Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2020/ШЦТ/374

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0336/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц,

Шүүгдэгч Н.П, Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт З овогт Ж-ийн О, З овогт Н-ын П нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000374 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, З овогт Ж-ийн О /регистрийн дугаар: ........../, .......... оны ......... дугаар сарын ..........-ны өдөр .................  аймгийн ..................  гол суманд төрсөн, ..........  настай, эрэгтэй, дээд боловсролтой, Герман хэлний орчуулагч, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл .............. , ............ ийн хамт .........  аймгийн Шарын гол сум ..............  баг, ..................хэсэгт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Монгол Улсын иргэн, З овогт Н-ын П /регистрийн дугаар: .............. /, .......... аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ..........................  сургуулийн .............. дугаар курст суралцдаг, мэргэжилгүй, ам бүл .......... , ............... хамт .....................  аймгийн ................ гол сумын .............. баг .............. хэсэгт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ж.О, Н.П нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр .... аймгийн . сумын .. дугаар баг “...... ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 0.50 метрийн урттай 78 ширхэг буюу 5.06 метр куб нарс мод бэлтгэж, ........ ДАР, ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.П мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ж.О ахтай гэрийнхээ модыг бэлтгэх болоод, би аавын машинаар, ах өөрийн машинаар модонд явсан. Тэгээд модоо ачиж яваад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ мод бэлтгэхээр дүү П-тэй хамт зөвшөөрөл авалгүй модонд явсан. Зөвшөөрөл авах хүн Хүйтний голд постон дээр гарч байгаа гэхээр нь зөвшөөрөл аваагүй. Тэгээд П-ийн аавын ........ ДАР портер, өөрийн эзэмшлийн ........ УНП Улсын дугаартай портер дээр өөр өөрийн модоо ачиж авч яваад баригдсан. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй.” гэв.

 

Эрүүгийн 2018000000374 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл[3],

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл[4],

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...Сум дундын ойн анги 2020 онд түлээний мод олгох газрыг мужид хуваагдсан байдлаар олгож модны метр кубаар сум бүрийн байгаль хамгаалагч нарт олгосон тул аль ч сумын байгаль хамгаалагч түлээний модны эрхийн бичиг олгож болно. Хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол 347,429 төгрөгийн хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1,042,287 төгрөгийг төлүүлэх саналтай байна. Мөн Хүрээлэн байгаа орчинд учирсан хохирол 505,965 төгрөгийн хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1,517,895 төгрөгийг төлүүлэх саналтай байна.” гэх мэдүүлэг[5],

 

Иргэний нэхэмжлэгч Р.Н-ын мөрдөн байцаалтад 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдүүлсэн “........ ДАР улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Д овогтой О  гэх хүний нэр дээр байдаг. Би тус хүнээс 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр худалдаж аваад өөрийн нэр дээрээ шилжүүлж чадаагүй байгаа юм.” гэх мэдүүлэг[6],

 

Н.П-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчээр, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “... Би 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр танил ах О-тэй гэр гэртээ түлээний мод бэлтгэхээр ярилцаад 15 цагийн орчимд аав болох Р.Н-ын эзэмшлийн ........ ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай, О ах өөрийн эзэмшлийн ........ УНП улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай модны ажилд туслуулахаар танил дүү Т-ыг аваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын ......  дугаар баг Х дгэх газраас хуурай үндсээрээ салхинд уначихсан модноос 2 метрээр тайрч бэлдэж тус тусын тээврийн хэрэгсэл дээр ачаад Шарын гол сумын ..  баг ....  тоот хашаанд 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн орчимд иртэл цагдаа нар ирээд гарал үүслийн гэрчилгээ байгаа юу гээд шалгасан. Би Хонгор сумын байгаль хамгаалагчаас уулнаас түлээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх нь хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байсан. Миний буруу.” гэх мэдүүлэг[7],

 

Ж.О-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн “...Би 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр танил дүү П-тэй  гэр гэртээ түлээний мод бэлтгэхээр ярилцаад 15 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ........ УНП улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай, П Р.Н-ын эзэмшлийн ........ ДАР улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашинтай модны ажилд туслуулахаар танил дүү Т-ыг аваад хоёр машинтай Дархан-Уул аймгийн Хонгор сумын ....  дугаар баг “Хавтгайн даваа” гэх газраас үндсээрээ салхинд унасан модыг бэлдэж тус тусын тээврийн хэрэгсэл дээр ачаад Шарын гол сумын ......  баг ..  тоот хашаанд 2020 оны 08 дугаар сарын 06-ны шөнө 03 цагийн орчимд ирсэн. Гэтэл цагдаа нар ирээд гарал үүслийн гэрчилгээ байгаа эсэхийг шалгасан. Би Хонгор сумын байгаль хамгаалагчаас түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч амжаагүй. Миний өөрийн эзэмшлийн Дружба гар хөрөөгөөр мод бэлтгэсэн. Гэхдээ дандаа л унасан мод байсан. Хууль бусаар зөвшөөрөлгүй мод бэлтгэх, тээвэрлэх нь хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байсан.” гэх мэдүүлэг[8],

 

Насанд хүрээгүй гэрч Ө.Т-ын мөрдөн байцаалтад 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адуугаа бэлчээрт гаргаж хариулчхаад буцаж ирэхэд ах О мод ачаад ирсэн гэрийнхээ гадаа зогсож байсан. О ах буцаад П ах руу явлаа мод бэлтгэж байгаа гэж хэлэхэд нь би хамт явж болох уу гэж асуугаад цай боорцог бэлдээд хамт 19 цагийн орчимд О ахтай мотоциклоор Х дгэх газар очсон. Намайг очиход П ах ганцаараа модоо бэлдээд уулнаас буулгаж байсан ба бууж ирээд цайгаа ууж дуусгаад уулнаас буцаж бэлдсэн моднуудаа П, О ах нар уулнаас буулгаад өөрийнхөө машины тэвш дээр ачиж эхэлсэн. Тэгээд би модоо ачиж байх үеэр нь машинд ядраад зүүрмэглээд унтсан байсан. Намайг сэрэхэд гэрийн гадаа ирсэн байсан. Тэгээд О ахын мод ачсан машинтай хамт төв рүү орж ирээд О ахын хашаанд шөнийн 1 цагийн орчимд модыг нь буулгалцаж дуусаад байж байтал П ах залгаад машины дугуй хагарчихлаа солих дугуй аваад хүрээд ирээч гэсэн. Тэгээд бид хоёр гараашаас нэг автомашины дугуй аваад очиж дугуйг нь солиод хөдлөх гэтэл миний машин ачаагаа дийлэхгүй байна гэхээр 2 машиндаа хувааж ачаад О ахынд ирээд модоо буулгаж амжаагүй байтал цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг[9],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “... иргэн Ж.О нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт шалгагдаж буй Хятад улсад үйлдвэрлэгдсэн модны цахилгаан хөрөө /хуучин/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 50,000 /Тавин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[10],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “... иргэн Н.П нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт шалгагдаж буй “Хьюндай портер” маркийн ........ ДАР улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны машины /№ ..... / тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 1997 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монголд орж ирсэн, KMFXKS7BPVU145825 тоот арлын дугаартай, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж чанар байдал муудсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэн нь 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 2,500,000 /Хоёр сая таван зуун мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[11],

 

Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...Иргэн Н.П-ийн ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон бүтээгдэхүүн нь түлээний хуурай нарс мод байна. Иргэн Н.П-ийн ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хуурай нарсан түлээ нь 2,06м.куб болж байна. 64м /урт х1,6м /өргөн/ 0,65м /өндөр/ х0,75 /итгэлцүүр/=2,06м.куб болж байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ хэмээн заасан байна. Иргэн Н.П-ийн ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх түлээний нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 168655 төгрөг х 2,06м.кубх1.0/итгэлцүүр/=347.429 /Гурван зуун дөчин долоон мянга дөрвөн зуун хорин ес/ төгрөг болж байна. Иргэн Н.П-ийн ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон бүтээгдэхүүн нь доорх солбицлын цэгээр 82 дугаар хэсэглэл бөгөөд “Хавтгайн даваа” гэх газарт бэлтгэсэн байна.” гэх 18 дугаартай дүгнэлт[12],

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “... иргэн Ж.О нь хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт шалгагдаж буй “Хьюндай портер” маркийн ........ УНП улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны машины /АЯ № ........ / тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2005 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монголд орж ирсэн, KMFZCS7HJ5U106673 тоот арлын дугаартай/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэн нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 5,000,000 /Таван сая/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[13],

 

Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “...Иргэн Ж.О-ийн ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн Ж.О-ийн ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх хуурай нарсан түлээ нь 3м.куб болж байна. 8м /урт/ х1,3м /өргөн/ х1,1м /өндөр/ х0,75 /итгэлцүүр/=3.00м.куб болж байна. Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2-д зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ хэмээн заасан байна. Иргэн Ж.О-ийн ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх түлээний нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 168655 төгрөг х 3,00м.куб х1.0/итгэлцүүр/ =505,965 /Таван зуун таван мянга есөн зуун жаран тав/ төгрөг болж байна. Иргэн Ж.Оийн ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх мод, модон бүтээгдэхүүн нь доорх солбицлын цэгээр 82 дугаар хэсэглэл бөгөөд Х дгэх газарт бэлтгэсэн байна.” гэх 19 дугаартай дүгнэлт[14],

 

Шүүгдэгч Ж.О, Н.П нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.П, Ж.О нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.О, Н.П нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн ...  сумын ..  дугаар баг “......... ” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 0.50 метрийн урттай 78 ширхэг буюу 5.06 метр куб нарс мод бэлтгэж, ........ ДАР, ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ж.О, Н.П нар нь бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын ....  дугаар баг “..... ” гэх газар зөвшөөрөлгүйгээр ойд 5,06 метр куб нас модыг бэлтгэж, ........ ДАР, ........ УНП Улсын дугаартай тээврийн хэрэгслүүдээр тус бүр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, ойн ангийн 18, 19 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж.О, Н.П нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.

 

Шүүгдэгч Н.П, Ж.О нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.П, Ж.О нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”

Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.”

2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.О, Н.П нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан  бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Н.П, Ж.О нарыг бүлэглэж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.О,
Н.П нарын
шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Шүүгдэгч Н.П, Ж.О нар нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохиролд 2,560,182 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ж.О, Н.П нарт тус бүр 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө, хэрэгт хураагдсан 76 ширхэг буюу 5,06 метр куб нарс мод, битүүмжлэгдсэн Ж.О-ийн ........ УНП Улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулж, иргэний нэхэмжлэгч Р.Н-ын эзэмшлийн ........ ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Н.П-ээс тээврийн хэрэгслийн үнэ 2,500,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах саналтай байна гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.П, Ж.О нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.П, Ж.О нарын гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.

Шүүгдэгч Н.П, Ж.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар,ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл оногдуулсан ял дээр нэмж хөрөнгө,орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл бүрийг хураах талаар заасан зохицуулалт биш ба тухайн гэмт хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн арга, шүүгдэгчийн хөрөнгө орлого, хувийн байдлыг харгалзан дахин тухайн тээврийн хэрэгсэл, зэвсэг хэрэгслийг ашиглан дахин хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, учруулсан хохирлыг нөхөн төлөх зэрэг зорилгоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хөрөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураах талаар шүүхэд эрх олгосон зохицуулалт юм.

Шүүгдэгч нар нь бэлтгэсэн модоо тээвэрлэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан нөхцөл байдал тогтоогдож байх боловч шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нар нь хэдийгээр хууль бусаар мод бэлтгэсэн боловч бэлтгэсэн мод нь хуурай, үхсэн мод байсан, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тээврийн хэрэгслээр амьжиргаагаа залгуулдаг зэрэг байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх Ж.О-ийн эзэмшлийн ........ УНП улсын дугаартай, Р.Н-ын эзэмшлийн ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10, 11 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг тээврийн хэрэгслүүдийг эзэмшигч нарт нь буцаан олгох нь эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байх “шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Н.П, Ж.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг, 5м.куб нарс модыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Ж-ийн О, З овогт Н-ын П нарыг бүлэглэж, зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.О, Н.П нарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О, Н.П нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П, Ж.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн бензин мотортой цахилгаан хөрөө 1 ширхэг, 5м.куб нарс модыг улсын орлого болгохоор Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, ........ ДАР, ........ дугаартай портер маркийн тээврийн хэрэгслүүдийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10, 11 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ........ ДАР улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Р.Н-д,  ........ УНП улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.О-д тус тус буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П, Ж.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

[1] Хавтаст хэргийн 6-7, 77-78 тал

[2] Хавтаст хэргийн 8-9, 79-81 тал

[3] Хавтаст хэргийн 13, 15 тал

[4] Хавтаст хэргийн 17, 18-19,86,  87-88 тал

[5] Хавтаст хэргийн 22, 91 тал

[6] Хавтаст хэргийн 24 тал

[7] Хавтаст хэргийн 27, 44-45 тал

[8] Хавтаст хэргийн 28, 108-109 тал

[9] Хавтаст хэргийн 29-30 тал

[10] Хавтаст хэргийн 32-33 тал

[11] Хавтаст хэргийн 35-36 тал

[12] Хавтаст хэргийн 39-40 тал

[13] Хавтаст хэргийн 98-99 тал

[14] Хавтаст хэргийн 104-105 тал

[15] Хавтаст хэргийн  69, 122 тал