Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2019/ДШМ/001

 

Б.С, Н.Х, Д.Э, Б.Б болон

******* ******* ХХК-д тус тус холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Б.С, Н.Х, Б.Б

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* ******* ХХК-ийн захирал Б.Сын гаргасан давж заалдах гомдлоор Б.С, Н.Х, Д.Э, Б.Б болон ******* ******* ХХК-д тус тус холбогдох эрүүгийн 1714001630116 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, Сайн-Аргалант овогт Б.С, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Таван ханхар овогт Н.Х, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, геологи хайгуулын мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

3. Монгол улсын иргэн, Түмэнтийхэн овогт Д.Э, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

4. Монгол улсын иргэн, Тэмээчин овогт Б.Б, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй,

5. Монгол улсын хуулийн этгээд,  тоотод байрлалтай, “*******-*******” ХХК, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан Б.С,

Б.С нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6451900 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Б, Н.Х, Д.Э нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн,

Б.Б, Н.Х, Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын мөн 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн,

**************” ХХК нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Цагаан хороот” гэх газарт 2017 оны 09 дүгээр сард тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсны улмаас байгаль орчинд 6.451.900 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.С, Б.Б, Н.Х, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ст мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сайн-аргалант овогт Б.Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн, эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, ******* регистрийн дугаартай “******* *******” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Таван ханхар овогт Н.Х, Түмэнтийнхэн овогт Д.Э, Тэмээчин овогт Б.Б нарыг эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сайн-аргалант овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” ХХК-ийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сайн-аргалант овогт Б.С, Таван ханхар овогт Н.Х, Түмэнтийнхэн овогт Д.Э, Тэмээчин овогт Б.Б нарыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Б.Ст нэг жилийн хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дах хэсэгт зааснаар ялтан Б.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Б.С, Н.Х, Д.Э, Б.Б нарт оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгосон торгох ялыг хоёр сарын дотор төлөхөөр, ялтан хуулийн этгээд “**************” ХХК-д оногдуулсан хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая төгрөгөөр торгосон торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Б.С, Н.Х, Д.Э, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д зааснаар ялтан Б.С болон түүний хуулийн этгээд “**************” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохирол зургаан сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт хуулийн этгээд “**************” ХХК-ийн ******* регистрийн дугаартай байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээг эд мөрийн баримтаар хураасан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг гэрчилгээг хүчингүй болгохыг Байгаль Орчин, Аялал, Жуулчлалын Яаманд даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 6 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт шүүгдэгч Б.Сын эзэмшлийн хашаа байшинг битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн, зурагтыг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүгдэгч Н.Хгийн эзэмшлийн 5 ямаа, шүүгдэгч Д.Эн эзэмшлийн 5 ямаа, шүүгдэгч Б.Бгийн эзэмшлийн 5 ямааг тус тус битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 06 дугаар сарын 14-ний тогтоолыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ял болон байгаль орчинд учруулсан хохирлын төлбөрийг биелүүлээгүй бол худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт тус тус даалгаж,

торгуулийн ял болон байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдуулж биелүүлсэн бол дээрх эд хөрөнгийг эзэмшигч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд “**************” ХХК-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг хураагаагүй болохыг, шүүгдэгч Н.Х, Д.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.С, Н.Х, Д.Э, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* ******* ХХК-ийн захирал Б.С гаргасан давж заалдах гомдолдоо :******* ******* ХХК болон захирал Б.Стай холбоотой эрүүгийн хэрэг үүсэж анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Байгаль орчинд хохирол учруулаагүй бөгөөд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан нөхөн сэргээлт хийж аймгийн комисст хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул надад холбогдох хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Шүүгдэгч ******* ******* ХХК-ийн захирал Б.С гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани үйл ажиллагаа явуулаагүй,нөхөн сэргээлт хийх зорилгоор л орсон.Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийсэн.Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүгдэгч Н.Х, Б.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.600000 төгрөгийг төлнө гэв.

Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Тухайн үйл ажиллагаа явуулсан газар нь эвдрээгүй газар байсан.Хохирлын үнэлгээгээр байгаль орчинд зургаан сая дөрвөн зуун тавин нэгэн мянга есөн зуун төгрөгийн хохирол учруулсан байдаг тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Сын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад.;

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

1. ******* ******* ХХК, ******* Баян ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С нар нь 2017 оны 09 дүгээр сард Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг Цагаан хороотын Улаан хясаа гэх газарт, тусгай зөвшөөрөлгүйгээр, ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт, боловсруулалт явуулах зорилгоор эрүүл байсан 0,21 га газрыг эвдрэлд оруулж, 2 хэсэг талбайд хиймэл нуур байгуулан байгаль экологид 6451900 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг орон нутгийн иргэд, байгаль хамгаалах улсын байцаагчийн шаардлагаар үйл ажиллагааг нь зогсоож, эксковаторыг нь лацдаж торгуулийн шийтгэлийн хуудас бичсэн,

-Б.С нь Б.Б, Н.Х, Д.Э нартай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын нөхөн сэргээлт хийх газрын тухай а/3 тоот тогтоол, тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн зэрэг хэргийн үйл баримтууд тус тус болжээ.

Дээрхи үйл баримтууд нь эрүүгийн 1714001630116 дугаартай, хоёр хавтаст хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч байгууллагын төлөөлөгч *******ын мэдүүлэг, гэрч *******, *******, *******, , , , , , нарын мэдүүлэг, ******* *******” ХХК-ийн уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрэлд орсон газрын байгаль экологид учруулсан хохирлын үнэлгээг хийсэн Грийн Ассесмент ХХК-ийн шинжилгээний дүгнэлт, Баянхонгор аймгийн Бууцгаан сумын 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Дээрхи нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба харин анхан шатны шүүх хэргийн доорхи нөхцөл байдлуудыг анхааралгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд доорхи байдлаар хөнгөрүүлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Үүнд;

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.С, Б.Б, Н.Х, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Ст мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээс Сайн-аргалант овогт Б.Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг үйлдсэн, эрх олгосон, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Монгол улсын хуулийн этгээд, ******* регистрийн дугаартай “******* *******” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулсан нь хэргийн үйл баримттай нийцээгүй байна.

1. “******* *******” ХХК нь “газрын хэвлийн нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт” хийх тусгай зөвшөөрөлтэй харин хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй байж унаган төрхөөрөө байсан 0,21 га газрыг эвдрэлд оруулж, 2 хэсэг талбайд хиймэл нуур байгуулан байгаль экологид 6451900 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг орон нутгийн иргэд, байгаль хамгаалах улсын байцаагчийн шаардлагаар үйл ажиллагааг нь зогсоож, эксковаторыг нь лацдаж торгуулийн шийтгэлийн хуудас бичсэн хэргийн үйл баримт нь гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч гэмт этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй, гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл болохыг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаараагүй байна.

 Баянхонгор аймгийн Прокурорын газраас Сайн-Аргалант овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* ******* ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ******* ******* ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар арван мянган / 10 000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10 000 000/ төгрөгөөр торгох ялаар , Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж тус тус өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

2. Б.С, Н.Х, Д Э, Б. Б нарын бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын мөн 22-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол, тэмдэглэл зэргийг хуурамчаар үйлдсэн гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон хэдий ч анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх үед Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан байна.

 Анхан шатны шүүхээс ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д тус тус заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалтыг зөрчсөн байх тул Б.С, Н.Х, Д Э, Б. Б нарт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хуульд нийцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иймд “...манай компани үйл ажиллагаа явуулаагүй,нөхөн сэргээлт хийх зорилгоор л орсон.Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийсэн.Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй...” гэх агуулга бүхий шүүгдэгч Б.Сын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.2 , 1.4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2018/ШЦТ/259 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

11 дүгээр заалт болгон “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “************** ХХК”-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Б.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, “************** ХХК”-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх олборлох, гэмт хэргийг үйлдсэн..., ...Шүүгдэгч Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай “**************” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн...” гэснийг “...Шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.Сыг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх олборлох, гэмт хэргийг үйлдэхийг завдсан..., ...Шүүгдэгч Монгол Улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай “**************” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдэхийг завдсан...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй..., ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” ХХК-ийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлийд нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг /1/ жилийн хугацаагаар тэнссүгэй..., ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.2 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* *******” ХХК-ийг газрын хэвлийд нөхөн сэргээлт, эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ялаар...”,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.С, Таван ханхар овогт Н.Х, Түмэнтийнхэн овогт Д.Э, Тэмээчин овогт Б.Б нарыг зургаан зуун / 600 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Сайн-Аргалант овогт Б.С, Таван ханхар овогт Н.Х, Түмэнтийнхэн овогт Д.Э, Тэмээчин овогт Б.Б нарт тус бүр Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар ялтан Б.С, Н.Х, Д.Э, Б.Б нарт оногдуулсан зургаан зуун / 600.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган / 600000 / төгрөгөөр торгосон торгох ялыг хоёр сарын дотор төлөхөөр, ялтан хуулийн этгээд “**************” ХХК-д оногдуулсан хорих мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгосон торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Хуулийн этгээд “**************” ХХК-д оногдуулсан арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7, 10 дугаар заалтуудыг бүхэлд нь хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 9 гэсэн дугаарлалтыг 7, 8 гэж, 11, 12, 13, 14, 15 гэсэн дугаарлалтыг 9, 10, 11, 12, 13 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн шүүгдэгч Н.Х, Д.Э, Б.Б нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                             ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                                              Б.БОЛОР-ЭРДЭНЭ