Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 127

 

 

 

 

   2018 оны 01 сарын 18 өдөр

      Дугаар 182/ШШ2018/00127

      Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

            Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Г.А

600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Г.Атай ярилцан тохиролцоод 117 ширхэг өвсийг нэг бүрийг нь 6.000 төгрөгөөр тохиролцож зээлээр худалдсан юм. Төлбөрийг Г.А өөрийн Гачууртад байх Усанболор нэртэй дэлгүүрийн орлогоос өдөр өдөрт нь өгнө, мал хэцүү байна гэж хэлсэн. Өвсөө 2017 оны 02 сарын 01-нд би өөрийн машинаар 45 ширхэгийг нь, Г.А өөрийн машинаар 36 ширхэгийг нь, 2017 оны 02 сарын 06-нд мөн өөрийнхөө машинаар 36 ширхэгийг ачиж авч явсан. Төлбөрийн нийт дүн болох 702.000 төгрөгөөс нэхэл болж байж 300.000 төгрөгийг өгөөд үлдэгдэл 402.000 төгрөгийг өгөлгүй явсаар өдийг хүрлээ. Иймд хугацаа хэтэрсэн тул иргэний хуулийн 232 дугаар зүйл 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги тооцож нийт 600.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Ат холбогдуулж 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Б, Г.А нар нь амаар тохиролцож 117 ширхэг өвсийг нэг бүрийг нь 6.000 төгрөгөөр тооцон дараа үнийг нь төлөхөөр худалдан өгч авсан байна. 117 ширхэг өвсний үнэ 702.000 төгрөг болж байх ба үүнээс 300.000 төгрөгийг төлсөн болохыг нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тэд алданги тооцохоор тохиролцсон гэх боловч алданги төлөхөөр тохиролцсон тухай бичгийн баримт байхгүй тул гэрээний алдангид нэхэмжилсэн 198.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Хариуцагч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, түүнийг албадан ирүүлсэн ба нэхэмжлэлийн хувийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан, мөн шүүх хуралдааны товыг түүнд утас, мэдэгдэх хуудсаар дахин сануулж мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон   

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Г.Ааас 402.000 төгрөгийг гаргуулж Б.Бд олгож, нэхэмжлэгчийн 198.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжинд төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 12.710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                          С. БУД