Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/430

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0417/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.А,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Г.Ц,

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Г-ын Ц-д холбогдох эрүүгийн 2018000000482 дугаартай хэргийг 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө овогт Г-ын Ц /регистрийн дугаар: .................. /, ................  оны ............ дугаар сарын .............. -ний өдөр .............. аймгийн ......... суманд төрсөн, эрэгтэй, ........... настай, бүрэн бус дунд боловсролтой, ачигч эксковаторчин мэргэжилтэй, .............. ХХК-д ачигчийн оператор ажилтай, ам бүл ......., ...................... -ийн хамт ...............  аймгийн .................. сумын ............  дугаар баг, ............. дугаар хэсгийн .............  тоотод оршин суух хаягтай /................. аймаг, .............. сум, ........... дугаар баг, ................ дугаар хэсэг .................  дүгээр гудамж ................. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим ....  аймгийн .....  сумын .... дугаар баг . дугаар хэсгийн ....  тоот гэртээ гэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 06 дугаар 25-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ц-ийг байнга зодсон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Ц-ыг гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчим ..  аймгийн ..  сумын ...  дугаар баг ....... дугаар хэсгийн ..  тоот гэртээ гэр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Г.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 06 дугаар 25-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ц-ийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-ын мэдүүлсэн: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-ийн мэдүүлсэн: “...2020 оны 10 сарын 31 өдрийн 14 цагийн үед Ц Эрдэнэтээс ирээд утсаар ярьсан. Би тухайн үед зах дээр явж байсан. Тэгээд залгаад хаана явна гэхээр нь зах дээр явж байна гэтэл утасны цаанаас том байна аа хурдан ирэхгүй бол хүүхдүүдийг чинь гаргалаа шүү гэсэн. Би гэртээ очтол гэрт байсан. Ойр зуур юм ярьж байгаад намайг гэнэт цохиод авсан.  Чи утасны цаана том байдаг шигээ том бай гээд байсан. Тухайн өдөр бид хоёр ээлжийн автобусаар ажилдаа явах ёстой байсан боловч би яваагүй Ц-ыг явуулсан. Тэр өдөр бүтэн сайн өдөр байсан болохоор чөлөө авч чадаагүй. Өөрийн биеэр ажил дээрээ очиж чөлөө авчхаад Дарханд ирж эмнэлэгт үзүүлсэн. Өмнө нь зодож байсан. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр согтуудаа хардаж зодсон, дараа нь 2020 оны 10 сарын 23-ны өдөр бас зодсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2018000000482 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мэдүүлсэн: ...Би Ц-тай 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс үерхэж, дотносож эхэлсэн. Анх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ц нь архи уусан байхдаа намайг хардаж гэртээ ор луу түлхэж унагаан үстэж газар унагаж өшиглөж зодсон. Тухайн үед Ц-ын төрсөн эгч ***** гэх хүн бид хоёрыг салгаж байсан. Ц нь өмнө нь гэр бүлтэй байсан ба нэг охинтой. Өмнөх эхнэр нь Эрдэнэтэд амьдардаг. Тэгээд бид хоёр хуучин амьдралаас нь болж муудалцсан чинь намайг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байшингийн амбаар луу гаргаж байгаад толгойноос үстэж байгаад мөргөсөн. Мөн хөлөөрөө нүүр лүү өвдөглөсөн. Тэгээд газар хэвтсэн чинь нүүр, толгой руу өшиглөсөн. Үүний дараа дахин 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ц Эрдэнэт рүү хүүхэд рүүгээ яваад буцаж 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагийн орчимд ирээд намайг Чи утасны цаанаас яадаг гэнээ түүн шигээ том бай гичий минь гэж хэлээд хоёр гараас бариад толгойгоороо миний толгой руу мөргөсөн. Дараа нь үстэж байгаад дух, шанаа руу өвдөглөсөн. Тэгээд дахин өөрийнхөө сууж байсан хуванцар сандлаар толгой руу цохисон. Дараа нь бас тогооны тагаар цохиод тогоогоо шидсэн. Энэ үед манай 10 настай охин Э байсан. Намайг удаа дараа зодсон учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Одоо миний толгой маш их өвдөнө, юм идэхээр бөөлдөг, том ангайх эвшээхээр хоёр шанаагаар өвдөж байна. Ер нь цохисон бүх газар нь өвчтэй байна. гэх мэдүүлэг[1],

 

Насанд хүрээгүй гэрч Т.Э-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 09 цагаас сургууль дээрээ давтлагатай байсан. Тэгээд гэрээс 08:30 цагт гараад сургууль дээрээ очоод 11 цагийн үед давтлагаасаа тараад шууд таксинд суугаад гэр лүүгээ явсан. Намайг гэртээ очиход манай аав Ц-ын эгчийн хүүхэд ***** гэх 7 настай хүүхэд байсан. Ээж тухайн үед байгаагүй. Гэртээ байж байхад аав Ц орж ирээд надад хандаж ээж чинь хаачсан юм гэж асуухаар нь мэдэхгүй байна. гэж хэлсэн. Тэгсэн чинь ***** аавд хандан Сэлэнгэ явсан гэж хэлсэн чинь ээж рүү залгаад хурдан ир, хүүхдүүдийг чинь гадаа хаяна шүү гээд байсан. Тэгээд ээж гэртээ ирээд намайг дэлгүүр яваад ундаа аваад ир гэж хэлсэн. Намайг ундаанд явж ирээд гэрт орох гэж байсан чинь ээжийн уйлах дуу сонсогдохоор нь айгаад гэртээ орохгүй гадаа байсан юм. Тэгээд түлээний амбаарт нуугдсан. Гэтэл ээж гарч ирээд Э ээ гээд дуудахаар нь би гарсан. Тэгсэн чинь Миний охин наанаа айгаад нуугдаж байгаа юм уу гэж асуухаар нь би Тийм гэж хэлэхэд За за миний охин наанаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд байж байсан чинь ээж гарч ирээд Э ээ миний охин гараад ир, аав чинь явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороход сандал эвдэрчихсэн, хөргөгч байрнаасаа хөдөлчихсөн, тогооны таг дотогшоо чихэгдээд эвдэрчихсэн байсан. Мөн ханын цаас урагдсан байсан. Ээжийн дух нь хоёр газартаа хавдчихсан, нэг нүд нь хөхөрсөн, гар нь бас урагдсан, үс нь арзайсан байсан ба үснээс нь сандлын хуванцар хэлтэрхийнүүд гарч ирээд байсан. Өмнө нь бас нэг удаа зодож байхыг харсан. Тухайн үед манай ээжийг үүдний амбаарт зодож байсан. Тэр үед ээжийн дух хавдсан байсан.гэх мэдүүлэг[2],

 

Аюулын зэргийн үнэлгээний ...нийлбэр оноо 4 буюу аюулын зэрэг дунд гэх тэмдэглэл[3],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ...Г.Цийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн сарвуу, баруун шуу, зүүн гарын шуун дахь цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Г.Цийн биед учирсан  гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Цийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[4],

 

Г.Ц-ын гэрчээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр, яллагдагчаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тус тус мэдүүлсэн: ...Манай Эрдэнэтэд амьдарч байгаа төрсөн хүүхдийн маань төрсөн өдөр 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болсон. Тэгээд би өөрөө 31-ний өдөр ажилтай байсан учраас урьдчилж тэмдэглэх гээд 30-ны өдөр Эрдэнэт рүү яваад 10 дугаар сарын 31-ний өдрийн 13 цагийн орчимд Дарханд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд охин Э манай эгчийн хүүхэд ***** нар байсан. Тэгээд ажилдаа явахдаа бэлдээд хувцас хунараа авч байгаад эхнэр Т рүү залгаад Хаана байгаа юм гэж асуусан чинь Сэлэнгийн таксины буудал дээр байна. Бага хүүхэд М-ийн хувцсыг явуулж байна гэж хэлсэн. Тэгээд гар утсаар ярьж байхдаа бид хоёр хуучин эхнэрээс болж маргалдсан. Т намайг хуучин эхнэртэй маань хардаад байсан юм. Тэгээд Г.Цийг гэрт орж ирэхээр нь хэрэлдэж муудалцаад би гараараа цээж рүү нь нэг удаа цохиод, хуванцар сандлаар толгой руу нь хоёр удаа цохиж зодсон. Тэгээд цахилгаан тогооны таг авч шидсэн. Тэгээд цүнхээ аваад гараад явсан. Би өмнө нь Т-ийг хоёр удаа зодож байсан. Бид хоёр 2019 оны 10 дугаар сараас эхлээд хамт амьдарсан. Манай эхнэр Т надаас хохирол нэхэмжлээгүй.гэх мэдүүлэг[5] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.Ц нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв”.

 

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч П.Батжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.1 дэх хэсэгт зааснаарэхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар,

мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг,

5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Г.Ц-ийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, баруун нүдний зовхи, дээд уруул, зүүн сарвуу, баруун шуу, зүүн гарын шуун дахь цус хуралт, зулгарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гадаад илрэх шинж нь хохирогчийг байнга бие махбод, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулж, зодож, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах үйлдлээр тодорхойлогддог.

Эрүүгийн хуулийн тусгай ангид тодорхой үйлдлийн давтамжийн шинжийг тодорхойлоход байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба шүүгдэгч Г.Ц-ын хохирогчийг 3 удаа зодсон үйлдэл нь энэ шалгуур шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд шүүгдэгч Г.Ц-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч Г.Ц, хохирогч Г.Ц нарын гэр бүлийн хардалт, таарамжгүй харилцааны улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Цад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шинжийг тус тус хангасан байх тул шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Г.Ц нь шүүгдэгч Г.Ц-аас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх саналтай байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.Цад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Ц-ыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Г-ын Ц-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан,

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-ыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Ц-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Цад тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.ИДЭР               

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2] Хавтаст хэргийн 13-14 тал

[3] Хавтаст хэргийн 15-16 тал

[4] Хавтаст хэргийн 18-19 тал

[5] Хавтаст хэргийн 8-9, 25-27 тал