Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2018/00051

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2018/00051

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***************** оршин суух, ******************** дугаар регистртэй, Б овогт В-ын  М-ийн ,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********************** байрлах, Хөвсгөл аймгийн ************************** хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох

Санхүү хариуцсан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2017/01107/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч В.Мтүүний өмгөөлөгч Т.У, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ********************** хариуцлагатай компанид 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд мэргэжлийн ёс зүйтэй байж, ур чадвараа дээшлүүлэн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрх авч, МУИС-ийн бизнесийн удирдлагын магистр, Санхүү банкны тэргүүний ажилтан, Эрчим хүчний тэргүүний ажилтан, тус компанийн Шилдэг удирдах ажилтан-аар 2 удаа шалгарч байсан. Мөн 2009 оноос 2016 оны санхүүгийн тайланд Зөрчилгүй санал дүгнэлтийг тасралтгүй 8 жил дараалан авч Эрчим хүчний салбарт 14 жил өөрийн сурсан мэдсэн бүх зүйлээ дайчлан тус компанийн санхүү бүртгэлийн ажлыг жилээс жилд сайжруулан компанийн үр ашгийг сайжруулах, авлага, өглөгийг бууруулах зэрэгт онцгой анхаарч ажилласнаар он удаан жил дамжсан найдваргүй авлагыг барагдуулж чадсан.

Гэтэл намайг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлын Б/43 тоот тушаалаар ажлаас халлаа. Ажлаас халсан үндэслэлдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн ажлаас чөлөөлөх санал, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтын дүгнэлтээр санхүү хариуцсан ерөнхий менежерийн хяналт, санхүүгийн зохион байгуулалт сул гарсан гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хийсэн шалгалтаар компанийн үйл ажиллагаатай холбоотой 14.600.000 төгрөг, Төлөөлөн удирдах зөвлөлтэй холбоотой 2.900.000 төгрөг, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай холбоотой 9.800.000 төгрөгийн зөрчил тус тус илэрсэн бөгөөд дээрх зөрчлийг зөвхөн ерөнхий менежерийн ажлын үр дүн муу, хяналт сул байснаас гарсан гэж үзсэн байна. Тус аудитын дүгнэлт 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр баталгаажиж манай байгууллагад ирсэн. Би компанийн хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлсийг дур мэдэн шийдвэрлэж гарын үсэг зурдаггүй. Бүгд гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр явагддаг. Гэтэл энэ бүгдэд намайг буруутай мэтээр ойлгож, шийдвэр гаргасан. Би үүнийг хууль бус гэж үзэж байна. Гүйцэтгэх захирал санхүүг зохион байгуулах ёстой. Манай компанийн дүрэмд ерөнхий инженер, ерөнхий санхүүчийг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй хэлэлцэж шийдвэрлэдэг боловч намайг ажлаас халах талаар ямар нэг шийдвэр гараагүй. Мөн мэргэжлийн ур чадвар муу, гэрээгээр олгогдсон үүргээ биелүүлээгүй гэсэн. Би тухайн үед үүргээ биелүүлж, дотоод журмаа барьж ажиллаж байсан. Мэргэжлийн ур чадварын тухайд хяналт, шалгалтын акт тавигдснаар тэнцэхгүй болсон гэж үзэхгүй. Анх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 08 дугаартай тушаалаар надад 1 сарын хугацаанд цалинг 10 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан бөгөөд энэ тухай 4 дүгээр сард танилцуулснаар мэдсэн. Үндэслэл нь бизнес төлөвлөгөө боловсруулахдаа тооцооллын алдаа гаргасан гэсэн байсан. Уг бизнес төлөвлөгөө боловсруулна гэдэг нь миний ажил үүргийн хуваарь биш юм. Намайг ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй, миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж гаргасан шийдвэр үндэслэлгүй, илтэд хууль бус байх тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Миний үндсэн цалин 806.000 төгрөг бөгөөд дээр нь нэмэгдэл цалин авдаг. Одоо ажилгүй байсан хугацааны буюу ойролцоогоор 2 /хоёр/ сарын цалин нэхэмжилнэ. Иймд намайг Хөвсгөл аймгийн *************** хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү хариуцсан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1976 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ******************** хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал ажилтай, Хөвсгөл аймгийн *********************** оршин суух, ************************* дугаар регистртэй, Б овогт Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.М нь 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Хөвсгөл *************************** хязгаарлагдмал хариуцлагатай компанид санхүү хариуцсан ерөнхий нягтлан бодогч, ерөнхий менежерээр тус тус ажиллаж байсан. Аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар компанийн санхүүгийн албаны үйл ажиллагаа, зохион байгуулалт сул, хяналт хангалтгүй гэх дүгнэлт гарсан, Төлөөлөн удирдах зөвлөлөөс хариуцлага тооц гэсэн чиглэл өгсний дагуу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр В.М-ийг ажлаас халсан. Аудитын дүгнэлтээр гарсан зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдоно. Мөн 2017 оны бизнес төлөвлөгөөг боловсруулж тайлагнахдаа тооцооллын алдаа гарган ажилдаа хайхрамжгүй хандсан тул 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 1 сарын хугацаатай цалинг 10 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мэргэшсэн нягтлан бодогч мөртлөө дагаж мөрдөх хуулийн заалтуудаа мөрдөхгүй, анхан шатны баримтуудаа бүрдүүлэлгүй мөнгө гаргадаг, эд хөрөнгийн карт хөтөлж ажилладаггүй зэрэг олон зөрчил гаргаж мэргэжлийн ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь баримтаар тогтоогдсон. Өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан тул давхардуулахгүйгээр ажлаас халах шийтгэл ногдуулсан. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул В.Мийг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг шат дараалалтай авч ажилласан.

Манай компанийн дүрэмд заасан ерөнхий инженер, ерөнхий санхүүчийг томилж, чөлөөлөх, хариуцлага тооцох асуудлыг Төлөөлөн удирдах зөвлөлтэй хэлэлцэн зөвшилцөж чиглэл өгсний дагуу шийдвэрлэнэ гэх заалтыг үндэслэсэн. В.М-ийг ажлаас халахдаа хуульд заасан шат дараалалтай сахилгын арга хэмжээ авч хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.М нь хариуцагч Хөвсгөл аймгийн *************************** хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан санхүү хариуцсан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч нь В.М-ийг аймгийн Санхүү хяналт, аудитын албаны шалгалтаар компанийн санхүүгийн албаны үйл ажиллагаа, зохион байгуулалт сул, хяналт хангалтгүй гэх дүгнэлт гарсан, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй сахилгын зөрчил давтан болон санхүүгийн ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэйнэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

В.М Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанид 2009 оноос эхлэн санхүү хариуцсан ерөнхий менежерээр томилогдон ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын ...2. В.Мийг санхүү хариуцсан ерөнхий менежерээр 2009 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилсугай. 3. В.М-ийн  сарын үндсэн цалинг 334.800 төгрөгөөр тогтоож бусад нэмэгдлийг хөдөлмөрийн гэрээний дагуу олгосугай... гэх бичилттэй Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 30 дугаартай тушаалын хуулбар, 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ...1.1. Ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажил мэргэжлийн код: Санхүү хариуцсан ерөнхий менежер, 1.2. Ажиллах нэгж хэсэг: Захиргаа аж ахуйн хэсэг, 1.3. Сарын үндсэн цалин 776.000 төгрөг, 1.5. Удаан жилийн нэмэгдэл: 25 хувь, 1.6. Хөдөлмөрийн гэрээний хугацаа: 1 жил, Тайлбар: Ажлын үр дүнг харгалзан үзэж 1 жилийн дараа хөдөлмөрийн гэрээг сунгах талаар мэдэгдэх буюу ажилтан хөдөлмөрийн гэрээгээ сунгах талаар хүсэлт гаргана. Аль нэг тал санал гаргаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээг сунгагдсанд тооцно... гэх бичилттэй 37 дугаартай хөдөлмөрийн гэрээ, 2009 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон 170393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч В.М-ийг ажиллаж байх хугацаандаа аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны шалгалтаар санхүү хариуцсан ерөнхий менежерийн хяналт хангалтгүй, санхүүгийн зохион байгуулалт сул гэх дүгнэлт, мөн албан үүргээ гүйцэтгэхдээ хайнга хандаж компанид хохирол учруулсан зөрчил дутагдлууд гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэр, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр бүлэг, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар бүлгийн 4.2.3 дахь заалтыг баримтлан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгэх тухай Б/43 тоот тушаал, зохигчийн тайлбар зэргээр нотлогдов.

Ажилтан В.Мийг ажлаас халсан 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгэх тухай Б/43 тоот тушаал эрх зүйн акт болохын хувьд ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэл нь тухайн тушаалд баримтласан хуулийн зохицуулалттай тохирч байх ёстой боловч уг тушаал хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах-аар заажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч В.Мийг Ажлаас чөлөөлж, ажил хавсран гүйцэтгэх тухай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлөхдөө баримтласан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар бүлгийн 4.2.3-т ...ноцтой зөрчил... гэж дараахь зөрчлийг ойлгоно. Үүнд: ... гэж заасан 6 төрлийн зөрчлөөс ямар зөрчил гаргасан талаар тодорхой заагаагүйӨөрөөр хэлбэл В.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан санхүүгийн ноцтой ямар зөрчил гаргасан эсэх талаарх заалтыг баримтлаагүй тул ямар заалт зөрчсөн тухай ойлгомжгүй байна.

2. Тус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар В.Мийг ажлаас чөлөөлөх тухай гишүүдийн саналын дагуу ямар шийдвэр гаргасан талаар тодорхойгүй байх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хариуцлага тооцох тухай 33 тоот албан бичигт ...санхүүгийн албанд хариуцлага тооцон ТУЗ-д танилцуулах, сахилга хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг мэдэгдсэн ба В.Мийг ажлаас чөлөөлөх тухай чиглэл тусгагдаагүй.

Мөн нэхэмжлэгч В.М ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын санхүүгийн хяналт, дүн шинжилгээ нь ерөнхий үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн гэж Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай албан бичгийг үндэслэн тус компанийн захирлын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Цалин бууруулах тухай 08 тоот тушаалаар цалинг 1 сар 10 хувиар бууруулах арга хэмжээ авахуулж байсан ба тэрээр тухайн тушаалд гомдол гаргаагүй тул сахилгын шийтгэлийг зөвшөөрсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

Гэвч сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэх боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байх бөгөөд хамгийн сүүлд В.Мийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарсан аймгийн Санхүү, хяналт аудитын албаны дүгнэлтийг үндэслэн тус албаны шалгалтаар компанийн санхүүгийн албаны үйл ажиллагаа, зохион байгуулалт сул, хяналт хангалтгүй гэх дүгнэлт гарсан гэж 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан боловч тухайн зөрчил гаргасныг мэдсэн буюу илрүүлснээс хойш нэг сарын дотор тус байгууллагаас сахилгын арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 05 сарын дараа ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Ажил олгогч нь ажилтныг сахилгын зөрчил давтан болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халах шийтгэл ногдуулахдаа түүнд тохирсон заалтыг баримтлаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулинд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч В.Мийг Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүү хариуцсан ерөнхий менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор буюу 2.800.000 /хоёр сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сард 1.474.500 төгрөг, 8 дугаар сард 2.685.863 төгрөг, 9 дүгээр сард 1.096.526 төгрөг авч байсан нь түүний 170393 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 5.256.889 төгрөг : нэг сард 1.752.296 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 81.502 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 47 хоногийн цалин 3.830.594 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэж, хариуцагч байгууллагаас 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.800.000 төгрөг гаргуулах шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 59.750 төгрөг, нийт 129.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Зохигчоос ирүүлсэн дараахь нотлох баримтуудыг үнэлээгүй болно. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй,

2. Хариуцагч байгууллагаас ирүүлсэн Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай тэмдэглэл, Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Ажилд томилох тухай 41 дугаартай тушаал, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Цалин бууруулах тухай 08 дугаартай тушаал, Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн Хариуцлага тооцох тухай 04 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Хариуцлага тооцох тухай 33 тоот албан бичиг, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2015-2016 оны хугацааны үйл ажиллагаанд хийсэн хяналтын шалгалтын танилцуулга зэрэг баримтын хуулбарууд нотариатаар гэрчлэгдээгүй, байгууллагын хуулбар үнэн дардастай, хуулинд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, давхардсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б овогт В-ын  Мийг Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ********************  ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.М-т олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч В.М-ийн  ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалэрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн *****************  хязгаарлагдмал хариуцлагатай компаниас улсын тэмдэгтийн хураамж 129.950 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОТГОНБЯМБА