| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 101/2015/11392/И |
| Дугаар | 181/ШШ2017/02932 |
| Огноо | 2017-11-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 181/ШШ2017/02932
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............................ тоотод байрлах, “Н Э С” ХХК /Регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.оотод байрлах, “О” ХХК /Регистрийн дугаар:/-д холбогдох, ......................................
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 112.320.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: “Н Э С” ХХК болон “О” ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах худалдан авах” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэг литр түлшийг 1.600 төгрөгөөр тооцон нийт 46.000 литр түлшийг нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “О” ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байр 33 тоот хаягт орших Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс “О” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Бгийн утсаар өгсөн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46.800 литр түлшийг ачуулж, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээнд бичгээр захиалга өгөхөөр заасан ч тухайн үед бичгээр захиалгыг аваагүй нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Бид Д.Б. гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан хүний хувьд тус байгууллагыг бүрэн төлөөлж байгаа гэж ойлгосон. Мөн гэрээний 6.3-т бүтээгдэхүүнийг агуулахаас ачилт хийж авснаас хойшхи эрсдэлийг худалдан авагч тал хариуцахаар тохиролцсон тул худалдан авсан этгээд тухайн түлшийг хэрхэн ашиглах, яаж захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэх нь түлшийг хүлээн авсан мөчөөс хойш худалдан авагчийн эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл түлшийг худалдан авагчид шилжүүлснээс хойш тухайн түлшний өмчлөх эрх худалдагч талаас худалдан авагчид шилжсэн. Мөн гэрээнд хоёр тал төлөөлөх этгээдийг томилохоор тохирсон ч тийм хүнийг томилоогүй тул гэрээнд анхнаасаа гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн. Түүнчлэн Д.Б. төлөөлөх эрхгүй гэсэн асуудлыг хариуцагч талаас өмнө нь тавьж байгаагүй. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө огт төлөлгүй, байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүрч байна.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ипотекээр баталгаа гаргасан иргэн Д.А. барьцааны зүйлээс гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2124 тоот шийдвэрт “Н Э С” ХХК нь “О” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа өөр хоорондоо гаргаж шийдвэрлэсний эцэст үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардах” гэж заасан шийдвэрийн дагуу үндсэн хариуцагч “О” ХХК-иас гэрээний үүргээ хангуулахаар холбогдох нотлох баримтыг хавсарган нэхэмжлэлээ гаргасан. Дээрх шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримтыг дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй юм. Хариуцагч “О” ХХК нь нийлүүлсэн 46.800 литр түлшний үнэ 74.880.000 төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 4.2, 4.4-т барааг хүлээж авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногоос хэтрэхгүйгээр төлбөрийг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул хамгийн сүүлд агуулахаас ачилт хийсэн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тооцож, нийтдээ 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд алдангийг тооцсон.
Гэхдээ Иргэний хуулийн дагуу алданги нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37.440.000 төгрөгөөр тооцож, төлбөр 74.880.000 төгрөгийн хамт нийт 112.320.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах талаар тусгаж өгнө үү.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд: “Н Э С” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дээрх хоёр гэрээ нэг өдөр хийгдэж 2 талын захирал, төлөөлөгч нар гарын үсэг, байгууллагын тамга тэмдгээр баталгаажсаны дээр нотариатаар баталгаажуулсан, хууль ёсны шаардлага хангасан.
Хуульд зааснаар гэрээний гол нөхцөл болох үнэ, тоо хэмжээг гэрээнд тусгаагүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч гэрээг байгуулахдаа талууд хамгийн түрүүнд тоо хэмжээ, нэг бүрийн үнийг тохиролцдог. Гэрээний 2.3-т хавсралт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг болохыг дурдсан бөгөөд мөн үнэ тоо хэмжээг заан нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг хавсралтад гарын үсэг зурагдаагүй ч хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... хямд дизел түлш байна... 46.000 л түлшийг 1600 төгрөгөөр авах эрхтэй болсон сарын дараа төлбөрөө төлж болно гэсэн” гэж тодорхой дурдсан байгаагаас үзвэл тэрээр манайхтай гэрээг байгуулахдаа талуудын илэрхийлсэн хүсэлт зоригийг мэдэж байсан, нэг литр түлшийг 1600 төгрөг байхаар, нийт 46.000 литр түлш авах гэж байгаагаа ухамсарлаж ойлгон гэрээг байгуулсан гэдэг нь нотлогдоно. Мөн хариуцагч талаас нэмэлт гэрээ хийгдээгүй, канондсан гэсэн тул манай зүгээс уг гэрээнүүдийг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хариуцагчийн үндэслэлээ болгосон Иргэний хуулийн 195.2 дахь заалт нь харин ч гэрээний саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлийн талаар зохицуулсан зохицуулалт байна.
Хариуцагч гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэдэгт урьд маргаж байгаагүй, харин гэрээнд заасан журмыг биелүүлээгүй, түлшийг хүлээж авсан эсэхэд маргаж байсан. Гэтэл одоо гэрээ хүчин төгөлдөр бус гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.
Иймд Иргэний хуулийн дагуу хийгдсэн хуулийн шаардлага хангасан гэрээ тул Иргэний хуулийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ уг гэрээ хэрэгжээгүй. Нэхэмжлэгч “О” ХХК-д барааг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн болохоо баримтаар нотлоогүй. Д.Б гэрээг байгуулсан боловч тэрээр манай компанийн ажилтан биш, компаниас түүнд гэрээнд заасан барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй. Гэрээний 2.1-д зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан болох нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч падаанд бичигдсэн тээврийн хэрэгслүүд, түүний жолооч нар хариуцагч байгууллагынх биш, жолоочид нь тус компанийн ажилтнууд биш. Энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст бүтээгдэхүүнийг шилжүүлсэн. Бензин ачуулсан хүмүүс Д.Бтэй хуйвалдаж манай компанийн нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Мөн 46.000 литр бензин нийлүүлэхээр тохиролцсон гэсэн хэрнээ 46.800 литр нийлүүлсэн гэсэн зарлагын падаан байна. Иймд манай компанид нийлүүлээгүй шатахууны үнийг төлөрх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээ нь зөвхөн талуудын хүсэл сонирхлын илэрхийлэл бөгөөд тэдгээрийн хоорондын тохиролцоон дээр бий болно. Гэрээг байгуулахад хуулийн хүрээнд байх, гэрээний агуулга хууль ёсны байх, гэрээний талууд иргэний эрх зүйн чадамжтай байх, гэрээний хэлбэрийн зөрчилгүй байх гэсэн 4 шаардлагыг хангасан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан №Б-12-24 тоот гэрээ нь гэрээний агуулга хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, гэрээнд заавал тусгавал зохих гэрээний гол нөхцөл болох газрын тосны бүтээгдэхүүний үнийн дүн, бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харилцан тохиролцоогүй байх тул худалдан авагчийн ашиг сонирхолд болон шударга ёсны зарчимд харшилсан, гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээний гол нөхцөлийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-13-24 тоот нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон хэмээн үндсэн гэрээнд хавсаргасан байх боловч энэхүү гэрээ нь баримт бичгийн шаардлага хангаагүй буюу талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тамга тэмдэг дараагүй, мөн түлшний хэмжээг 46.000 литр гэж тэмдэглэсэн атлаа 46.800 литр түлш нийлүүлсэн гэсэн үнийн дүнгийн зөрүүтэй падааныг шүүхэд гаргаж өгсөн байна. Ямар ч тохиолдолд гэрээнд зааснаас илүү хэмжээний түлшийг нийлүүлсэн байх боломжгүй учир уг баримт бичиг бодит үйл баримтыг нотолсон гэж үзэх боломжгүй.
Нэмэлт гэрээг үндсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтын дундуур оруулж хэвлэснээс үзэхэд анхнаасаа Нэмэлт гэсэн хэсэг нь энэхүү гэрээнд хавсаргагдаагүй байсныг харуулж байна. Мөн Б-13-24 тоот нэмэлт гэрээг үндсэн гэрээтэй нэг өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон. Хэрвээ нэмэлтийг үндсэн гэрээнд хавсаргаж талуудад хүргүүлсэн бол талууд үндсэн гэрээтэй хамтад нь баталгаажуулах ёстой. Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд “Н Э С” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №Б-12-24 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний нэмэлт гэрээ огт хийгдээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүйн дээр түүнд хавсаргавал зохих нэмэлт гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хуурамчаар хийсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т зааснаар гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байхыг шаарджээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний гол нөхцлийг тохироогүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийгдсэн гэрээ болно. Дээрх үндэслэлээр “Н Э С” ХХК болон “О” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №Б-12-24 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Н Э С” ХХК нь “О” ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 112.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж марган сөрөг нэхэмжлэл гаргажээ.
“Н Э С” ХХК, “О” ХХК нь 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр
Б-13-24 тоот “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдагч захиалгын дагуу чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч барааг хүлээн авч, үнийг дараа төлөх үүргийг хүлээхээр тохиролцжээ. Мөн үүргийн гүйцэтгэлийг Д.Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 дүгээр байрны 33 тоотод байрлах орон сууцаар хангуулахаар Д.Амгалантай барьцааны гэрээг байгуулсан байна. /1хх 28-39, 2хх 22-32 дахь тал/
Зохигчид гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй ч Иргэний хуульд зааснаар гэрээний гол нөхцөл болох тоо хэмжээ, нэг бүрийн үнийг гэрээнд тусгаагүй, хавсралтад тусгасан ч энэ нь баримтын шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж марган хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргав.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хуульд харшлахгүйгээр хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хэлцэл хийх, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд хэн алин нь хүсэл зоригоо илэрхийлж гэрээний нөхцлийг тохиролцон эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцохоор Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заажээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3, 4.5-д нэг бүрийн үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг гэрээний хавсралтаар тогтоохоор тохиролцсон, хэрэгт авагдсан гэрээний хавсралтад хэлцэл хийгч талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүйгээс хэлбэрийн шаардлага хангаагүй боловч нийлүүлэх бүтээгдэхүүний нэг бүрийн үнийг 1.600 төгрөг, нийт тоо хэмжээг 46.000 литр гэж тохиролцсон байсан болох нь хариуцагчийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд бичгээр ирүүлсэн өөрийн тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар нэгжийн үнэ хэд болох, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ хэд болох талаар талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн байсан байна гэж үзэв. Иймд талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна. Дээрх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч бүтээгдэхүүнийг хүлээн аваагүй, Д.Б тухайн байгууллагад ажилладаггүй, төлөөлөх эрхгүй этгээд байсан, түүнчлэн бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн жолооч, машин нь хариуцагч байгууллагынх биш гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав. Нэхэмжлэгч гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан Д.Бг тус байгууллагыг төлөөлөх эрхтэй гэж ойлгон түүний амаар өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлав.
Гэрээний 2.2, 2.4-т талууд албан ёсны төлөөлөгчийг томилохоор, бичгээр өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр, хоёр талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид актаар хүлээлгэн өгч, хүлээн авахаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах, хүлээлгэн өгөх арга журмыг тогтоосон байх боловч хэн алин нь тохиролцсон журмыг хэрэгжүүлээгүй, гэрээнд төлөөлж оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг томилоогүй, нэхэмжлэгч бичгээр захиалга өгөөгүй байхад амаар өгсөн гэх захиалгаар бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд түүнийг төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгосон бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заажээ.
Хэдийгээр “О” ХХК-аас Д.Бд тухайлан бүтээгдэхүүнийг захиалж авах эрх олгосон баримтгүй ч талуудын хооронд байгуулсан гэрээнд “О” ХХК-г төлөөлж захирал Д.Амгалан, менежер Д.Б нар гарын үсэг зурсан, хэн алин нь гэрээг хэрэгжүүлэх албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилоогүйгээс гэрээнд төлөөлж зурсан Д.Бг тус байгууллагыг төлөөлөх эрхтэй гэж ойлгон түүний өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг явуулсан тээврийн хэрэгслүүдэд ачуулж, жолооч нарт хүлээлгэн өгч зарлагын баримтад зуруулсныг буруутгах боломжгүй. Хэрэгт авагдсан зарлагын баримтуудад дурдагдсан тээврийн хэрэгслүүд хариуцагч байгууллагынх биш, жолооч нь хариуцагч байгууллагад ажилладаггүй болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Д.Алтансүх, Д.Анхбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна гэж үзэв.
Түүнчлэн Д.Бгийн утсаар өгсөн захиалгын дагуу бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болохыг гэрч Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан нар, хэрэгт авагдсан зарлагын баримтын дагуу бүтээгдэхүүн гарсан болохыг гэрч Д.Алтансүх, Д.Анхбаяр нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар гэрээний дагуу эрх бүхий этгээдэд үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн, гэрээгээр хүлээсэн бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. /1хх 11-27, 122-126, 247-248, 2хх 1-2/
Мөн талуудын тохиролцоогоор 46.000 литр бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой ч бодитоор 46.800 литр түлш нийлүүлэгдсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримтуудаар тогтоогдсон, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох тул мөн хэмжээгээр нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас үнийг төлөхийг шаардах эрхтэй.
Зохигчид гэрээний 4.4-т “төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор, 4.2-т “худалдан авагч төлбөрийг бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногоос хэтрүүлэхгүйгээр төлөхөөр” тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анзын гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангасан, худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх хугацааг нөхцөл зааж тохиролцсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч хэрэгт авагдсан зарлагын баримтаар бүтээгдэхүүнийг хамгийн сүүлд нийлүүлсэн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс гэрээгээр тохиролцсон 30 хоногийн нэмж тооцон алдангийг 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 37.440.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Дээрхийг нэгтгээд хариуцагч “О” ХХК-иас бүтээгдэхүүний үнэ 74.880.000 төгрөг /46.800 литр*1.600 төгрөг/, алданги 37.440.000 төгрөг нийт 112.320.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч “Н Э С” ХХК, Д.Амгалан нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан барьцааны гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн тухайд улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “О” ХХК-аас 112.320.000 /нэг зуун арван хоёр сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулж, “Н Э С” ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “О” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Д.Амгалангийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 дүгээр байрны 33 тоотод байрлах 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгөнөөс хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719.550 төгрөг, хариуцагчаас төлсөн 532.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 719.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ