| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2020/0368/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/376 |
| Огноо | 2020-12-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2020/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000391 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, , улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,******* овогт**************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн бартер солилцоо худалдаа гэсэн групп дээр “Борголжин” брэндийн шинээр гарч байгаа пальто захиалга авна гэх хуурамч зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдал зориудаар бий болгож 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр*******аас 240 000 төгрөгийг Гомбодоржийн Заяа гэх нэр бүхий Хаан банкны 5589019902 тоот дансыг ашиглан хуурч залилсан, Мөн яллагдагч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн бартер солилцоо худалдаа гэсэн групп дээр “Борголжин” брэндийн шинээр гарч байгаа пальто захиалга авна гэх хуурамч зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдал зориудаар бий болгож 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр*******аас 140 000 төгрөгийг Гомбодоржийн Заяа гэх нэр бүхий Хаан банкны 5589019902 тоот дансыг ашиглан хуурч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр / ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд: 1. Шүүгдэгч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 дүгээр сард Ц.Мөнгөн-Од гэсэн фейсбүүк хаяг нээгээд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймаг бартер солилцоо гэсэн зарын групп дээр Борголжины пальтоны захиалга авна гэсэн зар тавихад Жавзандулам гэх хүн фейсбүүк чат бичихээр нь харьцаад байгаад тухайн хүнээс 140 000 төгрөг шилжүүлж ээжийнхээ 5589019902 дугаарын данс руу хийлгэж авсан, мөн Тунгалаг гэх хүн фейсбүүк чат бичихээр нь харьцаж байгаад ээжийнхээ данс руу эхлээд 140 000 төгрөг, дараа нь 75 000 төгрөгийг тус тус шилжүүлж аваад фейсбүүкээ устгасан юм... Би ээжид хүнээс мөнгө авах гэж байгаа дансаа өгчих гэж хэлж дансыг нь аваад дансанд мөнгө орж ирээд удаагүй байхад нь интернэт банкаар мөнгийг шилжүүлээд авсан, би ээжийн интернэт банкны нууц кодыг мэддэг юм. Ээжийн хувьд хэдэн төгрөг орсон талаар бол мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34, 31/
2. ******* өгсөн мэдүүлэгтээ: Төрөх дөхөөд аймагт ирсэн байсан. Хамт ажилладаг Нандиндарь гэдэг охин гэртээ зүгээр суухаар хаяг нээгээд барааны захиалга авчих би эндээс барааг явуулна гэсэн. Хаяг нээгээд зар оруулаад хоёр хүний захиалга аваад мөнгө авсан байсан чинь нөгөө охин холбогдохоо больчихсон. Тэгээд хүнээс мөнгө авчихсан байсан болохоор Борголжин брэнд рүү чат бичсэн. Тухайн хоёр бараа байхгүй байсан. Санаа зовсондоо хуурамч фейсбүүк хаягаа устгачихсан. Нөгөө хоёр хүндээ мөнгийг буцааж өгөх гэсэн чинь дансны дугаарыг мэдэхгүй байсан. Тэгээд хүүхэд төрсөн байсан болохоор мөнгө хэрэг болоод хэрэглэчихсэн гэв.
3. Хохирогч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2020 оны 09 сарын 12-ны өдөр гэртээ байхдаа гар утсаараа фейсбүүк ороод борголжин брэндийн хавар намрын пальто хантааз 2-ыг авах гээд захиалга өгөөд 5589019902 гэсэн Гомбодоржийн Заяа гэх данс руу 215 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 09 сарын 13-нд ирнэ гээд ирэхгүй болохоор нь 14-нд Ц.Мөнгөн-Од гэсэн фейсбүүк хаяг руу орох гэтэл устгасан бололтой байхгүй байсан...Баянхонгор бартер солилцоо гэсэн группт Ц.Мөнгөн-Од гэх хаягаас Борголжин коллекц гэсэн пост оруулсан байхаар нь чат бичсэн. Ц.Мөнгөн-Од гэсэн хаяг руу ороход Борголжин брэндийн хувцасны зургууд байсан...Би эхний гүйлгээн дээрээ 140 000 төгрөгийг Тунгаа тунгаа Баянхонгор 04 гэж явуулаад дахин 75 000 төгрөгийг Тунгаа тунгаа Баянхонгор 99448536 гэж бичээд нийт 215 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16, 22/,
4. Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн бартер солилцоо, худалдаа гэсэн групп дээр борголжин брэндийн шинээр гарч байгаа пальто захиалга авна гэсэн постыг Ц.Мөнгөн-Од гэх хаягтай хүн оруулсан байсан. Тэгээд чатаар холбогдоод 1 ширхэг пальто захиалахаар болоод 5589019902 гэсэн данс руу 140 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд хоёр хоногийн дараа захиалсан бараа ирнэ гээд ирэхгүй байхаар нь Ц.Мөнгөн-Од гэсэн хаяг руу ороход хаяг нь устсан байсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 21/ 5. Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....Г.Заяа нь тархины хавдартай ажил хийх боломж муутай аргагүй эрхэнд 2020 оны 09 дүгээр сарын 19-20-ны үед Өмнөговь руу нөхөр******* хамт ажил хийхээр явсан. Сүүлийн хэдэн жил ажиллаагүй гэртээ байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, 6. Гэрч Г.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь манай том эгчийн хүүхэд байгаа юм. Эцэг эхээс гурвуулаа айлын том хүүхэд байгаа. 4 дүгээр сургуулийг 2012 онд төгсөөд Говь-Алтай аймгийн ангаах ухааны их сургуулийг сувилагч мэргэжлээр төгссөн. Одоо Улаанбаатар хотод Сонгдо эмнэлэгт сувилагч хийдэг. Г.Уянгын аав нь тэтгэвэрт байдаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажилгүй. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр аав, ээж хоёр нь ажил хийх гээд явсан. Одоо нэг дүүгийнхээ хамт хоёр дүүгээ хараад гэртээ байгаа. Энд надаас өөр ирж мэдүүлэг өгөх хүн байхгүй. Ээж нь тархины хавдар өвчтэй хүн байгаа. ******* нь буруу хүмүүжил байхгүй. Нөхөр нь Улаанбаатарт эмийн санд ажилладаг эм зүйч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
5. Гомбодоржийн Заяа, Дольюм Гантулга гэх нэр бүхий Хаан банкны 5589019902 дугаарын дансны хуулга /хх-ийн 37-38/, Гантулга******* гэх нэр бүхий Төрийн банкны 232100685752 дугаарын дансны хуулга /2020.09.13-ны өдөр 5589019902 дугаарын данснаас 300 000 төгрөгийн орлого хийсэн, тухайн мөнгийг хэрхэн зарлагдсан талаарх /хх-ийн 4, 51 дүгээр тал/, Дипозит дансны харилцагчийн хуулга /хх-ийн 41-42/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 43/, Улсын бүртгэлийн хэлтэс 1/1106 дугаартай албан бичиг, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн 3/1106 дугаар тодорхойлолт /хх-ийн 82/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 86-87/, Ц.Мөнгөн-Од гэх нэр бүхий фейсбүүк хаяг руу хохирогч Х.Тунгалагаас бичсэн чатын дэлгэрэнгүй /ххийн 72-80/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн “бартер солилцоо худалдаа” гэсэн групп дээр “Ц.Мөнгөн-Од” гэсэн хуурамч цахим хаяг нээж “Борголжин” брэндийн шинээр гарч байгаа пальто захиалга авна гэх хуурамч зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдал зориудаар бий болгож иргэн*******аас 240 000 төгрөгийг Гомбодоржийн Заяа гэх нэр бүхий Хаан банкны 5589019902 тоот дансыг ашиглан авсан, Мөн 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн “бартер солилцоо худалдаа” гэсэн групп дээр “ Ц:Мөнгөн-Од” гэсэн хуурамч цахим хаяг нээж “Борголжин” брэндийн шинээр гарч байгаа пальто захиалга авна гэх хуурамч зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдал зориудаар бий болгож 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр*******аас 140 000 төгрөгийг Гомбодоржийн Заяа гэх нэр бүхий Хаан банкны 5589019902 тоот дансыг ашиглан авсан үйл баримтууд тус тус болсон нь хохирогч*******,******* нарын мэдүүлэг, ХААН банкны 5589019902 дансны хуулга, Г.Уянгын Төрийн банкны 232100685752 дугаарын дансны хуулга “Ц.Мөнгөн-Од” гэсэн хаяг руу хохирогч Х.Тунгалагаас бичсэн чат зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч Г.Уянгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориуд бий болгож өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын чанартай гэмт хэргийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “ учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн 1 нас 8 сартай Г.Дөлгөөнтэнгис, 2020 оны 08 дугаар сарын 25-ний өдөр төрсөн 3 сартай У.Дөлгөөнтамир нарын хамт амьдардаг болох нь 641000066,110590060 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байх тул түүнийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх гэж шүүхээс дүгнэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч******* овогт******* Уянгыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч******* овогт******* Уянгыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сарын хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Г.уянга нь үр хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар л оногдуулахыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ