь төрийн байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас хамаарсан байтал шүүх энэ асуудалд нэхэмжлэгчээс шалтгаалсан агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна.

 

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 /Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна/, 23.3.3 /газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх/, 23.3.4 /газрын тайланг зохих журмын дагуу гаргаж Засаг даргад тайлагнах/-д зааснаар газрын мэдээллийн сан байгуулж, энэ талаар аймгийн Засаг даргад тайлагнах нь аймгийн газрын албаны эрх хэмжээнд хамаарна.

 

Үүнээс гадна нэхэмжлэгч П.Б  бусдын өмчлөлийн орон сууцны барилгын доорх газрыг бус зөвхөн өөрийн өмчилдөг орон сууцны орчмын газрыг бусдын нэгэн адил эзэмших хүсэлтийг хариуцагчид гаргасан байтал шүүх СМУ-гийн 30 дугаар байрны бусад сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт СМУ-гийн 30 дугаар байрны баруун талд хүсэлт гаргасан 698.6 м.кв газрыг иргэн П.Б д эзэмшүүлсэн захирамж гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Дорнод аймгийн Засаг даргын Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/525 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг 2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

 

 

ШҮҮГЧ О.НОМУУЛИН

 

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР