Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/335

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2018/0312/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Б.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г холбогдох эрүүгийн 1818005290345 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Г, төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн тоног төхөөрөмжийн механик инженер мэргэжилтэй, “Цемент шохой” ХХК-нд экскаваторчин  ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 254 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  зочид буудлын задгай асарт үйлчлүүлж байсан О.О эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын задгай асарт үйлчлүүлж байсан О.О эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

-Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч О.О нөхөр зөөгчтэй адилхан хувцас өмссөн байсан. Тэгээд хоол болж байна уу? гэхэд О.Оюунгэрэл нь янз бүрийн зүйл шидээд утсан дээр бичлэг хийсэн. Чамайг түмэнд дэлгэнэ гээд бичлэг хийгээд байсан. Тэгэхээр нь айлгах санаатай сандал аваад шидэхэд хохирогч оногдсон.

...гаргасан алдаандаа харамсаж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Энхбат, өөрийн төрсөн дүү О.О, түүний найз болох Төртүвшин нарын хамт зочид буудлын гадна байрлах задгай асарт хөлбөмбөг үзээд сууж байсан. Тухайн үед Төртүвшин нойлын өрөөрүү орчхоод ирж явахад нь хаалганы хажууд байрлах ширээнд сууж байсан хэсэг залуучууд дээрэлхэж том дуугараад байсан. Тэгэхээр нь би “юу болоод байгаа юм бэ?” гэхэд тэнд сууж байсан өндөр туранхай залуу нь эргэж хараад “уучлаарай, андуурсан байна аа” гэхээр нь буцаад сууж байхад над руу сандал шидсэн залуу үгийн зөрүүгүй элдвийн үгээр харааж доромжилж муухай үгээр хэлсэн. Тэгэхэд нөгөө өндөр залуу “уучлаарай” гэхээр нь би “наад найзыгаа чимээгүй болгооч” гэж хэлсэн. Нэг мэдсэн чинь л сандал ширээн дээр гулгаад миний тохойг цохиод миний нүүрэн хэсэг бас цохигдсон.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

-Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...бид нар хөл бөмбөгийн тоглолт үзээд сууж байсан. Тухайн үед Төртүвшин нойл орох гэсэн чинь хаалганы тэнд сууж байсан 4 залуу нэлээн согтуу манай найзыг “хөөе, зөөгч өө” гээд дуудаад байсан. Тэгээд сууж байсан залуусын том шивээстэй нь манай найз руу уурлаад байгаа юм шиг авир гаргаад байсан. Тэгтэл манай эгч тэд нарт хандаж “та нар яагаад байгаа юм бэ? наад хүүхэд чинь бид нартай хамт явж байгаа манай дүү байгаа юм, юу болсон бэ?” гэхэд шивээстэй өндөр залуу манай эгчийг “чи дуугүй бай, чамд ямар хамаатай юм бэ? зүгээр тайван суумаар байна тэгэх үү?” гээд байсан. Ингээд эгч тэр залууг загнасан чинь эгч рүү дөхөж байгаад ширээний модон сандлыг аваад шидчихсэн. Тэгсэн чинь сандал нь ширээн дээр буугаад хөл нь ч юм уу юу нь ч юм эгчийн нүүрийг цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

-Гэрч Т.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г хүмүүстэй маргалдаад эхэлсэн. Би нэлээд халамцуу байсан болохоор яагаад юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан тэнд байсан нэг залууг алгадсан гэж сүүлд нь надад Г хэлсэн. Тэгээд хамгаалалтын хүмүүс нь ирсэн байх.  Би 00 ороод нүүр гараа угаагаад гараад ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

-Гэрч Г.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хөлбөмбөг үзээд пиво ууж, хоол захиалаад байж байхад нэг мэдсэн чинь юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй Г хүнтэй маргалдаад байх шиг байсан. Нэлээд согтуу байсан учраас ухаан санаа орж гараад зарим болсон асуудлыг санахгүй байна. Нэг мэдсэн чинь би асрын үүдэнд зогсчихсон Г бид хоёрыг Т гараад байж бай гээд байсан. Ингээд би 00 орчхоод гараад ирэхэд Г, Т 2 байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

-Гэрч Т.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 00 орох гээд явсан. Тэгэхэд хаалганы хажууд ширээн дээр сууж байсан 4 залуу намайг дуудаж асуухаар нь би байхгүй гэж хэлчихээд чигээрээ 00 руу явсан. Тэгээд буцаад ирж байсан чинь 1 нь дуудаад байхаар нь би тоогоогүй. Араас чанга чанга хашхираад байхаар нь би очсон юм. Гэтэл зөөгч биш байж зайлаач гэж хэлсэн. Тэгсэн чинь О эгч намайг дуудсан. Тэгээд тэр залуучуудад хандаж “ та нар манай дүүтэй юу яриад байгаа юм бэ” гэхэд тэр залуучууд хэрэлдэж маргалдаад эхэлсэн. Тэгээд О эгчтэй хэрэлдэж байгаад 2 гарандаа шивээстэй залуу сандал аваад манай ширээ рүү шидсэн чинь гулгаж ирээд О эгчийн нүүр рүү цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

-Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хоол захиалж идээд хөл бөмбөг үзээд байж байтал Төртүвшин 00 орчихоод буцаад ширээ рүүгээ ирж байтал тэр дүүг минь хоргоосон эсэхийг мэдэхгүй байна, чанга чанга дуугараад эхэлсэн. Тэд нар орж ирэхдээ л их дуу шуутай нэлээд халамцуу байсан. Тэгээд дүүтэй минь маргалдаад байх шиг байсан.  Тэгсэн манай эхнэр О “та нар хүүхэд зүгээр байлга, юу болоод байгаа юм” гэхэд тэнд байсан гараараа дүүрэн шивээстэй залуу манай эхнэрийг хэл амаараа доромжилж эхэлсэн. Би юу ч яриагүй.”

...тэгээд би явъя явъя гээд боссон чинь нөгөө орилж чарлаад байсан залуу бид нарын зүг рүү төмөр сандлаа аваад шидэхэд манай эхнэрийг оносон. Би босчихсон байсан учраас сайн хараагүй. Манай эхнэр намайг оночихлоо гэхээр нь би эргээд харсан. Тэгээд би цагдаа дуудъя гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

-“…О.О биед тархи доргилт, хамар ясны битүү хугарал, баруун нүдний зовхи, тохой хэсгийн цус хуралт, зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 699 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,

-Хохирогч О.О гаргасан “Ган-Оргил нь хохирлын мөнгө 910000 төгрөгийг барагдуулсан тул гомдол саналгүй учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх тодорхойлолт /хэргийн 56/,

-Шүүгдэгч Б.Г хохирол төлбөр төлсөн тухай банкны баримт /хэргийн 51/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Г үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О.О биед “тархи доргилт, хамар ясны битүү хугарал, баруун нүдний зовхи, тохой хэсгийн цус хуралт, зулгаралт, баруун хацрын зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Г холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.О эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 699 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 23/ нотлогдож байх бөгөөд хохирогч О.О нь “Г нь хохирлын мөнгө 910000 төгрөгийг барагдуулсан тул гомдол саналгүй учир хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тодорхойлолт /хэргийн 56/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.Г  гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын задгай асарт үйлчлүүлж байсан О.О эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Г үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Г анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Г үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.Г анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Я.ТУУЛ