Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2017/00482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч: ГАА-ийн *** -ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Л.Б-д холбогдох

байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, иргэдийн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГАА ***  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Аймгийн ***-ийн  нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай шийдвэрээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаартай магадлалаар хууль бус шийдвэр гаргаж, Г.С-г ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож, 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж, аймгийн ***-ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан байна. Аймгийн ***-ийн  ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар ***-ийн  ажлын албаны мэргэжилтэн Б.Н-г ажлаас нь чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тогтоолоор ***-ийн  ажлын албаны дарга Л.Б-ийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болохыг тогтоож, Б.Н-г ажилд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг нийтдээ 9.078.900 төгрөгийг ***-ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар баталгаажсан байна. Аймгийн ***-ийн  нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Л.Б нь хууль бус шийдвэр гаргаж, цалин давхардуулан олгож, байгууллагыг хохироосон, өөрийн илт буруутай үйлдлээс бусдад учруулсан хохирлыг төрийн байгууллагын төсвөөс барагдуулсан нь санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учраас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан Л.Б-аас байгууллагыг хохироосон 10.138.386 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн ***-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Л.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаар нягтлан бодогч Г.С-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 190 дүгээр шийдвэр, Иргэний  хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалаар хууль бус шийдвэр гаргаж, Г.С ажлаас чөлөөлсөн болох нь нотлогдож 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тушаалаараа ажилд нь эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 900.000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 159.486 төгрөг, нийтдээ 1.059.486 төгрөг олгохоор шийдвэрлэгдэж аймгийн ***-ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа. Говь-Алтай аймгийн *** -ын Тэргүүлэгчдийн ажлын албаны даргын 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар *** -ын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 221 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 29 дүгээр магадлалаар *** -ын Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга Л.Б-ийн гаргасан шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй, буруу шийдвэр болохыг тогтоож, Б.Н-г ажилд нь эгүүлэн тогтоож 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр тушаалаар ажилд нь эгүүлэн авч ажилгүй байсан хугацааны цалинд 8.452.864 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 626.036 төгрөг, нийтдээ 9.078.900 төгрөгийг *** -ын төсвөөс гаргаж өгсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Иймээс хууль зөрчиж хүмүүсийг ажлаас халж байгууллагад хохирол учруулсан учир гэм буруутай албан тушаалтнаар гэм хорыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шийдвэрээр байгууллагаас тухайн мөнгийг гаргуулахаар заадаг. Гэтэл байгууллагын төсөвт тусгагдаагүй байдаг учир байгууллагын данс олон удаа хаагддаг. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд явагддаг гэх мэт хүндрэлүүд байдаг. Мөн аудитын дүгнэлтээр Г.С болон Б.Н-д өгсөн цалингийн олговорыг нэхэмжилж авах ёстой гээд манай дээр авлага үүсгээд дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн үед буруу шийдвэр гаргаж байсан албан тушаалтнаас хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Хариуцагч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Урианхай овогтой Л.Б нь аймгийн ***-ын дарга Т.Г-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байна. Учир нь миний бие ***-ийн  нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан шүүхийн шатанд байгаа болно. Хоёр хүний цалинг төсвийн тодотголоор тухайн үед шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд хамрагдахгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Говь-Алтай аймгийн ***-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ГАА *** нь хариуцагч Л.Б-д холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 10.138.386 төгрөгийг гаргуулахаар шаарджээ /хх-1-2/.

Хариуцагч Л.Б нь “...Хоёр хүний цалинг төсвийн тодотголоор тухайн үед шийдвэрлэсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498 дугаар зүйлд хамрагдахгүй болно. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна...” гэж маргаж байна /хх-77/.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн хувьд гэм хорын хохирол байх ба шүүх гэм хорын маргаантай иргэний хэргийг шийдвэрлэхдээ нэг талаас бусдын хууль бус гэм буруутай үйлдэл байхыг, нөгөө талаас хохирол бодитой учирсан байхыг, уг буруутай үйлдэл, хохирол хоёр шалтгаант холбоотой байх зэрэгт үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэдэг.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад хариуцагч Л.Б нь Говь-Алтай аймгийн ***-ийн  ажлын албаны даргаар ажиллаж байхдаа *** -ын ажлын албаны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Н, ажлын албаны нягтлан бодогч Г.С нарыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн буюу гэм буруутай болох нь хэрэгт авагдсан Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дугаартай тогтоол, Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаартай шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний 28 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна /хх-22-36, 40-50/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин дүгнэлт хийх  шаардлагагүй гэж үзнэ.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан агуулгаас үзэхэд “гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг ...шаардан гаргуулах эрхтэй.” гэсэн нь учирсан хохирлыг байгууллага арилгасан байх буюу хохирол бодитойгоор бий болсон байх нөхцлийг шаардаж байна.

Энэ нөхцлийг авч үзвэл нэхэмжлэгч нь Б.Н-д шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинд 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 98 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 171 дугаартай төлбөрийн хүсэлтээр 4.634.064 төгрөг, 177 дугаартай төлбөрийн хүсэлтээр 3.023.986 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлтээр 818.800 төгрөг, нийт 9.976.850 төгрөгийг, Г.С-ийн ажилгүй байсан хугацааны цалинд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 220 дугаартай төлбөрийн хүсэлтээр 1.159.664 төгрөгийг, нийт  Б.Н, Г.С нарт ажилгүй байсан хугацааны цалинд 9.976.850 +  1.159.664 = 11.136.514 шилжүүлсэн болох нь дээрх төлбөрийн хүсэлтүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-18-21, 39/.

Иймд хариуцагч Л.Б-аас байгууллагад учруулсан гэм хорын хохиролд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээ буюу 10.138.386 /арван сая нэг зуун гучин найман мянга гурван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ГАА *** -д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх тул эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

 Хариуцагч Л.Б-д 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 00 минутад  товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр түүний 9909597 дугаарын утсаар мэдэгдэхэд “за ойлголоо” гэх тайлбарыг өгсөн байна /хх-87/.

 Хариуцагч Л.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 177.164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Л.Б-аас байгууллагад учруулсан гэм хорын хохирол 10.138.386 /арван сая нэг зуун гучин найман мянга гурван зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан ГАА *** -д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Б-аас 177.164 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.ҮЙТҮМЭН

                                      ШҮҮГЧИД                                     Ш.ОДОНЗУЛ

                                                                                       Т.БАЛЖИННЯМ