| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2017/0281/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/240 |
| Огноо | 2017-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхбат |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,
Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,
Шүүгдэгч Т.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 11.6.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү-д холбогдох эрүүгийн 201719000251 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн. 1978 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эргэтэй бүрэн дунд боловсролтой, хамгаалагч мэргэжилтэй, Үндэсний хамгаалалтын албанд хамгаалагч ажилтй, ам бүл 6, Нийслэлийн БЗД-ийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 18-521 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Т. Ү гэв.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Т.Ү нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Лэл металл ХХК-ны төмрийн үйлдвэрийн хашаанд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Г.Баасандоржийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Т.Ү нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Лэл металл” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн хашаанд 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Г.Баасандоржийг зодож бие эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Баасандоржийн "2017 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн нутаг лэл металл төмрийн үйлдвэр дээр Дорнод Монгол Эрдэнэ Ххк-ийн харууын албаны хүмүүсийн тогоочоор ажиллаж байсан бөгөөд тухайн өдрийн 15-16 цагийн үед харуулын албаны Б.Золбоо болон үйлдвэрийн ажилтан Б.Бат-Өлзий нарын хамтаар төмрийн үйлдвэрийн хашааг тойроод үйл ажиллагаатай танилцаад явж байсан. Тухайн үед манай харуулын ажилтан Б.Золбоог нөгөө талын хамгаалалтын албаны 4 залуу гүйж гарч ирээд 2 залуу нь Золбоогийн гарыг нь бариад Бон Бон гэдэг залуу нь хоолойг нь боогоод нүүрэн тус газар нь цохиж байсан. Намайг хашааны хойд өнцөг дээр зогсож байхад Бон Бон гэдэг залуу ирээд барьж аваад чи зүгээр лай шүү чамайг ална шүү гээд нүүрэн тус газар нэг удаа цохиод хоолойг боож байгаад тавиад явуулсан” гэх мэдүүлэг,
гэрч Х.Мөнх-Очирын "2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үйлдвэрийн хуучин дарга байсан Бат-Өлзий над руу утсаар яриад Хөх титэм харуулын албаны хүмүүс танай харуулуудыг зодоод барьсан байсан гэр орныг нь буулгаад алах гэж байна гэхээр нь хотоос Сайнбилэгийн хамтаар гарсан тэгээд Баянчандмань суманд ирэхэд манай харуулууд үйлдвэрээс зүүн тийшээ машин дотроо сууж байсан. Намайг яваад очиход Баасандорж, Золбоо хоёр нь Хөх титэм харуулын албаны хүмүүст зодуулсан гээд байж байсан тэгээд явж эмнэлэгт үзүүлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч А.Бадамсэрээжидийн "Би Баасадоржийг хэнд хаана зодуулсныг нь мэдэхгүй байна. Орой нь Ү гэдэг хүнд цохиулсан сураг л байсан” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Т.Үнэн-эрдэнийн: "Баасандоржийг согтуу яваад байхаар нь зөөлөн алгадаад яв гээд хөөгөөд явуулсан. Тухайн өдөр Баасандорж болон Золбоо нар архи уусан байсан шүү дээ /хх-72 тал/, .. Баасандоржийн хувьд өөрөө согтуу гүйж ирээд агсараад байхаар нь би яалтчгүй нэг удаа алгадсан юм” гэсэн мэдүүлэг /хх-98 тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4943 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Т.Үнэн-Эрдэнийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Төв аймгийн Прокурорын газраас Т.Ү-д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, заасан эрүүгийн хариуцлага хүллэлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус харгалзав.
Торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тогтоолоо.
Шүүгдэгч Т.Үд оногдуулсан тогрох ялыг 2020 оны 8 сарын 29-ний дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Хохирогч Г.Баасандорж нь шүүгдэгч Т.Ү-с нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Т.Ү нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасан зүйл, заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ү-г бусдын биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ү-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ү нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СД нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
б.Энэхэрэгт хураагдсан иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ү нь хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
| Ц.ОТГОНЖАРГАЛ |
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ