Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2362

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01813 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч: Д.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Ц-д холбогдох

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн  гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ш,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 78 дугаар гудамжны ..... тоотыг хуулийн дагуу өөрийн нэр дээр эзэмшихээр болсон бөгөөд өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж чадахгүй байна. Учир нь хажуу айл болох Л.Ц- гуайнх миний эзэмшлийн газарт хашаагаа сунган барьсан бөгөөд та хүний газарт хашаагаа сунгаад барьчихлаа, манайх газар дээрээ бууя гэтэл элдэв үгээр доромжлон газар чөлөөлж өгөхгүй чирэгдэл учруулж байна. Чингэлтэй дүүргийн газрын албанаас шаардах хуудас өгсөн боловч үл хайхарч газар чөлөөлж өгөхгүй чирэгдэл учруулж байгаа тул иргэн Л.Ц-гийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, газрыг маань бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

  Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ц- нь 2005 оноос тус хаяг дээр 4 хүүгийн хамт өрх толгойлон амьдарч байгаа билээ. 2013 онд мянганы сорилтын сангаар кадастрын зураг авахуулж, кадастрын зурагтай болж газар эзэмших гэрээгээ авах гэсэн боловч үерийн аманд газрын гэрчилгээ өгөхгүй гэсэн тул жалганы ирмэг өндөр эргийн газрыг ухаж тэгшилж янзалаад холбогдох газар нь дахин хандахад хашаагаа гүйцээж барь гэсэн байдаг. Тэгээд хашаагаа гүйцээж бариад очсон боловч хаалгагүй байна гээд буцааж, дахин кадастрын зураг гаргуулан 2015 оны 5 дугаар сарын 05-нд очсон боловч буруу кадастрын зураг байна, Баянхошуунд гараад байна кадастрын зургаа дахин гаргуулж ир гээд шинэ зургаа аваад очиход зуслангийн ажил эхэлсэн дараа ир гээд хойшлуулсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.Б нь 2016 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хариуцагчийн блокон хашааг нурааж жорлонгийн нүх рүү хийж, манай газар хэмээн хэл амаар доромжилсон тул цагдаад дуудлага өгч тухайн үед цагдаа ирээд хийж байгаа үйлдлээ зогсоо хүний өмчид халдсан хэв журмын зөрчил гаргасан гэж анхаарууллаа гэхэд яваад таг чиг болсон. Д.Бы хувьд энэ газар дээр амьдрах нь байтугай нэг ч шороо, чулуу зайлуулж, газар тэгшилж, шон ч зоогоогүй байж хууль бусаар шийдвэр гаргуулчихаад миний газар хэмээн булаацалдаж шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна. Кадастрын зураглалын хувьд цаасан дээр хавтгай том талбай харагдаж байгаа. Аливаа байгууллага асуудлыг шийдэхдээ дарааллыг харгалзах ёстой. Захиргааны байгууллагад 2005 оноос эхэлж газар эзэмших хүсэлтээ гаргаж байсан. Мөн хариуцагчийн хүү 2013 онд газар эзэмших талаар хүсэлт гаргасан байгаа бөгөөд энэ асуудал нь засмал зам тавих, үеийн далан барих газар байгаа учир танайд газар өгөхгүй гэсэн. Мөн байшин барьж болохгүй газар байна гээд та баруун айлуудтай яриад машины замыг зөвхөн явган хүн явдаг газар болгож өөрчилбөл би газрын зөвшөөрөл өгч болно гэсэн. Иймд бид баруун талаараа нарийхан гудамж гаргаад, хашаагаа өргөтгөж 700 га газар авсан. Уг газрыг шинжээч дүгнэхдээ баруун талын нарийн гудамжийг байхгүй болгож дүгнэлт гаргасан байсан. Хойшоо сунгасан асуудал бол хуучин кадастрын зураг дээр нь 2м орчим талбайн зураг байгаа. Миний зөвшөөрөхгүй байгаа зүйл бол шинжээчийн дүгнэлтийг нотлох баримт болгоод одоо бодит байгаа 900 м.кв газрыг Цэцгээ эзэмшиж байна гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл газрын зураг буруу гарсан байсан. Хуучин баруун айлын гудамжаар явж байсан машин замын гуравны хоёрт нь Баярсайхан гэх айл хашааны цэг хатгасан. Д.Б газар 80 м.кв орчим болоод байна 100 м.кв болгох хэрэгтэй байна гээд Л.Ц-гээс 100 м.кв газар өгөөч ээ гэж гуйхаар нь Л.Ц- би хүүдээ өгөх гэж байгаа. Би талбай сунгаж өгөхгүй гэж хариу өгсөн байсан. Д.Б нэг хэсэг чимээгүй алга болж байгаад нэг өдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гаргаж ирээд 113 м.кв талбайтай болгосон байсан. Шүүхийн шийдвэр газрыг чөлөөлж өг гэж шийдэхэд чөлөөлөх газар байхгүй. Өөрөөр хэлбэл Д.Б-д буух газар байхгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болж байгаа юм. Цаасан дээр газрыг давхцал байгаа ч гэсэн эдгээр нотлох баримтыг үнэн гэж батлах давхар нотлох баримт байхгүй. Нэхэмжлэгч талын нотлох баримтыг үнэн гэж үзэж байгаа бол миний гаргасан нотлох баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй. Иргэний хэргийн шүүх давхцал байна, чөлөөл гээд шийдвэр гарсан гэхэд захиргааны хэргийн шүүх бидний гомдлыг хүлээж авахгүй байх үндэс байна. Бид урьдчилан шийдвэрлүүлэх ажлаа Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой гэж бодож байна. Нэхэмжлэгч тал урьдчилан шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн газрын албанаас шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариугаар бус Чингэлтэй дүүргийн Нийслэлийн Засаг даргаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Гэтэл энэ урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй. Бодит байдал дээр энэ газар дээр нэхэмжлэгч амьдрах ямар ч боломж байхгүй. Энэ маргаанаас өмнө хариуцагч нь Д.Б гэдэг хүүдээ авч өгөхөөр хүсэлт гаргаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарахыг хүлээж байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

     Шүүх: Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар Д.Бы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 79 дүгээр гудамжны .......тоот давхацсан 113 м.кв талбайтай хашааны газрыг Л.Ц-гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                  Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хурлын өмнөх шат болон шүүх хурлын явцад талуудын тайлбар хүсэлтүүдээс зөвхөн нэхэмжлэгчийн талд ашигтай зүйлсүүдийг хүлээн авч шийдвэр гаргасан. Тухайлбал, шүүхэд хариуцагч миний хувьд бүрдүүлж чадахгүй байгаа нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулсны дараа уг хэргийг шүүх хуралдаанд оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг 2017 оны 8 сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээж авалгүйгээр шийдвэр гаргасан. Шүүх хурлын үед миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхийн шинжээчийн гаргасан дүгнэлтэд заасан миний хашаалсан гэх 900 м.кв, болон нэхэмжлэгчийн эзэмшлийн гэх 113 м.кв талбай маргаантай байгаа газарт байхгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шинжээчийн дүгнэлт худал гарсныг баталсан миний гаргаж өгсөн фото зургаар уг газрын хэмжээг зөвхөн ганцхан 4 ханатай гэр багтах зай байгааг зургаар бэхжүүлж өгснийг шүүх үнэлсэнгүй, мөн уг газар дээр нь шүүхийн зүгээс хурлыг завсарлуулж үзлэг хийлгэе гэсэн санал гаргасныг ч шүүх хүлээн аваагүй. Гэтэл Д.Б уг газар дээр нэг ч хүрз шороо зайлуулж талбай засаагүй атлаа миний энэ талбайн 0.7 га-гаас давсан хэсгийг дүүргийн газар хариуцсан ажилтан Одгэрэлтэй хуйвалдан мэдээллийг нууцаар авч миний хүүгийн засч тэгшилсэн талбайгаас давсан хэмжээний кадастрын хуурамч зураг хийлгэн, хууль бусаар хөөцөлдөж, танил талын журмаар зөвшөөрөл гаргуулсан. Д.Б 2016 оны 8 сарын 29-ний өдөр кадастрийн зураг хийлгэж явсан атлаа 51 хоногийн өмнө буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын мөн оны 7 сарын сарын 8-ны өдрийн 497 дугаартай захирамжаар газар эзэмших зөвшөөрөл авсан гэсэн баримт шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ талаар нь шүүх хурал дээр баримт болгож ярьсан боловч шүүх хэрэгссэнгүй. Тэрч атугай түүний газар эзэмших гэрчилгээн дээр 2016 оны 8 сарын 1-ний өдрийн А/497 дугаар шийдвэрээр газар олгосон гэж бичсэн бөгөөд гэрчилгээний дугаар нь 2016 онд олгогдсон гэрчилгээний дугааруудаас 19590 дугаарын өмнөхөөр дугаарлагдсан. Д.Б хашаа гудамжны дугаараа авахдаа манай 12 дугаар хэсэгт огт байдаггүй Согоотын 79 дүгээр гудамжны 1113 тоот гэж жалганы эсрэг талд нэлээд хол зүүн уулын оройгоор байдаг гудамжны хаягийг авсан байтлаа кадастрын зургийг манай Согоотын 90-р гудамжинд манай хажууд зургаа гаргуулсан байна. Энэ байдлуудыг үндэслэн би Нийслэлийн Засаг дарга С.Батболдын нэр дээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 сарын 1-ний өдрийн А/497 тоот захирамж болон Д.Бд олгогдсон 2016 оны 6 сарын 18-ны өдөр газар эзэмших 000632017 тоот гэрчилгээг хянуулж, хүчингүй болгуулахаар гомдол гаргасан тухайгаа шүүх хурал дээр ярьсан, түүнчлэн захиргааны хэргийн журмаар хэргийг шийдвэрлүүлсний дараа иргэний хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч хүлээж авсангүй. Манай хашаа нь тухайн хэсэгтээ ганцхан хашаа байдаг бөгөөд Д.Б-ых манайхтай огтхон ч зэрэгцээ амьдарч байгаагүй байхад шүүх манайхыг Д.Б-ы хажуу айл гэж шийдвэртээ бичсэний дээр шүүх хурал дээр түүний худал өгсөн мэдүүлгийг үнэн зөв мэтээр хүлээн авч байсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэний дараа уг хэргийг шийдвэрлүүлэх боломж олгож өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Ц-д холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 8 сарын 1-ний өдрийн А/497 дугаар  шийдвэрийг үндэслэн Д.Б-д Чингэлтэй дүүргийн газрын албанаас 2016 оны 8 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ....... тоотод байрлах 113 м.кв талбайтай газрыг,

            мөн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 7 сарын 8-ны өдрийн А/497 дугаар шийдвэрийг үндэслэн Л.Ц-д Чингэлтэй дүүргийн газрын албанаас 2016 оны 8 сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын ....... тоотод байрлах 700 м.кв талбайтай газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон байна. /хх-ийн 3, 5, 44 дугаар тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “... миний бие Д.Б-ы гэх эзэмшлийн газрыг 2007 оноос хойш үерийн далан байхад нь засч авсан, уг газарт би эзэмших эрх авахаар Чингэлтэй дүүргийн газрын албанд удаа дараа хандсан боловч кадастрын зураг болохгүй байна гэх үндэслэлээр хүлээн аваагүй байж байтал Д.Б нь хууль бусаар уг газарт эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулсан” гэж маргасан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, дээрх газрыг нэхэмжлэгч Д.Б нь хууль бусаар авч, эзэмших эрхийн гэрчилгээг хуурамчаар гаргуулсан гэх тайлбараа хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна тэрээр газар эзэмших эрх олгохтой холбоотойгоор захиргааны журмаар гомдол гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар 2017 оны 8 сарын 9-ний  өдрийн А/173 тоот шинжээчийн дүгнэлтээрээ зохигчдын эзэмшлийн газрууд нь байршлын хувьд хоорондоо давхцалгүй бүртгэгдсэн, Л.Ц-гийн хашаалсан гэх 922 м.кв талбайтай газар нь Д.Б-ы эзэмшлийн газартай 102 м.кв талбайгаар давхацсан буюу түүний эзэмшлийн газар руу сунгаж татсан болохыг тогтоожээ. /хх-ийн 65-72 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эзэмшлийн зүйлээ шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс 113 м.кв газрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг шийдвэрт буруу баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

            Түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулийн зохицуулалт баримтлаагүйг нэмж  өөрчлөв.        

 

             Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/01813 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1” гэж,

3 дахь заалтын “Хариуцагч нь ...” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар” гэж нэмж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.               

 

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ   

 

                  ШҮҮГЧИД                                              А.МӨНХЗУЛ

                                                                                                 

                                                                                             Г.ДАВААДОРЖ