Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2019/ДШМ/31

 

   2019          04            03                                          2019/ДШМ/31

 

Т.М-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай     

                                                                                                                                

                                                                                                                                                                                        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: С.Энхням,

            Хохирогч: Б.У,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/89 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Т.М-т холбогдох эрүүгийн 1919000460037 дугаартай, 1 хавтас, 102 хуудас бүхий хэргийг прокурор С.Энхнямын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын .........ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “.......” ХХК-ийн харъяа “.......” Сайншанд салбарт жолооч ажилтай, Сайншанд сумын ...... дугаар баг, Мааньзавын ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Өлзийт овогт Т-ын М/РД:ЕК8..........78/-т холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Т.М 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, .............. шатахуун станц дээр хохирогч Б.Уийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Өлзийт овогт Т-ын М-т холбогдох эрүүгийн 1919000460037 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар аймгийн Прокурорын газарт буцааж,

хэргийг прокурорт очтол шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар захирамжийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор С.Энхням давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ хэргийг прокурорт буцаах шүүгчийн захирамж гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй. Шүүгдэгч Т.М-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан байхад хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь илтэд хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд “хорих ялын санкцтай тодорхой хэргүүдийг шийдвэрлэх”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэж заагдсан хэргүүдийг шийдвэрлэх талаар хоёр тусдаа өөр журмаар зохицуулсан байхад уг хоёр журмыг хольж ажиллагаа явуулахаар шийдвэр гаргасан нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа яллагдагч гэсэн хүн шүүгдэгч гэсэн хуулийн нэр томьёогоор нэрлэгдэж шүүхийн хэлэлцүүлэг явуулсан атлаа уг шийдвэр хүчинтэй байхад эргэж яллагдагчид холбогдох асуудлыг хэлэлцсэн мэтээр хууль зөрчин шийдвэр гаргасан.

Мөн хохирогч Б.У мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сард Т.М зодож байсан, урьд нь хэрүүл маргаан хийдэг байсан гэж мэдүүлсэнтэй холбогдуулан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө 2-3 жилийн өмнө зодож байсан, цаг хугацааг сайн санахгүй байна, тухайн үед хэнд ч хэлж байгаагүй, санал гомдол байхгүй гэж мэдүүлдэг бөгөөд тухайн тохиолдлуудын цаг хугацааг санахгүй, 2-3 жилийн өмнөх үйл баримтуудын талаар тодорхойгүй мэдүүлдгээс гэмт хэрэг, зөрчил гэж тооцох, хор уршиг тогтоогдох боломжгүйн гадна Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн шинж хангалттай тогтоогдоогүй байгаад дүгнэлт хийлгүй гэр бүлийн хамаарал бүхий хүн байсан гэх агуулгаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.  Мөн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн заалтын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Б.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Бид хоёр 2014 оноос 2018 он хүртэл хамт амьдарсан. 2015 онд шүд хугалсан, шүд хугалж, хавирга гэмтээж, хоолой зүсэж, гэмтэл учруулж байсан. Намайг оюутан байхад ч хардаж, муудалцах бүрт гар хүрдэг байсан. Хүүхэдтэй учраас цагдаад хандаж байгаагүй, намайг дахиж гэмтээх вий гэхээс айж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Прокуророос яллагдагч Т.М-ыг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах .............. шатахуун түгээх станц дээр хохирогч Б.У-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлджээ.

Хэдийгээр дээр дурдсан үйл баримт хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож байх боловч үүнээс өмнөх цаг хугацаанд Т.М-ын зүгээс бие махбодийн хүчирхийлэл үйлдэж хохирогчид гэмтэл учруулж байсан талаар хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...урьд нь хамт амьдарч байхдаа зоддог байсан, 2018 оны 5 сард юм асууя гэж намайг хөдөө машинтайгаа авч гараад  бас л хүнтэй хардаж, би чамайг одоо ална, дараа нь өөрийгөө ална гэж хутга гаргаж ирээд миний хоолойг зүссэн, тэгээд өөрийгөө боомилж ална гээд уяа хайгаад явахаар нь би машиныг унаж зугтаасан, хоолойны зүсэгдсэн шархыг хүнээс нууж явж байгаад эдгээсэн, одоо сорви нь байгаа, хоолой зүссэнийг манай ээж, аав, хамт ажилладаг хүмүүс харсан, хэрүүл гарах болгонд гар хүрдэг талаар би мөрдөгчид хэлж байсан, хамт амьдарч байх хугацаандаа хавирганы зөөлөн эдийн гэмтэл авч байсан, үүдэн шүд хугалж байсан, хоолой зүссэн, оюутан болоод хотод 1 жил болоход мөн л гар хүрдэг байсан, бид хоёр дундаасаа хүүхэдтэй болохоор би энэ талаар хэн нэгэнд хэлдэггүй байсан” гэж мэдүүлжээ.

Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд “үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны үндсэн дээр мэдүүлэг өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн тэрээр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн нь гэрч  И.Т, Т.М /хх-16, 17/ нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх ба энэхүү мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч…тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хамаарна гэсэн хуулийн зохицуулалтаас үзэхэд Т.М, Б.У нар хамтран амьдрагч байсан төдийгүй тэдний дундаас 2016 онд хүү нь төржээ.   

Тиймээс хохирогчийн мэдүүлэгт дурдсан үйл баримтыг шалгаж тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлж, хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.

Мөн дээр дурдсан нөхцөл байдал нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг үндэслэлтэй зөв тогтоох хуулийн шаардлагад нийцэх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Хэргийн талаар нотолбол зохих байдал”-д хамаарахын зэрэгцээ, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл, нөхцөл болох учиртай.

Өөрөөр хэлбэл мөрдөгч, прокуророос хохирогч, гэрчийн дээр дурдсан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, хяналгүйгээр зөвхөн 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогч Б.Уийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Прокурор хэргийг хүлээн авснаас хойш ... хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.”, 17.3 дугаар зүйлийн 1, 1.3-т заасан  “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх”, 3 дахь хэсэгт заасан “... хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж ... хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд  прокуророос хэрэгжүүлэх хяналтыг бүрэн дүүрэн хийгээгүй гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан буюу зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын дагуу шилжүүлсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан нөхцөл байдлыг хангагдаагүй гэж дүгнэж энэ талаарх зохицуулсан өөр журмыг хэрэглэсэн хэдий ч дээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүйн гадна анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим гэмт хэргийг болон шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Иймд анхан шатны шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/89 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор С.Энхнямын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

                                                    ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

                                                                                                        Н.БОЛОРМАА