Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2015/0427

 

Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооны

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгчЭ.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооны нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооноос шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хан-Уул дүүргийн Засаг даргын "Хариу өгөх тухай" албан бичгийг 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан ба зохион байгуулагч түүнийг хуульд нийцэхгүй байна гэж үзэж Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т зохицуулснаар шүүхэд гомдол гаргах, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 4 дүгээр аүйлийн 4.1.10-т заасны дагуу танай шүүхэд хандаж байна.

Засаг дарга нь татгалзсан шийдвэр гаргахдаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх газар жагсаал, цуглаан хийхийг хориглоно" гэсэн заалтыг болон Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх нь Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх зүйлийн жагсаалтад байх тул цуглаан зохион байгуулах хүсэлтийг бүртгэх боломжгүй гэжээ.

1. Засгийн газрын 2012 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаар тогтоолоор баталсан төрийн тусгай хамгаалалтанд зайлшгүй байх зүйлийн жагсаалтад Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх гэж тусгайлан заагаагүй байх бөгөөд жагсаалтын 13-т Монгол Улсын Дээд шүүхийн байр гэснээс өөр шүүхтэй холбоотой шийдвэр байхгүй байна.

2. Цуглаан хийх хүсэлт гаргасан талбай нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын авто гарааш буюу зоорийн давхрын дээд талд байх бөгөөд холбогдох хууль тогтоомжин барилгын орон зайг тухайн обьектын суурь хэсгээр тооцдог учир уг талбай нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн байранд огт хамааралгүй болно гэжээ.

Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хороо нь 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны урд талбайн автомашины зогсоолд цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт бүртгүүлэхээр хүргүүлсэн.

Засаг дарга 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 тоот "бүртгэхээс татгалзсан" шийдвэр гаргахдаа Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2, 3 дугаар заалтаас өөр шалтгаан буюу "цуглаан зохион байгуулах газар нь дүүргийн төр захиргааны байгууллагууд болон шүүх, цагдаа, эмнэлэгийн байгууллагуудад орох гудамж байна. Энгийн өдрүүдэд дээрх орц, гарц нь маш их ачаалалтай, иргэд төрийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэлтэй байдаг, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг хаах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаар байх тул" гэж тодорхойлсон нь өөрт нь хуулиар олгосон эрхээ хэтрүүлжээ.

Татгалзсан дээрх шалтгаан нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зохицуулснаар цуглаан зохион байгуулагчийн үүрэг бөгөөд арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах ёстой асуудал, хэрэв тухайн нөхцөл байдал үүсвэл Засаг дарга хуулийн 14 дүгээр зүйлд зохицуулснаар албадан тараах эрх, дараалал журам байхад урьдчилан тааж шийдвэр гаргасан нь буруу байна гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хороо 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны талбайд цуглаан зарлах болсныг мэдэгдсэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Шүүхийн байр төрийн хамгаалалтад байна"мөн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх газар жагсаал, цуглаан хийхийг хориглоно" гэж заасан байдаг тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Жагсаалт, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ" гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооны цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан.

Мөн Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хороо 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл тус дүүргийн Иргэдэд үйлчлэх төв байрны хойд талбайд цуглаан зарлах болсныг мэдэгдсэн.

Иргэдэд үйлчлэх төв байрны хойд талбай нь дүүргийн төр захиргааны байгууллагууд болон шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагууд руу орох ганц гудамж, энгийн өдрүүдэд дээрх орц, гарц нь маш их ачаалалтай, иргэд төрийн үйлчилгээ авахад ихээхэн хүндрэлтэй байдаг тул цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй газар зохион байгуулахад хууль, тоггоомжийн хүрээнд танай байгууллагатай хамтран ажиллахад татгалзах зүйлгүй болохыг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн.

Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооноос зохион байгуулж буй цуглаан иргэдийн харьяалах нутаг дэвсгэрийн хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээ болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тэгш, хүртээмжтэй авах эрхийг хязгаарлах тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар шийдвэрээрЖагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 15 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/322 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Засаг дарга Ж.Ганхуягт цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулна уу гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэн давж заалдах гомдолдоо1. Шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/322 дугаар шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д "Дараах байгууллага оршин байгаа газар нь энэхуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар жагсаал, цуглаан хийхийг хориглоно: цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар" гэжээ. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "Шүүхийн байр төрийн хамгаалалтад байна" гэсэн заалтуудыг үндэслэн "маргаан бүхий талбай нь байршлын хувьд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн гадна талбайн хэсэгтэй шууд залгаабайрлалтай нь тогтоогдож байна гэсэн.

Шүүхийн үзлэг хийсэн баримтаар маргаан бүхий талбай Дүүргийн Засаг даргын тамгын газрын автомашин зогсоол, доод суурь нь дүүргийн автомашины гарааш гэдгийг тогтоосон, шүүх болон тамгын газрын барилгын суурь болон 2 байгууллагын барилга байгууламж шууд залгаа биш байхад буруу дүгнэлт хийсэн.

Мөн Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д "шүүхийн байр" гэж тодорхойлсон байхад шүүхийн байрны гадаад орчныг хамруулж дүгнэсэн буруу байна.

2. Шүүх Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэхдээ "нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах талбай нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн байрны чанх хойно, уг шүүхийн хаалганы харалдаа хэсэгт бэгөөд тус шүүх рүү орох орц гарцны байрлалд байгаа нь цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг хаах аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах боломжтой тул Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д заасныг баримталж үнэлсэн нь буруу байна.

Цуглаан зохион байгуулах маргаан бүхий талбай нь буюу Засаг даргын Тамгын газрын зүүн талын шат нь шүүхийн байртай огт хамааралгүй бөгөөд цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг хаах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх нь цуглаан зохион байгуулагчийн үүрэг бөгөөд хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дэх хэсгийн 6-д тусгайлан зохицуулж хариуцуулсан, хэрэв ийм нөхцөл үүсвэл Засаг дарга хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсоноор албадан тараах шат дараалалтайгаар хуульчилсан байхад Засаг дарга болж магадгүй гэж урьдчилан таамаглаж шийдвэр гаргасаныг шүүх дэмжсэн нь буруу.

Мөн уг мэдэгдлийг бүртгүүлэх хүсэлтэд Засаг даргын Тамгын газрын хойд талд буюу Хэсэгчилсэн инженерийн хангамжийн газрын байрладаг байрны зүүн талын автомашины зогсоолд цуглаан зохион байгуулахыг Засаг дарга буруу үндэслэлээр бүртгээгүй үйлдлийг шүүх огт дүгнээгүй байна.

3. Шүүх хуралдаан хийж хэргийг хэлэлцэн завсарлаад шийдвэр сонсгох үед хуралдаан даргалагч тогтоох хэсгийн агуулгыг танилцуулаагүй бөгөөд нэхэмжлэгч уг асуудлаар хандахад огт шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг зөрчлөө.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны 0385 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Монгол ардын намын хорооноос Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/322, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, Засаг дарга Ж.Ганхуягт цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчээс 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаар албан бичгээр 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 05-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 3 дугаар хороо, Иргэдэд үйлчлэх төв байр буюу Засаг даргын Тамгын газрын байрны өмнөх талбай буюу авто машины зогсоолд цуглаан зохион байгуулах тухай мэдэгдлийг бүртгүүлэхээр дүүргийн Засаг даргад гаргасан байна.

Уг мэдэгдлийг хариуцагч хүлээн авч, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/322 дугаар албан бичгээр бүртгэхээс татгалзсан байх ба энэ нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан газарт жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн бол, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-д Цэрэг цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх газар жагсаал цуглаан хийхийг хориглоно гэж заасантай нийцжээ.

Учир нь нэхэмжлэгчийн цуглаан хийхээр хүсэлт болгосон Тамгын газрын байрны өмнөх талбай буюу авто машины зогсоолын чанх урд талд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх байрладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шүүхийн байр нь төрийн хамгаалалтад байхаар байна.

Хариуцагчаас дээрх цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсны дараа нэхэмжлэгч нь дахин 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр цуглаан хийх байршлаа Иргэдэд үйлчлэх төв байр, Тамгын газрын хойд талд буюу Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын байрладаг байрны зүүн талын авто машины зогсоол эсвэл Иргэдэд үйлчлэх төв байр, Засаг даргын Тамгын газрын зүүн талын шатны дэргэд гэж өөрчлөн гаргажээ.

Гэвч уг өөрчилсөн талбай нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн байрны урд талд буюу шүүхийн хаалганы харалдаа орц, гарц бүхий хэсэгт болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон байна.

Иймээс хариуцагч нь дээрх хүсэлтийг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар албан бичгээр Цуглаан байгуулах газар нь дүүргийн төр захиргааны байгууллагууд болон шүүх, цагдаа, эмнэлэгийн байгууллагуудын орох гудамж тул замын хөдөлгөөнийг хаах, аливаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахаар байна гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсныг буруутгах үндэслэлгүй юм.

Дээрх байдлаар хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн Засаг дарга Ж.Ганхуягт цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулна уу гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Тодруулбал,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 3.1.1., 3.1.2.-т заасны дагуу дараахь байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны актад холбогдох маргааныг хянан шийдвэрлэнэ, 3 дугаар зүйлийн 3.1.4-т захиргааны акт гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг; энэ хуулиар захиргааны байгууллагын хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг захиргааны актад хамааруулна гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчийн Засаг даргад торгууль ногдуулна уу гэх шаардлага нь дээрх хуульд заасан захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт биш байх тул үүнийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэх үндэслэлээр энэ шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 385дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасныг тус тус баримтлан Засаг дарга Ж.Ганхуягт цуглаан зохион байгуулахад санаатайгаар саад учруулсан үндэслэлээр торгох шийтгэл ногдуулна уу гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын мэдэгдэл бүртгэхээс татгалзсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01/322, 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/336 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэлхэргийг оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН