Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2329

 

 

 

 

 

 

 

 

 

М.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02068 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: М.С-гийн нэхэмжлэлтэй,

 

Хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 17 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: М.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

   Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн н.Б-ийн гомдлоор тус өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг цагдан хорьсон. Нийт 28 хоног цагдан хорьж, батлан даалтад гараад 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед би сэтгэл санаагаар маш их унасан. Манай 2 хүүхэд насанд хүрээгүй байсан болохоор намайг хоригдох үед хоолтой, хоолгүй хонож байсан. Тэр үед манай бага охин 10 настай байсан. Гэрээсээ гараад хэд хоног алга болоод ах нь хайж олсон. Одоо болтол хаана юу хийж байснаа хэлдэггүй. 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хорьж, 1 жил 6 сарын хугацаанд шалгасан байдаг. Эрүүгийн хэргийн шинжтэй байна уу гээд шалгахад иргэд хоорондын мөнгөний өглөг авлага байсан. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийт хоригдсон 28 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 400 төгрөгөөр бодож 3 931 200 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4 000 000 төгрөг нийт 17 932 000 төгрөгийг нэхэмжилсэн. Өмгөөлөгч аваагүй байсан бол өнөөдөр эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болохгүй байсан. Цагдан хоригдоод гарч ирэхдээ 5 000 000 төгрөг, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгосоны дараа 5 000 000 төгрөгийг өмгөөлөгчид өгсөн. Хуулинд зааснаар өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилж байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг нотлох баримтаас хасуулах нь үндэслэлгүй юм. Түүнтэй холбоотой баримтыг үнэлэх боломжтой. Цагдан хоригдох үед биеийн байдал муу байсан. Үүнийг харгалзан бас миний хүүхдүүд насанд хүрээгүй гадуур байцаагаач ээ гэхэд авч хэлэлцээгүй. Олох ёстой орлого гэж нэхэмжлээгүй. Мөн сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Жирийн ажлаа хийгээд явж байсан хүнийг цагдан хорихоор сэтгэл санаа маш хүнд байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор У.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Цагдан хоригдсон хугацааны 28 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөгөөр бодож байгаа юм байна. 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ нь онц хүнд гэмт хэрэг юм. Цагдан хоригдох болсон шалтгаан нь М.С нь Увс аймгаас шилжиж ирсэн, гараашийн харуулаар ажиллаж байсан. Уг байгууллагын 1-1 тоотод түрээсээр амьдарч байсан. Урьд өмнө нь 2 удаа ял шийтгэл эдэлж байсан. Ийм байдлуудыг харгалзан үзэж цагдан хорьсон. 190 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Эмчийн тодорхойлолтоор эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорихоо больсон. Түүнээс биш гэм буруугүй нь тогтоогдоод батлан даалтанд гаргаагүй. н.Болормаа гэдэг өмгөөлөгч энэ хэрэгт анхнаасаа дуустал оролцож байсан гэдэг боловч шүүхийн шинжилгээнд үнэлгээ гаргуулах гэсэн нэг л хүсэлт гаргасан. Батлан даалтад гаргаж өгнө үү гэж хүсэлт гаргаагүй байдаг. 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-ээр хэрэгсэхгүй болгохдоо, тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-ийг үндэслэн яллагдагчид ашигтай байдлаар гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Талууд 63 000 000 төгрөгийг 3 жилийн хугацаатай төлж барагдуулна гэсэн гэрээ хийсэн. Илт залилангийн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн зүйл байхгүй. 28 хоног цагдан хоригдсон нь үндэслэлтэй юм. Хэргийн бүрэлдэхүүний хувьд ч гэсэн. Өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг гэж нэхэмжилдэг. Тухайн үед гэрээ хийж байсан бол хавтаст хэрэгт байх ёстой. Гэрээ байгаагүй, хоорондоо хэдэн төгрөгөөр харилцан тохиролцсон нь тогтоогдохгүй. Аудитын дүгнэлтээр 63 000 000 төгрөг гараад түүнийг хүлээн зөвшөөрөөд эвлэрээд тэр мөнгийг одоо болтол өгөөгүй байгаа хүн өмгөөлөгчийн зардалд 10 000 000 төгрөг өгнө гэдэг нь эргэлзээтэй байна. Нэхэмжлэгч “Драгон” төвд ороомог хийж ажиллаад хэдэн төгрөгийн орлого олж байсан талаар баримт байдаггүй. Өдрийн орлогыг тодорхойлох боломжгүй. Нэхэмжлэгч нь энэ хэрэгт татагдахаасаа өмнө ямар нэр төртэй байсан, гэмт хэрэг дууссаны дараа нэр хүнд нь ямар болсон талаар баримт байдаггүй. Мөнгөн дүн хэргийн хүрээнд ямар ч нотлох баримт байдаггүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

    Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 45.1.1, 45.2 дугаар зүйлийн 45.2.1.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан төрөөс 10 182 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 749 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

 

                Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор У.Солонго давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.С-д холбогдох хэргийг 2 жил гаруй хугацаанд шалгасан. 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагч М.С нь иргэн О-аас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад зээлж хүүг нь авч мөнгийг нь өсгөж өгнө гэж 196 234 000 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэх эрүүгийн 201201031610 дугаартай хэрэгт М.С-г 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр цагдан хорьсон. Цагдан хорих үндэслэл нь М.С нь хэрэгт шалгагдаж байхдаа "М Лоус" ХХК-ийн нийтийн байрны манаач ажилтай байсан ба тухайн үед уг компанийн эзэмшлийн нийтийн байрны 1-01 тоотод түрээсээр суудаг байсан ба уг хаягт байнгын байх баталгаа байхгүй, мөрдөн байцаалтын шатнаас оргон зугатаж болзошгүй үндэслэлээр цагдан хорьсон. Мөн М.С-гийн хувийн байдлыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтооход урьд 2005 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял, 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Увс аймаг дахь сум дундын шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял эдэлж байсан ба хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж ял шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа хүнд гэмт холбогдсон байсан нь 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68  дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан цагдан хорих үндэслэл болсон байна. Цагдан хоригдож байх хугацаанд Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эмч, хошууч Х.С, ерөнхий эмч, дэд хурандаа Л.Д нарын эрүүл мэндийн тодорхойлолтоор яллагдагч М.С-г үргэлжлүүлэн хорих боломжгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тул 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр прокурорын хүсэлтийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж иргэн Ж.Б, Т.Э нарын хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хууль бус ажиллагааны улмаас хүний авагдаагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогыг эд хөрөнгийн хохиролд тооцон нөхөн төлөхөөр заасан. М.С нь аваагүй цалин хөлс болон хөдөлмөрийн бусад орлого олдог болохоо шүүхэд нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний сараар тогтоосон доод хэмжээг 28 өдрөөр тогтоон тооцон гаргуулах нь үндэстэй гэж үзэж шийдвэрлэсэн.  Иймд шүүх мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн буруутай үйл ажиллагааг тогтоосон гэж ойлгогдохоор дүгнэсэн нь үндэслэл муутай. Өөрөөр хэлбэл, хэргийг шалгаж мөрдөх үндэслэл байвал хэргийг шалгах үүрэг мөрдөн байцаагчид, хуульд заагдсан үндэслэлээр цагдан хорих прокурорын саналыг үндэслэн шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байдаг. Цагдан хорих асуудлыг шүүх үндэслэлтэй гэж үзэж цагдан хорих шүүгчийн захирамжаар М.С-г сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хорьсон. Энэ тохиолдолд мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн аль аль нь эрх, үүргээ хэрэгжүүлсэн. Гэтэл үүнийг мөрдөн байцаагч, прокурор буруутай ажиллагаа явуулсан гэж дүгнээд хохирол гаргуулж байгаа нь үндэслэлгүй байна. Харин заавал хууль бус ажиллагаа тогтоогдсон байх ёстой бөгөөд М.Сд холбогдох эрүүгийн хэрэг ийм хууль бус ажиллагаа хийгдээгүй байна. Хууль бусаар яллагдагчаар татсан, хууль бусаар цагдан хорьсон асуудал байхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд М.С болон түүний өмгөөлөгч Н.Б нарын зүгээс мөрдөн байцаагч, прокурорын шийдвэрийг хууль зөрчсөн гэж нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй, хэргийн материалтай танилцахдаа гомдол, хүсэлтгүй гэжээ. Хуульд заасан дээрх үндэслэлүүдээр аль ч тохиолдолд төрийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны /гэмт хэргийн шинжтэй болон гэмт хэргийн шинжгүй/ улмаас учирсан хохирлыг төр хариуцан гаргах ёстой байхад төрийн албан тушаалтны хууль бус ажиллагааг тогтоолгүйгээр хохирол нөхөн төлүүлэх эрхтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.С нь хууль бусаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны улмаас учирсан гэм хорын хохиролд 17 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хүсэлтийг тодруулаагүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас хохирол гаргуулахаар шаардахдаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг үндэслэл болгон заажээ.

 

2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасан боловч уг хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүчингүй болгож, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 45 дугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах зохицуулалтыг тусгаж 45.8 дугаар зүйлийн 45.8.8-д дээрх хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шийдвэрлэхээр заажээ. Тодруулбал,  хууль зөрчсөн ажиллагааны  улмаас учирсан хохирлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх талаар хуульд тусгайлан заагаагүй болохыг анхан шатны шүүх анхаарах шаардлагатай байжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Монгол Улсын Засгийн газрыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх гэм хорын үүргийг хариуцах этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар ажиллагаа явуулаагүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг хэрэглэх үндэслэл байсан эсэх талаар  хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан. Хэдийгээр төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж прокурор  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх боловч  энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын зарчмыг хангасан гэж үзэхгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 184/ШШ2017/02068 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ                                      

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ