| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0319/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/342 |
| Огноо | 2018-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0319/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох эрүүгийн 1818005680357 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М, төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******” ХХК-нд бетон арматурчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумд түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ө эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Э.Ө эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хүзүүний хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий” гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ******тай хамт архи уусан. Тэгээд бид салж Ө гэр рүүгээ орсон. Тэгэхээр нь араас нь очоод Э.Ө архи уухгүй байхаар нь цохисон.
... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,
-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,
-Хохирогч Э.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гэртээ байхад 13 цагийн орчим манай ажлын газрын М манайд орж ирээд “манай гэрт нэг том пиво байна, хуваагаад ууя” гээд М бид хоёр гадаа саравчинд сууж байгаад ууж дуусгаад гэртээ орсон юм. Ингээд гэртээ байж байхад орой манай ажлын газрын О ах ирээд нэг шил архи ууя гээд М , О ах бид гурав мөнгөө нийлүүлж 0.75 граммын архи аваад 63 дугаар брак байрны гадаа саравчинд уусан юм. Би тэр архийг ууж байгаад тасраад түүнээс хойшоо юу болсныг санахгүй байгаа юм. Би эмнэлэг дээр очоод эхнэр Н юу болсон талаар асуухад “танай ажлын газрын М гэрт орж ирээд архи уусангүй гэж уурлаад чамайг зодсон.” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 8-9/,
-Насанд хүрээгүй гэрч Э.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ дүү нараа хараад байж байхад гаднаас Ө ах согтуу орж ирээд унтсан. Ө ахыг унтаж байхад гаднаас найз нь гэх М гэж ах орж ирээд Ө ахыг “босоод ир, архи ууя” гэж дуудсан. Тэгэхэд Ө ах сэрэхгүй байсан чинь М, Ө ахын цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд Ө ах босоод ирсэн чинь М нь Ө ахын нүүр лүү 2-3 удаа цохиж аваад хоолойг нь боож хананд шахсан. Тэгэхээр нь би дүүгээ аваад гараад явсан. Хэсэг гадаа сууж байгаад буцаад гэрт орсон чинь Ө ах орон дээр нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өглөө манай нөхөр Ө,М дуудаад гэрээс гарсан, удалгүй манай нөхөр "М нэг пиво хувааж уулаа" гэж хэлээд гэртээ орж ирээд буцаад гарч яваад 16 цагийн орчим манай их согтуу гэртээ орж ирээд шууд унтаад өгсөн юм. Ингээд 16 цаг 40 минутын орчим М гартаа архи барьж манай гэрт орж ирээд Ө унтаж байхад "архи ууя, босоод ирээч" гэж дуудсан. Тэгэхэд манай нөхөр сэрээгүй юм. Тэгэхэд Мягмардорж гэрээс гараад явсан бөгөөд би хоёр найзыгаа гаргаж өгөх гээд гарч яваад буцаад гэрт ороод ирэхэд манай нөхрийн нүүр цус болсон байдалтай сууж байсан. Юу болсон талаар асуухад “Мягмардорж намайг зодчихлоо” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 10 цагийн орчим 64 дүгээр брак байрны гадаа очиход Ө, М хоёр саравчинд сууж байсан. Бид гурав мөнгөө нийлүүлээд нэг шил 0.75 граммын архи аваад ууцгаасан. Дахин нэг шил архи авья гээд зах руу яваад захын АТМ-с мөнгө авах гээд ороход Ө гадаа үлдсэн бөгөөд бид хоёрыг гараад ирсэн чинь Ө яваад өгсөн байсан. М бид хоёр нэг 0,5 грамм архи аваад хувааж уусан бөгөөд тэр архийг ууж дуусгаагүй Ө гэрт очиход орон дээрээ хэвтэж байсан. М “гараад ир, авсан архиа хувааж ууя” гэж Ө хэлэхэд босож ирэхгүй хэвтэж байхад нүүр лүү нэг удаа өшиглөхөд Ө босож ирээд М барилцаад авахад М нэг гараараа хүзүүнээс нь заамдаж байгаад нөгөө гараараа нүүр лүү нь 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-“…Э.Ө биед 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хүзүүний хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..” гэх 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 749 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16/,
-Хохирогч Э.Ө гаргасан “Б.М эмчилгээний зардалд 800000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх баталгаа /хэргийн 30, 36/,
-Хохирогч Э.Ө, шүүгдэгч Б.М нараас гаргасан баталгаа /хэргийн 37/ болон хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө биед “тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хүзүүний хэсгийн цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Б.М холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 749 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16/ нотлогдож байх бөгөөд хохирогч Э.Ө нь “Б.М эмчилгээний зардалд 800000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх тодорхойлолт /хэргийн 30,36/ гаргасан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.М гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр брак байрны 09 тоотод Ө эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хүзүүний хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий” гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 600000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд төлж барагдуулахыг шүүгдэгч Б.Мягмардоржид үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.М анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.М үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.М анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ