Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2330

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02891 дүгээр шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: Ш.Г, Ш.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 болон Г.Х нарт холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 674 387 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч Г.Х-гийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ш.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Э, Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

            Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ш.Г-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, ... дүгээр байрны ... тоот хаягт байрлах орон сууцанд уг орон сууцны ..... тоот хаягт буюу 5 давхарт байрлах Г.Х гэх айлаас халуун усны шугам гэмтэж их хэмжээгээр ус алдагдсанаас доод 4, 3 болон 2 давхрын айлууд руу ус гоожсон. 41-16 тоот нь 41-20 тоотын яг доод талын айл бөгөөд бүхэлдээ усанд автаж маш их хэмжээний хохирол амссан. Ус алдсанаас үүдэн нэхэмжлэгчийн орон сууцны цахилгаан монтаж гэмтсэн, бүх шалны паркетууд сэртийж, паркет хоорондын зай үүссэн, бүх өрөөний обойнууд хууларсан, хана тааз халтартаж шарласан, ариун цэврийн өрөөний плитанууд хөндийрсөн, бэлэг дурсгалын сувинер норж цүлхийсэн, усан будгаар будсан зураг усанд нүүж халтартсан гутал хувцаснууд норж шарлаж өнгөө алдсан, буйдан, хивс норж халтартсан, их хэмжээний ном дэвтэр норж хэрэглэгдэх боломжгүй болсон. Мөн хананд өлгөөтэй байсан 48 инчийн “Сони” маркийн лед зурагт руу ус орсны улмаас инвертор нь хөхөрч зэвэрч ажиллагаагүй болсон нь BSB-ийн албан ёсны электрон бараа засварын газраар оношлогдсон. Энэ инвертор хэмээх детал нь одоогоор байхгүй байгаа, захиалбал 45-60 хоногийн дараа ирнэ гэсэн хүлээлтийн байдалтай байна. Мөн хана, тааз их хэмжээгээр норсны улмаас цахилгааны монтаж гэмтлийг 15 хоног хана таазыг хаттал хүлээх шаардлагатай гэсэн дүгнэлтийг ХҮТ-2 хийж гал тогооны өрөөний цонхоор түр цахилгааны утас оруулж өгсөн ба тухайн байранд гэрэл байхгүй бага насны хүүхэдтэй учир амьдрах боломжгүй байсан. Одоо байшингаас нил чийг үнэртэж, хүн амьдрах боломжгүй бөгөөд бүтэн засвар хийх шаардлагатай болсон. Ингээд дээд айл буюу 41-20 тоот Г.Х-д гомдол мэдүүлэхэд ОСНААУГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төв 2-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн болсон тул ХҮТ-дөө ханд гэсэн. ХҮТ-2 нь “Хаан” даатгалд даатгуулсан байсан бөгөөд “Хаан” даатгалд материалаа бүрдүүлж өгөхөд ... мэргэжлийн хариуцлага алдсан нь тогтоогдохгүй байх тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн хариуг өгсөн. Иймд даатгалаас хохирлоо барагдуулах ямар ч боломжгүй болсон. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс “Итгэлт-эстимэйт” ХХК бизнес, үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн үнэлгээ, зөвлөгөө үйлчилгээний компанид хандаж ус алдсаны улмаас учирсан хохирол үнэлгээ хийлгэсэн. “Итгэлт-эстимейт” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үнэлгээгээр 3 554 387 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Мөн үнэлгээ хийсний төлбөрт 120 000 төгрөг авсан. Дээрх хохирлыг хариуцагч нараас бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна. Дээрх хохирлын тооцоонд цахилгааны монтаж засуулсны зардлыг оруулаагүй болно. Иймд Г.Х болон ОСНААУГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 нараас ус алдсаны улмаас учирсан хохиролд 3 554 387 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөрт 120 000 төгрөг нийт 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г, Ш.Г нарт олгуулж өгнө үү гэжээ.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Хариуцагч Г.Х шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо .... тоотод оршин суугч Г.Х миний бие Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн байцаагчийн шаардсаны дагуу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр тус төвийн засварчнаар халуун хүйтэн усны тоолуураа баталгаажуулахаар авснаас шалтгаалж халуун усны труба хагарч ус алдан Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн диспетчерт яаралтай дуудлага өгсөн боловч 1 цаг 58 минут болж байж арай гэж ирсэн засварчин О архи уусан байсан. Яаралтай дуудлага өгсөөр байтал ингэж их цаг алдаж, хариуцлагагүй хандсан. Тухайн өдрийн ээлжийн инженер Одгэрэл диспетчерийг орлож байсан За, засварчин нар хэтэрхий хариуцлагагүй хандсанаас доод давхрын айл болох Ш.Г-гийнд хохирол учирсан. Энэ талаар ХҮТ-ийн захиргаанд гомдол гаргасан боловч, тэтгэврийн хөгшин намайг үл тоож, ямар ч арга хэмжээ аваагүй акт ч гаргаж өгөөгүй. Иймээс Ш.Г-гийн гаргасан хохирлыг би төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Ус алдсан өдөр ирсэн эрх бүхий мэргэжлийн этгээдийн үйлдсэн актыг надад албан ёсоор танилцуулж гарын үсэг зуруулаагүй. Уг актад хаанаас ус гоожиж, аль өрөөний хэдэн кв метр талбай, ямар хэмжээнд тарсан, үүнээс болж ямар хэмжээний хохирол учирсныг тооцон үнэлж, схемчлэн зурж баталгаажуулаагүй. Чухам юунаас болж ус гоожих болсон шалтгааныг үнэн зөвөөр тогтоож актад үндэслэлтэйгээр зураглан тусгаагүй. Тэр өдөр манайхан ямар ч ус алдаагүй байхад тус конторын ажилтан манайд ирж усныхаа тоолуурыг баталгаажуул гэсэн шаардлага тавьсан. Тэгээд мэргэжлийн засварчин тоолуур авч өгөөд шалгуулан баталгаажуул гэснийг би иргэнийхээ үүрэг хариуцлагын дагуу хүлээн зөвшөөрч зааж өгсөн мэргэжлийн албанд хүргэж өгсөн. Гэтэл усны тоолуур авсан хаалтны араас ус гоожиж эхэлсэн. Энэ бүгдийг тунгаан бодвол манай сууцнаас ус алдсан шалтаг, шалтгаан надад ямар ч хамаагүй болох нь тодорхой байгаа юм.  Өөрөөр хэлбэл би сууц өмчлөгч болох иргэнийхээ үүрэг, хариуцлагын мэргэжлийн байгууллагын зүгээс тавьсан шаардлагын дагуу гүйцэтгэсний төлөө надаас үл хамаарах байдлаар бусдад учирсан хохирол буюу төлбөр төл гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна. Зальтай, овсгоотой, аливаа үйлдлийг далимдуулан завшдаг, техникийн боловсролгүй гэнэн иргэнийг гэндүүлж хохироодог тийм шийдвэр гаргах хууль эрх зүйн үндэслэл, хууль байхгүй. Тухайн үед зөвхөн том өрөө, ванн, коридорт ус алдаж би өөрийн чадах хирээр ус алдалтыг багасгах арга хэмжээг авсан. Хоёр жижиг өрөө, том өрөөний урд хэсэг усанд автаагүй, шалгасан бол тодорхой байгаа. Тухайн үед бага хохиролтой байсан. Ашиглалтын хугацаа дууссан, хуучин нэгдсэн байр шинжээчийн дүгнэлт хэтэрхий өрөөсгөл, үндэслэлгүй учир ямар ч төлбөр төлөх үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөрөнгийн үнэлгээний төв гээд нэг байгууллага л үнэлгээ хийдэг. Хөрөнгийн үнэлгээний төвийг шалгуулсан. Эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад явж байгаа. Бүх зүйл нь хуурамч гэж гарсан. Харин бодит санхүүгийн баримтуудаа гаргаж ирээд ярилцвал учиртай. Хар цааснаас үнэлгээ хийсэн гэж байгаа юм. Хар цаасыг дээвэр дээр гарч харсан бол шат нь хаана байсан бэ гэхэд мэдэхгүй гэж хэлж байгаа юм. Очиж үзэхгүйгээр үнэлгээ хийдэг. Очиж үзээд үнэлгээ хийсэн зүйл байхгүй. Хэмжээсүүд нь бүгд худал. Өмнөх хууларсан ханын цаас нь 9000 төгрөгийн үнэтэй. Сүүлд наасан ханын цаас нь илүү үнэтэй ханын цаас байгаа. Нэг удаагийн ус алдалтаар тийм байдалтай болох уу гэвэл болохгүй. Фото зургийг харж үнэлгээ хийсэн гэж байна. Тэр айлын зураг гэдгийг юугаар нотолж байгаа вэ. Фото зураг байгаа учир дахиж фото зураг шаардлагагүй гэж үнэлгээ дээр бичсэн байна лээ. Санаанаасаа хийсэн үнэлгээ байна. Газар дээр нь очиж хийгээгүй, газар дээр нь очиж фото зургаар баталгаажуулаагүй үнэлгээг үнэлгээ гэж үзэхгүй учир дахин шинжээч томилох ёстой. Материалын үнэ байхгүй байна. Энэ хүмүүс материалаа худалдаж авсан байх ёстой. Худалдаж авахад баримт, падаан өгнө. СӨХ-ны хэн нэг хүн нь доод талын подвалийг цоожлоод явсан байдаг. СӨХ жижүүртэй байх ёстой. Ус алдсан мэдээлэл авлаа тэр дор нь хаагаад доод айл руу ус орохгүй. СӨХ хариуцах ёстой. Үзлэг хийсэн 2 акт нь хуурамч. 2016 оны 04-р сарын 27-ны өдрийн 16 цагт үзлэг хийхэд гэсэн байгаа. Бичилт нь өөр байна. 2 дахиж хийсэн актад 16 цагт үзлэг хийхэд гэж бичсэн. Утсаар ярьсан, дуудлага хийсэн баримтыг үзэхэд 15 цаг 59 минут, 16 цаг 01 минут, 16 цаг 16 минут, 16 цаг 58 минут,18 цаг 43 минут гэсэн байна. 3 цагийн турш утсаар дуудлага өгөөд байна. Тэгэхээр 16 цагт үзлэг хийгээгүй нь харагдаж байна. Мөнгө нэхэхийн тулд ийм акт хийлгээд авсан байна.. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ОСНААУГазрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Д.Г, Г.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16.00 цагт БЗД-ийн 7 дугаар хороонд байрлах 41-р байрны .... тоотоос ус алдсан дуудлага ирсэн. Дуудлагын дагуу тухайн өдөр ээлжинд гарч байсан дуудлагын засварчин Отгондаваа 2-р байрны 3 тоотод уян холбоо цоорч ус алдсан дуудлагын дагуу очиж уян холбоог сольж байсан тул тухайн өдөр ээлжийн инженерийн үүрэг гүйцэтгэж байсан Г.З засварчин Г-ыг очихыг үүрэг болгоход ахмадын хороололд айлд тоолуур угсарч байв. Ингээд засварчин О, Г нар 16.20 цагт очиж үзэхэд 20 тоот айлын халуун усны аваарын вентилийн өндөр талын холбох хэрэгсэл болох “фа” мултарсан байв. Иймд тухайн айлын таширын вентилийг хаахаар подвалын цоожыг эвдэн орж харъяа таширын винтелийг хаах гэсэн боловч барихгүй байсан тул 3-р орцонд байдаг байрны халуун усны таслах хаалтыг хааж усны алдагдлыг 16 цаг 25 минутад зогсоон тус айлын мултарсан холбоо болох “фаг” холбож өгөн аваарын вентилээ шинээр солих шаардлагатай байгаа талаар зөвлөгөө өгч, материал захин байрны усыг эргүүлэн тавьж бусад айл өрх, оршин суугчдын халуун усаар хангасан байна. 20.00 цагийн орчим 20 тоотын айл материалаа авч ирэн засварчин Ганзоригтоор солиулахаар тохирч засварчин Ганзоригт вентиль солихоор байрны усыг хаах талаар ээлжийн инженерт мэдэгдсэн талаар тухайн өдрийн рапортын дэвтэрт тэмдэглэсэн байна. Тус 20 тоотын эзэн Хандсүрэн нь ус алдсаны өмнөх өдөр буюу 26-ны өдөр байрныхаа орчимд засварчин Ганзоригтой тааралдаж тоолуур баталгаажуулах албан шаардлага ирсэн учраас тоолуураа салгуулах хэрэгтэй байна, чи салгаад өгөөч гэсний дагуу 27-ны өдрийн өглөө 9 цаг 30 минутад засварчин Ганзоригт очиж халуун хүйтэн усны 2ш тоолуурыг нь салгаж өгсөн бөгөөд энэ талаар байгууллагад албан ёсоор дуудлага өгч тэмдэглээгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд “Х” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороолол, 7 дугаар хороо, .... тоотын хүсэлтээр “Х” СӨХ-г гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан нь тус СӨХ-д хамааралгүй шугам болохыг албан ёсоор мэдэгдэж байна. СӨХ нь зөвхөн подваль дахь шугам хариуцдаг болно. Хувь айл хариуцлага алдсан бол Орон сууцны конторт хандан акт тогтоолгож, ус алдсан айл дээр төлбөр тогтоож гаргах өгөх ёстой гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-гээс 3 674 387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Г-д олгож, нэхэмжлэгч Ш.Г-д холбогдох болон хариуцагч ОАНААУГ хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-т холбогдуулан гаргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 73 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Х-гээс 73 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Г-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

     Хариуцагч Г.Х давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 4 сарын 27-ны өдөр ус алдаж, шинжээчийн дүгнэлт 2016 оны 5 сарын 06-ны өдөр гарсан байдаг. Үүний дараа 100 айл дээр байдаг хувь хүнээр засвараа хийлгэсэн байдаг. Хариуцагч тал санхүүгийн баримт бүхий хохирол байвал тэр хохирлын талаар ярья. Хийгдээгүй засварын мөрөөдлийн дүгнэлт бол бодит хохирол биш гэж үзсэн. Хохирлын мөнгийг бага зардлаар буюу хувь хүнээр засвар хийлгэсэн байдаг. Ямар ч шавардлага, ямар ч тэгшилгээ хийгдээгүй. Иймд бодит хохирлоо нуун дарагдуулж шүүхэд ямар ч санхүүгийн баримт гаргаж өгөхөөс татталзаад байхад өөрөө нотлоогүй хохирол төлүүлэхээр гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хананы хууларсан цаасыг харахад олон жил засвар хийгээгүй засварт орох шаардлагатай болсон байсан. Ханын доод талын хөгцөрсөн хэсэг нь хэрэглэгч өөрсдийн буруугаас олон жил чийгтэй байлгаснаас үүсдэг хөгц. Иймд урьд нь хэзээ засвар хийсэн нь тодорхойгүй байрны урьд хийсэн засварын зардлаар төлүүлэхээр шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Ядаж элэгдэл хорогдол гэж байх ёстой. 3 өрөө байрны хүүхдийн болон унтлагын өрөөнд яаж яваад ус орсон гэдгийг ойлгохгүй байна. Гал зуух, ариун цэврийн өрөө нь шаландаа босготой, коридороос том өрөө рүү ороход мөн босготой энэ босгыг давсан ус байсан гэхээр итгэхэд бэрх байна. Хамтран хариуцагч орон сууцны конторын төлөөлөгч "дуудлага аваад 20 минутаас хэтэрвэл бид хохирлыг хариуцна" гэж шүүх хурал дээр хэлсэн. Гэтэл баримт байдлаар дуудлага өгөөд 3 цаг 50 минут болоход ирсэн байдаг. Бид хоцорч очвол хариуцлагаа хүлээнэ гээд байхад хариуцлага хүлээлгэхээс шүүх үндэслэлгүй татгалзсан. Орон сууцны усны тоолуурыг өөрөө мэдэж сольсон гэж шүүх дүгнэлт гаргажээ. Тоолуурыг орон сууцны контор өөрийн засварчнаар тавиулдаг. Тоолуур тавиулахад дуудлага заавал өгөх ёстой байдаг гэсэн хууль, дүрэм, журам гэж ямар юм байдгийг мэдэхгүй байна. Хэрэв тийм журам байдаг юм бол түүнийг нотлох баримтаар өгөөд шүүх үнэлэх ёстой. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож мөрөөдлийн биш бодит хохирлыг тогтоолгож, дуудлага өгснөөс хойш хэдэн цагийн дараа засварчин ирснийг тогтоолгох, тоолуурыг орон сууцны засварчнаар тавиулахдаа заавал дуудлагаар тавьдаг журмыг нь нотлох баримтаар авахуулан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Г, Ш.Г нар нь хариуцагч ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2 болон Г.Х нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 3 674 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байр, 20 тоотод байрлах Г.Х-гийн орон сууцнаас ус алдаж, 16 тоотод байрлах, нэхэмжлэгч Ш.Г-гийн өмчлөлийн орон сууцанд ус нэвтэрч, хохирол учирсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2016 оны 4 сарын 29-ниы өдрийн техникийн комиссын 2 акт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан шаардлагыг хангаагүй баримт байна. Түүнчлэн уг акт нь нэг огноотой хоёр хувь байх бөгөөд дуудлагын дагуу үзлэг хийсэн цаг “1600”, “1630” гэж хоёр өөрөөр тэмдэглэгдсэн, энэ талаар хариуцагч маргасан байхад анхан шатны шүүх уг баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй байна. /хх-н 7, 9-р тал/

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 750 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Т.ТУЯА                                                                                                            

                                                                                                          Г.ДАВААДОРЖ