Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2017/00489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуульд холбогдох 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн *** сумын  иргэн Г.Б миний бие 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сургуулийн жижүүрээр ажиллаж байгаад *** сумын  сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие нь ажиллаж байхдаа алдаа дутагдал гаргаж байгаагүй. Энэ тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Гаргасан тушаал нь хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй дотоод журам үндэслэж халсан гэж байгаа боловч манай сургуульд баталсан мөрдөгдөж байгаа дотоод журам байдаггүй, ажлын байраа орхиж архидан согтуурсан гэж ор үндэслэлгүй худлаа зүйл оруулсан, миний бие нь сургуулийн жижүүр албан тушаалтай ажиллаж байхад энэ тушаал дээр сургуулийн үйлчлэгч гэж буруу гаргасан алдаатай байна. Иймд миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *** сумын  дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 тоот тушаалаар ажлаас нь ажлын байраа хаян архидан согтуурсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тухайн хэрэг нь өмнө нь анхан шатны шүүхээр орж шийдвэрлэгдээд анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийн байдлаар гаргуулахаар байгаа гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Э.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.П нь тус сургуулийн захирлын ажлыг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сумын Засаг Даргын Тамгын газраас комисс гаран үүрэгт ажлаа хүлээн авсан болно. Нэхэмжлэгч Г.Б-г ажлаас халсан шалтгаан нь: Үүрэгт ажлаа хүлээн аваад үдээс хойш 15 цаг 30 минутын үед сургууль орчинтой танилцаж явах үед үйлчлэгч Г.Б нь 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09 цагаас оройн 17 цаг хүртэл жижүүрийн ээлжийн ажилтай байсан боловч ажлын байрандаа байгаагүй учир 3 удаа үйлчлэгч Ц.М-аар дуудуулсан боловч ирээгүй. Дахин 16 цаг 30 минутын орчимд очиход мөн ажлын байрандаа ирээгүй байсан. Намайг явсны дараа үйлчлэгч Г.Балгармаа нь 16 цаг 50 минутын орчимд ажилд дээрээ согтуу ирж коридорт байсан жижүүрийн сандал ширээг авч шидэн орилж, хашгирч нярав Ш.Б, Ц.М, тогооч Ц.Ц, эмч Х.С нарыг хэл амаар доромжлон танхайрч байхад нь нөхөр Б.Б нь машинтай ирж авч явсан. 17 цагт 00 минутад жижүүр хүлээлцэх үйл ажиллагааг хянахаар очиход үйлчлэгч Г.Б нь ажлаа хүлээлцээгүй зэрэг үйлдлүүд гаргасан тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн. Үйлчлэгч Г.Б нь 2010-2016 он хүртэл ажиллах хугацаандаа удаа дараа ёс зүйн зөрчил гаргаж ажил сэлгэн ажиллуулах болон сахилгын арга хэмжээнүүдийг авч байсан байна. Г.Б нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй гэсэн шалтгааныг гаргаж байгаа боловч Хөдөлмөрийн гэрээнд нь Хөдөлмөрийн тухай хуулийн сахилгын шийтгэлүүд болон хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг оруулж өгсөн байгаа. Мөн "Хөдөлмөрийн гэрээ"-д заасан нэмэлт заалтуудыг зөрчсөн байна./Хөдөлмөрийн гэрээг хавсаргав 5 хуудас/ Сургуулийн дотоод журам батлагдаагүй гэж байгаа боловч 2016-2017 оны хичээлийн жилд мөрдөгдөх "Дотоод журам"-ыг өмнө гүйцэтгэж байсан захирал Ц.Г нь батлан мөрдөж байсан учир түүнийг хүчинтэй гэж үзэн мөрдөн ажиллаж байна. /Сургуулийн дотоод журмыг эх хувиар хавсаргав 11 хуудастай/ Нэхэмжлэгч Г.Б нь жижүүрийн албан тушаалтай гэж байгаа боловч манай сургуульд жижүүрийн орон тоо байдаггүй. Ц.Г захирлын гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг мөрдөн ажиллаж байна гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь Говь-Алтай аймгийн ***  сумын дунд сургуулийн захирлын 2010 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаартай тушаал, 2011 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай тушаалаар жижүүрийн ажилд томилогдсон болох нь ажилд томилох тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүхэд уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан ...ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн хуулийн шаардлагын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, хуулийн хугацаандаа гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаархи үйл баримт буюу ажилтанг ажлаас халсан үйл явц, ажлаас халах тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч ажилтанг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцлан дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн харилцааг хэрэгжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хуулийг баримталсан байх ёстой бөгөөд Б/05 дугаартай тушаалын удирдлага болгох хэсэгт Монгол улсын бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, Аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/61 дугаар захирамж, Сургуулийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь заалтыг тус тус баримтлан бичиж ажлаас чөлөөлсөн байна.

Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохих ба ингэснээрээ тухайн тушаал хууль зүйн үндэслэл бүхий болох юм. Гэтэл Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай тушаалд хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй байх тул уг ажлаас халсан тушаал нь хэлбэрийн хувьд хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөө талаар хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилтан ажлын цагаар архи ууж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа боловч хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн тухайн байгууллага дээр нарийвчлан зохицуулсан эрх зүйн баримт бичиг болох байгууллагын дотоод журмын 10.1.3-т ноцтой зөрчил болон ёс зүйн зөрчил гаргасан багш ажилчдыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан хөдөлмөрийн гэрээг цуцлана гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу тухайн зөрчлийг тогтоогоогүй байгаа нь тушаал агуулгын хувьд ч хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор тодорхой гэрчүүдийг өмнөх шүүх хуралдаанд оруулсан боловч зөрчил тогтоогдсон байх гэдэг нь тушаал гарсны дараа бус ажилтны хөдөлмөрлөх эрхэд халдахаас өмнө тогтоогдсон байх ойлголт юм. Ажлаас чөлөөлсөн тушаалд үйлчлэгчийн ажлаас гэж заасан байгаа хэдий ч гэрч М-ын “...Бид жижүүр, үйлчлэгчийн ажлыг давхар хийдэг..” гэх мэдүүлэгээс үзэхэд болон ер нь хөдөлмөрийн гэрээг цуцалж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа агуулгаар нь ч уг тушаалын хууль зүйн үндэслэлийг авч үзсэн болно.

Уг иргэний хэргийг тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 144 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/01377 дугаартай тогтоолоор тус тус анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл болон бичгээр гарсан шүүхийн шийдвэр хоёр хоорондоо ялгаатай бичигдсэн үндэслэлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Иймд Г.Б-г урьд эрхэлж байсан ажил болох Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх үндэслэлтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрээс сүүлийн 3 сарын буюу 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад ажиллаж авсан цалингаас 1 сарын цалингийн дундажийг тооцоход 529.567 + 417.591 + 663.762 = 1.610.920, 1.610.920 : 3 = 536.974 төгрөг байх бөгөөд үүнээс 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны буюу 3 сарын цалинг тооцоход 1.610.920 төгрөг байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг өмнө шийдвэрлэсэн буюу 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаарх хугацааны цалинд 1.610.920 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон ажил олгогчийн тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны цалинг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Цалинг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн үндсэн цалингаас тооцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуульд даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч Э.П, түүний өмгөөлөгч М.Э нарт 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг утсаар холбогдож мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч болон түүний  өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.610.920 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40.726 төгрөг, нийт 110.926 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Г.Б-г урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Г.Б-ийн 2017 оны 01 дүгээр сараас 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговорт 1.610.912 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт  зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл,  хураамжийг  тооцон, Г.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын  бүрэн дунд сургуульд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын  дунд сургуулиас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.610.920 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 40.726 төгрөг, нийт 110.926 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ц.ҮЙТҮМЭН