Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 133/ШШ2017/00483

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Б.П-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ц.Э-д холбогдох

239.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Дарив сумын харъяа Ц.Э нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байдаг амины орон сууцанд 1 өрөөг 170.000 төгрөгөөр түрээслэн суухаар аман гэрээгээр тохиролцон 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл суусан. Гарахдаа надад хэлээгүй байхгүй байхад 80.000 төгрөг жижүүрт орхиод нүүсэн байсан билээ. Өөртэй нь 1 удаа утсаар ярьсан. Намар дүүтэйгээ ирэх юм хэлсэн. Тэгэхээр нь баримтаа үзүүлээд зөв бурууг нь ольё гэж бодсон. Гэтэл энэ намар ирээгүй, 2017 оны 05 дугаар сарын түрээсээ өгөөгүй. 170.000 төгрөг, 06 дугаар сарын 15 хоногийн мөнгөө өгөөгүй нүүсэн. 2017 оны 8 сар 15 хоног суусан, 8 сард 15 хоногт өгвөл зохих 1.444.990 төгрөг байсан. Үүнээс өгсөн 1.270.000 төгрөг, өгөөгүй гарсан түрээсийн үлдэгдэл 174.990 төгрөг, өгөөгүй гэрэл 19.400 төгрөг, ус, хог бүгд 239.940 төгрөгийг Ц.Э-ээс гаргуулан өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Б.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Э өөрийнхөө гарын үсэг зурсан, мөнгө өгсөн төлбөрийн тэмдэглэлээ үзэх хэрэгтэй, чи төрөөд мөнгө муутай байна гээд аав ээж нар чинь ирж байж байгаад мөнгө өгөлгүй явсан. 4 дүгээр сарын эхээр өгөх мөнгөө өгөлгүй байсаар 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн, ус тогны мөнгөө 05 дугаар сарын 01-ний өдөр төлсөн, яваандаа 06 дугаар сарын 10-ны өдөр 80.000 төгрөг жижүүрт үлдээгээд явсан. Үүнийг 5 дугаар сарын мөнгөнөөс хасаад 6 дугаар сард 16 хоногийн 84.990 төгрөг гарсан, чи 2016-2017 онуудад 8 сар 16 хоног суусан, үлдээсэн 80.000 төгрөгийг түрээсээс хассан, ус гэрлээс хасаагүй би хөдөөнөөс ирээд гэрлийг бичсэн 19.950 төгрөг гарсан, бүгд нийлээд 238.940 төгрөг болсон, гарын үсэг зурсан баримтаа үз, тодорхой бичсэн байгаа. 2017 онд суугаагүй гэж бичсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр явснаа мартаа юу гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Э миний бие Б.П-гийн орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл түрээслэн суусан нь үнэн болно. Түрээсийн төлбөрийг урьдчилан төлж суудаг ба гарахдаа сар эхлээд суусан 9 хоногийн мөнгө болох 56.000 төгрөг хэрэглэсэн ус цахилгааны төлбөрт 24.000 төгрөгийг жижүүрт үлдээгээд явсан. Өөрөө хөдөө явсан байсан учир өөртэй нь утсаар ярьж мөнгөө төлж тайлбарлаад гарсан. 5 дугаар сарын түрээсийн төлбөрийг 4 дүгээр сарын сүүлээр төлсөн. 2017 оны 8 сард тухайн байранд суугаагүй, суусан төлбөр, тог цахилгааны мөнгийг бүгдийг төлсөн учир нэхэмжилсэн мөнгийг өгөх ёсгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Б.П-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Ц.Э-ээс түрээсийн үлдэгдэл төлбөр хэмээн 174.990 төгрөг, гэрэл, ус, хогны мөнгө 63.950 төгрөг, нийт 239.940 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ /хх-1/.

Хариуцагч нь гэрээний зүйл болсон өрөөг аж ахуйн үйл ажиллагаа, аль эсхүл дүрэмд заасан ямар нэгэн зорилгоо хэрэгжүүлэх буюу үйл ажиллагаа эрхлэхээр бус, харин тухайн орон сууцанд зориулалтын дагуу амьдран суурьшихаар тодорхой хугацаанд эзэмшилдээ шилжүүлэн авсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлд заасан “орон сууц хөлслөх гэрээ” байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ба талууд ийнхүү орон сууцыг хөлслөхөөр харилцан тохирч, хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлд дурдсан хугацаа буюу 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сар хүртэл тодорхой хугацаанд хөлслөн амьдарсан болон хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.П нь “...2017 оны 6 сарын 10 хүртэл суусан, ...8 сар 15 хоногт өгвөл зохих 1.444.990 төгрөг байсан. Үүнээс өгсөн 1.270.000 төгрөг, өгөөгүй гарсан түрээсийн үлдэгдэл 174.990 төгрөг, гэрэл 19.400 төгрөг, ус, хог 64.950 төгрөг, бүгд 239.940 төгрөгийг Ц.Э-ээс гаргуулан өгөхийг хүсье...” гэж нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Э нь “...2017 оны 6 сарын 9-ний өдөр гарсан, ...төлбөрийг урьдчилан төлж суудаг ба гарахдаа сар эхлээд суусан 9 хоногийн мөнгө болох 56.000 төгрөг, хэрэглэсэн ус цахилгааны төлбөрт 24.000 төгрөгийг жижүүрт үлдээгээд явсан. Суусан төлбөр, тог цахилгааны мөнгийг бүгдийг төлсөн учир нэхэмжилсэн мөнгийг өгөх ёсгүй...” гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хариуцагч уг орон сууцыг 1 сарын хөлс 170.000 төгрөг байхаар тохирч 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн суусан гэдэг үйл баримт дээр талууд зөрүүгүй тайлбарлаж байгаа боловч гарсан хугацааны хувьд нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэж, хариуцагч эхлээд агуулгын хувьд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүртэл гэж, дараа нь хүнд дамжуулан үлдээсэн 80.000 төгрөгийн задаргааг тайлбарлахдаа зөрүүтэй тайлбарлажээ.

Үйл баримтыг дүгнэхэд хөлслөгч нь амьдран суухаар хүлээн авсан хоног тутамдаа хөлс тооцох бөгөөд хөлс төлөх хугацаа 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс... эхлэн тоолно” гэсэн байгаа тул тухайн орон сууц хөлслөх гэрээний хугацааг 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 25-ны өдөр нэг сар болох гэх мэт байдлаар тоолохоор байна. Харин дуусгавар болсон хугацааг талууд нэг хоногийн зөрүүтэй буюу өөрөөр тайлбарлаж байгаа бөгөөд нотолгооны хуваарийн дагуу нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбараа эхлэн нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн тодорхойлсон хугацаа болох 2017 оны 06 сарын 10-ны өдөр гэх хугацааг баримтаар нотлоогүй байх тул хугацааг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр тооцох нь зүйтэй байна.

Хөлс төлбөрийн хувьд авч үзвэл нэг сарын хөлс 170.000 төгрөгийг ойролцоогоор нэг сарын 30 хоногт хуваахад нэг хоногт 5666 төгрөг ноогдохоор байна. Хэрэгт авагдсан хөлс төлсөн хэрэглээний төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд хариуцагч нь төлбөрийг сар бүрийн эхэнд төлдөг гэсэн тайлбар нь төлбөр төлсөн тэмдэглэл гэх баримт дахь цаг хугацааны тэмдэглэгээний эхний хэсэгт 10 дугаар сарын хөлсийг 10 сарын 5-нд гэх байдлаар 2 дугаар сарын хөлсийг 2 сарын 1-нд гэх байдлаар төлж, харин 3 дугаар сарын хөлсийг 4 сарын 3-нд гэх байдлаар хугацааны төгсгөлд төлж хамгийн сүүлд 4 дүгээр сарын хөлсийг 5 сарын 1-нд төлж, хөлслөгч гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Энэхүү баримтаар тооцоход хамгийн сүүлд 4 дүгээр сарын төлбөр төлөгдсөн болох нь хөлслөгч Э гарын үсэг зурж баталгаажсан байдлаар тогтоогдож байна.

 Харин 6 дугаар сард 80.000 төгрөгийг үлдээсэн гэх байдал нь зохигчийн аль алинийх нь тайлбараар тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч нь 5 дугаар сарын хөлс төлөгдөөгүй тул уг хөлс болох 170.000 төгрөг  дээр ус, гэрэл, хогний 63.950 төгрөг, 5 сарын 25-ны өдрөөс 6 сарын 10-ны өдрийг хүртэлх 15 хоногийн хөлс 5666*15=84.990 төгрөг буюу нийт 318.940 төгрөг төлөх ёстойгоос хүнд дамжуулан үлдээсэн 80.000 төгрөгийг хасч  238.940 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч 5 дугаар сарын хөлсийг бүрэн төлсөн тул  6 сарын 1-нээс 6 сарын 10 хүртэлх хөлс 56.660 төгрөг дээр ус цахилгаан хогны мөнгө бүгд 80.000 төгрөгийг үлдээж төлсөн гэж татгалзжээ. Хэрэгт авагдсан баримтыг судлахад хариуцагчийн татгалзал нь баримтаар тогтоогдохгүй байна.

 Эд хөрөнгө хөлслөх гэрээний хөлс нь тухайн эд хөрөнгийг ашигласны төлөө авч буй төлбөр учраас тухайн эд хөрөнгөтэй холбоотой бусад зардал хөлс гэсэн ойлголтод хамаарахгүй. Өөрөөр хэлвэл цахилгааны төлбөр, цэвэр бохир усны төлбөр зэрэг нь байр хөлсөлсний үндсэн хөлсөнд хамаарахгүй бөгөөд хөлслөгч уг нэмэлт зардлыг хариуцан төлж барагдуулах үүрэг хүлээнэ.

Дээр дурдсан Иргэний хуулийн хугацаа тоолох журмыг баримтлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад 5 дугаар сарын хөлс болох 170.000 төгрөг дээр 5 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаа 15 хоногийн хөлс 5666*15=84.990 төгрөг буюу 254.990 төгрөгөөс хөлслөгчийн үлдээн төлсөн 80.000 төгрөгийг хасч 174.990 төгрөгний хөлс, тухайн хугацааны цахилгаан, ус, хогны төлбөр 63.950 төгрөг  буюу нийт 238.940 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 239.940 төгрөгөөс илүү тооцсон 1000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг нэхэмжлэгч, хариуцагч нарт тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогчийн үүргийг “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж тодорхойлсноор хариуцагч Ц.Э нь өөрийн татгалзлаа өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Ц.Э нь хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийн татгалзлаа баримтаар нотолж чадаагүй, түүний тайлбар нь бусад баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ц.Э-д 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр утсаар мэдэгдэхэд “...За, ойлголоо...” гэсэн тайлбарыг ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч Б.П-д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар зохигчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ээс нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох 238.950 төгрөгт ногдох 7.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.П-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 292 дугаар зүйлийн 292.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Э-с орон хөлслөх гэрээний үлдэгдэл төлбөр 174.990 төгрөг, гэрэл, ус, хогны мөнгө 63.950 төгрөг, нийт 238.940 төгрөгийг гаргуулан  нэхэмжлэгч Б.П-д олгож, нэхэмжлэлээс 1000  төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7.850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-ээс нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох 238.950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 7.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.П-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН